ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2017.06.07 04:06

Чоно хамтлаг “Цагаан захтан” дуугаа улс төрчдөд зориулан бүтээжээ

“Чоно” хамтлаг долоон жилийн дараа эргэн уран бүтээлдээ эрч хүчтэйгээр орж ядуу зүдүү ард түмэн байсаар байгаа талаар нэгэн шинэ дуу зохиожээ. Энэхүү дуугаараа улстөрчдөд нэгийг бодуулахыг хүссэн аж. Тус хамтлагийн ахлагч, дуучин Д.Дэрмээ “Өдрийн сонин”-д энэ дууныхаа талаар ингэж ярьжээ.

Тэрээр “Цагаан захтан” дуугаараа ядуу нийгэм байсаар байгаа гэдгийг улстөрчдөд сануулахыг хүссэн. Өмнө нь бэлэн болчихсон байсан уран бүтээл л дээ. Ерөнхийдөө “Чоно” хамтлаг эргэн сэргэхдээ энэхүү уран бүтээлээ сонсогчдодоо хүргэхээр төлөвлөчихсөн байсан юм. “Цагаан захтан” дууны үгийг “Элькондор” хамтлагийн дуучин П.Хэрлэн бичсэн бол аялгууг нь би өөрөө зохиосон. Бид энэхүү дуугаараа хүнд хэцүү амьдрал, зовлон зүдгүүрийг туулж яваа өнчин хүүхдүүд, ядуу нийгэм байсаар байгаа гэдгийг УИХ-д сонгогдсон бүх гишүүдэд сануулахыг, зоригтойгоор хэлэхийг хүссэн. Тэр дундаа эрх мэдэлтнүүдэд хүүхдийн дуу хоолойг хүргэх гэж л зорьсон. Ийм л зорилготой энэ дууг хийсэн юм.

Нийт таван зурагчны бүтээлээс дээжлэн энэхүү дуунынхаа клипэнд оруулсан байгаа. Зурагнуудад Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдийн хүнд, хэцүү амьдралыг харуулсан байгааг үзэгчид харсан байх. Мөн зарим хүнд өгүүлэмжтэй, сэтгэл сэртхийлгэм зургуудыг оруулаагүй. Үүнээс гадна клипний үеэр зарим улстөрчдийн нүдийг нь харлуулсан зургууд гардаг. Учир нь тус уран бүтээлээ хэн нэгэнд онцолж биш бүхий л улс төрчдөд зориулсан. Тиймээс хэн нэгний зургийг онцолж гаргахыг хүсээгүй учраас ийнхүү харлуулаж оруулсан юм.

Клипний төгсгөлд Монгол Улсад 634 мянга гаруй хүн нэн ядуу амьдарч байгаагаас 195 мянга орчим хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэж байгаа тухай баримтыг оруулсан юм.

Уран бүтээлчдэд санхүүгийн дэмжлэг, туслалцаа хэрэгтэй нь мэдээж. Гэхдээ миний бодлоор аливаа уран бүтээлч нийгмийн болж бүтэхгүй байгаа сэдвийг хөндөж, ард түмний дуу хоолой болох ёстой л гэж боддог. Тэр дундаа “Хүүхдийн элч дуучин”, “Хүмүүнлэгийн элч дуучин” гээд байж л байх юм. Энэ уран бүтээлчид нийгмийн болж, бүтэхгүй асуудлыг шүүмжилж эрх мэдэлтнүүдэд дамжуулах ёстой шүү дээ.

Гэсэн хэдий ч тэд дуу хоолойгоо хүргэхгүй байсаар л байна. Тиймээс манай хамтлагийн зүгээс “Цагаан захтан” дуугаар зогсохгүй цаашдаа ч нийгмийн болж, бүтэхгүй, эмзэг сэдвийг хөндсөн уран бүтээлүүдийг хийсээр байх болно” хэмээн ярьжээ.


О.ӨНӨР

Онцлох нийтлэлүүд