ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.11.13 03:11

“Чингис хаан” одонг академич Х.Намсрайд олгоно

"Чингис хаан" одон нь Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн одон юм. Анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ.
Энэхүү одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар тогтоосон байдаг.
Үүнээс хойш тус одонгоор нийт зургаан хүн шагнагджээ. Удалгүй тогтоолын төсөлд өөрчлөлт орж "Чингис хаан" одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан Их хааны төрсөн өдрөөр буюу "Монгол бахархлын өдөр" өдрөөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар болсон юм.
Өнгөрсөн жил энэ хүндтэй одон тэмдгийг Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном гуай хүртэж байсан билээ. Тэгвэл энэ жил буюу Тулгар төрийн 2223, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жилийн ой, Монгол бахархалын өдрөөр "Чингис хаан" одонг академич Х.Намсрай гардахаар болсон байна.

Онцлох нийтлэлүүд