Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Өдрийн сонины дугаарт
2017.03.20 01:03

Ч.Содбилэг: Чингисийн удмын гүнжтэй сууж байж хаан суух эрх нь баталгааждаг байсан

“Сэнтий түшсэн хатад” номын зохиолч, хятад судлаач Ч.Содбилэгтэй ярилцлаа.


-“Сэнтий түшсэн хатад” номын санаа нэлээд эрт орж ирсэн үү. Дунд сургуульд байхдаа л хатдын тухай мэдээ, баримт цуглуулж байсан санагдана?

-Анх материал цуглуулж эхэлсэнээс хойш долоон жил өнгөрсөн байна. Тэр үед би дунд сургуульд сурч байсан. Гэхдээ тэр үеийн материалын олдоц сайн биш. Түүнээс хойш түүхийн эх сурвалжууд үзээд, улам гүнзгийрүүлэн судлах тусам хатдын тухай ялангуяа Юань гүрний хатдын тухай маш их мэдээлэл байна. Энэ сэдвийг гүнзгийрүүлж судалсан нь дээр юм байна гэж үзсэн. Нөгөө талаар Юань гүрэн оршин тогтнох хугацаанд улс төрийн гол түлхүүрийг нь атгаж байсан хүмүүс хатад юм билээ. Яагаад гэхээр хааныг тэнгэрт хальсны дараа шинэ хаан өргөмжлөх асуудлыг хааны бэлэвсэн их хатан зохион байгуулдаг. Тийм учраас Юань гүрний улс төрийн түүхийг хатадгүйгээр төсөөлөх боломжгүй. Тэр үеэс л Юань гүрний үеийн хатдыг судлах нь сонирхолтой төдийгүй бас ач холбогдолтой юм байна даа гэж бодсон. Би нэг юм хийхээрээ нухаж, яст мэлхийний хурдаар ажилладаг. Уран бүтээлийг үйлдвэрлэж болдоггүй.

-“Сэнтий түшсэн хатад” номонд хэдэн хатны түүх орсон бэ?

-Суурин орны төрийн албан хэрэг хөтлөлтийн соёл нэлээд сайн байсан. Юань улсын судар гэдэг төрийн үндсэн эх сурвалжид 100 орчим хатны тухай мэдээлэл их бага хэмжээгээр байгаа юм. Юань гүрний гурван их хатны түүхээр төлөөлүүлж, бусад товчхон намтартай, жижиг үйл явдалд оролцсон хатдын тухай тэдний түүхэнд шингээж, бичсэн. Хоёрдугаар хэсэг нь Солонгосын вангийн хатан болсон найман монгол гүнжийн тухай түүх бий. Маш их материалтай. Өдөр, сар, цагаар нь тэмдэглэж үлдээсэн түүх байдаг.

-Дунд сургуульд байхдаа Юань гүрний түүхийн ном гаргаж байсан. Сурагч байхдаа аль хэдийнэ ирээдүйн судалгааныхаа эхийг тавьжээ?

- Багаасаа хятад судлал, Юань гүрний үеийн түүхийг маш их сонирхдог байсан учраас үүнгүйгээр өөрийнхөө амьдралыг төсөөлөх аргагүй. Энэ бол миний амьдралын утга учир болсон. Монгол хэл дээрх түүхийн эх сурвалжууд ховор. Хятад, перс хэлээр бичсэн эх сурвалжууд олон учраас түүх бичиж байгаа хүн сурвалжийн хэлгүйгээр чамбай материал бичих боломжгүй. Бусдаас дам ишилсэн мэдээ сурвалж худлаа байх нь ч бий. Үндсэн эх сурвалжид тулгуурлаж бичсэн нь дээр гэж боддог. Юань гүрний оршин тогтнож байсан хугацаанд бичигдсэн бүх л сурвалжууд хятад хэл дээр байдаг. Тухайн үед Юань гүрэн Солонгос, Вьетнам, Лаос гэх мэт Зүүн Азийн орнуудыг захирч байсан шүү дээ. Тэд ч бас хятдаар албан хэрэг хөтөлдөг байсан учраас эдгээр орны төрийн түүхэн сурвалжуудыг бас үзэх боломжтой. Тэнд монгол хатдын тухай нэлээд дэлгэрэнгүй тэмдэглэл бий шүү.

-Хатдын түүх их зузаан ном болжээ?

-Цуглуулсан материалаасаа их хассан. Ямар агуу мундаг хатад вэ гэх мэт сэтгэл хөдлөлд автахгүйг хичээсэн юм. Сурвалжийн мэдээ баримт шинжлэх ухаанч таамаглалд тулгуурлаж бичихийг оролдсон л доо.

-Энэ олон хатдын дундаас таны сонирхлыг хамгийн их татсан түүхт хатан нь хэн байв?

- Энэ номын 60 гаруй хувийг Тогоонтөмөр хааны солонгос хатны түүх эзэлдэг. 1333-1370 он хүртэл төр барьсан хаан. Тогоонтөмөр хааны их хатан нь Солонгосын Хэнжү хотоос олзлогдсон шивэгчин эмэгтэй. Шивэгчин хаанд таалагдаад 1340 онд бага хатан болжээ. 1365 онд их хатан болгоод, солонгос хатнаас төрсөн эрлийз хүү Аюуширдарийг Юань гүрний хунтайжаар өргөмжилсөн. Солонгос хатан зөвхөн солонгос хүмүүсийг дэвшүүлдэг байсан учраас Юань гүрний төрийн эрх мэдэл сүүлдээ солонгосчуудын гарт орсон гэж болно. Нөгөө талаар тэр хатан эх орондоо сайн нэртэй байгаагүй. Солонгосыг олон удаа уулгалан довтолж, ах, дүү төрөл төрөгсөд нь хатны нэрээр эх орондоо зоргоороо, харгис хэрцгий авирласан түүх бий. Тийм учраас солонгос хатан эх орондоо үзэн ядагдсан хүмүүсийн нэг байсан. Хонгарид гэх мэт ноёрхогч овгуудаас сонгогдсон охид хатан болох нь тодорхой. Харин хариас олзлогдож ирсэн шивэгчин Ки Монголын их Юань гүрний хатан болно гэдэг гайхалтай.

-Онцгой ухаан, чадвар байна л даа. Үнэхээр гоо үзэсгэлэнтэй хүүхэн байлаа гэхэд тэр том өндөрлөгт гарч ирнэ гэдэг амаргүй?

-Зальжин, сэтгэл хөдлөлд автдаггүй, цэцэн сэргэлэн хүн байсан гэж сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Солонгос эмэгтэйг хатан болгоно гэдэг монгол, хятад ноёдын зүгээс маш их эсэргүүцэлтэй тулгарч, цус асгаруулсан олон удаагийн тэмцэл болжээ. Олон хуйвалдаан тэмцэл дундаас солонгос хатан ялж, тодорч гарч ирнэ гэдэг энгийн биш хүн байсан нь тодорхой л доо. Улс төрийн ямар ч дэмжлэг байхгүй нөхцөлд ноёрхогч бүлгүүдтэй тэмцэлдэнэ гэдэг маш их ухаан шаардана шүү дээ.

-Солонгосчууд түүхэн хүмүүсийнхээ тухай кино хийдэг. Тэр хатны тухай кино хийсэн болов уу?

-Солонгосчууд түүхэн сэдвийг орхигдуулдаггүй. ТV -5 телевизээр “Бүргэдийн дэвэлттэй бүсгүй” гэж кино гарсан шүү. Ки хатны тухай олон ангит кино хийсэн байна лээ. Гэхдээ тэр киног солонгосчууд шүүмжилсэн. Ки хатныг эерэг талаас нь гаргасан боловч, олон зууны турш уламжилсан харгис, элэг нэгтэнүүддээ хүйтэн хөндий хандаж байсан гэдэг ойлголт байсан учраас сайнаар хүлээж авахыг хүсээгүй шиг байгаа юм.

-Тэгвэл монгол гаралтай, маш сонирхолтой санагдсан хатан байв уу?

-Хөхчин гэж хатан байдаг. Хубилай хааны бэр л дээ. 1250-иад оны үед Хубилай хараахан хаан болоогүй Хойд Хятадын нутгийг захирч байсан. Өвөрмонголд ан гөрөө хийж яваад ам нь цангаж, эзгүй газар айлд очжээ. Тэнд арав гаруй насны охин байж. Охины сэргэлэн ухаантайг ажиглаад бэрээ болгосон байдаг. Хөхчин Хубилай хааны ууган хүү Чингимийн хатан болсон. Чингим нь 1286 онд нас нөгчсөн. Хубилай хааныг нас барсны дараа Хөхчин хатан улстөрийн том тэмцэлд ялж, өөрийн отгон хүү Төмөрийг их хаан болгож чадсан. Хөхчин хатны хийсэн олон ажил үлдсэн байдаг. Утай уул домгийн сэтгэлгээгээр Манзушир бурхны заларч, бясалгадаг газар учраас монголчууд олон удаа сүм бариулсан байдаг. Хөхчин хатан энэ уламжлалаар тухайн үед Утай уулын хамгийн том сүмийг бариулсан. Тэр нь одоо ч бий. Хөхчин хатны зээ охин Сэнгэраги Хятад газар өссөн, суурин орны соёлд их мэдрэмжтэй эмэгтэй байж л дээ. Тухайн үедээ Хятадад байсан урлаг соёлын хосгүй өвүүдийг цуглуулаад одоогийн хэлээр үзэсгэлэн гаргадаг байсан. Хатны цуглуулж байсан ховор зураг, уран бичлэгүүд,ваар, чимэглэл Бээжингийн хааны ордны музей, Тайваний хааны ордны музейд бий. Олон сая доллараар үнэлэгддэг дурсгалууд. Урлагийн ховор бүтээлийн үнэ цэнийг мэддэг байна гэдэг нь нүүдэлчдийн иргэншлээс аль хэдийнэ алсраад суурин соёлд гүнзгий автсаны шинж шүү дээ.

1956 онд Ю.Цэдэнбал, Ц.Дүгэрсүрэн, П.Шагдарсүрэн нар Хойд Солонгост айлчлахдаа, Солонгос улсын вангийн хатан болсон алтан ургийн гүнж Будаширын бунхныг үзэж сонирхжээ. 1365 онд Будашир гүнж нас нөгчихөд түүний нөхөр Конминъ ван гурван жил мацаг барьж, гашуудсан гэдэг.

-Монгол гүнж нар хэдийгээр улстөрийн зорилгоор хүчээр шахуу харьд очдог байсан ч хайр дурлалын сайхан түүх бий л байх?

-Алтан ургийн гүнж нар Солонгосын вангийн хатан болдог уламжлал байсан. Үүгээр нь дамжуулж, монголчууд Солонгосын төрийн хэрэгт гүнзгий хутгалддаг байжээ. Сүүлд Будашир гэж гүнжийг Солонгосын Конминъ ванд хатан болгож өгсөн байдаг. Энэ ван Будашир гүнжид маш их сэтгэлтэй байж. 1365 онд төрөхийн хүндрэлээр нас барахад нь гурван жил мацаг барьж, төрийн хэрэгтээ ч анхаарал тавихгүйгээр, энэ хатны төлөө гашууджээ. Улсын сан хөмрөгөө хоослон байж хатандаа бунхан бариулсан. Энэ бунхныг 1300-гаад оны сүүлээр барьсан. 500 жилийн дараа 1956 онд Хойд Солонгост анх удаа айлчилсан Монголын нам төрийн удирдагчдад бунханыг үзүүлсэн түүхтэй. Ю.Цэдэнбал, Ц.Дүгэрсүрэн, П.Шагдарсүрэн нар Монгол гүнжийн бунханд очиж хүндэтгэл үзүүлжээ. Энд XIV зууны дунд үед Солонгосын хойгийг захирч байсан Конминъ ван болон түүний монгол хатан Будашир нарыг оршуулсан болохыг тэдэнд тайлбарлаж өгсөн гэдэг.

-Хаад ноёдын ургийн хэлхээний ард улстөрийн том бодлого явж байсан гэдэг. Чингисийн удмын гүнж нар бэр болж очсон орондоо маш их эрх мэдэлтэй байсан. Үнэхээр хүчтэй ар талтай байсан болохоор тэр байх л даа?

-Солонгост очсон монгол гүнж нар улстөрд нь маш их хутгалдсан байдаг. Вангуудаа үл тоомсорлодог. Солонгосын ванг цохиж зодсон тохиолдол ч байжээ. Гүнжийг уурлуулж хилэгнүүлэх юм бол Юань гүрнээс маш их том дарамт ирдэг. Гүнжийг гомдоосон Солонгосын ванг Түвдэд цөлөх, вангийн сэнтийгээс нь буулгах тохиолдол ч байжээ. Монгол гүнж нарыг стратегийн чухал байрлалтай, ач холбогдолтой газрууд руу явуулж байсан. Чингис хаан Алтан улсыг эзлэхдээ Алтан улсын хилийг сахидаг байсан Онгуд аймгийн толгойлогчид охиноо өгсөн байх жишээтэй.

-Сүүлд манж нар ч хятадуудтай цус холилдохыг таашаадаггүй, монголчуудтай ураг барилдах дуртай байсан гэдэг?

-Монголчууд 200 жил дэлхийд ноёрхсон болохоор цус нь брэнд гэдэг ойлголт үүсгэсэн байна л даа. Оросын хаад ч гэсэн монгол удмын гүнжтэй гэрлэж байж хаан суух эрх нь баталгааждаг. Манжууд ч гэсэн Чингис хааны удмын гүнжтэй суувал хаан суух эрх нь баталгааждаг. Тийм ч учраас Энхамгалан хааны эмээ нь монгол. Өсгөсөн асрагч эх нь монгол гэх мэтчилэн. Манжийн хаад монгол хатадтай байсан. Хятадын сүүлчийн эзэн хаан Пу И ч монгол гаралтай хатантай байсан шүү дээ. Монгол хатдын эцгүүд нь манжийн төрд нөлөөтэй том сайд язгууртнууд байсан.

Солонгосын вангууд монголчуудын ноёрхол унах хүртэл монгол хатадтай байжээ. Монголчуудын соёл, улс төрийн нөлөө удтал хадгалагдаж байсан л даа. Тэр байтугай Солонгосын сөжү монголчуудаас гаралтай юм билээ. Хубилай хааны цэргүүд Япон руу дайрсан шүү дээ. Хубилай хааны цэргийн хуаран Солонгосын Аньдон хотод байрлажээ. Монгол цэргүүд арак гэдэг нэртэй архи ууж байсан нь нутгийнханд таалагдаж, түүнээс үүдээд хожим сөжүг гаргаж авах үндэс болсон юм билээ. Шатдаг архи гэсэн утгатай үг.

-Түүхчид хатдын түүх гэх мэтээр нарийвчилсан түүхүүдийг гаргаж ирээд байвал удахгүй Жангүм шиг олон түүхэн хүний тухай кино, зохиол мэндлэх байх гэж найдаж байна?

-Би ч бас тэгж найдаж байна. Мартсанаас Жангүм шиг монгол оточ, тогооч байжээ. Хүсэхүй гээд Юань гүрний хааны ордны отчийн хүрээлэнгийн захирагч хүн. Хоолны тухай “Идээ ундааны товчоо” гээд маш том ном бичсэн байдаг. Ордны зоогт ямар ямар хоол багтдаг. Хүний эрүүл мэндэд тустай хоол гэх мэт уламжлалт анагаах ухааны тухай ном бичсэн хүн. Жангүмаас зэрэг зиндаагаараа мэдээж илүү гарна л даа. Номыг нь өвөрмонголчууд монгол хэлээр орчуулсан байдаг. Маш их алдартай ном. Цадталаа битгий ид, өлсөтлөө битгий яв гэж сургасан байдаг. Тэр номд хэдэн зуун төрлийн хоолны эмчилгээний жорууд бий.

-Номын хавтасны богтого малгайтай хатдын зураг бодит уу?

- Хатдын богтого малгай дээр тогосын өд хатгадаг байсан. Утай ууланд тусгайлан үржүүлдэг тогосны аж ахуй байжээ. Хатан болсон хүнийн богтого малгайд тэндэхийн тогосны өд хатгадаг байв. Юань гүрний үед суурин соёлтой учраас хаад хатдын хөргийг өөрсдийг нь харж зурсан байдаг.

-Цаашдаа ямар судалгаанд төвлөрөх вэ?

-Голдуу Юаний түүхээр дагная гэж бодож байгаа. 97 жил оршин тогтносон гүрэн болохоор нэг хүн насаараа судалсан ч барахгүй л дээ.

-Хатдын тухай ном бичихэд хамгийн хэцүү зүйл юу байв?

-Сурвалжууд, баримт материал тодорхой. Харин түүнийг яаж эвлүүлж бичих вэ гэдэг хүнд. Он дарааллаар нь эрдэм шинжилгээний өгүүлэл байдлаар биччихэж болно шүү дээ. Арай жаахан өөр хэлбэрээр бичихийг хичээсэн. Яаж бичих вэ гэдэг дээр толгойгоо гашилгасан.

-Их гүрний хувцас загвар бусад оронд моод болдог. XIII зууны монгол хувцасны загвар олон оронд ул мөрөө үлдээсэн гэдэг?

-Улс орон бүр ахуй амьдралдаа тохирсон хувцасны загвартай. Богтого малгай бол бусад оронд байхгүй. Өндөр дээд эрх мэдлийг илтгэдэг. Хатад японы самурай шиг дух хэсгээрээ халзалж үсээ хусдаг байжээ. Юань гүрний үед олон хатад цаазлагдаж, улс төрийн тэмцлийн золиос болсон байдаг. 1320-иод оны дунд үеэс монгол хаад хэсэг хугацаанд Хятадын эзэн хаадын уламжлалт хувцсыг ёслолын хувцас болгон хэрэглэсэн байдаг. Суурин оронд хагас зуун жил амьдрахаар соёлын нөлөөнд автана л даа.

-Монгол хатад эрх мэдлийн төлөөх цус урсгасан тэмцэлд гүнзгий оролцож байсан нь ямар учир шалтгаантай вэ?

-Монгол хатад бусад орны хатдаас илүү төрийн хэрэгт оролцож байжээ. Яагаад гэхээр нүүдэлчдэд эхийн эрхт ёсны үлдэгдэл хадгалагддаг. Хоёрдугаарт Күнз, Христ, Ислам гэх мэт эмэгтэй хүнийг дорд үздэг суурин орны соёлын хандлага монголчуудад байгаагүй учраас эмэгтэйчүүд төрийн хэрэгт чөлөөтэй оролцдог байсан. Төрүүлсэн хүүгээ хаан болгох хатдын тэмцэл ширүүсэх тусам их гүрний хүч суларч, төрийн тогтвортой байдал алдагдаж мөхөлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж боддог. Хүүгээ хаан болгохгүй бол хатад амьд явах баталгаагүй болох эрсдэлтэй цаг үе байсан л даа. Өөр хатны хүүхэд хаан болчихвол хаан угсааны бусад эрчүүдийг өрсөлдөгч гэж хороох үзэгдэл түгээмэл байлаа. Амьд явъя гэвэл тэмцэлдэхээс өөр сонголт байгаагүй. Бас эрх мэдэлд шуначихвал гарна гэж үгүй, улам л гүн рүү нь сорогдсоор байдаг түүхийн жам ч бий.

-Алтан ургийн гүнж нараас илүү Чингис хааны бэрүүд улс төрд онцгой нөлөөлсөн үе байсан гэдэг?

-Өгөөдэй хааныг нас барсны дараа Дөргөнө хатны улстөрийн оролцоо нэмэгдсэн. Монголын анхны төр барьсан хатан шүү дээ. Түүнээс хойш шинэ хааныг сонгох их хуралдайг хатад удирддаг болжээ. Гүюг хааныг тэнгэрт хальсны дараа Огул Хамиш хатан төрийн хэрэгт оролцож, сүүлдээ Сорхагтани хатан улс төрийн тэмцэлд ялж, хүүгээ хаан болгосон. Мөнх хааны үед энэ байдлыг эцэс болгох гээд ямар ч хатнаа төрийн хэрэгт оролцуулдаггүй. Оролцохыг завдсан өчүүхэн тохиолдлыг ч зүгээр өнгөрөөдөггүй, маш хатуу шийтгэдэг байсан. Тийм учраас хатан нь улс төрийн ямар нэг жин нөлөөгүй болоод Мөнх хааны дараа хүүхдүүд нь биш дүү нь хаан ширээнд өргөмжлөгддөг шүү дээ.


Онцлох нийтлэлүүд