ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.08.29 10:08

Ц.Оюунгэрэл: Ардчилсан намаас сонгогдсон сайд иргэнийхээ үг хэлэх эрх чөлөөг булшилж байна гэдэг эмгэнэл

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Салбарынхаа дотоодод болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг олон нийтэд дэлгэж,  “Шүгэл үлээгч” болсон танай дүү Ц.Батыг 100 хоног хорих шүүхийн шийдвэр гарлаа. Төрийн эрх барьж байгаа А.Гансүх сайдын иргэнтэйгээ ингэж сөргөлдөж буй үйл явдлыг хүмүүс янз бүрээр харж, тайлбарлаж байна. Хүний эрхийн төлөө байнга дуугардаг таны хувьд үйл явдлыг хэрхэн дүгнэх вэ?

-Миний хувьд олон нийтэд хандах үйл явдал юунаас эхэлсэн бэ гэхээр манай дүүг хорихоос эхэлсэн. Хорих хүртлээ олон сар хууль зүйн процесс явагдсан. Тэр бүх үйл явдалд би оролцоо ч үгүй, дуугараа ч үгүй. Тухайн үед манай дүүг ажлаас нь халж, цалинг нь бууруулж, эдийн засгийн шийтгэлүүдийг авч л байсан. Би мөн л дуугараагүй. Жирийн нэгэн иргэн хүн эрх мэдэлтнийг эрх мэдлээ яаж ашиглаж байгаа талаар нь санал бодол, хардлага сэрдлэгээ бичсэнийхээ төлөө эдийн засаг болоод ажил албаараа хохирлоо. Одоо эрх чөлөөгөөрөө хохирчихоод байна. Энэ бүх цуврал үйл явдал болсны дараа би дуугарлаа. Эрх мэдэлтнийг шүүмжилснийхээ төлөө манай дүү шоронд хоригдох ёсгүй. Нэр төрийн асуудал байдаг юм бол яамны, сайдын, төрийн нэр төр биш, энэ бол зөвхөн хувь хүний нэр төр байхгүй юу. 

Хэрвээ  хувь хүн хувь хүнийхээ нэр төрд хохиролтой байгаа бол иргэний шугамаар шүүхэд хандах ёстой байсан. Тод жишээ гэвэл, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Баттулга нар хоорондоо эцэс төгсгөлгүй заргалддаг байлаа шүү дээ. Бие биеийнхээ нэр төрийг гутааж, гүтгэцгээсэн.  Эцсийн шийтгэл нь ялагдсан Ц.Нямдорж нь ялсан Х.Баттулгаас уучлал гуй гэдэг шийдвэр гарсан. Нэг ч төгрөг нэхээгүй, тэр хүнийг нэг ч хоног шоронд хорь гээгүй. Тэрэнтэй адил Ц.Бат, А.Гансүх гэдэг хоёр хүний хоорондох асуудлыг ийм жишгээр шийдэх  байсан. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн ял оноолгож, асуудлыг хүндрүүллээ. Энэ бол эрх барьж байгаа улстөрч хүний хувьд зохимжгүй зүйл гэж дүгнэж байна. 

-Өнгөрсөн гурван сарын хугацаанд таны дүү Ц.Бат А.Гансүх сайдыг 5700 гаруй удаа твиттерээр дайрч доромжилсон гэсэн. Энэ хугацаанд А.Гансүх нэг л удаа хариу өгсөн нь “Намайг шалгуулж болно” гэсэн тухайгаа телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн. Түүнийг шалгуулж болоогүй юм уу?

-Ер нь эрх барьж байгаа хүнийг хашиж байгаа албан тушаалтай нь холбогдуулаад тав шүүмжилнэ үү, 5000 шүүмжилсэн ч бай тэр бүгдэд няцаалт өгөх ёстой байсан юм. Телевизээр өчигдөр (уржигдар) гарсан шиг. Гэтэл хоёр жилийн хугацаанд тэр хүнд тайлбар хийх, няцаалт хийх боломж байсан. Энэ асуудалд дуугүй явж байгаад гэнэт хүнийг шоронд хийдэг нь буруу. Харин ч олон удаа дуугарах ёстой байсан. А.Гансүх сайд тэр болгонд ингээд няцаалт өгөөд яваад байсан бол гомдох ч үгүй. Хэрэв гомдлоо гэхэд хүний эрх чөлөөг хасдаг харгис хүн болж хувирахгүй байсан юм. Зүгээр энэрэнгүй сайхан няцаалт, тайлбараа хийчихдэг цагаан цайлган тийм л улстөрч болох ёстой. Гэтэл гомдож бөглөрч явж явж байгаад гэнэт хүнийг шоронд хийчихэж байгаа нь буруу байхгүй юу. А.Гансүх бол ярих хэмжээндээ ярьсангүй, тайлбарлах хэмжээндээ тайлбарласангүй. Өөрийг нь шүүмжлэх эрхтэй иргэн хүнийг энгийн үгээр няцаахын оронд эрүүдэн шүүж, түүнд гомдох хэрэггүй. Тэрбээр улстөрч хүний гаргадаг хэвийн зангаас илүү зуумтгай, илүү ардчилалд хортой авир гаргасан нь дараа хохирол авчирна. Өнөөдөр Ц.Бат гэдэг хүн хохирч байна. Дараа нь түүний араас олон Бат явуулахгүйн тулд зогсоох ёстой. Зогсоож байгаа нь энэ гээд би болон Ц.Бат А.Гансүхийг цагдаад өгөхгүй. 

-Тэгээд яаж зогсоох ёстой юм бэ?

-Бид хууль эрх зүйн орчноо сайжруулах ёстой. Өнөөдрийн байгаа хууль эрх зүйн орчин, түүнд байгаа эрүүгийн замаар явах гарцыг сонгон авч тэрүүгээр үйлчлүүлж байна. Энэ нь өнөөгийн хууль эрх зүйн гарцанд иргэнийг эрх мэдэлтэн яаж ч болох гаргалгаа байсаар байгаагийн илрэл. Тиймээс үүнийг хаахын тулд эрх зүйн орчноо сайжруулах ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-Та байгууллага аж ахуй, салбарын доторх “Шүгэл үлээгч”-ийг хамгаалах хуулийн төсөл санаачилсан гэл үү. Ямар хууль болж төрөх вэ?

-Байгууллага аж ахуйн нэгж салбарын доторх шүүмжлэгч мэдээллийн эх сурвалжийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж байгаа. Хамтран өргөн барих гишүүдтэйгээ уулзаж танилцуулах хэмжээнд 20-иод хоногийн дараа гарч бэлэн болно. Үүний дараа хамтарч өргөн барих гишүүдийнхээ хүрээнд танилцуулаад, хуулийнхаа анхны гар бичмэлийг шүүмжлүүлээд саналыг нь аваад олон нийтээр хэлэлцүүлье гэж бодож байна. Тэгсний дараа УИХ-д өргөн барья гэж бодож байгаа.

-Энэ хуулийг санаачлахад мэдээж, таны түүнд тохиолдсон явдал нөлөөлсөн байх?

-Мэдээллийн эх сурвалж гэдэг бол зөвхөн твиттерт юмуу зөвхөн сонинд ч бичих албагүй. Хуулийн байгууллагад ч мэдээлэл гаргаж өгсөн байж болно. Эсвэл хэрэг дээр очоод байцаагдсан ч хүн байж болно. Ямар нэгэн байдлаар байгууллагын доторх мэдээллийг гаргасныхаа төлөө шоронд ордоггүй, олон нийтэд хэрэгтэй мэдээллийг түгээснийхээ төлөө ажлаасаа халагддаггүй байх тогтолцоог бий болгохын тулд ийм хууль санаачилж байна. Ингэж байж хувьсгалаас сэргийлнэ. А.Гансүхийн схемээр явах юм бол зайлшгүй пролетарийн хувьсгал гардаг. Яагаад гэвэл А.Гансүх шиг хүмүүс салбар дотор “Шүгэл үлээгч”-ээ нам нам дараад байх юм бол  салбар дотроос үгээ хэлж чадах хүн гарч ирэхгүй.  Бүх салбарт ийм байдал үүсвэл нийгэм өөрөө өөрийгөө засч чадахгүй байдалд ордог. Ингэсний дараа хувьсгалын тохироо бүрэлдээд, ардчилсан нийгэм байхгүй болж, тэсрээд хувьсгал гэдэг зүйл гардаг. А.Гансүхийн явж байгаа замаар төрийн бүх албан хаагч явах юм бол гарцаагүй энэ бол хувьсгалд хүргэдэг. Зүгээр л үймээн самуунд хүргэнэ. Харин А.Гансүх эрх чөлөөг хүлээн зөвшөөрөөд, салбар дотор “Шүгэл үлээгч” нараа сонсоод, хэлэх үгийг нь хэлүүлээд, хэлснийх нь дараа өөрөө тайлбараа өгч, няцаалтаа өгөөд нийгэмтэйгээ амьд харилцаатай байх хэрэгтэй. Энэ харилцаа нийгмийг сайжруулж өгдөг. Тэгэхээр Ц.Батын жиргээ хэд байсныг би үнэхээр мэдэх ч үгүй. Тоолоо ч үгүй. Надад тийм зав байхгүй. Ямартай ч жиргээг тоолсон байлаа гэж бодъё. Тэр жиргээг тоолоод тодорхой хэмжээний жиргээг уншсан байлаа гэж төсөөлье. Энэ бүгдийг уншчихаад хэдэн удаа олон нийтэд гарч тайлбар, няцаалт өгөх юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Яагаад гэвэл тэр тайлбар олон нийтэд хэрэгтэй учраас жиргээд байгаа юм. Энэ төрийн албан хаагч нар бидэнд ярьж, хийж байгаа ажлаа тайлбарлаасай, тэнд сэжиг бүхий гэрээ байгуулагдчихлаа. Тэр нь зөв юм уу, буруу юм уу, тайлбарлаасай, тийм гэрээ явж байна шүү нөхдөө гээд л жиргэчихдэг шүү дээ. Тэгэхээр улстөрчид иргэддээ илүү олон удаа ханддаг байх тусам, тэр хэмжээгээр шүүмжид хариу өгдөг байх тусам, илүү олон салбар доторх  асуудал ард түмэнд, нийтэд ил тод байх тусам нийгэм эрүүл болно. Нийгмийг засч сайжруулах боломж гарна. 

-А.Гансүх сайд тантай Засгийн газрын хуралдааны үеэр уулзахдаа “Дүүгийнхээ хийж байгаа үйлдлийг болиулаач” гэж хэлэхэд “Үгүй” гэж хариулсан гэлүү. Яагаад тэгсэн  юм бэ. Та дүүдээ түүний хэлсэн үгийг дамжуулсан уу?

-Надад А.Гансүх хэлсэн юм аа. “Чи дүүгээ дуугүй болгоод өгөөч” гэхээр нь “Би хүн дуугүй болгож чаддаггүй. Хүний үг хэлэх эрхийн төлөө явдаг хүн болохоор би угаасаа дуугүй болгож чаддаггүй юмаа. Би дүүгээ байтугай хэнийг ч дуугүй болгож чадахгүй. Харин чи сайд юм чинь тайлбараа өгөөд яваач дээ. Сайдыг иргэд шүүмжилдэг шүү дээ” гээд л өнгөрсөн. 

-Ц.Батын жиргээнд эрүүгийн ял авч, гэмт хэрэгт тооцогдохоор текст байсан юм уу. Та дүүгийнхээ жиргээг уншсан л биз дээ?

-Би уншиж үзсэн. А.Гансүхийг гомдоомоор шүүмжилсэн юм бага юм билээ. Тэгж их эмзэглээд гомдоод хүнийг торны ард суулгах гээд байх хэмжээний сүрхий доромжлол бараг харагдаагүй. Миний хувьд гэхэд  маш олон жил эвгүй үгээр хэдэн талаасаа доромжлуулж үзсэн хүн л дээ. Тэглээ гээд би нэг ч иргэнд гомдож үзээгүй. Яагаад гэвэл “За би тэр хүнд таалагдаагүй үг хэлчихэж дээ, таалагдаагүй гарын үсэг зурчихаж дээ, таалагдаагүй томилгоо хийчихэж дээ” гээд өөртөө дүгнэлт хийдэг. Яагаад гэвэл хийсэн ажил бүхэн ард түмэнд таалагддаггүй учраас тэрийг өөр дээрээ эмзэг хүлээж аваад байх хэрэггүй гэж хэлмээр байна. Дээр нь нэг хүн олон жиргэх нь гэмт хэрэг юм шиг ярьж болохгүй. Яагаад хүн интернэтийн хязгааргүй орон зайд 10 мянга, тэр байтугай 100 мянган удаа ч жиргэж болно шүү дээ. Жиргээ гэдэг чинь амнаас гаргадаг үг шиг зүйл. “Чи өдөрт арван өгүүлбэр хэлэх ёстой. Хэрэв 100 өгүүлбэр хэлбэл гэмт хэрэгтэн” гэж хэн ч хэлдэггүй биз дээ. Жиргээ бол тэрэнтэй яг л адилхан. Сэтгэл, санаа, толгойд орсон зүйлээ бусадтай хуваалцаж байдаг. Тэгэхээр хүн олон жиргэсэн нь гэмт хэрэг юм шиг ерөөсөө ярьж болохгүй. Олон жиргэсэнд нь ач холбогдол өгөөд байх ч шаардлагагүй. Тэр олон жиргээнд А.Гансүхийн тухай юм цөөхөн юм билээ. Голдуу салбарынх нь тухай бичсэн байсан. Зам тээврийн салбар гэдэг нь ганц А.Гансүхийнх биш л дээ. Ц.Бат салбартаа хайртай хүн болохоор шүүмжлэх зүйлүүдээ бичнэ шүү дээ. Жишээлбэл, миний хувьд хүний эрх, эрх чөлөөний тухай 100 мянган удаа ч жиргэж магадгүй. Хүний өөрийнх нь санаа зовдог зүйл нь, эрхэмлэж явдаг зүйл нь эрсдэлд ороод байвал хэдэн ч удаа ингэж жиргэнэ шүү дээ. 

-Албан тушаалтныхаа хувьд доромжлуулсан учраас таны дүүд эрүү үүсгүүлсэн гэсэн. Тиймээс шүүх Ц.Батыг хорих шийдвэр гаргасан байх гэсэн утгатай үгийг А.Гансүх сайд унагаж байсан. Та дээр энэ хэргийг иргэний журмаар шийдэх боломжтой гэж хэллээ. Ц.Батыг Эрүүгийн хуулийн дагуу шийтгэсэн нь А.Гансүхийн нөлөө орсон гэж бодож байна уу?

-Ц.Бат гэдэг хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийхээ төлөө өөрөө шийтгэл хүлээсэн хүн. Ажлаасаа халууллаа. “Дахиад ажилд нь хэзээ ч битгий ав гэсэн  дээд газрын захиастай” гээд буцааж ажилд нь аваагүй. Тэгээд цагдаад очлоо. Прокурорт очлоо. Шүүхэд очсон чинь хэрэг нээхгүй байсан. “Таны энэ хэрэг биш байна” гэж хавтаст хэрэг нээхгүй байсан байцаагчийг нь хүртэл шийтгэж, арга хэмжээ авсан. Гомдлыг өөр байцаагчид шилжүүлж байгаад хавтаст хэрэг нээлгэлээ. Ц.Батаа үг хэлснийхээ төлөө ийм олон шат дамжлагаар шийтгүүлж болдог юм байна гэдэг энэ жишгийг тогтоовол нийгэмд үг хэлэх хүн олдохгүй. Энэ салбар Ц.Батаа гэдэг хүнийг шоронд хорьсноор нисэхийн салбарт дотроос юу болж байгааг хэлэх хүн олдохоо болилоо. А.Гансүх жиргээ болгонд няцаалтаа, тайлбараа хийхийн оронд намайг хуулийн байгууллагад өгчих л дөө гэдэг байхгүй юу. Яагаад гэвэл хуулийн байгууллагаар дүүрэн танилтай юм чинь.

-А.Гансүхийн дүү АТГ-ын хөрөнгө оруулалтын хэлтэст ажилладаг гэдгээ хэлсэн. Гэхдээ өөр хэлтсүүдтэй хамаагүй болохоор хэрэгт нөлөөлөхгүй гэж байгаа л даа.

-Итгэхгүй байх эрхтэй бид. АТГ ажилладаг л бол ажилладаг. Тэр газарт нөлөөлдөг байна уу, нөлөөлдөггүй байна уу гэдгийг А.Гансүх шийдэхгүй. Нэг дүү нь шүүгч, нөгөө дүү нь АТГ-т ажилладаг. Өөрөө хуульч, ангийнхан нь хуульч. Бүгдээрээ хуулийн бүх тогтолцоонд явж байна. 

Ерөөсөө Гансүхийг хуулийн байгууллагад өгөх нь бидний зорилго биш. Хэн ч түүнийг, хаана ч өгөх шаардлагагүй. Гагцхүү иргэдийнхээ өмнө улаан нүүрээрээ сууж байгаад тайлбарөө өгчих хэрэгтэй байхгүй юу. Тэгсэн байхад А.Гансүх хэнийг ч шоронд хийх шаардлагагүй болох юм. А.Гансүх Даваапил гээд дараагийн хүнийг шоронд хийж яах гээд байгаа юм бэ. Даваапил гэдэг залуу анхан шатны шүүхээр давж заалдаад гарчихсан байдаг. Давж заалдах шатанд нь А.Гансүх  түүнийг заавал шоронд хийж яах гээд байгаа юм бэ. Даваапил цагаадчихлаа. Гэтэл А.Гансүх цаашаа бүх шатаар яваад байдаг нь ямар учиртай юм бэ. Заавал хуулийн механизмыг ашиглах гээд, заавал хуулийн бүх шатаар явж байж түүний нэр цагаадна гэж байхгүй. Улстөрч хүний алдар нэрийг ард түмэн л өгч, үнэлдэг. Шүүх тогтоосноор тэр хүн цагаан цайлган болчихгүй. Шүүх буруутай гэж үзсэнээр хар хэрээ болчихгүй. А.Гансүх бол УИХ-д өрсөлдөөд явж байсан хүн шүү дээ. Энэ жил Ардчиллын 25 жилийн ой болж байна. Гэтэл Ардчилсан намаас сонгогдсон сайд нь иргэнийхээ үг хэлэх эрх чөлөөг булшилж байна гэдэг бол эмгэнэл. Ядахдаа ардчиллынхаа ойг бодоод өргөдлүүдээ татаж авч болно шүү дээ. Ц.Батаа, Даваапилд гомдсон хэвээр байж болно. Гэхдээ ардчилалд гомдож болохгүй. Тэрийгээ хүндэтгээд Үндсэн хуулиа хүндэтгээд өргөдлөө татах ёстой. 

-А.Гансүх сайд телевизээр өгсөн ярилцлагадаа таныг дүүтэйгээ хамт албан тушаал гуйж уулзсан гэлээ. Үнэхээр тэгсэн юм уу?

-Болсон явдлыг албан ёсоор тайлбарлая. Юуны өмнө ИНЕГ-ын даргад сонгон шалгаруулалт зарлагдаагүй. А.Гансүхийг сайд болсны дараа шүү дээ. Тэгэхээр албан тушаалтныг сонгох юм билээ гэдэг яриа салбар дотор сонсогдоно шүү дээ. Ингээд сонгон шалгаруулалт зарлагддаггүй ийм үед хүмүүс сайдтай уулзаж, өөрийгөө танилцуулъя гэж боддог юм байна л даа. Тэр үед манай дүү Ц.Бат “Намайг А.Гансүх сайдтай уулзуулахад туслаач” гэж хэлсэн. Тэд манай өрөөнд уулзсан. Би А.Гансүх сайдын хэлсэн шиг хоёр удаа уулзсанаа санахгүй байна. Нэг л удаа уулзсанаа санаж байна. Тэр үед Ц.Батаа бол амбицаа хэлсэн. “Би ИНЕГ-ыг авч явж чадна. Би мэргэжлийн хүн. Энэ салбарт олон жил ажилласан, туршлагатай. Хуулийн рефорум хийсэн. Цаашдаа ч хийж чадна” гэж Ц.Бат тайлбарласан. Гэтэл А.Гансүх сайд өөдөөс нь “Чи тэгвэл МИАТ-ийн бизнес планы тухай олон нийтэд яриад байхаа боль” гэж хэлсэн. МИАТ-ийн бизнес план гэдэг нь 1.2 сая ам.долларын мөнгөтэй холбоотой гэрээ байдаг юм байна. МИАТ-ийн данснаас Хонконгийн Сибури гэдэг компани Монголын Либертир партнес гэдэг хоёр компанийн л хийсэн ажлын хөлсийг төлсөн юм байна. Тэр ажлын хөлс төлсөн нь буруу гэдэг нь аудитын шалгалтаар тогтоогдож л дээ. Гэхдээ аудитын шалгалт орохоос өмнө Ц.Батаа энэ тухай бичдэг байсан юм байна. Тодруулбал, АНУ энэ бизнес планыг үнэ төлбөргүй хийж өгөх гээд МИАТ-тэй гэрээ хийгээд зурчихсан. Тэгэхэд МИАТ үнэгүй авах гэж байгаа бизнес планыхаа давхар зардлыг Сибури компанид төлж болохгүй гэж 2011 оноос бичээд байдаг байсан юм байна. Би тэрийг сайн мэдэхгүй л дээ. 2012 онд А.Гансүх манай өрөөнд Ц.Батааг өөрийнхөө амбицийг илэрхийлэх үед сөргүүлээд наймаа ярьсан. Тэр хоёрын яриа нэг л эвгүй болчих шиг болсныг анзаарч, тэрнээс хойш би ийм уулзалтыг зуучлаагүй. Эргээд харсан чинь А.Гансүх нь Ц.Батааг ажилд томилоогүй. Ц.Батаа нь ч бичихээ зогсоогоогүй. Ингээд тэрээр шүүмжилдгээрээ шүүмжилж, А.Гансүх тэр шүүмжилсний дараа Ц.Батааг ажилд авах хүнийхээ жагсаалтаас хассан байх л даа. Ямар ч байсан би үйл явдал цаашаа хэрхэн өрнөснийг мэдэхгүй. Миний хувьд цочирдож сонсч байсан зүйл бол А.Гансүх сайд манай дүүг “Чи тэр шүүмжилж байсан зүйлээ дуугүй болчих” гэж хэлсэн. А.Гансүхийн тэр ханд¬лага миний мэддэгээс шал өөр байсан. Тиймээс би тэр цагаас хойш А.Гансүхтэй юм ярьж чаддаггүй, зайгаа барьчихсан. Яагаад гэвэл их наймаа ярьдаг хүн байна лээ.

-А.Гансүх сайд танай дүүгийн тухай хэлэхдээ “Ичсэн хүн ална гэдэг шиг над руу дайраад байна” гэсэн. Түүний хэлсэн шиг Ц.Батад ичихээр “но” байна уу?

-Ц.Батаа юунаас ичих юм бэ. Албан тушаалд очъё гэж хүссэн хүн хууль бус зүйл огт биш. Ичмээр ч зүйл биш. Салбартаа 20 жил ажилласан мэргэжлийн хүний хувьд иргэний нисэхийн хууль, шинэ дүрэм журам, МИАТ-ийн хүнд байдлыг удирдъя гэж хэлсэн ч ичих ёсгүй. Харин тэр ичих ёстой зүйл юу байсан юм бэ гэвэл тэр Сибури гэдэг компани юу хийснийг мэдмээр байна. Би үүнийг яриад байх тусам анх сонирхдоггүй байсан юм. Ц.Батаа А.Гансүх хоёрын хоорондын шүүмж байна гээд тоодоггүй бай­лаа. Одоо харахад манай дүү эрх чөлөөгөө хасуулан, хасуулан зуулгаад байхыг бодоход их ноцтой юмыг яриад байгаа юм биш биз гэж боддог болоод байна. Тиймээс түүний жиргээнүүдийг уншиж үзэж байна. Ц.Батаа нэлээд олон зүйлийг баримттай тавьсан байдаг юм билээ. Тэгэхээр тэр баримттай тавиад байгаа зүйлүүдийг олон нийт мэдэх л ёстой. Жишээлбэл, Солонгосын компанитай МИАТ компани агентын гэрээ байгуулж байгаа нь буруу гэсэн байна. Үнэхээр Ц.Батаагийн бичсэний дараа шалгагдаад тогтоогдоод, агентын гэрээ байгуулсан нь буруу болсон юм билээ. Өөрөөр хэлбэл, Ц.Батын бичсэн зүйлүүд хүнд хэрэгтэй л юм билээ. Тэгэхээр Ц.Бат хүн алтлаа ичмээр юм хийгээгүй. 

-Би төрийн албан хаагч төрийн дархлааг хамгаалахын тулд чин сэтгэлээсээ тэмцэж байна гэж Зам тээврийн сайд онцолсон. Энэ нь төрийн дархлааг хамгаалах арга хэлбэр мөн үү?

-Төрийн дархлааг иргэд хэзээ ч унагаадаггүй юм. Ц.Батаа мянга твиттер бичээд, түүн шиг мянган Батаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд төрийн дархлаа алга болохгүй. Төрийн дархлаа чинь иргэдийнхээ эрх чөлөөнд байдаг юм. Ц.Батаа харин шоронгоос гарсан байвал төр дархлаатай болно. Тэрээр шоронд байгаад байвал төрийн дархлаа муудна. 

-Шүүхийн өмнөх шатанд танай дүү А.Ган¬сүх сайд руу хоёр хүн явуулаад хэргээ татаач гэж гуйсан юм биш үү. Хариуд нь сайд “Твит­терээр уучлал гуйвал болно” гэтэл Ц.Бат “Үгүй,  харин ч булхайг чинь шүүх хурал дээр дэлгэнэ” гэсэн юм уу. А.Гансүх сайдын ярианаас танай дүү үнэхээр дэлгэх баримтгүй болчихоод ял авлаа гэсэн агуулгатай зүйл ажиглагдлаа.  Хэрэв баримт байгаа бол шүүхэд өгчихөж болоогүй юм уу?

-Одоо тэрийг өмгөө¬лөгч нь мэдэх байх. Би хэргийн дотоод нарийн ширийнийг мэдэхгүй байна. Тэгэхээр давж заалдах гомдлын үеэр анхан шатны шүүх хурал ямар болсныг өмгөөлчид нь тайлбарлах байх. Иргэн төрөө шүүмжилж болно, сайдаа шүүмжилж болно. Үүнийхээ хариуд шоронд орох ёсгүй. Энэ бол ардчиллын энгийн зарчим. 

-Дүүгийн чинь биеийн байдал ямар бай­гаа вэ. Уулзаж байгаа биз дээ?

-Хоригдоод найм хонож байна. Өнөөдөр(өчигдөр) эргэж очсон. Биеийн бай­дал нь харьцангуй гайгүй байна лээ. Манай дүү надад нэг л зүйл захиад байгаа. “АН-ын засаг барьж байгаа үед ардчиллаа унагааж онигоо болов, энэ үед хэвлэлийн эрх чөлөөгөө боомилж, өөрөө өөрийнхөө хийсэн ажлыг дэвслэв. Би энд 100 хоног суух яахав. Ардчиллаа бодоорой” гэсэн. Би үүнийг дүү дээрээ очих болгондоо сонсч байгаа. Ц.Бат “Үүнээс хойш хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлсэн хүн хэзээ ч битгий торны цаана орог” гэж хүсч байгаа. Та үнэхээр УИХ-ын гишүүн юм бол үүний төлөө ажиллаарай гэж захиж байсан. Дүүд маань тохиолдсон явдлыг олон улсын хүний эрхийн байгууллага сонсвол бүгд Ц.Батыг өмөөрнө. Тэд хэзээ ч А.Гансүхийг ойлгохгүй. 

-Ц.Бат хоригдож байгаа хэрнээ жиргээд байна гэсэн?

-Тэр бол манай дүү. Хоригдож байгаа хүн жиргэх ямар ч боломжгүй. Твиттерийнх нь паспортыг нь мэддэг хэн ч жиргэж болно шүү дээ. А.Гансүх “Ц.Бат намайг 5700 удаа шүүмжиллээ” гэдэг чинь үндэслэлгүй л байхгүй юу. Нэг акаунтын ард чинь заримдаа компани ажилладаг гэж байгаа ш дээ. Нэг хүн 100-аад акаунттай байдаг. Дэлхий даяар 30 сая хуурамч акаунт явж байгаа. Бие биенээсээ акаунт худал­даад авчихдаг юм байна. Худалдаад авчихсан аканут дотор өөр хүн байж болдог. Тэр бол нэг хүн юм уу, хэд ч юм мэдэхгүй. Тэгэхээр Ц.Батыг дэмждэг хүн тэнд юм бичээд сууж байна ш дээ. 

-Энэ үйл явдал өрнөс­нөөс хойш та А.Гансүх сайдтай уулзсан уу?

-Тэрээр хүнтэй уулзангуутаа бичлэг хийдэг, тагнуул шиг. Ийм хүнтэй хэн илэн далангүй юм ярьж чадах вэ. Засгийн газрын хурал дээр гэнэт бичлэг авчираад сонсгодог. Ер нь их зайтай байдаг. 

-Ардчилсан нам төрийн эрхэнд гарснаас хойш байнга дотроо зөр­чилдөх боллоо. Энэ нь Засаг унагах нэг үндэс болох вий гэсэн болгоомж иргэдэд бий.

-Үнэт зүйлийн төлөө тэмцэл явж байна. Зарчмаа авч үлдэхийн төлөө тэмцэж байна. Би Баабарын жиргээг үзсэн. Энэ бол албан тушаалын суудлын төлөө биш, мөнгө төгрөгийн төлөө ч тэмцэл биш. Хүний эрх гэдэг зүйл дээр тэмцэл явж байна. Ардчилал хүний эрхийн төлөө тэмцэж үүнийг авчирсан нам юм бол энийгээ хамгаалдаг нам байх ёстой. Тэгэхээр бид хүссэн ч хүсээгүй, үүнийг зөрчөөд байгаа хүний өмнөөс дуугарахаас өөр аргагүй болж байна. Харамсалтай нь тэр нь манай намын хүн. Гэхдээ аль ч намын хүн хүний эрхийг зөрчиж байх ёсгүй. Тиймээс хүнд хагаралтай харагдаж байгаа бол уучлаарай. Гэхдээ бидний энэ өнөөдрийн маргаан олон хүнд тус болно. Олон хүнийг эрхээ хамгаалж авч үлдэхэд, олон салбарыг таг дуугүй дарангуйлалд орохоос нь хамгаална. Тиймээс олон “Шүгэл үлээгч” нарыг хамгаалдаг хуультай болох хэрэгтэй. 

М.МӨНХЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд