ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.08.15 08:08

Ч.Ганхуяг: Би Хятад барааны үнийг хэд дахин хямдруулж, зээлийн хүүг бууруулна


Олон нийтэд “ХАС”-ын нэрээр танигдаж, “Талх” нэрээр хочлогдсон Ч.Ганхуяг өнөөдөр Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргана. Тэрээр Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг. Бусад компаниуд эхлээд нэрлэсэн үнэтэй, анхдагч хувьцаагаа гаргадаг бол тус компани шууд хоёрдогч хувьцаагаа гаргана. Мөн тус компани цахим дэлгүүр нээж БНХАУ-ын барааг агуулахын үнээр зарах гэж байна. Ингэснээр дотоодод зарагдаж байгаа хятад барааны үнэ 2-6 дахин хямдрах тооцоо гарчээ. Түүнтэй ярилцлаа.


Цаасан мөнгө устаж эхэлсэн

-нэгдэл цахим мөнгөний талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулсан үр дүн гарсан уу?

-2016 онд анх биткойны тухай олж мэдээд, мэдээллийг олон түмэнд хүргэх хэрэгтэй гэж үзсэн. Судалгаа хийж биткойн, крипто валют, блокчейны учрыг олохыг хичээсэн. Энэ талаар “Цахим алт” нэртэй ном гаргасан. “Крипто үндэстэн” нэртэй хурал зохион байгуулсан. Блокчейн гэдгийг төвлөрсөн бус бүртгэлийн систем гэж ойлгож болно. Энэ хаа нэгэн газар төвлөрөөгүй, хаа байгаа нь мэдэгдэхгүй бүртгэл. Жишээлбэл, Номингоор үйлчлүүлсэн хүний бүртгэл тухайн компанийн сервер дээр бүртгүүлдэг. Харин блокчейны бүртгэл үүлэн технологиор явна. Номин серверт байгаа мэдээллээ өөрчлөх боломжтой бол блокчейн үйлдлийг засварлах ямар ч боломжгүй. Биткойн гэдэг нь төвлөрсөн бус үйлчлгээний гүйлгээг урамшуулахын тулд гарч ирсэн зүйл.

-Яаж?

-Хэн нэг нь гүйлгээ хийнэ. Тэр гүйлгээг хэд хэдэн хүн баталгаажуулна. Дараа нь гүйлгээ хийсэн нөхөр “Би ямар ч гүйлгээ хийгээгүй” гэж гүрийвэл, нөгөө баталгаажуулсан хүмүүс гэрч болж үлдэнэ. Үүнд урамшуулал хүртэнэ. Тэр нь биткойн нэртэй.

-Ямар цахим мөнгө манайд хэрэглэсэн бэ?

-Цахим мөнгө, крипто валют гэдэг хоёр өөр зүйл л дээ.

Цахим мөнгө гэдэг нь тухайн байгууллага зөвхөн өөртөө зориулан цахимаар урамшуулж байгаа хэлбэр. “Номин”, Петровис”, Юнител” компаниуд цөм урамшуулал өгдөг. Энэ чинь цахим мөнгө шүү дээ. Нэр урамшууллын оноо боловч түүгээрээ төлбөр хийж болох учраас цахим мөнгө гэж тооцож байгаа юм. Банкууд гүйлгээгээ гар утсаар хийж байгаа. Бас л цахим мөнгөний нэг хэлбэр. Цаасан мөнгөөр хийхгүй байгаа бол цахим мөнгө гэхээс өөр аргагүй.

-Цаашдаа цаасан мөнгө устах уу?

-Одоо устаад эхэлсэн. Өмнөд хөршид маш эрчимтэй явж байна. Хүмүүс кредит картаараа гүйлгээ хийснийгээ цахим мөнгөөр хийж байна гэдгээ ойлгодогүй. Крипто нь үүлэн дээр бүртгүүлнэ.

-Үүлэнд бүртгүүлсэн мөнгөөр юу хийж болох вэ?

-Крипто мөнгийг орлоод эхэлсэн. Жишээлбэл, доллар худалдан авч болно. Криптог хүлээн зөвшөөрсөн байгууллагуудаар үйлчлүүлж болно. Манай Ард санхүүгийн нэгдэл “Ард койн” гаргасан. Энэ нь Монголын анхны үндэсний крипто.

-Түүгээр ямар үйлчилгээ авч болох вэ?

-Энэ миний хийсэн инноваци. Иргэд банкнаас үйлчилгээ авчихаад урамшуулал авдаггүй биз дээ. Харин манайхаас үйлчилгээ авбал “Ард койн”-оо урамшуулал болгож өгнө. “Ард шоп”-оос худалдан авалт хийвэл 1000 төгрөгөнд нь “Ард койн” өгнө. “Ард даатгал”-аар үйлчлүүлбэл бас авна.

-Бусдаас юугаараа ялгаатай вэ?

-Үүлэн технологиор баталгаажсан учраас гүйлгээ бүрэн баталгаажина. Буцаах ямар ч боломжгүй.

Хиймэл оюун ухаан зээл олгоно

-Би 100 ширхэг “ард койн” цуглуулаад яаж ашиглах вэ?

-Утсандаа “Ард апп” суулгах хэрэгтэй. Тэгээд манай бүх үйлчилгээг авч болно. Дэлхийн түүхэнд анх удаагаа банкны үйлчилгээг шууд гар утсаар үзүүлж байна. Зээл шууд авч болно. Зээлийг ямар, хугацаагаар, хэр хэмжээтэй авахыг та өөрөө шийдээд шууд авч болно.

-Банкуудаас юугаараа ялгаатай юм бэ?

-Банкинд хүн үйлчилдэг. Манай энэ үйлчилгээнд хиймэл оюун ухаан үйлчилж байна.

-Барьцаагүй хиймэл оюун ухаан зээл өгнө гэдэг ойлгомжгүй сонсогдоод байна л даа.

-Та хүсэлт явуулна. Монголбанкны зээлийн сангийн мэдээллээс зээлийн түүхийг чинь хараад л асуудал шийдэгдэнэ.

-Үүрээр зээл авах хэрэг гарвал яах вэ?

-Асуудалгүй. Энэ программ интернэт шиг л ажиллана. Хиймэл оюун ухаан амрахгүй бас хүнд суртал гэж мэдэхгүй.

-Дэлхийд байхгүй үйлчилгээ юу?

-Одоохондоо ийм үйлчилгээ дэлхийд байхгүй. Манай аппликэйшнээр хувьцаа худалдан авч ч болно. Банкуудад банкны л мөнгө байдаг. Харин энэ аппликэйшний ард “Ард санхүүгийн нэгдэл” гэдэг хүчирхэг байгууллага байна.

-Танай зээлийн хүү хэд байх бол?

-Манайх ББСБ. ББСБ-ын зээл банкуудаас өндөр байдаг. Харин манайх одоохондоо банкуудын түвшинд байна. Удахгүй түүнээс бага болно.

-Тийм боломж бий юу?

-Бий. Бид шинэ технологи ашигласнаар үйл ажиллагааны зардлыг маш их бууруулж чадна. Хиймэл оюун ухаан хэдэн зуун хүн ажиллаж хэдэн мянган хүнд үйлчилдэг ажиллагааг хөнгөвчилж хязгааргүй үйлчилгээ үзүүлнэ. Эндээс маш их зардал хэмнэгдэнэ. Энэ бүхнийг бид хэрэглэгчиддээ бэлэглэж байгаа юм.

-Банкинд дэлгүүр нээсэн гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Монголд хийсэн бас л анхны үйлчилгээ. “Ард шоп”-оос та Хятадын барааг агуулахын үнээр худалдаж авч болно. Ингэснээр барааны үнэ багаар тооцоход 2-6 дахин буурна. Жишээлбэл, (утсаа харуулаад) чихэвч Хятадын энэ агуулахад тавхан мянган төгрөг байна. Үүнийг захиалаад авч болно. Зарим бараа агуулахын үнээсээ арав дахин их байдаг. Бид судалгаа хийхэд том захуудад зардаг ханш нь агуулахын үнээсээ 5-10 дахин их байсан.

-Тийм их нэмдэг гэж үү?

-Наймаачдын буруу биш л дээ. Шат дамжлага нь дэндүү их. Дамжлага бүр ашгаа нэмсээр байгаад хэрэглэгчийн гар дээр очихдоо тийм үнэтэй болчихоод байгаа юм.

-Хямд үнийн баталгаа нь юу вэ?

-Хятадууд өөрийн агуулахын ижил барааны үнээс хямд бараа өөр газар бүр хямд байвал өөр газрын хямд үнээр манайхаас ав гэдэг зарчим барьдаг.

ЕсДҮгээр сарД Цахим ДэлгҮҮр нээгДэнэ

-цахим дэлгүүрт юаниар наймаа хийх үү?

-Төгрөгөөр хийнэ.

-Хүргэлтийг хэн хариуцах вэ?

-“Монгол шуудан” компани.

-Тээврийн зардал нэмэгдэх үү?

-Ямар ч бараанд 4000 төгрөг нэмэгдэнэ. Гурван барааг нийлүүлээд багц болгосон ч 4000 төгрөг.

-Сая төгрөгийн бараа захиалахад хүргэлтийн үнэ хэд болох бол?

-4000 төгрөг.

-Овор хэмжээ хамаарахгүй гэж үү?

-Хамаарахгүй.

-Хугацаа хэд хоног вэ?

-Одоохондоо долоо гэж тооцож байна. Эцсийн шийд удахгүй гарна.

-Яагаад олон нийтэд зарлахгүй байна?

-Технологийн асуудал шийдэгдсэн. Одоо хүргэлтийн асуудлыг зохицуулах жаахан ажил байгаа. Бид туршилт хийгээд одоо ч бараа авч байна. Есдүгээр сард олон нийтэд зарлана.

-Ямар ч бараа захиалж болох уу?

-Одоохондоо Хятадын агуулахад байгаа барааны үйлчилгээ үзүүлнэ. Удахгүй БНСУ, Турк-ын агуулахын барааны үйлчилгээ үзүүлнэ. Үнэ нь ч агуулахын үнээр.

-Их л том асуудлууд байна даа.

-Үнэн шүү. Би зээлийн хүүг бууруулна. Манайхны олонх хэрэглэдэг хятад барааны үнийг хэд дахин буулгана. Иргэддээ хямд, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлээд зогсохгүй, хувьцаа эзэмшигчддээ өндөр ашиг өгнө. Манай үйлчилгээнд оролцож байгаа бүх талууд ашиг хүртэнэ. Энэ миний нийгэмд барьж байгаа бэлэг. Гадагшаа урсаж байгаа валютын урсгал буурна. Дээр нь инфляци буурна. Манай үйлчилгээг авсан хэн бүх сэтгэл ханамжтай байх болно.

50 саятөгрөгөө 200 саяболгосон үйлчлүүлэгч бий

-Амлаж байна уу?

- Удахгүй батална.

-“ард койн” анх нэг төгрөг байсан. одоо хэд болсон бэ?

-Дөрвөн төгрөг болсон. Надад итгээд нэг хүн өнгөрсөн дөрөвдүгээр сард 50 сая төгрөгөөр “Ард койн” авсан. Тэр хүн өнөөдөр 200 сая төгрөгтэй болсон.

-Танай хувьцаа ямар ханштай байна?

-Анх “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулган хийснээс хойш таван жил боллоо. Анхны даатгалын хувьцаат компани “Ард даатгал” гэдэг хувьцаат компани байгуулсан.

-Бусад даатгалаас ямар ялгаатай вэ?

- Иргэд зөвхөн машинаа даатгуулаад зогсохгүй даатгуулсан байгууллагаасаа ашиг хүртэх боломжтой болсон. Энэ онд “Ард кредит” хувьцаагаа гаргасан. Зургаан тэрбум төгрөг босгосон. Оны эхэнд мянган зээлдэгчтэй байсан бол өнөөдөр 20 мянга болсон. Мөн мянган харилцагчтай байсан бол өнөөдөр 170 мянга хүрсэн. Удахгүй сая харилцагчтай болно.

-Та банкуудыг түйвээх нь ээ?

-Банкууд хэдэн мянган хүн, олон салбар ажиллуулж байгаа. Гэтэл манайх салбар байхгүй. Энд 30 хүрэхгүй хүн л ажиллаж байна.

-“монгол шуудан” алдагдалтай ажилладаг байсан, танайх хувьцааг нь аваад хэр өөрчлөгдсөн бэ?

-Ашиг тэрбум таван сая төгрөгөөс буухгүй байгаа.

-Танай том нэгдэл хувьцаа гаргах уу?

-Маргааш хувьцаа гаргах нээлтээ МХБ-д хийнэ.

-Нэрлэсэн үнэ хэд вэ?

-Шууд хоёрдогч зах зээлд гарна.

-Яагаад?

-Бид үйл ажиллагаа нь доголдсон нэг хувьцаат компанийг худалдаж авсан. Тиймээс (өнөөдөр) хоёр дахь зах зээлд шууд гарна.

-Танай хоёр охин компани хувьцаа гаргахдаа хэдэн төгрөг босгосон бэ?

-11 гаруй тэрбум төгрөг босгосон.

-Маргааш би хувьцаа худалдан авч болох уу?

- Болохгүй. Бид хувьцаа арилжихгүй. Зөвхөн бүртгэлээ хийлгэж байгаа юм.

Б.АЛТАНТУЯА

Үргэлжлэл бий

Онцлох нийтлэлүүд