Цаг үе
2014.12.30 10:12

Чуулганы энэ оны отгон хуралдаанаар юу хэлэлцэв?

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс өмнөх хуралдааны эхэнд спикер мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр "Хурал эхлэхийн өмнө би залруулга хэлье. Өчигдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдээр дөнгөж томилогдсон хүмүүст хандаж хэлсэн үг заримд нь буруу ойлгогджээ. Миний үгийг сайн харвал 100 хүнтэй телевизийн хийдэг ажлыг 700 хүнтэй МҮОНТ хийдэг гэж харьцуулсан. Түүнээс 700 хүнийг архи уудаг тухай яриагүй юм. Тэр архидалт, аймшигтай, замбараагүй байдал гэдэг бол МҮОНРТ-ийн М.Наранбаатар тэргүүтэй дарга нар, түүнийг тойрон хүрээлэгчийн тухай ярьсан хэрэг. Олон жилийн түүхтэй, хүчирхэг уран бүтээлчидтэй энэ байгууллагад сүүлийн хэдэн жил ахиц гарах нь бүү хэл уруудсан. Тэр нь өчигдөр долоогийн долоон хүн нь солигдож байгаа Үндэсний зөвлөл, энэ байгууллагыг удирдаж байгаа М.Наранбаатар болон түүнийг тойрон хүрээлж байгаа дарга нартай холбоотой юм. Тийм учраас энэ байдалдаа анхаарч ажиллахыг сануулж, Үндэсний зөвлөлийн шинээр сонгогдсон гишүүдэд хандаж ийм үг хэлсэн. Энэ үг уран бүтээлч та бүхэнд буруу ойлгогдсон бол уучлал гуйж байна. Харин миний хэлсэн үгийг ашиглаж өөрсдийнхөө эрх ашгийн төлөө та бүхнийг бослого тэмцэлд уриалж байгаа удирдлагуудынхаа санаархалд бүү автаарай гэдгийг сануулж байна. Би хэлсэн үгийнхээ төлөө МҮОНРТ-ийн удирдлага, түүнийг тойрон хүрээлсэн хэсэг бүлэг хүмүүсээс уучлал гуйхгүй. Үүгээр өчигдөр орой МҮОНТ-ээр мэдэгдсэн шаардлагын хариуг өгч байна" гэлээ. Үүний дараагаар "Тогтоолын хавсралтуудаднэмэлт, өөрчлөлт оруулах тухай" тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хурааж, гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээв. Энэхүү тогтоол нь Зүүнхараа дахь алтны үндсэн ордыг ашиглах тухай юм. Уг ордыг ашигласнаар гурван их наяд төгрөгийн алтыг Монголбанкинд тушаахаар гэрээ хийгджээ. Мөн 1000 хүн ажилтай болох аж. Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Мөн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай шинэчилсэн найруулга болон бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хороо Ажлын хэсгээс гарсан саналыг хэлэлцэн, зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Гишүүд дээрх төслийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

Баасан гаригт хуралдсан УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталлаа. Уг тогтоолоор УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Ц.Цолмон, Ж.Эрдэнэбат нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Б.Чойжилсүрэн нарыг Өргөдлийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Р.Бурмаа, Д.Эрдэнэбат нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Д.Хаянхярваа нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Оюунхорол нарыг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөв. Тэгээд УИХ-ын гишүүн О.Содбилэгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ч.Хүрэлбаатар, С.Оюун нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Арвин, Ж.Батсуурь, Д.Хаянхярваа нарыг Өргөдлийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Х.Тэмүүжин, О.Содбилэг нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Б.Чойжилсүрэн нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ё.Отгонбаяр нарыг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталлаа. 2012 оны сонгуулийн дараа бүрэлдсэн УИХ-д МАН-ын бүлэг бүлгээ байгуулж чадаагүй учраас гишүүд нь байнгын хороонд тэнцвэртэй хуваарилагдаж чадаагүй. Үүнийг залруулж, байнгын хорооны бүрэлдэхүүнд ийнхүү өөрчлөлт оруулав бололтой.

Үүний дараа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах талаар хуулийн төсөлд тусган 2014 оны зургадугаар сард өргөн мэдүүлсэн юм. Энэ дагуу төслийг хэлэлцэх явцад гишүүд тамхи татах цэгийн байршлын талаар тодруулж байлаа.Тухайлбал, төсөв, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар болон аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчинд тамхи татах цэгийг хэрхэн байгуулах, дотоод орчинд тамхи татах цэг байгуулахад төсвөөс мөнгө гаргах эсэх талаар асууж байсан. Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, дотоод орчинд тамхи татах цэг байгуулахад төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй гэв. Харин гадаа нийтийн эзэмшлийн талбайд тамхи татах цэг байгуулах болбол тус цэгийн байршил, төсвийг сум, дүүргийн ИТХ шийдвэрлэдэг байхаар төсөлд тусгасан байна. Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.Үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн сүүлчийн асуудал нь Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв. Хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийг "Эрүүл мэндийн даатгалын хууль" гэж нэрлэх санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авч байлаа. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалыг албан журмын болон сайн дурын даатгал гэсэн төрөлтэй болгох санал ч дэмжигдсэн юм. Гишүүд байнгын хорооны хуралдаанд танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалагдах байнгын хороонд шилжүүлэв.

ЧУУЛГАН ХААЛТТАЙ ГОРИМД ХУРАЛДАВ

Баасан гаригийн чуулганы үдээс хойших хуралдаан хаалттай горимд шилжсэн юм. Энэ өдөр Төрийн ордонд утасны сүлжээ хаав. Ингээд чуулганы үеэр Ерөнхийлөгч мэдээлэл хийсэн байна.Эдийн засгийг сэргээх тухай ярьсан гэх мэдээлэл байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар гишүүдэд мэдээлэл өгсөн байна. УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байгаагаар мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн аж.

Чуулганы нэгдсэн хуралдаан 18 цаг 40 минутад нээлттэй горимд шилжиж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ц.Оюунбаатар нарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулахаар шийдвэрлэснийг гишүүдийн 89.4 хувь нь дэмжлээ. Мөн баасан гаригт хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг сонгосныг УИХ-ын даргад танилцуулав. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат энэ оны санхүүгийн жил дуусч буйтай холбогдуулан төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс Төрийн сангийн гүйлгээг энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл саадгүй хийх болно гэдгийг мэдэгдлээ. Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаан нь УИХ-ын 2014 оны отгон хуралдаан гэдгийг онцлоод Монголын нийт ард түмэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлж ирж буй ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөлөө.

М.МӨНХ

Онцлох нийтлэлүүд