ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.05.25 01:05

Ц.Сүхбаатар: Хятадын даргын айлчлалаар ялтан шилжүүлэх гэрээг эцэслэх байх

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатартай ярилцлаа.  Тэрбээр энэ сарын 20-21-ний өдрүүдэд Шанхай хотноо зохион байгуулагдсан Азид хамтын ажиллагааг бэхжүүлэх гишүүн орнуудын дээд хэмжээний IV бага хуралд оролцсон юм. Энэ үеэр түүнтэй уулзлаа.  
-Урд хөрш рүүгээ бид визгүй зорчдог. Тиймээс манай иргэд гэмт хэрэгт холбогдох нь элбэг байдаг л даа. Ер нь хоёр улсын хооронд жилдээ хичнээн иргэн зорчиж байна вэ?
-Монгол Хятадын хооронд жилд дунджаар 1-1.2 сая хүн зорчиж байгаа. Иргэд арилжаа наймаа хийх, сурч, боловсрох гээд олон асуудлаар зорчдог. Тэнд 8000 орчим монгол оюутан дээд, дунд сургууль, коллежуудад суралцаж байна.
БНХАУ руу визгүй зорчдог болохоор манай иргэд гэмт хэргийн золиос болох, аваар осолд орох зэрэг асуудал гардаг нь үнэн. Одоогийн байдлаар Хятадын нутаг дэвсгэр дээр манай улсын 54 иргэн шүүхээс ял аваад биеэр эдэлж байна. Мөн 80 гаруй хүн саатуулагдан шалгагдаж байгаа.
-Хулгайн хэрэг газар авч байгаа тухай мэдээлэх юм?
-Сүүлийн жилүүдэд хулгайн хэрэгт холбогдох байдал нэлээд дэлгэрч байна. Өмнө зүгийн Шинжан, Шанхай, Гуанжоу гээд нүүх маягаар Бээжинд бүлэглэлүүд  орж ирж байгаа.
-Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд БНХАУ-д монголчууд хар тамхины хэрэгт холбогдоогүй гэж дуулсан юм байна. Та үүнийг ямар ажлын үр дүн гэж харж байгаа вэ?
-Монголчууд хар тамхи худалдаалах, гэнэн итгэмтгий зангаасаа болж энэ хэргийн золиос болох явдал олонтаа тохиолдож байсан. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар хар тамхинд холбогдож байгаа хүмүүсийн асуудлаар хоёр жилийн өмнө зөвлөгөөн зохион байгуулсан юм. Уг арга хэмжээ олон нийтийн анхааралд маш сайн хүрснээр сүүлийн хоёр жилд хар тамхины хэрэг гараагүй.
-Одоо тус улсад хар тамхины хэргээр хичнээн хүн холбогдож, хэд нь ял аваад байгаа билээ. Нэлээд мандсан Дамдин болон Байгалмаа нарын хэрэг юу болсон бэ?
-БНХАУ-д 34 иргэн хар тамхины хэрэгт холбогдсон байгаа. Тав, зургаан иргэн цаазын ял авсан байсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчөөс БНХАУ-ын өмнөх даргад захидал илгээж, тэдгээр иргэдийг цаазаар авахгүй байх талаар хандсан. Тиймээс цаазын ял авсан иргэдийн ялыг хэрэгжүүлээгүй байгаа. Дамдин, Байгалмаа нар цаазын ял сонсоод байсан. Дамдингийн ялыг бүх насаар хорих ял болгосон. Дараа нь хугацаатай ял болгож хөнгөлсөн. Байгалмаагийн хувьд бас цаазын ялтай байсныг нь 19 жилийн хорих ял болгосон байгаа.
-Байгалмааг хар тамхины хэрэгт орооцолдож, харийн шоронд амиа алдсан хэмээн зарим хэвлэлээр ташаа мэдээлж байсан. Одоо түүний биеийн байдал ямар байна. Эргэлт оруулдаг биз дээ?
-Бие нь тааруу байгаа. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Ар гэрийн­хэн нь саяхан эргэж очсон. Эргэлтийг хамаагүй олон удаа оруулаад байдаггүй. Жилдээ ганц удаа оруулах зөвшөөрөлтэй байдаг.
-Ял эдэлж байгаа болон саатуулагдаж буй хүмүүс дээр ар гэрийнхэн нь очлоо гэхэд зардлыг нь яаж шийддэг вэ?
-Тэд өөрсдөө гаргана. ЭСЯ-ны зүгээс Бээжингээс өөр хотууд руу хэрэг түвэгт холбогдсон хүмүүсийнхээ асуудлаар очвол Иргэдэд  туслах сангаас зардлыг нь гаргаж, шүүх хурал энэ тэрд нь оролцдог.
-Ялтан шилжүүлэх гэрээг УИХ-аар батлаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ асуудал ажил хэрэг болоход ямар бэрхшээл тулгараад байгаа юм бол?
-Ялтан шилжүүлэх хэлэлцээрт Монголын зүгээс хоёр жилийн өмнө гарын үсэг зураад УИХ-аас батлахын хувьд баталчихсан. Харин Хятадын тал үүнийг батлаагүй, жаахан сунжирч байгаа. Энэ зун БНХАУ-ын дарга Си Жиньпин манай улсад айлчилна. Энэ үеэр хэлэлцээрийг эцэслэн байгуулж батламжлах, харилцан хүчин төгөлдөр болгох асуудлыг шийдэх байх.
-Ялтан шилжүүлэх гэрээний нөхцөлд юу гэж тусгасан бэ?
-Хэдийгээр гэрээ хэлэлцээр эцэслэн батлагдаж, хүчин төгөлдөр болоогүй ч гэсэн ялтан шилжүүлж байгаа. Хятадын талаас манай гурав, дөрвөн хүнийг шилжүүлээд өгсөн. Тэд хөнгөн хэрэгт холбогдсон хүмүүс. Мөн хар тамхины хэрэгт холбогдсон хоёр эмэгтэйг шилжүүлж өгсөн. Тэдний биеийн байдал нь тааруу,  эмнэлгийн зардал энэ тэр нь нэлээд түвэгтэй байсан бололтой. Тиймээс шилжүүлсэн байх.
Гэрээ хэрэгжээд эхэлбэл тухайн хүн үндсэн ялаа тодорхой хэмжээгээр эдэлсэн байх хэрэгтэй. Үлгэр жишээч зөв хүмүүжиж байгаа гэдгээ нотолсон тодорхой нөхцөлүүдийг хангаж байж шилжүүлэх юм. Үлдсэн ялыг нь эх оронд нь үргэлжлүүлэн эдлүүлэхээр зааж өгсөн байгаа л даа.Тэрнээс ялтан болгоныг шилжүүлэхгүй.
-Хорих ангиудад хүний эрх зөрчигдөж, улмаар амиа алдсан хэрэг Монголд хэд хэдэн удаа гарсан. Тус улсад ял эдэлж байгаа болон цагдан хоригдож буй хүмүүсийн хувьд эрх нь зөрчигдөж байна гэсэн гомдол ирж байна уу?
-Хятад улс энэ тал дээр дэгтэй, журам сайтай. Тийм асуудал гардаггүй. Манай ЭСЯ-наас тодорхой хуваарийн дагуу ялтнуудыг эргэж уулздаг. Тэднээс “Хүний эрх хэр зөрчигдөж байна, нөхцөл бололцоо ямар байна” гэхчилэн асууж лавладаг л даа. Одоохондоо ямар нэгэн гомдол хүлээж аваагүй байна. Харин Хятадын өмнөд хэсгээрээ халуун байдаг болохоор ийм нөхцөлд ял эдлэхэд хүндрэлтэй байдаг гэдэг. Тиймээс өөр сэрүүн газар ял эдлэх хүсэлт тавьдаг. Тэр дагуу асуудлыг тавьж, зарим ялтныг Өвөр Монгол руу шилжүүлсэн.

М.МӨНХЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд