ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.02.15 09:02

Ч.Сосорбарам: Даяаршил мэдээллийн энэ зуунд аюул заналхийллийн агуулга, хэлбэрт ихээхэн өөрчлөлт гарсан

Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарамтай ярилцлаа.


-Манай улс хоёр том хөршийн дунд байдаг. Зэвсэгт хүчний чадавхи, хүн хүчний хувьд ч энэ хоёр улстай харьцуулахад хэцүүхэн гэж манайхан ярьдаг шүү дээ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Хүн хүчний ихээхэн нөөцтэй дэлхийн хамгийн хүчирхэг Зэвсэгт хүчинтэй хоёр хөрштэйгээ харьцуулан өөрийн Зэвсэгт хүчнээ үгүйсгэн басамжилж байдаг олон улстөрчидтэй цэргийнхэн үргэлж таарч асуултанд нь бүдэрч байдаг. Саяхан болтол бусдын толгойгоор явж ирснээс үүдэн төрийн бодлогын уламжлалаа гээсэн улстөрчидтэй болгосон түүхээ яалтай билээ. Нэг л бүхэл бүтэн арми дайрч орж ирээд л тэгээд хэдэн цаг манай цэргүүд тэсэх тухай шугаман гэнэн асуултуудаа улстөрчид тавьсаар цэргийнхэн бид тэр болгон зөв хариулт өгч чаддаггүй нь харамсалтай.

-Яагаад хариулт өгч чаддаггүй гэж. Дэлхий нийтийн хөгжлийн хандлага-гадаад аюулгүй байдлын орчин ямар байдаг талаар та тэгвэл хэлээд өгч болох уу?

-Орон нутгийн хамгаалалт үйл ажиллагаа арга хэрэгсэл тодорхойгүй, зөвхөн Зэвсэгт хүчин хамгаалах юм шиг харагдаад байдаг учраас хариулж чаддаггүй байсан юм. Одоо хууль боловсруулж байгаа. Энэ хууль тодорхой батлагдсаны дараа хариулахад илүү дөхөм болно. Нэг ёсондоо хууль өөрөө хариулт нь болох учиртай. Өнөөгийн дэлхий нийтийн хөгжлийн үйл явц нь аль нэг улс дангаараа бие даан шийдвэрлэх бололцоогүй хүндрэлтэй асуудлуудыг бий болгож байгаа учраас улс орнууд хамтарсан нэгдмэл бодлогыг боловсруулах шаардлагыг тулгах болсон. Дэлхийн хүн амын ядуурал, өвчлөл, цагаачдын нүүдэл, байгалийн гамшиг, бүс нутаг, үндэстэн хоорондын мөргөлдөөн зэрэг нь нэгдмэл бодлого, эрх зүйн зохицуулалтыг шаардаж байна гэсэн үг л дээ. Шашин, түүхэн уламжлал, терроризм газар нутгийн болон бусад олон шалтгаанаар улс орнууд сөргөлдөн орон нутгийн чанартай зэвсэгт мөргөлдөөн, дайн байлдаан тасрахгүй байгаа. Өөрөөр хэлбэл олон улсын хүчний харилцаа өөрчлөгдөж, шинэ нөхцөл байдалд улс орнууд бүс нутгийн хэмжээнд нөлөөгөө тогтоох буюу хадгалах гэсэн эрмэлзлэл, өрсөлдөөн тэмцэл ихсэх болсонтой шууд холбоотой. Даяаршил мэдээллийн энэ зуунд аюул заналхийллийн агуулга хэлбэрт ихээхэн өөрчлөлт гарсан л даа. Гибрид–эрлийз дайн, аюулын тухай болон уламжлалт, уламжлалт бус аюул заналхийллийн тухай цэргийн онолчид ихээхэн ярьж бичиж, цэргийн номлолдоо ч тусгах боллоо.

-Энийгээ жаахан тодруулаач. Жишээ нь гибрид дайн гэдгийг...

-Гибрид дайн гэж аль нэгэн улсын эсрэг цэргийн болон өөр нээлттэй хүчирхийлэл хийхгүй, харин тэр улсын үндэсний аюулгүй байдал, бүрэн эрхт байдал нь аюул заналхийлэлд орж, эвдэгдэх болсныг хэлээд байгаа юм. Энэ талаар Оросын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, армийн генерал Валерий Васильевич Герасимовын бичсэн дайны тухай өгүүлэлд байдаг. Мөргөлдөөний аргын агуулгад улс төр, эдийн засаг, дипломат, мэдээлллийн болон хүн амын эсэргүүцэгч чадавхийг оролцуулан хэрэгжүүлж буй цэргийн биш аргууд зонхилох болсон. Гэхдээ орчин үеийн дайны агуулга ойрын ирээдүйд урьдын адил зэвсэгт тэмцэл байх болно гэдэгтэй мэргэжилтнүүд, судлаачид санал нэг байгаа юм. Мөн дайсан, болзошгүй түрэмгийллийн тухай ойлголт ч ихээхэн өөрчлөгдлөө. Эвсэл холбоо ч биш, улс үндэстэн ч биш дайсан буюу үндэстэн дамжсан шашин, гэмт хэрэгтний бүлэглэл болох Бин Ладен, Талибан, Лалын улс-ISIS, далайн дээрэмчид гээд учир нь олдоход бэрх хил хязгааргүй зэвсэгт хүчинтэй дэлхийн хамгийн том гүрнүүд, НАТО хүртэл тэмцээд тэр бүр амжилтанд хүрэхгүй л байна. Дэлхийн хүчирхэг улс гүрнүүдийн зэрэгцээ үндэстэн дамнасан зохион байгуулалттай “улс биш тоглогчид”, бүлэглэлийн үйл ажиллагааг улс орнууд аюулгүй байдлаа хангахдаа тооцох болсон. Үүнээс болж Цэргийн холбоотон, эвслийн гишүүний асуудал ч бас шинэ тайлбар төдийгүй зарчмын өөр тодорхойлолт шаарддаг болж. Үүнтэй холбоотой аюулгүй байдлын тухай онолын сэтгэлгээнд ч өөрчлөлт орж, хэвшмэл зарим ойлголтуудыг эргэн харах шаардлагатай болсныг хүлээн зөвшөөрч асуудлыг иж бүрнээр нь ойлгох ёстой болж байна.

-Цэрэг дайн, байлдааны ажиллагаа орчин үед ямар болсон бэ?

-Сая танд ярьсан нөхцлүүдээс болж дайн байлдааныг явуулах арга, төрөл, зорилгыг өөрөөр тодорхойлж, зэвсэгт хүчнийг ашиглах хэлбэрт ихээхэн өөрчлөлт оруулахад хүргэж байна. Хөгжилтэй орнуудын цэрэг техникийн бодлого нь үндэсний эрх ашгаа хамгаалах зорилгодоо түргэн байрлах хүчнүүдийг голлон хөгжүүлж, технологийн дайны зорилгод улам бүр нийцүүлэх чиглэлээр тээвэрлэгч хэрэгслэл болон сансар, агаар, газрын электрон цогцолборуудыг хамтруулан хөгжүүлж байна. Аль болох богино хугацаанд ямар ч алсад шийдвэрлэх цохилтыг амьд хүчний хамгийн бага хохирлоор гүйцэтгэдэг технологийн дайн, байлдаан том улсуудын зэвсэгт тэмцлийн арга, хэлбэр болж байгаа.

-Хөгжилтэй улс орнууд тэгдэг юм байж. Бага буурай, хүн ам цөөтэй, хөгжил тааруу улс тэгвэл яана гэсэн үг вэ?

-Бага орнуудын хувьд энэхүү технологийн дайны эсрэг уян хатан, сунжирсан нутгийн гүн рүүгээ, газар орноо сайн ашигласан жижиг бүлгээр байлдах арга, орон нутгийн байлдаанаар эсрэг хүчээ цөхрүүлэх, цаг хожин олон улсын дэмжлэгийг олж авах зорилтыг голлон анхаарах болсон юм.

-Тухайлбал манайх шиг орон яаж хамгаалах вэ?

-Их гүрнүүд үндэсний эрх ашгаа дэлхийн хаана ч хамгаалах эсхүл өөрсдийн “үнэт зүйлсээ” сахин түгээх үүргийг Зэвсэгт хүчиндээ ноогдуулдаг бол дунд, жижиг орнуудын хувьд дайны аюулыг сэрэмжлэх, зэвсэгт хүчин оршин байгаа утгаараа аюул заналхийллийн босгыг өндөрт байлгах, цаг хожих зорилт тавьдаг. Үүний сацуу их, бага орны зэвсэгт хүчнүүдэд байгалийн төрөл бүрийн гамшигтай тэмцэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, дайнаас дүрвэгсдэд туслах аврах, энхийг сахиулах ажиллагаа, алан хядах ажиллагаатай тэмцэх ажиллагаанд зэвсэгт хүчнийг сургах, ашиглах, усан болон хуурай хилээ хамгаалах зорилгоор “дайны бус цэргийн операци” гэдэг ойлголт бий болж түүнд сургаж дадлагажуулах боллоо. Дайчилгааны армиас мэргэжлийн чадварлаг арми болох үндсэн хандлагатай болж энэ нь улс орон бүрт өөрийн эдийн засгийн боломжоос шалтгаалан янз бүрийн нэр томьёогоор нэрлэгдэн хэрэгжих шатандаа явж байна.

Орчин үеийн мөргөлдөөний онцлогийг генерал Герасимов бичихдээ “НАТО-гийн Югославт явуулсан операцийн туршлага урд өмнө өргөн тархаагүй байсан хавьтахгүй буюу зайнаас дайтах дайны эрин үеийг нээсэн. Энэ дайны гол онцлог нь янз бүрийн зориулалт, үйлдэл бүхий робот техникийн комплекс, нисгэгчгүй нисэх аппарат зэргийг маш ихээр хэрэглэсэн явдал болно. Янз бүрийн хүч, хэрэгслийг ашиглах шинэ шинэ хэлбэрүүд бий болов. Жишээлбэл, Ливийн дайны үеэр үл нисэх бүс байгуулахын хамт НАТО-гийн гишүүн орнуудын хувийн цэргийн компаниуд, сөрөг хүчний зэвсэгт нэгтгэлүүдийн хамтын үйлдлийг хослуулан тэнгисийн бүслэлт хийх явдлыг нэгэн зэрэг хийж байна. Сирийн мөргөлдөөнд гибрид аргыг ашигласан явдал. Тэнд цэргийн болон цэргийн бус шинж чанар бүхий уламжлалт болон уламжлалт бус үйлдлийг нэгэн зэрэг ашигласан. Дотоод босогчид, мэдээллийн сүлжээ, удирдлагатай алан хядагчдыг Засгийн газрын эсрэг ашиглах гэх мэт” гэж дурдсан байгаа юм. Улс орон бүр дайны аюулаас сэрэмжлэх түүхэн туршлага, зөн мэдрэмждээ тулгуурлан зохих зэвсэгт хүчийг барьж байгаагаараа аюул заналхийллийн босгыг өндөр болгож сэрэмжилж байна.

“Global Firepower” судалгааны байгууллагаас дэлхийн орнуудын зэвсэгт хүчний хүчин чадлыг тодорхойлоход манай хоёр хөрш ОХУ, Хятад Улс Ази тивд тэргүүлж, дэлхийд АНУ-ын дараа бичигджээ. Тэгвэл 126 орныг хамруулсан жагсаалтад Өмнөд Солонгос 7-д, Япон Улс 9-д Монгол Улс 85-т бичигдсэн байна лээ. Сүүлийн жилүүдэд улс орнууд, хөршүүд маань батлан хамгаалах зардлаа өсгөн нэмэгдүүлж зэвсэглэлээ шинэчлэн сайжруулж байгаа бол манай улс улам танаж хассаар байгаа нь үнэн. Гэтэл БНХАУ, ОХУ цэргийн номлолдоо амин чухал эрх ашгаа хамгаалах шаардлага тулгарсан нөхцөлд ҮОХЗ, цэргийн хүч хэрэглэх тухай заалт оруулсан буюу оруулах хандлагатай, ашиг сонирхлоо хамгаалахын тулд хүч хэрэглэхээс татгалзахгүй гэдгээ мэдэгдсэн.

Энэ цаг үед цэргийн аюул хийгээд заналхийллийг урьдчилан төсөөлөхийн үүрэг, ач холбогдол өсч байгаа бөгөөд иж бүрнээр нь үнэлэн цэгнэх шаардлагатай болж байна. Америкийн шинжээч Роберт Фарли “The National Interest” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ 2018 онд Дэлхийн гуравдугаар дайн дэгдэж болох таван бүсийг дурдсан байна. Үүнд БНАСАУ, Тайвань, Украин, НАТО-гийн өмнөд бүс болон Персийн буланг нэрлэсэн байна лээ. Умард Солонгосын эргэн тойрны байдал нь өнөөгийн дэлхий ертөнцийн гадаад бодлогын хамгийн ноцтой хямрал гарцаагүй мөн. БНАСАУ, АНУ-ын хооронд дэгдэж болзошгүй дайнд Япон, Хятад улс татагдан орж болох юм гэж бас бичсэн байсан. Японы шинжээч нар Солонгосын хойгт дайн эхэлж болох дөрвөн хувилбарыг мөн дэвшүүлсэн. Хятадын Жилинь мужийн орон нутгийн сонин оршин суугчдад цөмийн довтолгоо болсон тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай бүтэн нүүр зөвлөгөө, зааварчилгаа нийтэлсэн байсан. Тус мужид дүрвэгсдийн таван хуаран байгуулахаар төлөвлөж буй тухай мэдээлсэн. Нанжинь их сургуулийн профессор Жу Фэн “Ямар ч тохиолдолд бид пуужингийн довтолгоо, цөмийн дэлбэрэлт, гамшиг сүйрэлд сэтгэлзүй, практикийн бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэсэн байгаа.

-Манай улсын хувьд?

-Монгол Улсын хувьд дээрх бүхнийг анхаарлынхаа төвд байлгаж, ялангуяа олон улсын хамтын нийгэмлэг болон бүс нутгийн хэмжээнд аюулгүй байдлаа, цэрэг-дипломатын аргаар хангах, цэргийн итгэлцлэлийг бэхжүүлэхэд идэвхтэй хүчин чармайлт гарган ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны оролцоогоо идэвхитэй үргэлжлүүлэх, ОХУ, БНХАУ-тай батлан хамгаалах салбарт хамтран ажиллахын зэрэгцээ бусад улс орнууд түүний дотор НАТО-той ч харилцах боломжийг хадгалах нь аюулгүй байдлаа хангах үндэсний стратегийн чухал хэсэг байсаар байх болов уу. Цэргийн эвсэл холбоотноос татгалзсан, хоёр хүчирхэг улсад хавчуулагдсан өргөн уудам нутагтай, хүн ам нь сийрэг суурьшсан, дэд бүтэц сул хөгжсөн манай орны хувьд “...улс төр дипломатын арга тэргүүлсэн, орон нутгийн хамгаалалтад тулгуурласан. чадварлаг зэвсэгт хүчинтэй байх...” гэж батлан хамгаалах гол арга замуудаа хуульчилсан байдаг.

Үүнээс улс төр, дипломатын арга, чадварлаг зэвсэгт хүчин гэдгийг энэ удаа тайлбарлаад хэрэггүй биз ээ. Монгол Улс чадварлаг зэвсэгт хүчинтэй–сайн цэргүүдтэй болохоо дэлхийд харуулсан. Цэргийн шинэчлэлийн үр дүнд энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны ачаар шүү дээ.

Улс төрчдөд улс төр дипломатын арга хэрэгслээ хэрэгжүүлэх боломж цаг хугацааны босгыг зэвсэгт хүчин хангаж өгөх асуудал батлан хамгаалахын эхний шат. Бүр болохоо байвал бүх ард түмнээрээ тэмцэх түүний гол тулгуур нь бас л зэвсэгт хүчин юм. Дээр дурдсан батлан хамгаалах аргуудаас орон нутгийн хамгаалалтыг тодорхой болгож хуульчлах нь тулгамдсан хэрэг болоод байна. Цэргийн эвсэл холбоотноос татгалзсан батлан хамгаалах стратегитай орнуудад өөрийн нутаг дэвсгэр дээрээ, газар нутгийнхаа гүн рүү хориглон хамгаалдаг орон нутгийн хамгаалалтын тогтолцоотой байх шаардлага тавигддаг. Мөн түүхэн уламжлалаасаа болоод АНУ Үндэсний гварди, Франц улс жандармери, Итали улс карабинери, ОХУ казачество гэх мэт орон нутгийн хандлагатай хүчин байсаар байдаг. Сүүлийн үед батлан хамгаалах нэгдмэл тогтолцоо (Total Defense) л манайд илүү тохирно гэж зарим улстөрчид үзэх болсон.

Батлан хамгаалах тухай хуульд “Монгол Улс орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлнэ” гэсний цаад утга, агуулга нь тотал-нэгдмэл тогтолцоо юм. Энэхүү тогтолцоогоор улс орноо бүхэлд нь батлан хамгаалахад төлөвлөгөөтэйгөөр бэлтгэх, бүх хүмүүсээ эх орноо хамгаалахад сургах, үүрэгжүүлэх явдал бөгөөд Сингапурын ерөнхийлөгч асан Ли Ю Куэны номонд энэхүү нэгдмэл тогтолцоо-Тотал Defence Сингапурт хэрхэн бий болсон ямар хүндрэлүүд байсныг сургамжтай хэлбэрээр бичсэн байдаг.

Бидний анхаарч судалж ирсэн Швейцарийн “газар нутгийн хориглон хамгаалах” аргаар бол нутаг дэвсгэрээ бүхэлд нь дайн байлдаанд бэлтгэж, бүх эрчүүдээ цэргийн хэрэгт сурган жил бүр, буу зэвсэгтэйтэйгээ, унаатайгаа томилгоот газраа очиж бэлтгэл сургууль хийдэг, гүйцэтгэх үүрэгтэй байдгийг монгол эхнэртэй швейцарь айлд зочлохдоо, эр цэргийн үүрэгтний дэвтэр, буу сумыг хүртэл үзэж явлаа. Швед улсын “орон нутгийн хамгаалалтын” тогтолцоо манайхтай олон талаар төсөөтэй байдаг.

Эдгээр жишгээр өргөн уудам нутагтай, хүн ам нь сийрэг суурьшсан, дайчилгааг богино хугацаанд хийх боломж хязгаарлагдмал, дэд бүтэц сул хөгжсөн манай орны хувьд Зэвсэгт хүчний ангиудаа зохистой тараан байрлуулж, хил агаарын орон зайгаа хянан, орон нутгийн удирдлага, хүн амаа шаардлагатай үйл ажиллагаанд тайван цагт бэлтгэдэг орон нутгийн хамгаалалтын тогтолцоотой болох шаардлага байгаа юм.

Дун бүрээний дуугаар айл бүрээс зэр зэвсгээ агссан шууд байлдахад бэлэн цэргүүд гарч ирдэг, цэргийн хээрийн сургуулийг ан аваар хийж байсан түүх уламжлал бидэнд бий. Манай улс үндсэн хуулиндаа өөрийгөө хамгаалах зарчмаа тунхагласан бага орны хувьд батлан хамгаалах арга хэлбэртээ “жижиг болон төвийг сахисан орнуудын (цэргийн холбоонд нэгдээгүй буюу холбоотон оронгүй) батлан хамгаалах бодлогын хамгийн боломжтой, оновчтой загвар гэгддэг орон нутгийн хамгаалалтын тогтолцоог өөрийн орны нөхцөлд тохируулан авч хэрэглэх гэж 1990-ээд оноос хойш оролдсоор байна.

-Орон нутгийн хамгаалалтын тухай хууль боловсруулж байгаа гэл үү?

-”Орон нутгийн хамгаалалт” гэж юу болохыг 2006 онд УИХ-ын тогтоолоор батлагдсан “Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” үзэл баримтлалын шинжтэй баримт бичигт анх тайлбарласан бол түүний дараа Батлан хамгаалах хуулиндаа “Орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоо” гэснээр гол агуулгыг нь илэрхийлсэн гэж үзэж болно.

Саяхан хэвлэгдсэн “Батлан хамгаалах стратеги” номонд дэслэгч генерал Ц.Дашзэвэг бичихдээ “Орон нутгийн хамгаалалтад үндэслэсэн батлан хамгаалах тогтолцоог манай улс сонгон авсан нь тун оновчтой хэрэг болсон бөгөөд одоо бүрдүүлэх, бэхжүүлэх үйлсэд шуурхайлан орох цаг нэгэнт болоод байна. Орон нутгийн хамгаалалт нь батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны үндэс төдийгүй Монгол Улс өөрийгөө хамгаалах стратеги болж байгаа юм” гэж дүгнэсэн.

-Орон нутгийн хамгаалалтын хуульд та ямар саналууд оруулж байна?

-Тайван цагт орон нутгийн хамгаалалтын хүрээнд иргэдээ, цэргээ хамтатган бэлтгэдэг байх, иргэд, байгууллага болгоныг орон нутгийн хамгаалалтаар тайван цагт үүрэгжүүлж бэлтгэсэн байх гэсэн зарчмын өөрчлөлт оруулах. Жишээ нь, цагийн байдал үүсч, дохио өгөхөд нутгийн тодорхой тооны иргэд нууц төлөвлөгөөний дагуу өөрийн машин, мотоцикль, мориор А.Б.С цэгт (Өмнөговийн ууланд, Үенчийн хавцалд, Эгийн голын хавцал) очоод бэлтгэгдсэн танк, их бууны гал явуулаад аюулгүйн зайд шуурхай буцаж, дараахь үүргээ биелүүлэхэд бэлэн болоход энх цагт үүрэгжсэн, сургагдсан байх. Жанжин штаб дээр зэвсэгт тэмцлийн бүх төлөвлөлт орон нутгийн хамгаалалтад тулгуурлан бүс-арми, аймаг-дивиз, сум салбар–батальоны хэмжээний нэгтгэгдэн уялдаа холбоотой хийдэг байх. Үндсэн хуулиар хүлээсэн эх орноо хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлээгүй иргэн (орон нутгийн томилгоожсон сургалтыг тасалсан) бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх эрхгүй, төрийн албанд оруулахгүй болон гадаад томилолт, татварын тал дээр хариуцлага хүлээлгэдэг заалт оруулах гэх мэт саналууд байна. Тэгэхгүй бол шинэ гарах хууль маань дайчилгааны хуультай төсөөтэй байдлаар төсөв хөрөнгөн дээр гацдаг хэрэгждэггүй нөхцөл байдал үүсэх магадлалтай. УИХ-д аюулгүй байдал, батлан хамгаалах асуудалд идэвхтэй ханддаг гишүүд олон бий. Тэгэхээр ийм агуулгатай хуулийн төсөл дэмжигдэх болов уу.

Батлан хамгаалах төсвөө нэмээд нэг тэрбум доллар болгож чадахгүй ч ухаалаг улс төр, дипломатын бодлого явуулж, багагүй дайчилгааны нөөцтэй чадварлаг зэвсэгт хүчин дээрээ Монголын хүн бүр эх орноо хамгаалж бэлтгэлтэй болбоос батлан хамгаалах чадавхи тэр хэмжээгээр өсөх, баталгаажих болно. Энэхүү шинэчлэлээр монгол хүн бүр эх орноо хамгаалах бэлтгэлтэй шүү гэдэг “mes¬sage-мэдээ” нь Монгол Улсын батлан хамгаалах чадавхийг харуулсан хамгийн чухал ач холбогдолтой хэрэг болох бөгөөд дээр нь “батлан хамгаалах тодорхой үүргийг” иргэн болгон хүлээх болсноор УИХ-ын гишүүн хүртэл эх орноо яаж хамгаалахаа мэдэх болно оо.

-Орон нутгийн хамгаалалт гээд та нэлээд ярилаа. Ард түмэн буу барих эрхгүй. Ийм гар мухар байхад яаж тэр хамгаалалтыг хийх вэ?

-Орон нутгийн хамгаалалтын хууль цоо шинээр гарч байгаа хууль. Энэ хууль гарснаар тайван цагт эх орноо хамгаалах бэлтгэлээ хангаж байх үедээ буу зэвсэг хэрэглэхийг зөвшөөрөх л болох байх даа.

-Чеченийн дайнд орчин үеийн долоон танкийг есөн настай хүүхэд устгасан гээд уншиж байсан. Манайд бол насанд хүрсэн хүн ч танкны өөдөөс гар мухар л гэж хэлэх гээд байгаа юм. Ядаж сумаа ч өөрсдөө үйлдвэрлэчихдэггүй шүү дээ?

- Манай батлан хамгаалах сумны үйлдвэртэй болъё гэсэн бодлоготой.

-Ерөнхийлөгч генералуудтай уулзсан гэсэн. Гурван жил цэргийн алба хаах талаар Ерөнхийлөгч яриад байгаа. Та ямар байр суурьтай байна?

-Цэргийн хүн ерөнхий командлагчаа эсэргүүцэж болохгүй шүү дээ. Гэхдээ энэ салбарт олон жил зүтгэсний хувьд хэлэхэд Ерөнхийлөгчийн саналаар шууд гурван жилийн цэрэгтэй боллоо гэхэд манай эдийн засаг тэжээж дийлэхгүй шүү дээ. Зэвсэгт хүчин хүчтэй байх тал дээр Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй байх аргагүй. Харин бүтээн байгуулалтад оролцуулж, Монголын өргөн уудам нутагт компани, байгууллагууд, хүн болгон эх орноо хөгжүүлэхэд оролцоно гэдгээр нь дэмжиж болно. Одоо боловсруулж байгаа хууль зөв гарчихвал Ерөнхийлөгчийн санал боломжтой байж болно.


Онцлох нийтлэлүүд