ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.06.18 11:06

Ц.Сандуй: Намайг хорьж, хэлмэгдүүлж, хааж боож байгаа ч миний зарчим, үнэт зүйлийг ялж чадахгүй

Ц.Сандуйтай ярилцлаа.



-Бид ярилцлага хийгээд жил гаруй болжээ. Түүнээс хойш их олон үйл явдал боллоо. Одоо таныг сонгуульд нэр дэвших нь гэсэн мэдээллүүд гарч байна. Юу болоод байна вэ?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы хамт олондоо талархлаа илэрхийлье. Намайг хүнд байдалд байх үед танай сонин ярилцлага авч ард түмэн, олон нийт, уншигчдадаа үнэн зөв мэдээлэл хүргэсэн. Ингэснээр хүмүүсийн бодож байсан буруу зөрүү ойлголт эерэг болж, зөв мэдээлэлтэй болсон байна лээ. Түүнээс хойш нэг жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Их ч юм боллоо. Хэцүү нэртэй газар хилс хэргээр 146 хоног суугаад гарч ирсэн.

Улс төрийн зохиомол хилс хэргээр хүнийг эрүүдэн шүүж, хэлмэгдүүлж, шорон хэсүүлж болдгийг биеэрээ тууллаа. Үнэхээр харамсалтай байна. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 30 жил болж байна, сайхан нийгэм байгуулж байгаа гэж бодож байсан нь эндүүрэл байж. Шударга бусын хонгил гэж ярихад тэр болгон хүн итгэж анзаардаггүй юм билээ. Өөрийн биеэр туулаад ирэхээр хувь хүний хувьд ч, гэр бүл, хамт олон, ойр дотныхны хувьд ч маш хүнд тусдаг юм билээ. Шударга бусын хонгилын анхны хохирогч нь би. Яг үнэндээ би хувь хүнийхээ хувьд бол ямар ч бэрхшээлийг даваад гарна.

-Таныг төрийн эрхийг хууль бусаар авах, мөн сонгууль будилаантуулсан гэсэн ял тулгаж байсан. Хэрэгсэхгүй болсон уу?

-Шүүхийн шийдвэрийн талаар би огт яриагүй байгаа. Яг юу болоод өнгөрсөн бэ гэвэл төрийн эрхийг хууль бусаар авах, авлига албан тушаалын хэрэг, сонгууль будилаантуулсан гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн албан тушаалтанд оноож болох бүх зүйл ангиар зүйлчилсэн. Прокурор дээр авлига албан тушаалын хэргээр гурван удаа хэрэг үүсгэн шалгасан ч нотлогдоогүй учраас тухай бүр хэрэгсэхгүй болсон. Дараа нь төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн гэж тагнуулаас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ бол яахав, манай намын нөхдийн улс төрийн шоу байсан гэдгийг бүгд мэддэг болсон. Энэ нь явсаар шүүхэд очсон. Хамгийн инээдтэй нь хүчингүй болсон Эрүүгийн хуулийн зүйл ангиар намайг ялласан. Шинэ хуучин хоёр хууль байлаа гэхэд хуулинд зааснаар шүүгдэж байгаа хүнд аль ашигтай заалтыг (хөнгөрүүлсэн) нь ашиглах ёстой байдаг. Шинэ хуульд надад өгөөд байгаа зүйл заалт байдаггүй. Тэгэнгүүтээ хүчингүй болсон хуулийн зүйл ангиар ялласан. Шүүх хурал болоход авлига албан тушаал, төрийн эрхийг хууль бусаар авах зүйл бүрдэл алга гээд шүүгчид хүчингүй болгосон. Гэтэл шүүх хурал завсарлаад хоёр цаг гаруй алга болсны эцэст намайг “Заавал ялла” гэж манай намын нөхөд, мөр зэргэцэж явсан хүмүүс ярьсан шиг байгаа юм. Тэгээд шүүх байгууллагад намаас маш их дарамт ирсэн болов уу. Шүүгчид удаж удаж орж ирсэн. Өмнөх ялласан хэргийг хүчингүй болгосон хэрнээ огт хаа хамаагүй “Сонгууль будилаантуулсан” гэсэн үндэслэлээр дөрвөн жилийн ял өгсөн.

-Гэнэт огт өөр зүйл ангиар уу?

-Тийм. Мөрдөн байцаалт ч огт явуулаагүй, шүүх дээр мэтгэлцээн ч болоогүй, шууд л ялласан. Хүмүүс 60 тэрбумтай холбоотой хэргээр шийтгэлээ гэж бодоод байх шиг байгаа юм. Тийм биш ээ. Зүгээр зохиомол хэрэг тохож, Ц.Сандуйг нийгэмд ялтан болгож харагдуулах үйл ажиллагаа явсан юм билээ. 55 хоног 409 дүгээр ангид хоригдсон. Би давж заалдсан, шүүх надад өгсөн ялыг хэрэгсэхгүй болгосон. “Сонгуул будилаантуулах ямар нэгэн үйл, үйлдэл алга. Харин Анхан шатны шүүх дээр би энэ схемийг хийсэн гэж мэдүүлсэн Доржзодовыг тат. Гол буруутан энэ хүн байна” гэсэн шийдвэр гарсан. Уг нь хэрэг хэрэгсэхгүй болоод шууд шоронгоос гаргах ёстой юм. Гэтэл дахиад л манай намын нөхөд “гаргаж болохгүй” гээд өөр хорих руу шилжүүлж, нийтдээ хагас жил орчим хорьсон.

-Танд тулгасан бүх хэргийг хэрэгсэхгүй болгосон ч гэсэн хориод байсан гэж үү...

-Тэгсэн. Хорих үндэслэлгүй байхад л хориод байсан. 2020 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт буюу 27 дугаар тойрогт Сандуй нэр дэвших учраас гаргаж болохгүй гэж, тэнд нэр дэвших хүний захиалгаар л хийсэн ажил. Тэгээд яахав, надад тохсон хэрэг хэрэгсэхгүй болсон учраас шоронгоос гарсан.

-Хэзээ гарсан билээ...

-Гуравдугаар сарын 24-нд гарсан. Гараад хэсэг нам жим байсан. Тэгсэн хорь ч хоноогүй байхад прокурорт дахиад хэрэг үүсгэсэн. Ерөөсөө л намайг 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшчих вий гээд тэр боломжийг хаасан юм билээ. Бие даагчийн мөрийн хөтөлбөр өгөх хугацаагүй болгосон. Бие дааж нэр дэвших боломжгүй болонгуут би ер нь аль нэг намаас нэр дэвших нь зүйтэй юм байна гэж шийдсэн.


-Яагаад заавал нэр дэвшинэ гэж...

-Ц.Сандуй гэдэг хүн заавал УИХ-ын гишүүн болох гээд байгаадаа учир нь байгаа юм биш ээ. Улс төр дэх бузар булайг илчилж, үнэн ялахын төлөө л би явж байна. Өнөөдрийн байдлаар сонгуулийн сурталчилгаа дуусахаас гурав дөрөвхөн хоног дутуу байхад би нэр дэвших эрхээ авахаар хүлээж байна. Миний хувьд сонгуульд ялж, УИХ-ын гишүүн болно гэхээсээ илүү үнэн зөв ялах, шударга ёс тогтоохын төлөө л гол зорилго маань байна. Үнэн гутлаа үдэж байхад худал аль хэдийнэ хөтөл даваад явсан байдаг гэж монголчууд ярьдаг. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ ч гэдэг. Удаан ч гэсэн үнэний төлөө тууштай явна. Зохион байгуулалттайгаар намайг хэрэгт хийсэн энэ улс төрийн хар технологи нь өдрөөс өдөрт ил болсоор байна, бүр ил тод болно гэдэгт итгэлтэй байна.

-Та аль намаас нэр дэвшиж байгаа вэ?

-Сүүлийн 10 гаруй жил улс төрд идэвхтэй явсны хувьд надад олон нам, олон хүн санал тавьсан. Уулзалтууд ч хийсэн. Тэгээд би хэт улстөрждөггүй, үзэл баримтлалын хувьд ч тогтвортой Ногоон намыг сонгож, энэ намаас нэр дэвшихээр болсон. Сонгуулийн хуулийн дагуу Ногоон намаас нэр дэвшигчдээ тодруулж, тавдугаар сарын 16-нд нэрсээ өгөөд нэр дэвших бэлтгэлээ хангаад явж байсан. Гэтэл дахиад саад тотгор гарсан. Би ялтай хүн биш. С.Баярцогт, Д.Эрдэнбат, Ж.Эрдэнэбат, Э.Бат-Үүл нар шиг л статустай, шалгуулж л байгаа хүн. Хуулийн дагуу нэр дэвших бүх бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. СЕХ-ноос тав хоногийн дотор Ногоон намаас нэр дэвшигчдийн бичиг баримтыг өгөөд минийхийг аваад үлдсэн. Дээд шүүх болон бусад бүх хуулийн байгууллагаас “Энэ хүн нэр дэвших боломжтой” гэсэн тодорхойлолт ирчихээд байхад СЕХ-ны есөн хүн дотроо санал хураагаад хуулиас дээгүүр шийдвэр гаргасан нь “намайг нэр дэвшүүлэхгүй” гэж нэрийг минь татсан. Сонгуулийн хуульд тухайн хүнийг нэр дэвшүүлэхгүй байх хэдхэн заалт байдаг. Тэрний аль нь ч надад хамааралгүй байсан. Энэ бүхэн МАН-ын удирдлага, тэр тойрогт нэр дэвших гэж байгаа нөхдийн оролцоотойгоор хийгдсэн ажил гэдэг нь дуулдаж л байна.

-Шүүхээс нэр дэвших боломжтой гэсэн тогтоолоо саяхан авсан гэсэн үү?

-Би тавдугаар сарын 28-нд Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захиргааны хэргийн шүүх хэргийг хэлэлцэх гээд, хэд хэдэн удаа хойшлуулж байж зургадугаар сарын 5-нд урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Сая 12-нд хуралдсан. Тэгж тэгж сунжирсаар байгаад сонгуулийн сурталчилгаа дуусах гэж байхад буюу зургадугаар сарын 17-нд (өчигдөр) л шүүхийн шийдвэрээ гар дээрээ авч байна. Захиргааны шүүх шийдвэрээ гаргах гэж тав хоносон. СЕХ шийдвэрээ авах гэж гурав хоносон.

-Ямар нэгэн байдлаар сонгуулийн сурталчилгааны хугацааг дуусгах гэж сунжраад байгаа юм биш үү?

-Нэг хоног ч гэсэн удааж уях сонирхол байна. Намайг сонгуульд оруулахгүй, эсвэл сонгуульд сурталчилгаагүй оруулах гэж их хичээж байна. Үндсэн хуульд заасан миний сонгох, сонгогдох эрхэнд улс төрийн зорилгоор шууд халдаж байна. Энэ бол эвлэр шгүй юм. Хүний эрх, эрх чөлөөг ингэж хааж болохгүй. XX зуунд Монголд улс төрийн хоригдол байсан, харин энэ зуунд улс төрийн хоригдол байх ёсгүй. Үүнийг далимдуулаад хэлэхэд Монгол Улсын Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль бол монголчуудыг шоронжуулах, дарамтлуулах хууль гарчээ. Албан тушаалтнуудад маш ээлтэй. Би тэнд хагас жил болохдоо маш олон хүнтэй уулзаж ярилцаж байлаа. Хүний л амьдрал хойно, алдах эндэх юм байлгүй яахав. Гэхдээ тэнд хоригдож байгаа хүмүүс энэ хоёр хуулийг үнэхээр шүүмжилж байна. Баталсан хүмүүс нь үнэхээр дарангуйллын систем тогтоох хууль хийжээ. Тухайлбал, нэг гар утас хулгайлсан хүн 1,5 жил хоригдох ял авсан байхад тэрбум төгрөгийн хахууль авсан хүн торгуулаад гарч байх жишээтэй. Монголын шорон залуусаар дүүрсэн байна. Монголын сор болсон залуус амьдрахын эрхээр нэг хэсэг нь гадагшаа гарсан бол нэг хэсэг нь шоронд байна. Залуу насны ааг омгоор санаандгүй байдлаар гэмт хэрэгт холбогдсон хүмүүс их байна. Ажилгүй, амьдралын ядуу байдлаас болж хулгай хийж баригдсан залуус байна. Гарч ирээд би бас судаллаа. Улаанбаатарын хэмжээнд шоронд орж байгаа залуусын дийлэнх нь гэр хорооллынхон байна. Улаанбаатар хотод байгаа айл болгонд шоронгийн асуудал байна. Уг нь хүмүүсээ хөгжүүлэх, амьдралыг нь сайжруулах талаас нь бодлого гаргаж, хууль баталдаг болохоос хуйгаар нь шоронд суулгах ийм хууль гаргана гэдэг эмгэнэлтэй. Өөрчлөх л хэрэгтэй. Би өөрөө хилс хэргээр орсон учраас ийм хүмүүсийн зовлонг ойлгож байна. Ер нь анх удаа санаандгүй гэмт хэрэгт холбогдсон залууст зориулсан өршөөлийн хууль гаргах зайлшгүй шаардлага байгааг тэнд харлаа. Тэднийг халтирсан дээр нь түлхэх биш, дэмжээд өгөх бодлого хэрэгтэй байна.

-Та Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших юм уу?

-1992 онд анх Сонгинохайрхан дүүрэг байгуулагдахад аав маань анхны Засаг даргаар нь ажиллаж байсан. Би 2004 оноос энэ дүүрэгт сонгууль удирдаж, өөрөө нэр дэвшиж гарч байсан. Тиймээс би Сонгинохайрхан дүүргийн амьдрал ахуйг сайн мэднэ. Би үнэнийг тогтоохын тулд сонгуульд оролцохоор шийдсэн. Нэр дэвшихийг минь дуулаад маш олон хүн дэмжиж ярьж байна. Яагаад гэхээр би МАН-ыг цөөнх, сөрөг хүчин байхад нь ялалтанд хүргэж өнөөдрийн хүмүүсийн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх боломжийг нь олгож, албан тушаалын ширээ сандлыг нь бэлдэж өгсөн хүн. Албан тушаалтнууд намайг ингэж хэлмэгдүүлж байхад, намын жирийн иргэд намайг дэмжиж байгаа.

-Одоо Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, сурталчилгаагаа хийхэд юу дутуу байгаа юм бэ?

-Хуулиараа СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаар сурталчилгааны ажил эхэлдэг. Би үнэмлэх гарахыг хүлээгээд сууж байна. Сонгинохайрханы жирийн иргэд бүгд намайг мэднэ. Үнэний төлөө явж байгаа надад тэд маань санал өгнө гэж найдаж байна.

-Үнэмлэх хэзээ гарах вэ?

-Мэдэхгүй. СЕХ хуралдахгүй байна. Хуралдах юм бол шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэр дэвших үнэмлэх өгөх ёстой. Үнэмлэхээ аваад л сурталчилгааны ажилдаа орно.

-Арай л хүч тэнцвэргүй өрсөлдөөн биш үү. Сонгууль дууслаа шүү дээ?

-Сонгууль дуусахад зургаа хоног, сурталчилгаа дуусахад дөрөв хоног үлдэж байна. Ийм л байдалд байна.

-Энэ хугацаанд танд нэр дэвшигчийн үнэмлэх олгохгүй ч байж болох юм биш үү?

-Эргэлзээтэй. Би МАН-д удирдах ажил хийж байсны хувьд арай ч ийм дарангуйлалд орчихсон гэж бодсонгүй. Өнөөдөр би үнэний төлөө, шударга бусын төлөө зарчим дээрээ бат зогсоно. Намайг хорьж, хэлмэгдүүлж, хааж боож чадаж байгаа ч миний зарчим үнэт зүйлийг ялж чадахгүй.

-Энэ удаагийн сонгууль дуулиан шуугиан ихтэй байна. Таны хувьд сонгууль дуусах гэж байхад нэр дэвшигчийн үнэмлэхээ авахаар хүлээж байна. Номтойбаяр шоронд байгаа хэрнээ сурталчилгаа нь үргэлжилж байхад Ж.Эрдэнэбат гишүүнийг бариад хорьчихлоо...

-Хүмүүсийг айдаст автуулах ажиллагаа. Намайг хилс хэргээр барьж хориход хүмүүс халаглаад л өнгөрсөн. Тэр тестээ шинэ хонгилынхон над дээр амжилттай туршсан. Дараагийн тестээ Номтойбаяр дээр хийлээ. Гишүүнээс нь татгалзуулаад, нэр дэвшигчийн үнэмлэхээ авахаас нь өмнөхөн хорилоо. Дараа нь УИХ-ын гишүүн байсан ч хамаагүй шүү гэж Ж.Эрдэнэбат гишүүнийг хорьж байна. Энэ бол ард түмнийг айдаст автуулах, үе шаттай технологи, оролдлого. Хамгийн эмгэнэлтэй нь, одоогийн дарга нарыг гадаадад гэдсээ илээд хэвтэж байхад би гэдэг хүн намынхаа төлөө зүтгэж байсан шүү дээ. Одоо гишүүдээ сорчилж намнаад байгаа нь эмгэнэл юм. Би энд нэг л юм хэлж уриалъя. Нийслэлийн намынхан, Сонгинохайрхан дүүргийнхэндээ хандаж хэлэхэд “Үнэний төлөө надад нэг саналаа өгөөч ээ” л гэж уриалж байна. Түүнээс Ц.Сандуй хувь хүнийхээ өмнөөс албан тушаалын төлөө зүтгээд байгаа юм биш. Би албан тушаалтай байсан, тэр бүгдийгээ өөрөө өгөөд шалгуулж, нэр төрөө сэргээлгэсэн. Надад тохсон бүх хэрэг өнөөдөр хэрэгсэхгүй болсон. Би өнөөдөр Монголд байгаа бүх шүүхээр орсон. Сайн муу бүгдийг нь үзлээ. Шүүх, шүүгчид тэр чигээрээ муу биш юм байна. Шүүгчид хуулиа барихыг их хичээдэг юм байна. Харин эрх баригч улс төрийн хүчин өөрсдөдөө тааруулан шүүхэд нөлөөлдөг юм байна.

-Ийм үед хүний мөн чанар их танигддаг гэдэг ?

-Улс төр хийж болно. Өгөөтэй, аваатай, ялж ялагдах зүйл байна. Бүх юм өнгөрнө. Харин хүн чанар, эргэж уулзах нүүртэй байна гэдэг хамгийн гол зарчим. Хүнийг хохироож, зовоогоод байгаа энэ бүх зовлон өөр дээр нь ирнэ, бүр хэд дахин илүү ирнэ гэдгийг бодож ажиллаж амьдраасай л гэж бодож байна. МАН өмнөх сонгуулиар эв эетэй байсан учраас 65 суудал авсан юм шүү. Тэр үед АН дотроо зөрчилтэй бужигнаж байсан, үр дүн нь ялагдал. Одоо бүх юм эсрэгээрээ байна. Эвдрэх амархан, маш амархан. Буцааж эвлүүлэх хэцүү.

-Одоо та нэр дэвшиж чадахгүй бол яах вэ?

-Монгол Улс хуультай юм чинь би хуульдаа захирагдана. Гэхдээ би зарим нэг хүний үнэнг тойрог дээр нь очиж ярьж өгөх л байх даа.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Үнэний төлөө Сонгинохайрханчууд миний төлөө саналаа өгөөрэй гэж уриалмаар байна.

Онцлох нийтлэлүүд