ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.04.18 08:04

Ч.Алтанхишиг: Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ төлөө хуулийн өмнө өөрөө хариуцлага хүлээх ёстой

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа Ч.Алтанхишигтэй ярилцлаа.


-Танай хүрээлэнгийн шинжээч О.Даваасүрэн өгсөн ярилцлагадаа “АТГ-ынханд Д.Гантулгын хэргийг шийдэх сонирхол байхгүй, МАН-ын даалгаврыг л биелүүлж байгаа” гэсэн байсан. Энэ юу гэсэн үг вэ?

-Сүүлийн үед Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай холбоотой маргаантай мэдээлэл сонин, сошиал ертөнцөөр маш их гардаг боллоо. Зарим нэг асуудал нь гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримт, түүний хувь заяа, шинжээчийн дүгнэлт шинжилгээний байгууллагын болон мөрдөн шалгах үйл ажиллагаатай холбоотой байдаг. Иймээс тэр болгон хариу тайлбар өгөх шаардлага гардаггүй юм. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаанд прокурорын байгууллага хяналт тавьж, шүүх эцэслэн шийдвэрлэдэг. Дахин хэлэхэд бид гарсан аливаа хэргийг биечлэн мөрдөн шалгадаггүй. Харин хэргийн холбогдолтой ул мөр, эд мөрийн баримтад төрөл бүрийн шинжилгээ хийж дүгнэлт гарган мөрдөн шалгах ажиллагаанд туслалцаа үзүүлдэг. Бидний гаргасан дүгнэлтийг мөрдөгч, прокурор, шүүх, шүүгчид хэрэг шийдвэрлэх ажиллагаандаа нотлох баримтын түвшинд үнэлж дүгнэн шийдвэрлэдэг. Мөрдөс зүүж, тангараг өргөсөн Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтан, төрийн албан хаагч, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд оролцож, хэргийн холбогдолтой ул мөр, эд мөрийн баримттай байнга харьцаж дүгнэлт гаргадаг. Мөн гэмт хэрэг илрүүлэх ажиллагаанд туслалцаа үзүүлж байдаг. Иймээс ул мөр, эд мөрийн баримтын талаар нийтэд мэдээлэх, хэргийн холбогдолтой нууцлалыг нийтэд ил гаргах, ингэснээр гэмт хэрэг илрүүлэлт, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах эрх бидэнд байх ёсгүй л дээ. Тус хүрээлэнгийн ажилтан, шинжээч О.Даваасүрэнгийн хувьд манай байгууллагад олон жил ажиллаж байгаа туршлагатай нэг ажилтан. Мөн тус ярилцлагадаа “Ж.Оюун шинжээч дүгнэлт гаргасан” гэх зэрэг зөрүүтэй асуудлыг хөндсөн байна. Энэ хэргийг одоо мөрдөн шалгаж байгаа. Тиймээс чухам хэний буруу, хэрэгт ямар материал ирүүлсэн, ямар дүгнэлт гарсан талаар мэдээлэл өгч, шинжээчдийнхээ ажилд үнэлэлт дүгнэлт өгөхөд арай эрт байна.

-Танай ажилтан О.Даваасүрэн өгсөн ярилцлагадаа “... УИХ-ын сонгуулийн дараа тушаал буулгаж Н.Энхтүвшин гэдэг хүнийг томилсон. Н.Энхтүвшингийн эхнэр нь УИХ-ын дарга М.Энхболдын хамаатан юм гэсэн ” байсан. Энэ үнэн үү ?

-Манайд УИХ-ын дарга М.Энхболдын хамаатан гэх Н.Энхтүвшин гэдэг албан хаагч байхгүй. Зөвхөн хүрээлэнд ч биш аймаг, нийслэлийн албанд байхгүй болохыг баттайгаар хэлье.

-УИХ-ын гишүүн Гантулгад холбогдох хэрэгт гурван удаагийн шинжилгээний хариу гарсан. Ингэхэд ДНХ илэрсэн, илрээгүй гэх зэрэг зөрчилдөөнтэй хариу гарсан байсан. Энэ талаар тодруулаач?

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн жилд 60-65 мянган шинжилгээ хийж, дүгнэлт гаргадаг. Тус байгууллагаас гаргасан дүгнэлт болгон гэмт хэргийг илрүүлж, гэмт этгээдийн үйлдлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотлон тогтоодог. Шүүхийн шинжилгээний хүрээлэнд олон жил шинжээч, удирдах ажилтны алба хашиж байгаагийн хувьд би шударга байх ёстой. Мөн дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой шүү дээ. Иймээс шинжээчид хуулиа дээдлэн, хараат бус үйл ажиллагаа явуулж, шинжилгээг бүх талаас нь бүрэн бодитойгоор хийж, дүгнэлт гаргадаг хэмээн боддог. Манай байгууллагатай ажил амьдралаа холбосон ахмад, дунд, залуу үеийн шинжээчид өргөсөн тангарагтаа үнэнчээр ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Эдгээр ажилтнуудынхаа болон байгууллагынхаа нэр хүндийг маргаан дагуулсан 5-6 шинжээчийн дүгнэлтээс болж балламааргүй байна. Жилд ойролцоогоор 60 орчим шинжилгээ дахин хийгддэг. Энэ нь 0.1 хувь буюу 5-6 шинжилгээ маргаан дагуулдаг гэсэн үг.

-Эдгээр шинжилгээний хариунуудын аль нь зөв гэж ойлгох юм бэ?

-Уг хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуусаагүй. Мөн хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Иймээс ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэг шалгагдан дуусаж, шүүхийн шийдвэр гарсны дараа тухайн байгууллагууд нь тайлбар өгнө. Тиймээс гурван удаагийн шинжилгээний хариуны аль нь зөв, бурууг дүгнэн хэлэх боломжгүй. Тухайн хэргийг шалгаж байсан хүмүүс нь ямар түвшинд шалгаж, ямар материал шинжилгээнд ирүүлсэн юм гэдгийг мөрдөгч, прокурорын байгууллага мэдэж байгаа учраас энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй юм.

-Шинжилгээг буруу хийсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээх ёстой вэ?

-Бид шинжээчдэдээ байнга ярьж, хэлж сануулж байдаг зүйл бол гэж бий. Тодруулбал, “Таны гаргасан шинжээчийн дүгнэлтээс шалтгаалан хувь хүний болон байгууллага хамт олны хувь заяа шийдэгдэж байгаа. Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ төлөө хуулийн өмнө өөрөө хариуцлага хүлээх ёстой ” гэдэг. Гэхдээ шүүхийн шинжилгээний байгууллагын гаргасан шинжээчийн дүгнэлттэй үл маргах зарчмыг бодитойгоор хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Гадаадын орнуудад шүүхийн шинжилгээний дүгнэлттэй холбогдолтой маргаан бараг гардаггүй. Техник, технологи өндөр хөгжсөн өнөө үед ДНХ-гийн шинжилгээтэй хэн ч маргах ёсгүй. Учир нь дээжийг ДНХ-ийн шинжилгээний багаж төхөөрөмжид уншуулан шинжлүүлээд гарсан үр дүнг нарийн мэргэжлийн шинжээч уншин дүгнэлтээ гаргана. Ийм үр дүн гарлаа гэдгийг л хэлж байгаа. Үүнийг шүүх, мөрдөн яаж ойлгох нь тэдний асуудал юм. Мөн шүүхийн шинжилгээг дахин хийлгэх явдлыг таслан зогсоох асуудлыг яаралтай шийдвэрлэх цаг нь болсон. Энэ асуудлыг бид Шүүхийн шинжилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой. Шүүхийн шинжилгээний тухай Монгол Улсын хууль 2009 оны УИХ-ын намрын чуулганаар батлагдсан. Тус хууль нь зургаан бүлэг, 45 зүйлтэй байдаг. Уг хууль нь Улсын хэмжээнд шүүхийн шинжилгээ явуулах нийтлэг журам, зарим төрлийн шинжилгээ хийх онцлог багтсан байгаа. Мөн Шүүхийн шинжилгээний байгууллагын тогтолцоо, шинжээчийн эрх зүйн байдал, хариуцлага сахилга батыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулдаг юм. Гэвч манай улсад үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо өсөн нэмэгдэж, эрүүгийн нөхцөл байдал, нийгмийн харилцаанд гарсан өөрчлөлтөөс шалтгаалан тухайн хуулийн зарим заалтыг нарийвчлан тодорхойлж хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа.

-Шүүхийн шинжилгээ, шинжээчийн дүгнэлттэй холбоотой зарим маргаантай асуудлыг яаж шийдвэрлэвэл зүйтэй вэ?

-Энэ нь шүүхийн шинжилгээний байгууллагын хараат бус байдал, шинжээчид хөндлөнгөөс саад дарамт учруулахгүй байх явдал юм. Бас шинжээчийн үйл ажиллагааны биеэ даасан нууцлалын асуудал орно. Нэг ёсондоо гадаад орнуудын шүүхийн шинжилгээний дүгнэлт гаргах үйл ажиллагаа өндөр нууцлалтай байдаг. Тухайлбал, шинжилгээнд ирүүлсэн ул мөр, эд мөрийн баримт хэзээ, хаана, ямар аргаар үйлдэгдсэн, ямар хэргийн холбогдолтой талаар шинжээч нь өөрөө мэдэх шаардлага байдаггүй. Түүнчлэн мөрдөн шалгаж байгаа ажилтан ч хэн гэдэг шинжээчид хуваарилагдсан, ямар үе шатанд явж байгаа, дүгнэлт нь хэзээ гарах талаар ямар нэгэн мэдээлэлгүй байдаг. Энэ нь шинжилгээнд ирүүлсэн бүх дээж ул мөр, эд мөрийн баримтыг тус бүрд нь кодлон шинжилгээний талаарх нууцыг хадгалж байгаа явдал юм.

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гэдэг байгууллагын хувьд тоног төхөөрөмжийн шинэчлэл чухал. Танайх ямар тоног төхөөрөмж хэрэглэж байна вэ?

-Шүүхийн шинжилгээний байгууллагын судалгаа шинжилгээний зориулалтын техник тоног төхөөрөмж нь маш өндөр үнэтэй байдаг. Иймд бид лабораторийн техникийн шинэчлэл, мэргэжлийн боловсон хүчний сургалт, давтан сургалт, мэргэшүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр мансууруулах, сэтгэцэд үйлчлэх бодисыг илрүүлэх тогтоох лабораторийн тоног төхөөрөмжийг 2.0 тэрбум, дуу авиа дүрс бичлэгийн лабораторийн тоног төхөөрөмжийг 189.5 сая төгрөгөөр, өнгөт гэрэл зургийн дижитал “Fuji” лаборатори аппарат, хэргийн газрын үзлэгийн цүнх зэргийг 195 сая төгрөгөөр худалдан авч суурилуулаад байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр “Шүүхийн шинжилгээний байгууллагын чадавхыг сайжруулах төсөл “–ийг 13.5 сая ам.доллараар хэрэгжүүлэх ажил судалгааны шатанд явж байгаа.

-Сүүлийн үед гарч байгаа гэр бүл, насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлын талаар яривал...

-Гэр бүл, насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй дан ганц цагдаа, хууль сахиулах байгууллага л тэмцэх биш. Ар гэр, эцэг эхийн хараа хяналт анхаарал халамж тун чухал байна. Эцэг эхчүүд хүүхдүүд нь хаана, ямар ажил үйл эрхэлж, хэнтэй үерхэж нөхөрлөж байгаа, тоглоомын газар, өөр ямар газар орж гарч байгаад нь хяналт тавьж чадахгүй байна. Түүнчлэн эцэг эхчүүдийн өөрсдийнх нь сургах, хүмүүжүүлэх үүрэг хангалтгүй байна. Гэртээ архи ууж согтуурдаг, агсам тавьдаг асуудал ч байсаар буй. Мөн сургалтын байгууллага, сургууль, багш нийгмийн ажилтан нар ч гэсэн сурагчдадаа тавих хяналт муу байгаа юм уу даа гэж бодогдож байна.


Онцлох нийтлэлүүд