ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2015.04.08 07:04

Ч.Сайханбилэг сайд сайхан бэлгэтэй үг хэллээ

Монголчууд бид олимпийн анхны аваргатай болсон өдрөө үнэхээр баярлаж, сэтгэл сэргэж хоносон билээ. Өмнөхөн нь айхавтар юм ч үзсэн байсан даа. Тэрнээс хойш сайхан ч үгүй байсан ард түмний сэтгэл сая Ч.Сайханбилэгийн үгэнд айхавтар сэргэлээ. Энэ нийтлэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн пиар миарт огт хамаагүй, хэлсэн үгийг нь сонсоод бичиж байгаа хэрэг шүү. Түүний хэлсэн үгтэй холбогдуулан маш олон иргэн манай редакцитай холбогдож, зарим нь биеэр ирж уулзан санал бодлоо солилцлоо. Эндээс харахад ард түмний хүсч бодож байсан Ч.Сайханбилэгийн үгэнд байгаа бололтой.

Монголчууд шинэ зуун гарсаар гурван зүйлд их баярлалаа. Их өрийг тэглэхэд, олимпийн аваргатай болоход, сая Ч.Сайханбилэгийн хэлсэн Оюу толгой, Таван толгой хөдөлнө, 1072 ширхэг хувьцаа амилна гэсэн үгэнд их баярлав. Ерөнхий сайдын хэлсэн үгс эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед үнэ цэнтэй байна. Тэр ингэж албан ёсоор мэдэгдлээ ... Оюу толгойн далд уурхайн их ажлыг эхлүүлэх амаргүй хэлэлцээг урт удаан хугацаанд хийж явууллаа. Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаарзарчмын үндсэн тохиролцоонд хүрч чадлаа. Одоо дотоод шат дамжлагын шийдвэрлэвэл зохих ажлаа дуусгаад, үр дүнг ойрын үед олон улсад албан ёсоор зарлах болно. Оюу толгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх түүхэн шийдвэрийг гаргаснаар дэлхийн хамгийн том 14 банк 4,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулах үүд хаалгыг нээж өгч байна. Энэ бол зөвхөн Оюу толгой компани төдийгүй Монголын хэдэн зуун аж ахуйн нэгж эх орондоо өрнөх их бүтээн байгуулалтад эрч хүчтэй оролцон ашиг орлогоо нэмэх өргөн боломж, шинэ зам нээж өгнө.

Таван толгойн төслийн хэлэлцээр төгсгөлийн шатандаа орлоо. Хоёр тал үндсэн зарчмын шийдлүүддээ хүрч чадсаныг тэмдэглэхэд таатай байна. Засгийн газрын дараагийн ээлжит хурлаар хэлэлцэн зохих шийдвэрийг гаргаж, Таван Толгой төслөө албан ёсоор зарлан эхлүүлэх боломжтой боллоо. Таван толгой төслийн их бүтээн байгуулалт зөвхөн яриа маргаан бус бодит ажил болжэхэлснээр бүхэл бүтэн 6 жил гаруй цаасан дээрээ гацсан төмөр зам хөрсөн дээрээ баригдаж дуусна. Төсөвт зөвхөн энэ жил 200 гаруй сая ам.долларын урьдчилгаа оруулна. Төмөр замд оруулсан 300 гаруй сая доллараа эргүүлэн олж авна.

Хүмүүсийн хамгийн их асуудаг 1072 хувьцааны талаар зориуд тэмдэглэнхэлэхэд хэрэв УИХ хэлэлцэн зөвшөөрвөл хувьцаа эзэмшиж байгаа 1 сая 800 мянган хүний ноогдол ашигт зөвхөн энэ жилгэхэд урьдчилгаа мөнгөнөөс хүн тус бүрт 100 мянган төгрөгийг тусгай санд хуваарилах боломж байна. Цаашид 1072 хувьцааны үнэ цэнийг дээшлүүлэх зорилгоор Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг Эрдэнэтийн 51%, Оюу толгойн 34% багтдаг Эрдэнэс Монгол компанийн хувьцаа руу шат ахиулан хувиргах асуудлыг бид судлан шийдэх боломжтой гэж үзэж байна. Шулуухан хэлэхэд,хоёр том төслөө хөдөлгөж байж л, араас нь залгах бусад хөрөнгө оруулалт бодитоор орж ирнэ. Ерөнхий сайдын хувьд улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө гаргах ёстой шийдвэрээ, гаргах ёстой цаг хугацаанд нь ийнхүү гаргаж байна. Энэ шийдвэрүүдийнхээ хариуцлагыг Монгол түмнийхээ өмнө, түүхийн өмнө, цаг хугацааны өмнө би бүрэн хүлээх болно... гэлээ.

Түүний хэлснээр одоо бодлоготой, шаргуу, зоригтой зүтгэж чадвал Монголын эдийн засаг сэргэх нь. Ер нь бодоод байхад ерэн оноос хойш бид дийлэнхдээ “баларлаа, сүйрлээ, тэр ч идлээ, энэ ч уулаа, огцруулна зайлуулна” гэсэн үгнээс өөрийг сонсолгүй явж иржээ. Их өр, олимпийн аварга завсар нь гялс хийснийг эс тооцвол шүү. Ч.Сайханбилэгийн бас нэг мэдэгдэл нь орон сууцны 8 хувийн зээлийн тухай байв. ...Орон сууцны ипотекийн 8%-н зээлийн хөтөлбөрөө энэ жил үргэлжлүүлнэ. Бид энэ жил 8%-н зээлээ зөнгөөр нь үргэлжлүүлэхгүй ээ. Тэтгэврийн сангийн шинэ зохион байгуулалтыг эхлүүлж тэтгэврийн сангаа хөрөнгөжүүлэх, нэрийн дансаа хүн бүр дээр жинхэнэ утгаар нь нээн бодитой ажиллуулах, сангийн хөрөнгийг үр ашигтай арвижуулах, 8%-н моргейжийн хөтөлбөртэй холбох чухал ажлуудыг хийх болно. Ипотекийн зээлд 80 м.кв-аас дээш байр авах хүмүүсээ хамруулах ажлаа энэ жилээс эхэлнэ. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг эхлүүлж зээлэнд хамрагдах боломжгүй иргэддээ түрээсийн байранд амьдрах боломжийг шинээр бий болгоно... гэсэн нь иргэдийн дунд яригдаж, хүлээгдэж байсан асуудал байв. Тэр мөн өнөөдөр бөөн хэл ам, хэрүүл тэмцлийн талбар болоод байгаа Гацууртын ордыг ашиглана гэдгээ албан ёсоор хэллээ. ...Гацууртын ордыг ашиглах хугацааны нөөц ашигласны төлбөрийн 30%, тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50%-г орон нутагт нь шинэ хуулиар үлдээнэ. Энэ аргаар тооцоход Гацууртын ордыг ашигласнаар 60 гаруй тэрбум төгрөг орон нутагтаа үлдэх болно. Энэ мөнгөөюунд зарцуулах, ямар хөрөнгө оруулалт хийхээ орон нутаг нь, ард иргэд нь өөрсдөө мэдэг. Шинэ сумаа байгуулах уу, цэцэрлэг сургуулиа барих уу, хүмүүс нь өөрсдөө шийдэг, хянаг. Харин энд нэг зүйлийг тодорхой хэлье. Ноён уул байгалиас заяасан төрхтэйгээ, түүхээс өвлөсөн өвтэйгээ үлдэнэ. Харин Гацууртын ордыг ашиглах болно. Энд төөрч будилах, мушгих гуйвуулах ямар ч шаардлага байхгүй. Дахин хэлэхэд Ноён уул хөндөгдөхгүй байгаагаараа үлдэнэ. Харин Гацууртын ордыг ашиглах болно гэсэн нь энд тэнд бичил “боко харам” шахуу үүсгэж буй нөхдөд хариулт болов. Ч.Сайханбилэгийн хөндсөн бас нэг сэдэв нь үнэ чөлөөлөх хийгээд эрчим хүчний эх үүсвэрийн тухай асуудлууд байлаа. ...Бензин шатахууны үнийг цаашид үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр бус дэлхийн зах зээлийн үнийн өсөлт бууралттай холбоотой дээш доошоо хэлбэлзэж буудаг тогтолцоонд шилжүүлэх цаг нь болсон. Бид эхний ээлжинд үнэ тогтворжуулах хөтөлбөрөө зогсоосон. Харамсалтай нь, дэлхий дахинд эрс хямдарсан бензин шатахууны үнэ буух байсныоронд шатахуунд тавьсан татварыг бид нийгмийн зарим халамж, цалингийн нэмэгдэлд энэ жилдээ зарцуулахаар болсон билээ. Дэлхийд хямдарсан бензинийг Монголд үнэтэй байлгадаг нь популизм. Мөн олон жил яригдсан тавдугаар цахилгаан станц төслийг гацаанаас гаргахаар боллоо. Ерөнхий сайдын хувьд хэлэлцээ хийж байгаа хоёр тал болох Засгийн газрын ажлын хэсэг, хөрөнгө оруулагч түншлэлийн төлөөллийг дуудаж уулзсан. Бүх яриа хэлэлцээ, бичиг цаасны ажлаа энэ сард багтааж дуусгахыг хоёр талд үүрэг болголоо. Хэрвээ сардаа багтаж хэлэлцээгээ дуусгаж амжихгүй бол нэг талаас яам тамгын ажлын хэсгийн гишүүдийг ажлаас нь чөлөөлөх хүртэл хариуцлага тооцно, харин нөгөө талаас тохиролцож чадахгүй бол хөрөнгө оруулагч дараагийн түншлэлтэй шинэ хэлэлцээр эхлүүлнэ гэдгийг хувийн хэвшлийнхэнд хатуу санууллаа. Хоёр тал ингэж чадахаа илэрхийлж 5-р цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны долдугаар сард эхлүүлэхээ амлалаа. Засгийн газраас 5-р цахилгаан станцын төслөөс гадна Багануур, Бөөрөлжүүт, Шивээ Овоо, Тавантолгой цахилгаан станц, Эг, Ховд гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцуудыг барих хөрөнгийг босгох холбогдох шийдвэрүүдийг гаргаад байна. Ялангуяа, Эгийн голын УЦС-ыг барьж ашиглалтад оруулснаар эрчим хүч системийнхээ хувьд бүрэн бүрэлдэж ажиллах боломжтой болох юм. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр шинээр 6-7 станц зэрэг баригдаж эрчим хүчний импортлогч орноос экспортлогч орон болно... хэмээн мэдэгдсэн юм. Энэ мэт сайн мэдээг бид Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс албан ёсоор хүлээж авлаа. Одоо... одоо хаана гацах бол гэдэгт ард түмэн санаа зовниж байна. Өчигдөр УИХ-ын чуулган эхэллээ. Үнэндээ Их хурлын гишүүдийг бид элдвээр хэлдэг. Гэхдээ хамгийн үнэн гэвэл тэр танхимд суух ёстой хүмүүс нь л суусан байдаг. Цаг зуурын ганц нэг хүмүүс хаана ч байж л байдаг. Тийм цаг зуурын популист нөхөд мэр сэр бий. Гэхдээ л Монголын сортоотой аавын хүүхдүүд УИХ-ын чуулганы танхимд сууж байгаа гэдэгт ард түмэн итгэж байгаа. Монгол Улсад өрнөх их бүтээн байгуулалтыг, их хөрөнгө мөнгө урсан орж ирэх ажлыг энэ чуулганаар гайгүй явуулчих байх. Өнөөдөр УИХ-Засгийн Газрын хооронд аар саар зөрчил байна уу даа хэмээн иргэд ярьж байгаа юм. Гэвч нэг парламентад тохой залгаж, нэг намд бөөрөө нийлүүлж, нэг жалганд хаяа хатган буусан ухаантай, боловсролтой хүмүүс учраа ололцох бололтой. Хэрэвзээ, популистуудаасаа болоод УИХ дотроо ийм асуудал дээр учраа ололцохгүй бол ард түмэн өөрсдөө учрыг нь ололцуулахаар мориндоо морддог үйл явц дэлхийгээр нэг өрнөж байгаа. Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа “Одоо л нэг зөв явах нь” хэмээн баярлаж хөөрсөн ард түмэн тэр эрчээрээ ажлаа эрчимжүүлэхийг шаардан гэр майхнаа ачин ирж төв талбайг дүүргэж мэдэхийг өнөөдрийн УИХ мэдэж байгаа. Баяр хөөр рүүгээ ус цацуулахыг хүсдэг ард түмэн гэж байдаггүйг ч тэд бас мэднэ.

“Популистуудын амаар бол болж бүтэх юм, хэрэгжиж дуусах ажил нэг ч байхгүй. Нэг бол гэрээ нь муу гэнэ, эсвэл төмөр зам нь биш гэнэ, эцэстээ уул, үхэр, булш... гээд л хөгжлийг гацаагч үгсийн энэ цуглуулга улам баяжих шинжиндээ орлоо” гэсэн өгүүлбэр Ч.Сайханбилэгийн үгэн дотроос тод уншигдаж байна лээ.

Онцлох нийтлэлүүд