ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.04.20 03:04

Ч.Ганхуяг: Сангийн яамныхан өмнө нь оролдоод чадаагүй өөрчлөлтөө валютын санд дулдуйдаж хийх гэж байх шиг байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.


-Оффшорчдын эсрэг жагсаал Англиас эхлээд гадны улсуудад, саяхнаас Монголд өрнөөд эхэллээ. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?

-Тэмцэж буй хүмүүсийн хувьд үнэн голоосоо эсэргүүцэж байгаа байх. Хамгийн гол нь бай нь хуурамч. Хоосон юм руу дайруулаад байна. Нохойг туу гээд юм бариулж сургадаг даа. Тийм технологи хэрэглэж хүмүүсийн тархийг угаагаад байх шиг. Гадаадын тэр тусмаа Оросын иймэрхүү хар пиарыг манайхан маш сайн сурсан юм шиг санагддаг.

-Оффшор гэхээр болохгүй бүтэхгүй юм гэж харж, ярьж байна. Үнэхээр тийм аюултай эд үү?

-Оффшор гэдгийн тодорхойлолт уг нь их энгийн. Ерөөсөө л нам доогуур татвартай, давхар татварын хууль тогтоомж нь таатай, тогтвортой бизнесийн орчин. Жишээ нь зуун төгрөг хийлээ гэхэд хоёр газар татвар төлдөггүй тийм улсыг л хэлээд байгаа юм. Голланд, Швейцарь, Люксенбург бүгд л оффшор бүс. Гэтэл оффшорыг тэс хөндлөн тайлбарлаад байна л даа. Хамаг муу хулгайч нар авлига, хар тамхинаас олсон мөнгөө АНУ, Орос, Европын холбооны Засгийн газруудаас зугтаалгаад хэзээ ч олдоггүй, хэн ч мэдэхгүй харь гариг шиг ертөнц рүү авааччихдаг гэж тайлбарлаад, тийм ойлголтыг нийгэмд бий болгочихлоо. Уг нь тийм биш. Саяхан даа, Олон улсын валютын сангийн нэг нөхөр тодотголын талаар ярьж байхдаа “Монгол бол маш олон талаараа оффшорын шинж чанарыг агуулсан улс” гэчихэж байгаа юм. Муулж хэлээгүй. Татвар нь сүүлийн арван жилд маш доогуур байсан гэсэн утгаар хэлсэн хэрэг. Бизнес хийх гэж байгаа ямар ч хүн бага татвартай газрыг сонгоно. Нэг улсаас нөгөөд хөрөнгө оруулалт хийхдээ нэгэнд нь тав, нөгөөд нь гучин хувийг төлөхийг хүсэхгүй. Өнөөдөр бидэнд ус агаар шиг хэрэгтэй байгаа зүйл бол хөрөнгө оруулалт. Манай улс руу чиглэсэн гадаад хөрөнгө оруулалтын дийлэнх нь оффшор бүсээр дамжиж орж ирсэн. Унгар улс оффшор маягийн шинж агуулдаг. Ийм шалтгаанаар хүмүүс Унгар руу мөнгөө шилжүүлдэг болж байна. Энэ бол муу зүйл биш. Нам доогуур тогтвортой татвартай, давхар татвар авдаггүй бүсийг л оффшор гээд ойлгочих хэрэгтэй. Оффшор бүсийн тухайд нэг талдаа хувь хүний нууцыг хадгалж чаддаг шинж чанартай. Банкинд гурван сая төгрөг хадгалуулсны маргааш “Ганхуяг гурван сая төгрөгийн хадгаламж нээлгэжээ” гэвэл надад лав таатай санагдахгүй.

-Гэхдээ л оффшор улс төрийн том сэдэв болчихсон шүү дээ. Улстөрчид нь хөмсгөө зангидаж ирээд байж боломгүй зүйл мэтээр яриад байгаа...?

-Манай улстөрчид оффшорт байгаа авлигын мөнгийг буцааж авчруулах ёстой, ингэвэл Монгол Улс хөгжинө гэсэн утгагүй юм яриад байдаг. Гэтэл нөгөө талд мөнгө хулгайлсан хэд хэдэн дуулиантай хэргүүд байгаа. Эзэд нь ч тодорхой. Энэ хэргүүдийг л ярих ёстой. Наад зах нь төмөр зам дээр өчнөөн мөнгө алдсан. Тэр их мөнгө Монголын банкинд байна уу, гадаадын банкинд очсон уу, алт мөнгө, барилга байшин болсон уу гэдгийг шалгаад гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй байж оффшор гэх мэт хоосон бүтэхгүй юм руу олны анхаарлыг хуйлруулаад нэмэртэй юм болохгүй.

-Олны анхаарлыг мөнгө идсэн том хэргүүдээс холдуулж сарниулах арга гэж хэлэх гээд байна уу?

-Ер нь тийм. Улс төрийнхөө өрсөлдөгчдийг харлуулах нэг арга. Энэ мэт хоосон хэрэг тохож олон түмний дунд дахиж хэзээ ч сонгогдохгүй болтол нь доош хийх хэлмэгдүүлэлтийн арга хэрэглэж байна.

-Түрүүн та оросуудын хэрэглэдэг хар пиарын технологийг ашиглаад байна гэж цухас дурдсан. Тэгэхээр цаанаа том бодлоготой явуулга болж таарах нь уу?

-Хоосон дайсан гаргаж ирээд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг мөнгөөр худалдан авч олны тархийг хүчээр угаах ийм аргыг Орост их хэрэглэдэг.

-Эрдэнэтийг 100 хувь төр авах шийдвэрийг засгийн зүгээс гаргачихлаа. Энэ хэр зөв шийдэл гэж та бодож байна?

-Өнөөг хүртэл өрнөсөн процесс тодорхой. Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Нөгөө талд анхаарах учиртай нэг асуудал бий. Дарга нар өөр зуураа манай авгайд наадахаа өгчихөөрэй гээд шахаа, бизнес хийдэг нь тодорхой болчихлоо. Өмнө нь нээлттэй ярьдаггүй байсан болохоос тодорхой байсан л даа. Төрийн гэх тодотголтой компаниуд яагаад дандаа алдагдалтай ажилладаг, ямар хүмүүсийг ямар шалгуураар гүйцэтгэх захирлаар нь тавьдаг, тэр хүмүүсийн цалин хэд юм гэдгийг олон түмэнд ил болгох цаг ирсэн. Эрдэнэтийн бизнес төлөвлөгөөг гол хувьцаа эзэмшигчид болох ард иргэдээс нуух нь утгагүй. Эрдэнэтийн тухайд хөрөнгийн биржээ хөгжүүлэх нэг том гарц гэж харж байгаа. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр гучин хувийг нь зараад, Лондон, Нью-Йоркийн хөрөнгийн биржийн засаглалыг жинхэнэ утгаар нь оруулж ирэх хэрэгтэй.

-ТУЗ-ийн гишүүдийг 100 хувь төрөөс томилчихлоо. Яг л төрийн өмчит бусад компаниудынх шиг. Таны хэлсэн шиг алхмыг хийсэнгүй...?

-Арай өөрөөр шийдэх болов уу гэсэн хүлээлт байсан ч тэгсэнгүй. Зүй нь ТУЗ-д намын өмч зүтгэлтэн гэдгээр хандаж болохгүй. Бизнес, эдийн засаг, санхүү, олон улсын хөрөнгийн зах зээлтэй холбоотой хүмүүсийг ТУЗ-д оруулах ёстой. Улаанбаатар хотын хөгжлийн корпораци их сайн жишээ. Улаанбаатар хот зуун хувь энэ корпорацийг санаачилж байгуулсан ч ТУЗ-ийн гурван гишүүн л эднийхээс томилогдсон. Гурвыг нь бизнесийн салбараас буюу Улаанбаатарын хотын танхим СЕО клубээс дэвшүүлсэн. Үлдсэн гурван гишүүн нь хараат бус. Хотын өмнөх болон одоогийн удирдлага энэ чигээс хазайгаагүй. Тэгэхээр Эрдэнэтийн ТУЗ-ийг зөв бүтэцтай байлгах тал дээр бизнесийнхэн хатуу байр суурьтай байх ёстой.

-Валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд гэсэн тайлбартайгаар хэд хэдэн татвар нэмэх нь тодорхой болж байна. Эдийн засаг хэцүү байхад бизнесийнхэн болон иргэдийн нуруун дээр ачаа нэмэх нь хэр зөв шийдвэр вэ?

-Валютын сан татвараа нэм гээгүй байх. Төсөв чинь асар их хэмжээний алдагдалтай болчихож, санхүүгийн тогтвортой, тэнцвэртэй байдал нь алдагджээ, орлогоо нэмэгдүүлээд зардлаа тогтвортой барь гэсэн үндсэн чиглэл л өгсөн. Сангийн яамныхан л өмнө нь оролдоод чадаагүй зүйлээ сая чоно борооноор гэдэг шиг валютын сангаар дулдуйдаад хийж байгаа болов уу. Энэ бол бодлогын том алдаа. Эдийн засаг зогсонги байдалд орсон, гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж ядаж байгаа энэ үед Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эдийн засгаа өсгөнө гэж байгаа бол татварыг нэмж, мөнгөний бодлогыг чангалж болохгүй. Харин эсрэгээрээ мөнгөний бодлогоо зөөллөж, татвараа бууруулж байж эдийн засаг сэргэнэ. Татвараа бууруулдаггүй юм гэхэд тогтвортой барих ёстой. Хувь хүний орлогын албан татвар дээр өөрчлөлт гарах нь. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ гэж байна. Хямралын шуургыг даваад амьд гараад ирсэн хэдэн компанидаа дахиад дарамт болох эрсдэлтэй. Хөрөнгө оруулалт хийх гэж байгаа гадныханд тодорхойгүй байдал үүсгэж итгэлийг нь алдах аюул бий. Татвар нэмлээ гэхэд мөнгөө нэгэнт хийчихсэн “Оюу толгой”-нхон баярлахгүй нь тодорхой.

-Хүн амын орлогын албан татвараас эхлээд татварууд нэмэх нь эдийн засагт ямар эрсдэл авчрах бол?

-Хориод жил ярьж байж арай гэж зөв тайлагнаж эхэлсэн компаниудыг буцаагаад албан бус эдийн засаг руу түлхэх эрсдэл бий. Өнөөдөр хүмүүст, бизнес эрхлэгчдэд мөнгө, итгэл аль нь ч алга.

-Татвар нэмэхээс өөрөөр төсвийн орлогыг нэмэх гарц байгаа гэж боддог. Наад зах нь алдагдалтай ажилладаг төрийн өмчийн компаниудаа хувьчлаад эхэлбэл...?

-Санал нэг байна. Алдагдалтай ажилласан зуун компанидаа ашигтай ажиллах үүрэг өгөх бүрэн боломжтой. “Монгол шуудан”-гийн 34 хувийг олон нийт авсан. Өмнө 75 сая төгрөгийн ашиг хийж байсан компани тэрбум төгрөгийн ашиг хийчихлээ. Ганцхан жилийн дотор шүү. Бүх компани ийм болох ёстой. “Эрдэнэс Таван толгой” 23 сая тонн нүүрсээ 350 сая ам.долларын өрөө төлөхийн тулд гадагш нь экспортолсон байна. Тооцоод үзэхээр нэг тонныг нь 15 ам.доллараар өгсөн болж таарч байгаа юм. Гэхдээ 15-аар хийсэн гэрээ ганц ч байхгүй. Анх 70 ам.доллараар эхэлж, 30, 40 гэх мэтээр явсан. Тэр бүх үнийн зөрүү хаашаа орсон бэ гэдэг асуулт гарч ирнэ ээ дээ. Юу яасан оффшор, жинхэнэ том асуудал тэнд байна. Таван толгойгоос нүүрс зөөдөг машины эздийг гаргаж ирэх ёстой. Ямар даргын машинуудаар өнөөг хүртэл нүүрс зөөж байна гэдэг жинхэнэ асуудал. Жирийн иргэдэд тийм эрх олддоггүй. Биднийг санаачилга гаргаснаас хойш хүмүүсийн чих ашгүй онгойгоод эхэллээ. Ерөнхий сайд Таван толгойн удирдлагад ашигтай ажилла, ноогдол ашиг хуваарил, 1072 хувьцаагаа амилуул, хөрөнгийн бирж дээр арилжаал гэсэн үүрэг өгч байна. Энэ сард болох хурлаа нээлттэй явуул, орох хүмүүсийг нь оруул гэж байна. Энэ бол ахиц. Бид нар хохирлоо тогтоолгох гэж шүүхэд хандаж байгаа. 2011, 2012 онд сая төгрөгийн ханштай байсан. Банкинд хадгалсан байсан бол өгөөж нь өсөх байсан. Тэгэхээр төдийгөөс өдий хүртэлх алдагдлыг хэн үүрэх вэ гэсэн том асуулт бий.

-Төсөв хэт томссон шалтгаанаар яриагаа үргэлжлүүлье?

-Таван тусдаа явсан төсвийг зангидаад нэг тоо болгоод гаргаад ирсэн учраас хэтэрхий том харагдаж байгаа. Цалин сүүлийн таван жилд нэмэгдээгүй. Тэтгэвэр нэмэгдээгүй. Элдэв халамжууд танагдсаар ирсэн. Хүүхдийн мөнгийг ч хязгаартай олгож эхэллээ. Ийм байтал төсөв нэмэгдэж орж ирсэн нь төсвийн гадуурх зарцуулалтууд нэг болсонтой холбоотой.

-Төсвийн тодотгол одоогийнхоороо батлагдвал яах бол?

-Тодотгол энэ чигээрээ батлагдвал алдаа болно. Бид зээлээ төлчихсөн. Дэлхийн банк, Олон улсын валютын сангийнханд зээлээ төлсөн гэдгээ харуулсан. Одоо нэг хэсэгтээ хойноос буудчих зовлонгүй. Тиймээс наад төсөл чинь унах аюултай шүү, уян хатан байгаарай гэж хэлсэн. Би МАН-ын бүлэгт орон тооны бус зөвлөх хийж байгаа. Бид сая хэлснээ л зөвлөнө. Тэтгэврийн шинэчлэл хийнэ, цалин орлогыг нэмэгдүүлнэ, бизнес эрхлэгчдэд боломж олгоно, гадаад хөрөнгө оруулалтыг татна, том төслүүдээ явуулна, цахилгаан станцаа барина гэсэн бол тэрийгээ хийх хэрэгтэй. Хувьчилна гэсэн юмаа хувьчлах ёстой. Төрийн албаа цомхон чадварлаг байлгана гэсэн бол хэлсэн зорьсондоо хүрэх учиртай. Чадварлаг цөөхөн хүнийг өндөр цалин хөлстэйгөөр ажиллуулах цаг болсон. Хамгийн гол нь төсвөө нээлттэй байлга, ойлгомжтой байлга, шилэн дансаа хөтөл гэж л хэлмээр байна. Мөнгөний бодлого, татвар дээр би бизнесийн төлөөллийн хувьд эсэргүүцэж байгаа. Хуучин машинаас татвар авах, хадгаламжийн хүүд татвар ногдуулахыг бол дэмжинэ. Төр өөртөө ачааллаа авна гэж Ерөнхий сайд хэлсэн. Хэлсэн шигээ төрийн албан хаагчдыг цуглуулаад төрийн зуун компанийнхаа шүүсийг шахах хэрэгтэй.

Б.ҮРЖИГ

Онцлох нийтлэлүүд