ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2018.04.17 12:04

Ч.Хүрэлбаатар: Хүүхдийн мөнгийг 100 хувьд олговол олон улсын гэрээ дуусгавар болно

Төсвийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олгох хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр:

-2018 оны төсвийн жилд хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 60 орчим хувь буюу 684 мянган хүүхдэд олгохоор тооцож 164.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Статистик судалгаанаас үзэхэд нийт өрхийн 72.3 хувь нь сард нэг сая төгрөгөөс доош орлоготой, нийт хүн амын тоонд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувь 2014 онд 20 хувь байсан бол 2016 онд 29.6 хувь болж 10 пунктээр нэмэгдсэн. Цаашид 2017 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2018 оны төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр эдийн засаг сэргэх төлөв харагдаж байгаа тул хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 орчим хувьд олгох боломж бий болж байна. Хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувьд олгоход 228 мянган хүүхэд нэмэгдэж, 41 тэрбум төгрөг нэмж шаардагдана. Үүнийг 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүйгээр шийдэх боломжтой гэж мэдээллээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ийнхүү асуув:

-Одоо 0-18 насны 1,042 сая хүүхэд байгаа. Үүнийг 80 хувьд нь биш 100 хувь болгох боломж ерөөсөө байхгүй юу. Энэ бол хүүхдийн мөнгө биш хүн амаа өсгөх бодлого гэж хараад байгаа. ОУВС-гийнханд хүн амаа өсгөх бодлого гэж ярихаар хүлээн зөвшөөрөхгүй юу. Хэрвээ 100 хувь болгосон хэдэн тэрбум төгрөг шаардлагатай вэ? Үүн дээр чин сэтгэлээсээ хандаж байгаад хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох хэрэгтэй. Хүүхдийн мөнгөөр амьдардаг маш олон гэр бүл байна. Хүнсний талоны судалгаа байнга өөрчлөгдөж байдаг. Хүнийрхүү байдлаар судалгаа хийдэг. Гэнэт хасагдчихдаг. Үүгээр чинь амьдардаг өрх маш их байна. Явж байгаа зүйлийг сайжруулах биш муужруулаад байхаар бодлого нь ард түмэнд ойлгогдохгүй, шүүмжлүүлээд байгаа юм. Хойшоо ухарсан байдлаар яваад байна. Өнөөдрийн байгаа түвшингээ хадгалахад анхаарах хэрэгтэй.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үүнд хариулахдаа:

-Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн жилүүдийн буруу бодлогоос хамааралтайгаар хямарсан, төгрөгийн ханш унасан, валютын нөөц шавхагдсан. Тиймээс ОУВС-тай хамтарснаар эерэг үр дүн нь гарсан. ОУВС-тай хамтрахдаа хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь олгоно гэж тохирсон. Олон улсын донор байгууллагатай давхар тохирсон. АХБ-тай хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 60 хувьд олгоно гэж тохирсон юм билээ. Одоо эдийн засаг тогворжиж байгаа. Хүнд үеэс гарах шинжтэй болохоороо тусалсан хүмүүсээ түлхэж болохгүй. Гэхдээ ОУВС-гаас гадна бусад улстай хамтарч ажиллахын тулд тохирсон зорилтот бүлэг гэдэг дээрээ хатуу явахаас өөр аргагүй байна. Хүүхдийн мөнгийг 2017 оны нэг сарын нэгнээс өмнө зээлээр олгож байсан. Өнөөдөр хүүхдийн мөнгөний зээлийн үлдэгдэл 875 тэрбум төгрөгийг бид одоо болтол төлж байгаа. Эдийн засаг дөнгөж тогтвожиж байгаа, Энэ үед амьдралын боломжтой хүмүүс хүүхдийн мөнгө авна гэж дайраад байхгүй болов уу.

Ядуурлын хэмжээ 20-29.6 хувьд нэмж өссөн. Тиймээс 60-80 хувийг зорилтот бүлэг хамруулж олгох нь байгаа. Хэрвээ хүүхдийн мөнгийг 100 хувьд олговол олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хийсэн гэрээ дуусгавар болно. Ингэвэл төгрөгийн ханш унах, валютын нөөц багасах олон эрсдэл бий. Энэ бүгдийг харгалзан оруулж ирж байгаа.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, санал хэлсний дараагаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаарх арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

Онцлох нийтлэлүүд