ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.03.02 11:03

Ч.Дэлгэрцэцэг: Хүүхдийн хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлэхэд эцэг эхийн ажиглалт маш чухал

ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг судлалын тасгийн эрхлэгч, их эмч Ч.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа.


-Өнгөрөгч баасан гаригт ЭХЭМҮТ-өөс “Эрэлхэг баатрууд" өдөрлөгийг зохион байгуулсан. Хорт хавдартай хүүхдүүд эдгэсэн нь гэгээлэг сайхан мэдээлэл байлаа. Жилд дунджаар хичнээн хүүхэд хорт хавдраар өвчилж байна вэ?

-Жилд дунджаар манайд 70-80 хүүхэд хорт хавдраар шинээр оношлогдож байна. Олон улсад хүүхдийн хорт хавдрыг 80 хувьтай эмчилдэг. Манайх 70-75 хувьтай эмчилж байна. Цаашдаа эдгэрэлтийн хувийг 80 хувь болгохоор зорьж байна. Дэлхий нийтээр асар өндөр хөгжилтэй орнууд 80 хувь гэж үзэж байгаа. Манайхаас доош хувьтай эмчилж байгаа улсууд олон бий.

ЭХЭМҮТ-өөс “Эрэлхэг баатрууд" өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд өөрсдийн бүтээлээр зургийн үзэсгэлэн гаргасан юм. Мөн энэ өдөр хорт хавдрын протокол эмчилгээгээ дуусгаж, бүрэн эдгэрсэн 20 хүүхэд хонхоо цохиж, “Эрэлхэг баатар" медаль хүртсэн. Хорт хавдар нь 16 бүлгийн 100 төрөлтэй. Хүүхдийн аль ч насанд тохиолдож болдог. Өмнө жил манай төв хүүхдийн Хүүхэлдэйн театртай хамтраад энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байсан. Яагаад “Эрэлхэг баатрууд” гэж нэрлэсэн бэ гэхээр эцэг эхчүүд маань ийм нэр санал болгосон л доо. Тэр хүнд эмчилгээг даван гарсан хүүхдүүдээ эрэлхэг баатартай зүйрлэж байгаа юм. Эрүүл болсон хүүхдүүд маань өвчтэй байгаа хүүхдүүддээ дэм өгдөг. Энэ жилийн үйл ажиллагааг JCI Mongolia байгууллагатай хамтран зохион байгуулсан. Энэхүү байгууллага хүүхдийн тоглоомын өрөөг маань нэмж баяжуулан ном, гарын бэлэг хүүхдүүдэд өгсөн юм.

-Хүүхдийн хорт хавдрын эдгэрэлт насанд хүрэгчдийнхээс өндөр байдаг гэсэн үү?

-Хүүхдийн хавдар насанд хүрэгчдийн хавдрыг бодоход эдгэрэлт сайтай. Хүүхдийн бие махбодын онцлог, сэтгэл санааны байдлаас шалтгаалдаг. Бага насны хүүхдүүд сэтгэл санаагаар унаж мэдэхгүй шүү дээ. Эмчилгээний үр дүн илүү гарах боломжтой байдаг.

-Хүүхдийн хорт хавдар гэхээр сэртэсхийлгэм сонсогддог л доо. Ямар шалтгаанаар хүүхдүүд хорт хавдраар өвчилж байна вэ?

-Олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн Хүүхдийн хорт хавдрын нийгэмлэгээс гаргаж байгаа мэдээ мэдээллийг бид хүмүүст түгээдэг. Хүүхдийн хорт хавдар нь том хүнийхээс өөр. Насанд хүрэгчдийн хавдрын шалтгаан тодорхой байдаг бол хүүхдийн хавдрын шалтгаан одоо болтол 95 хувь нь тодорхойгүй. Хүүхдийн хорт хавдрын учир шалтгааныг өдийг хүртэл дэлхий нийт илрүүлэх гээд хайж байгаа. 95 хувь нь ямар шалтгаанаар өвдсөн нь тодорхой бус гэдэг бол таван хувь нь генийн мутацаас шалтгаалж болох юм гэж үздэг. Хүүхдэд тохиолдох нийт хорт хавдрын дотор цусны хорт хавдар 40 хувийг эзэлж байна. Дараа нь тархины хорт хавдар, нүдний хавдар зэрэг энгийн иргэдийн мэддэггүй мэргэжлийн олон нэр томьёотой өвчнүүд байна л даа.

-Хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Эцэг эхчүүд юун дээр анхаарах шаардлагатай бол?

-Хүүхдийг төрөнгүүт нь хавдартай үгүйг мэдэх боломжгүй. Хорт хавдрыг үүсгэх шалтгаан тодорхойгүй гэж дээр дурдсан. Хорт хавдрын шинж тэмдэг янз бүр байдаг. Хүүхдийн хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлэхэд эцэг эхийн ажиглалт маш чухал. Зарим хавдрыг анзаарахгүй явсаар удаадаг. Онош нь олдохгүй тохиолдол ч цөөнгүй бий. Ерөнхий хэд хэдэн шинж тэмдэг байна. Ханиад хүрээгүй, хоолой нь өвдөөгүй байж 14 хоногоос нэг сар хүртэлх хугацаанд халуурдаг. Мөн шалтгаангүй турж болно. Нүдний хавдар туссан үед нүдний цагаан нь муурын нүд шиг гялалзаад байдаг. Бөөрний хавдраар өвдсөн бол хэвлийгээр томордог. Хүүхдээ усанд оруулж байхдаа гэдсэнд нь хатуу юм тэмтрэгдвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй. Тархины хорт хавдрын үед удаан хугацаагаар өглөөгүүр толгой нь өвддөг. Харин ясны хорт хавдрын үед ясаар өвдөж янгинана. Одоо үед эцэг эхчүүд сургуульд орчихсон хүүхдүүдээ анзаарахгүй байна. Бага нас л биш бол өсвөр насныхныг орхичихдог. Харин багш нь тухайн хүүхдийг ажиглаж эцэг эхэд нь хэлж байсан жишээ бий. Эцэг эхчүүд хүүхдээ анхаарч бай гэж хэлмээр байна. Хүүхдээ эрдэм мэдлэгтэй болгоно гээд ачаалал их өгдөг болчихсон. Угтаа хүүхэд хамгийн түрүүнд эрүүл байх ёстой шүү дээ. Хүүхэдтэйгээ ярилцдаг бай. Үйл хөдлөлийг нь анхаардаг байх хэрэгтэй. Хүүхдүүдээ маш сайн харж хандаж байхыг зөвлөе. Ямар ч хүн хорт хавдраар хүүхдээ өвдсөн гэж сонсоод шокын байдалд ордог. Итгэж өгөхгүй маш их стресстэй тулгардаг. Сэтгэл зүйн дарамтад ордог. Үүнийг нь даван туулахад эмнэлгийн байгууллага, нийгмийн байгууллагуудын дэмжлэг хэрэгтэй болдог. Хүүхэд ханиад хүрэхээр ямар хэцүү байдаг билээ. Хавдартай хүүхдээ хэдэн сар, жилээр хардаг учраас эцэг эхчүүдээс маш их тэсвэр тэвчээр гардаг. Хүн эмнэлгийн орчинд удаан байна гэдэг сэтгэл зүйн дарамт болдог. Насанд хүрээгүй хүүхдийг заавал гэр бүлийн нэг хүн харна. Нэг нь ажлаа зохицуулаад, нөгөө нь ар гэрийн амьдралаа авч явна шүү дээ.

-Хэдээс хэдэн насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог вэ?

-0-18 насны аль ч насны хүүхэд хорт хавдраар өвдөж болно. Гэхдээ хавдрын бүтцээсээ хамаараад янз бүр. Ихэвчлэн өсвөр насанд ясны хавдраар түлхүү оношлогдож байгаа бол гурван нас дотор нүдний хавдар илэрч байна. Энэ насныхан аль нэг хорт хавдраар илүү өвдөөд байна гэж хэлэхэд хэцүү. Аль ч насныхан ямар ч хорт хавдраар өвдөж болно.

-Эмчилгээ нь хэр удаан үргэлжилдэг юм бол?

-Хавдар болгоны стандарт эмчилгээнүүдийг мөрдөж ажилладаг. Хавдар бүрийн эмчилгээ өөр. Хамгийн урт хугацаандаа гурван жил үргэлжилдэг. Цаг хугацаа их шаарддаг эмчилгээ бол цусны хорт хавдар.

-Бүрэн эдгэрсэн хүүхэд ахиад өвчлөх тохиолдол бий юу?

-Эрүүл болсон хүүхдүүд маань насанд хүрээд гэр бүлээ зохиогоод явж байгаа тохиолдлууд бий. Нийт хавдрын арван хувь нь буцаад дахих магадлалтай байдаг.

-Хоол хүнс хавдрын өвчлөлд хэр хэмжээгээр нөлөөлдөг вэ?

-Бид нотолгоотой зүйл л ярина. Яг тийм хоолноос шалтгаалж байна гэж хэлэх үндэслэлгүй. Мэдээж хүүхдээ багаас нь халдварт өвчнөөс сэргийлэх ёстой. Мөн зөв хооллох, өглөөний хоолыг нь тогтмол цагт өгч байх хэрэгтэй. Орой унтах цагт нь унтуулж амрааж байх ёстой. Хүмүүс сошиалаар ямар нэгэн зүйл сайн гэвэл шууд л аваад уулгачих гээд байдаг. Хийсвэр ам дамжсан зүйлд дуртай хэрнээ эмч нарынхаа үгийг тоодоггүй. Нэн тэргүүнд халдвараас сэргийлээд маскаа зүүдэг байх хэрэгтэй. Ариун цэврийн дэглэмээ сайн сахих ёстой. Хүүхдээ харж, хянаж эрт үед нь шинж тэмдгийг илрүүлж эмчлүүлэх ёстой. Ямар ч өвчнийг эрт илрүүлэхэд боломж бий. Зарим хүмүүс хавдар гэхээр шашин мухар сүсгээр яваад байдаг. Эмчлэх боломжтой байсан хүүхдүүдийг эмчилгээгүй, боломжгүй болгох зүйл ч гарч байна.

-Хүүхдийн хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна уу?

-Олон жилийн дунджаас нэмэгдэж байгаа. Огцом нэмэгдсэн зүйл байхгүй мөртлөө тоо нь аажим өсөөд байгаа юм.

- Нийгмийн давхаргаас хамаарч энэ өвчнөөр өвдөж байна уу. Ходоодны хорт хавдраар хүүхдүүд өвдөөд байна гэх мэдээлэл цацагдаж байна л даа?

-Баян, ядуу ямар ч нийгмийн бүлгийн хүүхэд өвдөнө. Хэн ч өвдөж болно. Одоогоор яг ходоодны хавдар гэсэн оноштой хүүхэд байхгүй. Бидний гол зорьж байгаа зүйл бол монгол хүнийг эх оронд нь эдийн засгийн дарамтгүй эмчилье гэсэн зорилттой ажилладаг. Сүүлийн үед оношлогоо сайжраад нарийн онош гарч ирдэг болоод байна. Манай хорт хавдрын эсрэг эмчилгээг хэд хэдэн улсын эмнэлгийн мэргэжилтнүүд үнэлж, сайжирч байгааг дурддаг. Манай төвөөс 2017 онд хөдөө орон нутгийн хүүхдийн эмч нарт хүүхдийн хорт хавдрын эрт үеийн илрүүлгийн талаар хичээл орсон. Ирэх тавдугаар сард дахин бүх орон нутгийн хүүхдийн эмч нарыг хамруулсан сургалт явуулахаар ажиллаж байна.


Онцлох нийтлэлүүд