Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Өдрийн сонины дугаарт
2015.03.01 11:03

Чойномын шүлгээр амьсгалж "чонын авд" буугүй гарцгаасан нэг ангийнхан

11-ийн А ангийнхан сургуулийнхаа 90 жилийн ойгоор

Монголд сайн бүхний, шинэ бүхний үндсийг тавьсан нэгдүгээр сургууль руугаа очиж явна. Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит үлгэр жишээ лаборатори нэгдүгээр сургууль хэмээн нэрлэгдэж байж билээ. Энэ сургуулийг Монголын нэрт сурган хүмүүжүүлэгчид, гавьяат багш Д.Гомбосүрэн, Ж.Ичинхорлоо, Э.Раднаа, Н.Норов, Л.Цэрэндорж нарын зэрэг гавьяатнууд, эрдэмтэн мэргэд удирдаж байж билээ. Эндээс Монгол Улсын гавьяат багш С.Цагааны нэрэмжит математикийн олимпиад орон даяар дэлгэрсэн түүхтэй. 1961 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч ерөнхий боловсролын дунд сургуулиудыг 8, 11 жилийн хугацаатай болгон, цөөн хэдэн сургуулийг туршилтын журмаар хичээллүүлэхэд Улаанбаатар хотоос хоёрхон сургуулийг сонгож авсны нэг нь нэгдүгээр дунд сургууль. Туршилтыг амжилттай биелүүлж, 1965 онд анхны төгсөлтөө хийж байсан 11 дүгээр ангийн А, Б, В гурван бүлгийнхэнтэй уулзаж байна. Энэ ангийнхнаас Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Адилбиш, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор, профессор Д.Баяр, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ш.Долгормаа, доктор Р.Нарантуяа, Д.Сарантуяа, Ж.Мандахбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын төрийн ёслолын асуудал хариуцсан шинжээч, ахлах шинжээч, төрийн ёслолын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан хурандаа Д.Нямбаяр, Монгол Улсын зөвлөх инженер С.Должин, салбарын тэргүүний ажилтан С.Тунгалаг, Ц.Батжаргал, Л.Батсүх, Г.Болдбаатар, Г.Доржготов, А.Бямбасүрэн, Б.Гомбосүрэн, Ч.Цогбадрах, ахмад инженер Д.Бямбасүрэн, нисгэгч Ц.Даваасүрэн нарын зэрэг олон алдар цуутан төрж гарсан юм. Энэ ангийнхнаас төрийн дээд шагнал хүртээгүй хүн бараг байхгүй байх. Үлгэр жишээ сургуулийн үлгэр жишээ төгсөгчид гэгддэг юм. Сурагчийн амьдралын сураг тасардаггүй дурсамжуудаас сөхье.

АДУУН ЦАГААН ШҮДТЭЙ, АРАЙ Л ЯНЦГААДАГГҮЙ БАГШ

Арван жилийн хүүхдүүд багш нараа их сонжино. Даан ялангуяа шинэ багш хүрээд ирвэл бараг л хөлөөс толгойг нь хүртэл харж багшдаа “дүн” тавина. Нэг өглөө Монгол хэл, уран зохиолын багш Намжимын Очирбат гэж залуу ороод ирж. Улсын их сургуулийг дөнгөж төгссөн, шүлэг зохиол бичдэг, “Хан хурмаст” номоо хэвлүүлчихээд хаа хамаагүй уншиж яваа, шүлгийн донтон”. Гуалиг тэгшхэн нуруутай, алхаж гишгэх нь хүртэл бараг бүжиг хийж байгаа юм шиг санагдана. УИС-д байхдаа Улаанбаатар хотын нийтийн бүжгийн аварга болчихсон юм чинь аргагүй шүү дээ. Н.Очирбат багш програмт хичээлээ заачихаад заавал тав арван минут үлдээнэ. Тэр минутандаа, Монгол, Оросын голдуухан яруу найрагчдын шүлэг уншиж сонирхуулна. Голдуухан, Р.Чойном мэтийн яруу найрагчдын “хориотой” шүлгээс уншина. Шавь нар нь ангайтал чагнаж, хичээл тараад явахдаа цээжилчихсэн байдаг гэнэ.

...Өө хэлбэл би өнгөгүй хүн

Өвөртөө би мөнгөгүй хүн

Тэгэвч би зүрхтэй хүн

Түүнд дурлах эрхтэй хүн... гэхчлэн шүлгийн мөрүүдийг тавин жилийн дараа Санжидын Тунгалаг цээжээр уншиж байна. Энэ ангийнхан бараг бүгдээрээ шүлэг бичнэ. Эмхтгэвэл томоо ном болох байх. 11-ийн “Б” бүлгийн сурагч С.Тунгалаг нь ангидаа ном их уншдаг, өргөн цар хүрээтэй сэтгэдэг, сайн зохион байгуулагч гэдгээрээ онцгой хүүхэд байв. Тэрээр Анагаах ухааны дээд сургуулийг эрүүл ахуйч их эмч мэргэжлээр төгссөн анхдагчдын нэг. Эрүүл ахуй халдвар нян судлалын улсын институт, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газарт олон жил үр бүтээлтэй ажиллан, эрүүлийг хамгаалахын болон мэргэжлийн хяналтын тэргүүний ажилтан болсон юм.

Эдний ангийнхан Н.Намнан багшийгаа дурсах дуртай. Анх “А” үсэг нүдлүүлсэн багш нь. Намнан багш хичээлээ заачихаад төгсгөлд нь заавал нэг сонин ном зохиол уншиж өгнө. “Айболит доктор”-ыг уншиж өгсний нь дараа, маргаашийг тэсч ядан хүлээдэгсэн гэж шавь нар нь одоо хирнээ дурсана. Намнан багш нь бяцхан шавь нартайгаа хэдэн арван жилийн дараа уулзахад, бүгдийг овог нэрээр нь асууж байдаг онцгой ой ухаантай хүнсэн.

11-ийн “Б” ангийнхан сургуулиа төгсгөөд их, дээд сургуульд орох нь орцгоож, нэг хэсэг нь алсын моринд дөрөөлж байж билээ. Бүжинлхам, Сэлэнгэ нар Москва руу, Пүрэв, Сарантуяа нар Бухарест руу, Бямбасүрэн Будапешт рүү, Шийтэр Герман руу, Төмөрхуяг Киев рүү, Доржготов Одесс руу, Төмөрбаатар Даваасүрэн нар Югослав руу гэхчлэн эрдмийн моринд дөрөөлөөд, эргэж уулзахын билэгтэй сайхан ерөөл тавьцгаагаад, уйлалдан, дуулалдан холдоцгоож байснаас хойш тавин хаврын цэцэг дэлбээлж, тавин намрын цэцэг гандаж дээ.

Энэ ангийг, шаазгай шиг хорин нэгэн охид, хөвгүүд төгсөөд, гар гараасаа хөтлөлцөн инээж хөхөрч явсан дунд Шаравын Долгормаа охин, тас тас инээгээд алхаж л байсан. Өнөөдөр тэрээр Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, өндөр дээд хүндэтгэлийн эзэн болсон байна. Тухайн үеийн Найрамдлын районы эмнэлэгт хүүхдийн эмчээр ажлын гараагаа эхэлж байсан тэрээр, районыхоо эмнэлгийн ерөнхий эмч, Нийслэлийн эрүүлийг хамгаалах газарт мэргэжилтэн, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн 13 дугаар төвд ерөнхий эмч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн орлогч дарга... гэхчлэн албыг хашиж, очсон газар болгондоо ажил сайжруулж, тэргүүний хамт олны зэрэгт хүргэж байсан, аргагүй л гавьяатай нэгэн. Тэрээр, миний өчүүхэн амжилт бол биднийг ажил амьдралын их замаар хөтөлж явсан хайрт багш Цэгмид, Намсрайжав, Нэргүй, Дашжамц, Олзвой нарын олон багшийн минь ач гавьяа гэж ярих дуртай.

Үйлдвэр сургалттай анхны 11 дүгээр ангийнхнаас олон хүн барилгын зураг архитекторийн мэргэжил эзэмшсэн байдаг. Тэдний нэг ньРумын улсын Бухарест хотын Ион Минкугийн нэрэмжит архитекторийн их сургууль төгсгөж ирээд архитекторч, хот төлөвлөгчөөр ажиллаж байсан доктор Д.Сарантуяа агсан юм. Тэрээр Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Шинэ Яармаг хорооллын ерөнхий төлөвлөгөө, сумуудын ерөнхий төлөвлөгөө зэрэг асар их ажлыг амжуулж докторын зэрэг хамгаалсан буянтан билээ. 11-ийн “Б” бүлгийнхний амжилт бүтээлийг багтаана гэвэл, цаг цаас хүрэхгүй биз ээ.

НОГООРСОН БООРЦОГ ИДЭЖ, НОХОЙТОЙ АНД ЯВЛАА

Би, энэ ангийнхныг даргаас нь эхэлье гэж бодсон юм. Зураас зурдаг л хүн бол та, Зургийн институтын Должинг мэднэ дээ. Энэ ангийнхан хэд хэдэн онцлогтойг би түрүү цухас дурдсан. Гол нь 11 дүгээр анги төгсөхдөө сурагч бүр нэг мэргэжил эзэмшдэг байсан юм. Батжаргал будагчны 3, Болдбаатар мужааны 3, Должин радио засварын техникчийн 3 гэх мэт мэргэжлээр төгсч байв. Нөгөө нэг онцлог нь энэ сургууль, ангийнхан бүгд шеф газруудтай. Зуныхаа амралтаар тэндээ очиж практик дадлага хийнэ. Должингийнхон Хэнтийд очсон нэг дадлага сонирхолтой болов уу. Хүүхдүүдийг хоёр хоёроор нь хадланчдад хуваарилж 11-ийн “А”-гийнхныг Хэнтийн Биндэр суманд хуваарилсан юм. С.Должинг, гавьяат багш Далхжавын охин Ганчимэгтэй хамт Биндэр сумын Сэрүүн-Галтад ардын уран зохиолч С.Эрдэнэ агсны ах адуучин Сэнгээгийнд хуваарилав. Эндхийн хүмүүс, тарвага алж идчихээд, тараг, сүү голдуухан хооллоно. Хүүхдүүд очсон өдрөө л амьдралын сонинтой учирлаа. Хоолных нь хоёр тарвагыг алж ирээд, дадлагын сурагч Должингоорөвчүүлэх болов. Анх удаа тийм “хөөрхөн” амьтантай учирч байгаа. Амьгүй ч гэсэн нүд нь бүлтийгээд ямар өрөвдмөөр санагдсан гээ. Аргагүйн эрхэнд урж тасчин байж, өвчсөн болов. Шөнө нь тарваганы хоёр нүд харагдан хар дарж орилж сэрээд, халуурч бие нь муудлаа.

11-ийн “А” ангийнхан сургуулиа төгсгөхөд бүгд нэг нэг мэргэжилтэй болсон тухай түрүү өгүүлсэн. Х.Адилбиш бол радио техникийг их сонирхдог, зүүдэндээ “Радиогоосярьж байна” гээд босоод ирдэг хүүхэд байсан. Тэгээд ч сургуульд байхдаа 50, 100-втын радио өсгөгч угсран, “Эх орон-52”, “Люкс” хүлээн авагчуудыг засчихдаг болсон юм. Бас машин судлалын дугуйланд суралцаж, Лингафоны кабинет байгуулах зэргээр техникийн их сонирхолтой хүүхэд байв. Тэр ч чанараараа цахилгаан эрчим хүчний мэргэжил эзэмшиж, Эрчим хүчний салбарт 42 жил ажиллаад, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолтой, энгэр дүүрэн одонтойгоор гавьяаныхаа амралтанд гарч билээ. Х.Адилбиш маань ангийнхаа охин П.Долгортой амьдралаа холбон, олон хүүхэд төрүүлж өсгөн, олонтойгоо шуугиж дуугисан буурал яваа. Тэрээр тэтгэврээ тогтоолгосон ч зүгээр сууж чадахгүй “Бүтээлч” бүлэг байгуулан “Жишиг” гудамжаа тохижуулж 300 гаруймод бут тарьж, хүүхдийн тоглоомын талбай, цэцгийн мандал байгуулаад байгаа. Бас хашаагаа 200-гаад мод буттай, жимсний цэцэрлэгт хүрээлэн болгосон зэрэг зүтгэл бүтээлийг нь тоочиж барахгүй. Ангийнхан нь: “Гавьяат хүн, хаа ч явсан гавьяатай л байдаг юм байна” хэмээн магтана. Энэ ангиас төрж гарсан ч, өнөөдөр бидний дунд байхгүй байгаа нэгэн суу алдартан бол Довдойн Баяр юм. Бяцхан жаал байхдаа “Алтайд” романыг уншаад хайгуулч шинжээч болно хэмээн сэтгэлдээ тангараг өргөж байсан энэ хүү УБДС-ын түүх-газар зүйн ангийг дүүргэж археологич болон их бүтээлийн “эрэлд” гарсан хүн. Тэрээр Монголдоо доктор профессор цол хүртэж, ХБНГУ-ын археологийн хүрээлэнгийн сурвалжлагч гишүүнээр сонгогдож байв. Түүний зүтгэл бүтээлийг төр засгаас өндөр үнэлж Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн юм. Монголчууд, зарим нэгнийг “хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж явсан хүн” гэдэг. Тийм л хүний нэг нь Баяр байлаа. Олон улсын 30 гаруй төслийн хээрийн шинжилгээний ангид оролцон археологийн үнэт дурсгалуудыг олж илрүүлсэн гавьяатай хүн байлаа. Ийм гавьяатан, эгэл жирийн хүмүүс энэ ангиас олноороо төрж гарсан юм. Газар зүйн шинжлэх ухааны доктор Ж.Мандахбаяр, ахмад багш Л.Дариймаа, биеийн тамир, спортын зүтгэлтэн П.Сампилноров, статистикч Ч.Надмид… гээд урт цуваа үргэлжилнэ.

БАГШИЙГАА БАНДААШТАЙ ӨНЖҮҮЛСЭН “В” БҮЛГИЙНХЭН

Хүүхэд ахуй насанд аль дүрсгүйтэхийг тэр гэхэв. Эдний ангийнхан Ерөөгийн сангийн аж ахуйд дадлага хийж байв. Г.Болдбаатар нарын хэдэн эрэгтэй хүүхэд Сангийн аж ахуйн төв рүү, бага сага хүнсний зүйл авахаар алхаж байсан чинь Ж.багш араас морьтой давхиж ирээд, буцааж туугаад явсансанж. Хүүхдүүд дотроо таагүй л бодолтой байв. Тэгээд хэдүүлээ “Багшийгаа нэг чадна даа” гэж бодоод л явсансанж. Нэг өдөр багш нь бүх хувцсаа угаагаад гадаа тохчихсон, нүцгэн гарч ороод байх юм гэнэ. Хувцас яг хатахын үед хүүхдүүд очоод бүх хувцсыг нь пошиктой усанд дүрээд буцаагаад өлгөчихөж. Багш нь байсхийгээд л гарч хувцсаа үзээд байдаг, нойтон. Ингэж багшийгаа өдөржин “бандааш”-тай гүйлгэсэн гэдэг.

Энэ ангийнхнаас хэлбичгийн ухааны доктор Р.Нарантуяа, Клиникийн профессор Х.Туяа, банк санхүү, геологи эрчим хүчний тэргүүний ажилтан Г.Болдбаатар, хурандаа Д.Нямбаяр, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Ц.Батжаргал нарын олон сайчууд төрөн гарсан юм. Та бүхэн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг хаа ч явсан, өндөр нуруутай, бууралдуу халимагтай хүн дагаж явдгийг лав харсан байх. Энэ бол Нямбаяр хурандаа. Ёслолын албанд “Ёо” гэлгүй зүтгэж, өнөөдөр гавьяаныхаа амралтанд суугаа, энэ “саарал шинелиэ тайлаагүй буурал хурандаа” бол амьдралын ихийг үзэж, монгол төрийн амьд нэвтэрхий толь болсон хүндтэй хүн. Эхнэр нь сэтгүүлч та бидний хэзээний танил “Радио телевиз”-ийн Батсүх.

11-ийн “В” бүлгийнхэн дунд “Хойд зүгийн чимэг” болсон хэдэн охид байв. Хойшоо гэртэй, үргэлж хамт явдаг хэдэн гоо охидыг ангийнхан нь ингэж нэрлэнэ. Тэдний нэг нь Ц.Батжаргал. Батжаргал маань сургуулиа төгсөөд эмч болсон. Хотын нэр хүндтэй том эмнэлгүүдэд хүүхдийн эмчээр ажиллаж байгаад сувиллын 42 дугаар ясль-цэцэрлэг байгуулж эрхлэгч-эмчээр нь олон жил ажилласан. Аав, ээж нар бол түүнийг “Саажилттай хүүхдийн сахиусан тэнгэр” гэдэг юм.

Энэ төгсөлтөнд нэр нь бичигдэх олон багш, сурагчид дотроос би нэг хүнийг онцлон “Нэг ангийнхан” дурсамжаа жаргаамаар байна. Энэ бол ахмад багш өнөө жил 90 сүүдэр зооглож байгаа Я.Намсрайжав гуай.Шавь нараасаа өчнөөн олон гавьяат, алдар цуутныг төрүүлсэн энэ буурай, өнөөдөр бие чилээрхүү байдаг юм билээ. Шавь нар нь “манай Намсрайжав багш бол аль хэдийнэ гавьяат байтугай, ардын багш болохоор гавьяатай хүн” гэх юм билээ. Төрийн тэр хайр хүртээгүй ч, түм буман шавийн тань хайр хүндэтгэл таныг өргөж яваа шүү, багш минь!

Онцлох нийтлэлүүд