ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.01.11 01:01

Ц.Элбэгдорж: Гамшгийн бүсэд ардчилал ярихгүй, тодорхой эрх хязгаарлагдана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утааны асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр Төрийн ордны “Иргэний танхим”-д ийнхүү ярьсан юм.

-Нийслэл хотын агаар, орчны бохирдлын асуудлаар ҮАБЗ өргөтгөсөн хуралдаан хийсэн. УИХ, Засгийн газрын төлөөлөл, орчны бохирдлын чиглэлээр ажилладаг албан тушаалтнууд, нийслэлийн удирдлага, шинжлэх ухаан, бизнесийн байгууллага, ТББ, хэвлэлийнхний төлөөлөл оролцсон юм.

Монгол хүний амьд явах эрхтэй холбоотой асуудал учраас төрийн тэргүүний хувьд хурлаас гарсан шийдвэр, цаашдаа юу хийх гэж байгаа талаар мэдээлэл өгөх гэсэн юм. ҮАБЗ-өөс гаргасан шийдвэр, зөвлөмжийг өөрийнхөө фэйсбүүк, твиттертээ гаргасан. ҮАБЗ-ийн зөвлөмжийг Үндсэн хуульдаа нийцүүлсэн юм шүү. Үндсэн хуульд байгаа үндсэн эрх Монгол Улсын иргэн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй.

Улаанбаатар аюултай орчин болчихоод байгаа юм. Бид нэг асуудал дээр ч болов бие биенээ доош хийхгүй, хийж байгаа ажлыг нь унагахгүй байх хэрэгтэй байна. Эхийн хэвлийд байгаа ураг амьгүй болж байгааг аюул гэхгүй бол юуг аюул гэх вэ. Утаан дунд төрж өссөн бүхэл бүтэн үе бий болж байна. Улаанбаатарт хүн сайхан амьдрал хайж ирдэг. Түүнээс биш үр хүүхэдтэйгээ бүгдээрээ архаг өвчтэй болох гэж зорьдоггүй.

Ингэж ярихаар Ерөнхийлөгч одоо л сэрж байгаа юм уу, өмнө нь хийж байхгүй яасан юм бэ гээд олон хүн шүүмжлэх байх.

2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод би “Улаанбаатар хүн амьдрахад аюултай орчин боллоо” гэж сануулж байсан. Нийтийн анхаарлыг хандуулахад ийм урт хугацаа зарцуулж байна.

2010 онд УИХ, Засгийн газрыг шахаж байж агаар бохирдуулагчид хариуцлага хүлээлгэхээр болсон. Зөвхөн Улаанбаатарт ч яриад өнгөрөөгүй. Давосын жил бүрийн чуулган дээр энэ тухай ярьсан. 2011 онд намайг НҮБ-ын байгаль орчны шагналаар шагнасан.

ҮАБЗ 2011 онд нийслэлийн агаарын бохирдлын асуудлаар хуралдсан юм. Тэр үед хэвлэлийнхэн хүртэл энэ асуудлыг тоож бичдэггүй байлаа. Утаа гэж сүржигнэлээ гэсэн байдлаар ханддаг хүмүүс олон байв. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хуулийг 2010 онд УИХ-ын дарга Д. Дэмбэрэл байхад оруулж хэлэлцүүлж батлуулсан. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллах хүн олдохгүй П.Цагаан дарга гурван жил энэ хороог удирдсан шүү дээ. 2013 оны арванхоёрдугаар сард хуульд дахин өөрчлөлт оруулж байж энэ асуудлыг гүйцэтгэх засаглалд шилжүүлсэн.

Хэвлэлийнхэн, холбогдох албан тушаалтнуудад нисдэг тэргээр Улаанбаатарын утааг харуулж байсныг та нар санаж байгаа болов уу. “Цэвэр агаар” сан байгуулж ажилласан. Ажил хийхэд алдаа дутагдал гардаг. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг ашгийн нүдээр харсан хүмүүс ч байлаа. Гэхдээ оносон зүйл их байсан. Би гэрээ дулаалсан олон айлаар орж үзсэн. Арга хэмжээ аваад ирэхээр олон улсын байгууллагууд хэмжилт хийгээд, “Утаа буурч байна” гэж дүгнэж байлаа. Тууштай яваагүй л болохоос биш.

Би зургаан жилийн өмнө “Утааг зүрхэндээ хар” гэж хэлж байлаа. Хэлнэ гэдэг хийхийн эхлэл юм шүү. Энэ асуудлаар би Засгийн газрын хуралдаан, Нийслэлийн ИТХ дээр ч орж үг хэлж байсан.

Хэдүүлээ одоо л сэрлээ гэж нэгийгээ доош нь хийх хэрэггүй.

Утаа бол монголчуудын өөрсдөө тарьсан гамшиг. Утаа гаргаж байгаа зуухны цаана хүн л сууж байгаа. Бусад нь шүүмжлээд, буруутгаад байхаар ичсэн хүн буруу үйлдлээ өөрчилдөг. Хэвлэлийнхэн түргэний эмч шиг дуудлагаар ажиллаж, буруу үйлдлийг мэдээлэх хэрэгтэй.

Гэр хорооллынхон 600 мянган тонн нүүрс түлдэг. Шийдэхийн аргагүй асуудал биш. Нүүрс байгаа газар метан хий байдаг. Түүнийг нааш татаад, савлаад оруулж ирэхэд болно.

Үүнийг манай олон нийтийн оюун санааны манлайлагч нар маань хийхгүй байна.

Ерөнхийлөгчийн хувьд газрын зураг тодорхойлох шаардлагатай болж байна.

Гурван зүйл дээр албан тушаалтнууд нэгдмэл байр суурьт хүрлээ.

Улаанбаатарын агаарын бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гамшиг гэж үзэж байгаа бол хязгаарлалтын бүс тогтоодог.

Гамшгийн бүсээ тогтоосон бол уг бүсэд юуг хориглохыг тодорхойлдог. Нийслэлд шилжин ирэхийг хориглох ёстой гэж үзэж байгаа юм.

Гамшгийн бүсэд онцгой горимоор ажилладаг.

Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Орчны бохирдлын асуудлаар онцгой байдлын үндэсний хороо гэж өөрчилж, Ерөнхий сайд тэргүүлэх болсон.

Гамшгийн бүсэд ардчилал ярихгүй. Тодорхой эрх хязгаарлагдана. Шийдвэр биелүүлэхгүй бол шийтгэл хүлээх болно.

Энэ бол удаан хугацааны үйл явц.

Утаа гамшиг гэж хүлээн зөвшөөрсөн бол гамшгийн бүсээс хүмүүсээ гаргах шаардлагатай болно.

Аюултай орчноос хүмүүсээ нүүлгэдэг, гаргадаг шүү дээ.

Одоо бүгдээрээ дөрвөн уулынхаа дундаас гарч сэтгэмээр байна.

Улаанбаатар хотын хөрс бохирдсон. 30-60 жил нөхөн сэргээлт хийхгүйгээр бүтээн байгуулалт хийх асуудал байхгүй.

Улаанбаатарын газар нутгийн цэсийг тэлэх хэрэгтэй байна.

“УИХ-ын ордноо энд барь” гээд аймгууд уралдаж байх ёстой.

2005 онд би Хар хорумыг жишиг хот болгох Үндэсний хөтөлбөр санаачилж байсан. УИХ улс төржөөд энэ асуудал нээлттэй хэвээр үлдсэн. УИХ эр зориг гаргаж ордноо Улаанбаатараас нүүлгэхэд олон юм эрүүлжнэ.

Нийслэлээс төрийн захиргааны байгууллагуудыг нүүлгэхэд зам тавигдаад эхэлнэ. Улаанбаатарт ажлын байрны төлөө хүмүүс цуглаад байгаа юм. Одоо Улаанбаатараас уралдаж гарч хөрөнгө оруулах боломж бий болгох хэрэгтэй. Булган, Хэнтийд утаанаас зугатсан ээж, хүүхдүүдийг агаарт амруулах сувилал амралтын газрууд бий болж байна.

Утаа Улаанбаатарыг муухай харагдуулж байна.

Улаанбаатар үр ашиггүй хот болсон. Ирсэн хүмүүс хордоод байхад хөрөнгө оруулалт хийгээд нэмэргүй.

Нийслэлийн эргэн тойрон дахь ногоон байгууламж агаарын бохирдлыг шүүж дийлэхээ байсан. Улаанбаатрын өмнүүр явж байгаа төмөр замаа хурдан барь гэж би Зам, тээврийн сайдад хэлсэн.

Дээр нь их, дээд сургуулийн хотхонуудыг хотоос гадна байгуулах хэрэгтэй байна.

Улаанбаатарт байгаагаа додомдъё. Шинээр барьж байгуулвал Улаанбаатараас гадна хийе.

Хүний амьд явах эрх яригдаж байгаа учраас эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нэгдүгээрт тавигдах учиртай.

Нүүж шилжсэний дараа хөрсөө эрүүлжүүлмээр байна. Ногоон бүс бий болгох хэрэгтэй. Тэгж байж эргээд хүн амьдрах таатай орчин бүрдэнэ. Улаанбаатарыг Төв, Өвөрхангай, Булган, Хэнтий, Дархан, Хөвсгөлийн хэмжээнд тэлэх хэрэгтэй байна. Бүгдээрээ хамтарч ажиллая, төлөвлөгөө гаргая.

Б.ЭГШИГЛЭН

Онцлох нийтлэлүүд