ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.09.23 09:09

Ч.Энхбат: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсвөөр МАН-ын НИТХ-ын төлөөлөгчид БНСУ руу аялсан

НИТХ-ын АН-ын бүлгийн ажлын албаны ахлах ажилтан Ж.Энхбаттай ярилцлаа.


-Нийслэлийн Онцгой комисст хандивласан иргэдийн мөнгөөр нэр бүхий 21 өндөр албан тушаалтныг шагнаж, урамшуулсан мэдээлэл гарсан. Та энэ талаар АТГ-т хандсан байсан?

-Улаанбаатар хотын удирдлагуудтай холбоотой маш олон асуудал бий. Ер нь хотын захирагч хуулийн хүрээнд л ажиллах ёстой. Гэтэл сонгууль далимдуулж хэн нэгнийг шагнадаг. Шагнах шагнахдаа хотын дарга өөрөө захирамж гаргасан байна. Тодруулбал, захирамжийн гуравдугаар зүйлд “Шагнал, урамшуулал олгоход шаардагдах 21.000.000 (хорин нэгэн сая) төгрөгийг Нийслэлийн Онцгой комиссын дансанд төвлөрсөн хандив тусламжийн орлогоос гаргахыг Нийслэлийн Онцгой байдлын газар (Э.Чүлтэмсүрэн)-т гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Э.Ганхүү)-т тус тус зөвшөөрсүгэй” хэмээн заачихсан байна.

Гэтэл коронавирусийн хүнд цаг үеийг хамтдаа туулъя гээд тэтгэврийн хөгшид тэтгэврээ зээлж Нийслэлийн Онцгой комисст хандивласан. Мөн ЕБС-ын арван хоёрхон настай хүүхэд номоо зарж, олсон мөнгөө хандивт зориулсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа 21 албан хаагчдад хандивын мөнгийг шагнал, урамшуулал болгон өгсөн нь буруу гэж үзэж байна. Үүнийгээ Нийслэлийн Засаг даргын нөөц сан, харьяа байгууллагуудын цалингийн сангаас өгч болно шүү дээ. Төрийн албан хаагч нар ажлаасаа хоцрох, ёс зүйн дутагдал гаргаж цалингаараа торгуулахад цалингийн үлдэгдэл гэж гардаг. Энэ мөнгөөр шагнаж болно. Гэтэл хуруухан чинээ хүүхдээс эхлээд өвгөн буурал хүмүүсийн бараг өөрөөсөө ч харамлан байж хурааж, хандивласан мөнгийг өөрийн томилсон албан хаагчдаа сая, сая төгрөгөөр шагнасан нь хууль зүй болоод ёс зүйн дутагдал гэж харж байна. Энэ үйлдэл нь олон хууль зөрчиж байна. Тухайлбал, Мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Шилэн дансны хуулийг илтэд зөрчиж байна. Хэрвээ захирамж гаргасан бол шилэн дансанд тухайн захирамжаа байршуулах ёстой. Гэтэл ямар нэгэн шилэн данс, цахимд байршуулаагүй. Энэ мэдээлэл нууц, далд байсан. 2012-2016 онд Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл орон нутаг руу томилолтоор явах, арга хэмжээний зардал зэргийг бүгдийг нь шилэн дансанд байршуулдаг байсан. 2016-2020 онд олон зардлаа нуудаг, ил тод байхаа больсон. Иймээс иргэн хүний хувьд Авлигатай тэмцэх газарт энэ нь хууль зөрчөөд байна гэж гомдол гаргасан.

-Хариу нь ирсэн үү?

-Одоохондоо хариу ирээгүй байна.

-Нийслэлийн захирагч асан С.Амарсайхан “Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж оройлон оролцсон НОК-ын гишүүдийг илүү цагийн цалин бусад урамшуулалд хамруулахгүй явж ирсэн, иймээс шагнасан. Ингэхдээ хууль журамд нийцүүлэн хэрэгжүүлсэн” талаар өөрийн цахим хуудаснаа мэдэгдсэн байсан шүү дээ. Хуулийн дагуу юм биш үү?

-Тэгвэл яагаад 24 цагаар ажиллаж байгаа эмч, сувилагчдыг шагнахгүй юм бэ. Шагнах гэж байсан юм бол өдөр, шөнөгүй ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчдаа Нийслэлийн Засаг даргын хүндэтгэлийн танхимд дуудаж авчраад шагнаж болох л байсан шүү дээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өөрийн дансанд сая төгрөг орсныг мэдэхгүй байна гэж тайлбарласан байна лээ. Хэнийг доромжлоод байгаа юм бэ. Ямар ч хүн дансанд нь сая битгий хэл 5000 төгрөг орж, гарахад ямар учиртай юм бол гээд шалгадаг биз дээ. Гэтэл сая төгрөгийн орлого орж байхад “Мэдэхгүй, хэзээ орсон юм бэ” гэж иргэдийг басамжилж, доромжилж болохгүй. Энэ нь нөгөө талаараа энэ мэтээр янз бүрийн орлого ордог нь харагдаж байна. Иргэд цалингаа ч авч чадахгүй байна, хувийн хэвшлийнхэн хаалгаа барих дээрээ тулж байхад төрийн байгууллагын дарга нар ийм ёс зүйгүй байж болохгүй. Иймээс эдгээр дарга нар өөрийн хүсэлтээр ажлаа өгөх ёстой. Иргэд нийслэлийг “Аз жаргалтай - Улаанбаатар хот” болгоно гэж итгээд тэднийг сонгосон. Өнөөдөр энэ амлалт хаана байна. Гэтэл НИТХ-ын дарга Р.Дагва “Бид мөрийн хөтөлбөрөө 94.8 хувьтай биелүүлсэн. Аз жаргалтай Улаанбаатар хот болгочихсон” гээд иргэдээр тохуурхаж байна.

-Энэ талаар хэзээ мэдсэн юм бэ. Сонгуультай холбоотойгоор юу?

-Шагнал, урамшууллыг УИХ-ын сонгуультай холбоотойгоор тараасан гэж харж байна. Шагнах байсан юм бол Цагаан сарын үеэр захирамжаа гаргаж, шагнах нь яасан юм бэ. Тэр үед “Ковид-19”-өөс болж бүх нийтээрээ хөл хорионд орж, тэмдэглэж чадаагүй шүү дээ. Тиймээс үүнийг сонгуультай холбоотойгоор тараасан авлига гэж үзэж байна. Магадгүй өөрийнхөө, нам эвслээ дэмжүүлэх гэж өгсөн байж ч болно шүү дээ.

Энэ мэт олон асуудал байна. Иргэд мэдээлэлгүй, эсвэл сошиалаар явж байгаа мэдээлэлд итгээд байсантай холбоотой. Улаанбаатар хотод сүүлийн дөрвөн жилд юу хийсэн юм бэ. Маш олон бүтээн байгуулалтын ажил хийсэн л гээд байгаа юм. Нохойтой хөшөөнөөс “Барс” зах хүртэлх явган хүний замыг улаан будгаар будчихаад олон улсын жишигт нийцсэн дугуйн замтай боллоо гэж танилцуулсан. Гэтэл борооноор тэр замынх нь будаг хуулраад урсчихсан шүү дээ. Мөн хүүхдийн 100-гийн урд талын замыг нь хар цагаанаар будчихаад баахан шоу хийсэн. Бас л борооноор алга болчихсон шүү дээ. 1.3 тэрбум төгрөгөөр шөнийн гудамж хийсэн 10 сарын дараа “устгаж”, хүчингүй болгосон. Энэ мэтээр төсвийн мөнгийг хий дэмий үрж байна. Зүүн гар тийшээ эргэхийг хориглох тэмдэг тэмдэглэгээнд 956 сая төгрөг зарцуулсан. Гэтэл 11-хэн хоног болоод тэр шийдвэрээ цуцалсан. Энэ мэтээр татвар төлөгчдийн мөнгөөр тоглож байна. Сүүлдээ тэрбум тэрбумаар хий хоосон зарж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын иргэдээс аз жаргалтай хот болж чадсан уу гэдэг асуумж авахад л жил бүр тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ мэтээр олон зүйл байна л даа. Харамсалтай нь үүнийг хууль, хяналтын байгууллага шалгадаггүй. Нийслэлийн иргэд өнөөдөр ямар хүмүүс сонгосноо эргэж харах хэрэгтэй.

-Орон нутгийн сонгууль удахгүй болох гэж байна. Энэ мэдээллийг одоо гаргаж тавьж байгаа нь хардлага төрүүлж байна л даа. Учир нь та АН-ын ажлын албанд ажилладаг. Тиймээс улс төрийн ямар нэгэн тоглолт уу, эсвэл тохироо нь ингэж таарав уу?

-Мэдээлэл нь саяхан олдсон. Үүнээс гадна би өнөөдөр хотын дарга, нийслэлийн ерөнхий менежер хоёрыг Авлигатай тэмцэх газарт дахин өгнө. Хууль зүйн олон алдаа гаргасан. Энэ талаар хэвлэлийн хурал хийнэ.

-Тодруулбал?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал гэж бий. Үүнийг НИТХ-аар баталдаг. Улаанбаатар хотод маш их гэмт хэрэг гардаг. Тиймээс урьдчилан сэргийлэх мэдээлэл гаргах, таслан зогсоох чиглэлээр ихээхэн мөнгө төлөвлөдөг. Гэтэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлын мөнгөөр МАН-ын НИТХ-ын дарга нарыг БНСУ руу зугаалуулсан байгаа юм. Ийм байхад гэмт хэрэг яаж буурах юм бэ.

-Хэдэн онд?

-2018 онд. Улаанбаатар хотод гэмт хэрэг гараад байхад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлын мөнгөөр НИТХ-ын МАН-ын төлөөлөгчид Солонгос руу зугаалсан байгаа юм. Дотор нь ажилладаг хүмүүс “Арай л дэндэж байна, тэвчихгүй нь” гээд надад мэдээлэл өгсөн. Би түүнийг нь шалгаад үзсэн үнэн л байна.

-Хэдэн төлөөлөгч, хэдэн төгрөгөөр аялсан юм бэ?

-Би өнөөдөр овог нэр, албан тушаалтай нь ил зарлана. Баримтаа боловсруулж бүрэн дуусаагүй байна. Баримт материалуудаа нэг бүрчлэн цуглуулж байна. Одоогоор МАН-ын НИТХ-ын 10 гаруй төлөөлөгч 140 сая төгрөгөөр гадаад руу зугаалаад ирсэн байна.

-Захирамж, тушаалаар уу. Түүндээ юу гэж бичсэн байх юм бэ?

-Баримт нь байна. Одоогоор мэдээллээ нэгтгэж байна. Маргааш (өнөөдөр) "Өдрийн сонин"-д албан ёсоор баримт мэдээллийг өгнө. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежертэй холбоотой асуудал ч байна.

-Ямар асуудал юм бэ. Тодорхой яривал?

-Улаанбаатар хотын авто замын засвар үйлчилгээг албан ёсны тусгай зөвшөөрөлтэй компаниар хийлгэх ёстой. Гэтэл тусгай зөвшөөрөлгүй, тавигдах шаардлага хангаагүй компаниар авто замын засвар үйлчилгээг хийлгэсэн байна. Ингэхээр яаж Улаанбаатар хотын зам эвдрэл, гэмтэлгүй байж хийж байгаа засвар нь чанартай байх юм бэ. Дарь-Эх, 100 айлын замд саяхан л засвар хийсэн, өнөөдөр ямар байгааг харж байгаа биз дээ. Дуусч цэгцрэх өдий байна.

-Ямар компани юм бэ?

-Маргааш (Өнөөдөр) нэр устай нь зарлана. Авилгатай тэмцэх газарт өгнө. Яагаад мэргэжлийн зам засварын компаниудаар хийлгээгүй юм бэ. Үүнийг шалгуулна. Үүний цаана авлига, танил талын асуудал байна гэж харж байна. Үүнтэй холбоотой асуудлыг маргааш өглөө (өнөөдөр) Авлигатай тэмцэх газарт өгч, олон нийтэд ил зарлана. Улаанбаатар хотын зам засвар өнөөдөр хүндхэн байна. Мэргэжлийн компаниар хийлгээгүй юм чинь зам чанаргүй байх нь ойлгомжтой шүү дээ. Ямар технологийн горимоор энэ замыг барьсан нь ойлгомжтой байна. Энэ мэтээр маш олон асуудал байна. Ярихаар сонгуультай холбож байна. Би нийслэлийн АН-ын бүлэгт сүүлийн гурван жил ажиллахдаа Улаанбаатар хоттой холбоотой маш олон асуудлыг олон нийтэд ил зарласан. Материал, баримт нь ирэхээр нь цаг тухайн үед нь зарлаж байгаа болохоос ямар нэгэн сонгуультай огт холбоогүй.

Р.ХИШИГЖАРГАЛ

Онцлох нийтлэлүүд