ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.09.20 11:09

Ц.Оюунгэрэл: Гэрчээр дуудагдсан хүн заавал очиж мэдүүлэг өгөх албагүй


УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.


-Тагнуулын ажилтан гэж өөрийгөө танилцуулсан хүн тан руу залгаж, мэдүүлэг өгөхийг шаардсан гэсэн. Болсон үйл явдлын талаар ярихгүй юу?

-Өөрийгөө тагнуулын ажилтан гэж танилцуулсан хүн над руу залгасан асуудлыг олон нийтийн сүлжээнд жиргэсэн нь зөв болсон байна лээ. Олон хүмүүст сэрэмжлүүлэг өгсөн. Өөр ч олон хүн рүү залгасан юм билээ.

Үл таних хүн над руу залгаад утсаа авахад л “Би тагнуулын дэд хурандаа н.Болдбаатар байна. Танаас нэг хэрэг дээр мэдүүлэг авах хэрэгтэй байна” гэж хэлсэн.

Би ч "Та надаас ямар шалтгаанаар мэдүүлэг авч байгаа билээ" гэж асуухад “Тэр талаар танд тайлбар хэлэхгүй. Та ир гэсэн цагт л ирэх ёстой, тушаал биелүүлэх ёстой” гэдэг юм. Би ч эрхээ эдэлж “Ямар хэргээр мэдүүлэг авах юм. Би ямар субьект юм” гэх мэтийг лавласан. Гэтэл “Юун олон эрх ярьдаг юм. Дуудсан цагт дуугүй л ирэх ёстой. Тан дээр ажиллагаа явуулна шүү” гэж өөдөөс хэд хэдэн удаа сүрдүүлж байсан.

Ажиллагаа явуулна гэх бүрт нь л “ажиллагааг чинь хуулийн дагуу явуулдаг. Би ч төрийн хуулийн дагуу хэлдэг эрх бий. Ямар асуудлаар дуудагдаж байгаагаа мэдэх эрх надад байдаг юм” гээд эрхээ шаардсан. Ингээд сүүлд нь таныг гэрчээр дуудаж байна гэж хэлж байгаа юм. “Үүнийг л хэлэх гэж яасан их уддаг юм” гээд утсаа тасалсан. сүрдүүлсэн дайрсан өнгө аястай ярихад нь надад таагүй сэтгэгдэл төрж байгаа юм.

Ингээд “ажиллагаа явуулна гэж сүрдүүлсэн хүн утасдаж байна” гээд жиргэчихсэн юм. жиргээг маань ТЕГ-ын хэвлэл мэдээлийн албаныхан нь олж харсан юм билээ. Дотоод мэдээллээ шүүхэд нь миний нэр байхгүй болохоор Дотоод хяналтын албанаас нь над руу холбогдож “Бид дотоод мэдээллээ шүүж үзлээ.

Таны нэр алга байна. Тан руу залгасан хүний нэр, утасны дугаар байна уу” гэж лавласан. Би ч шаардлагатай мэдээллийг нь өгөхөд “Энэ хүн хэд хэдэн хүн рүү ТЕГ-ын нэрийг барьж худлаа ярьсан байна” гэж хэлнэ лээ. Үүнийг нь ч би олон нийтийн сүлжээнд жиргэсэн. Энэ цаг хугацаанаас хойш ч өнөөх н.Болдбаатар гэж хүн бусад хүмүүс рүү залгасан байгаа юм. Иргэн “н.Болдбаатар гэж хүн над руу ч сүрдүүлсэн залгасан. Би Ц.Оюунгэрэлийн жиргээг уншсан учраас аятайхан яриад салчихлаа. Над руу ч сүрдүүлж залгаж байна” гэж жиргэсэн байна лээ.

-Тан руу залгахдаа “Ажиллагаа явуулна шүү” гэж хэд хэдхэн удаа сүрдүүлсэн гэж байна. Ер нь гэрчийн мэдүүлэг өгсөнгүй гэх шалтгаанаар ажиллагаа явуулах хууль байдаг юм уу?

-Хуулийн байгууллага ийм байдлаар дуудах ёсгүй. Хэрвээ гэрчийг дуудаж байгаа бол очсонгүй гэж албадан аваачих хууль эрх зүйн орчин байхгүй. Гэрч хүнд олон эрх бий. Би над руу залгасан хүнд “Би гэрчээр дуудагдаад байгаа юм уу, субьектээ мэдмээр байна” гэсэн юм. Гэтэл “Би танд яахаараа тэрийг хэлэх ёстой юм. Та олон юм ярилгүй дуугүй ирэх ёстой. Ажиллагаа явуулна шүү” гэж байгаа юм. Би хариуд нь “Би наад зах нь гэр бүлийнхэндээ “Намайг тийм хэргийн тийм субьектээр тэнд дуудаж байна” гэдгийг хэлж байж гардаг юм” гэтэл “Тэр хэлэх гээд байгаа гэр бүлийнхнээ дагуулаад ирэхгүй юу” гэсэн. Ингээд л мэргэжлийн хүн биш гэдэг нь анзаарагдсан. Их түрэмгий, бүдүүлэг, айлган сүрдүүлэх зорилготой хүн байна лээ. Тэр хүний ярианы алхам тутамд л хувь хүний эрх зөрчигдсөн үйлдэл яригдаж байсан учраас утсаа спикер дээр нь тавьчихсан юм.

-Иргэдийн хуулийн мэдлэг тааруу байдгийг далимдуулж айлган сүрдүүлэх зорилгоор л дээрх үйл ажиллагааг явуулаад байх шиг. Ер нь энгийн иргэнийг хуулийн байгууллага дуудахад өөрийн эрхийг хэрхэн хамгаалах вэ. Юуг анхаарах вэ?

-Иргэд АТГ дуудаж байна аа, ЦЕГ-аас дуудаж байна гэхэд л ямар хэрэг дээр, ямар субьектээр дуудагдаж байгаагаа огт асуухгүйгээр “За” гээд л гүйгээд очдог байж магадгүй. Хэрэв өөрийг чинь хэрэгт хариуцагчаар юм уу, сэжигтэн, яллагдагчаар татаж байгаа бол таныг ямар хэргээр, ямар зүйл ангиар татаж байгааг тань танд мэдээллэх үүрэгтэй байдаг. Гэрчээр дуудагдаж байгаа бол танд мэдэгдэх ёстой. Ер нь зүгээр мөрдөн байцаагч “Таныг гэрчээр дуудаж байна” гээд дуудчихдаггүй. Гэрчээр тогтоогдож байж дуудагдах ёстой. Прокуророос гэрчээр тогтоосон хүнийг цагдаа дуудах ёстой гэсэн үг. Ц.Оюунгэрэл гэдэг хүнийг гэрчээр дуудаж байна гэж хэлэнгүүт би “Прокурорын мэдэгдэл нь байна уу. Яг ямар үйл явдлыг хэзээ харсан юм” гэх шаадлага тавьж болно. Нүдээрээ барим тавим харсан, оролцсон хүнийг гэрч гэдэг. Тагнуулын ерөнхий газар терроризмын гэмт хэрэг, мөнгө угаах, эх орноосоо урвах гэх мэт цөөхөн хэдэн хэргийг шалгадаг. Тероризмыг ч юм уу, мөнгө угаахыг нүдээрээ харсан хүнийг л ТЕГ дуудах ёстой. Зүгээр мэдээ уншсан ч юм уу, хэн нэгний яриа сонссон хүнийг ТЕГ дуудах ёсгүй.

-Ер нь аливаа хэрэгт гэрчээр дуудагдлаа гэхэд очихгүй байж болох уу. Тухайн үйл явдлыг анзаараагүй ч байж болно шүү дээ?

-Би гэрчээр дуудагдах хүн мөн үү, биш үү. Ямар хэрэг дээр, ямар прокурор гэрчээр тогтоосон юм гэдгийг мэдэж байж очно. Очихгүй байх сонголт хийж болно. Гэрчийг албадан аваачих ёсгүй. Олон хүмүүс прокурор тогтоосон ч тухайн хүн хэргийн үйл явдлыг үзээгүй, хараагүй байж болно шүү дээ. “Энэ асуудал дээр би гэрч биш” гэж хэлж болно.

Жишээ нь, АТГ намайг буруу байцаасан. АТГ 60 тэрбумын хэрэг дээр Г.Доржзодовыг гэрч гэж байцаах хэрэгтэй байсан юм. 60 тэрбумын яриа болж байхад Г.Доржзодов хажууд нь байсан. Г.Доржзодовыг гэртээ байлгасан гээд намайг гэрчээр дуудсан. Би анхны байцаалт дээр нь өмгөөлөгчгүй очсон юм. Дараа нь эргээд хуулиа уншихад би гэрч биш байсан. Эрхээ зөрчигдсөнийх нь дараа л мэдсэн. Үүнээс хойш түүнээс цааш хүмүүст яг хэн гэдэг хүн, ямар шийдвэрээр, ямар хэрэгт, ямар субьектээр дуудагдаж байгаагаа мэдэж байгаарай гэж захимаар байна. “Танаас тодруулга авах гэсэн юм. Та ямар ч субьект биш” гэж ч хуулийн байгууллагаас дууддаг. Тэгж дуудагдсан тохиолдолд очих албагүй юм билээ.

-Таныг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлнэ гэх мэдээлэл гарсан байна лээ.

-Нийслэлийн Засаг даргад нэрээ дэвшүүлэхгүй. Таамаглал төдий зүйл байх.

-Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлэх талаараа та дурдаж байсан.

-Дэвшүүлнэ. Энэ талаараа нэлээн эрт мэдэгдсэн. Намдаа санаа зовж байгаа учраас дэвшүүлж байгаа юм.

-Та айл өрхүүдэд боловсон жорлонг санал болгодог. Сая л гэхэд хоёр настай хүүхэд нүхэн жорлонд унаж осолдсон байна лээ. Хүмүүс энэ асуудалд яагаад хойрго хандаад байна вэ. Шалтгаан нөхцөлийг хэрхэн харж байна вэ?

-Энэ бол бидний хялбархан хийж чадах ажил байхгүй юу. Зүгээр тэр нүхийг булаад л боловсон жорлонг гэртээ аваачиж суулгаад л хүүхдэд аюулгүйгээр шийдэж болно. Энгийн хялбархан шийдлүүд олон гарсан. Нүхэн жорлонгоосоо ч хямд, төсөр зардлаар боловсон жорлонгийн шийдэл рүү яваач ээ гэж уриалж байна. Нүх ухаад л, ханыг нь банзлахад сая орчим төгрөгийн зардал гардаг шүү дээ. Хажуугаар нь экологид ч хортой. Тэр нүх рүүгээ ямар их зүйл унагаж, хичнээн их хохирол амсдаг гэж санана. Таны үнэт зүйлс, үр хүүхдийг авч явах гээд байгаа нүхийг яаралтай булах хэрэгтэй. Булахдаа хүний өтгөнийг иддэг “Тамир” гээд бактерийг усаар шингэлээд хийгээд булах нь зүйтэй.

Үүнийг ч иргэдэд санал болгодог. Сая л гэхэд “Зориг сан”-гийн байгаль орчны манлайлал хөтөлбөрийн залуучуудад нүхгүй жорлонгийн талаар хичээл заагаад, жишээ үзүүлээд явж байгаад орж ирлээ.

Онцлох нийтлэлүүд