ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.02.24 01:02

Ч.Энхтуяа: 35 жилийн хугацаанд гурван тэрбум кВт/ц цахилгаан үйлдвэрлэсэн

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болсон “ДЦС-4” ТӨХК-ийн Турбин цехийн турбины машинч Ч.Энхтуяатай ярилцлаа.


-Юуны түрүүнд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр шагнуулсанд тань баяр хүргэе.

-Баярлалаа. Маш гэнэтийн мэдээ байсан. Би 35 жилийн хугацаанд гурван тэрбум 598 сая 860 мянган кВт/ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн байна лээ. Улсын хэмжээнд “Хамгийн их цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн” ажилтнаар тодруулж, ажил мэргэжлийг минь үнэлж төр засаг хишгээ хүртээсэнд маш их баяртай байна. Манай ДЦС-4 ТӨХК нь Монгол Улсын төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 65 гаруй хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55 гаруй хувийг дангаараа хангадаг.

-Станцдаа анх орохдоо ямар ажил хийж байв?

-Би 1983 онд хуучнаар Түлш эрчим хүчний яамны томилолтоор “ДЦС-4” ТӨХК-нд томилолтоор ирсэн. Турбин цехийн төв насос станцын машинч, бойлерын машинч, туслах машинч, турбины машинчаар тасралтгүй 35 жил эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллалаа. Турбины машинч нь цахилгаан эрчим хүч, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэдэг хамгийн гол тоног төхөөрөмж болох турбины агрегатыг удирддаг, хариуцлага, мэдлэг мэргэжил, ур чадвар шаардсан ажил л даа. Бид чинь социализмын үеийн хүүхдүүд шүү дээ. Тухайн үед Дархан хотын политехникумыг дулааны техникч мэргэжлээр төгсөж байсан юм. Биднийг “ДЦС-4” ТӨХК-д томилогдож ирэхэд Станцын ажилчдын тэн хагас нь Зөвлөлтийн мэргэжилтнүүд байсан. Бид чинь орос дарга, инженертэй байсан шүү дээ. Би гэхэд л нэг орос мэргэжилтэн дагалдаад л ажилладаг байлаа. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ гэдэг маш олон хүний хүч хөдөлмөрөөс бүтдэг. Хамтын хөдөлмөр юм даа. Дан ганц би бүхнийг бүтээж явна гэж байхгүй. Тухайн үед станцад дийлэнх нь эрчүүд байсан. Тэдгээр хүмүүстээ татагдаж чирэгдээд л өдий хүрсэн дээ.

-Турбины цех гэхээр яг ямар ажлыг нь нугалдаг вэ?

-Турбины машинч гэдэг маань дулааны инженер, техникийн ажилтан мэргэжилтэй хүмүүсийн ажил. Манай станцын хувьд Багануурын нүүрсээр ажилладаг. Энгийнээр хэлбэл нүүрсийг шатааж зуухандаа уур болгон, уураараа турбин машиныг олон удаа эргүүлдэг юм. Хэд хэдэн шат дамжлагатай. Уурын потенциал энергийг генетик энерги болгон, дараа нь механик энерги үүсгэж тэндээсээ цахилгаан энерги болгодог юм. Энерги хувирах энэ процессууд ердөө тэр машин дотор л явагддаг. Өндөр даралттай уураар ажилладаг учраас уурын даралт температур нь тохирч байгаа эсэх хэдэн кВт гаргах зэргийг хянадаг гэсэн үг. Манайх долоон машинтай. Зөвхөн цахилгаан үйлдвэрлэх бус дулааны шугам сүлжээнд халуун ус өгдөг.

-Таны ажлыг хүнд нөхцөл гэж сонссон. Шантрах үе гарч байв уу?

-Хүнд нөхцөлд тооцогддог хэдий ч ажлаа хийж байхдаа анхаардаггүй болчихдог юм билээ. Анх ажлаа хийж эхлээд миний ч хийчихдэг зүйл биш байна даа гэж боддог байлаа. Сүүлдээ зах зээлд шилжиж оросууд нутаг буцахад бидний толгой дээр бүх ажил ирж байгаа юм. Сандал дээр ч суух завгүй ажилладаг байлаа. Ажлаа хийхээс аргагүй болсон л доо. Орос ах эгч нарын туршлага заавар зөвлөгөөгөөр л явсан даа.

-Өнгөрсөн жил танай станц тэг зогсолт хийсэн. Өвлийн үед байсан бол бүх шугам сүлжээ хөлдөхөөр байлаа. Ийм ослыг та 35 жил ажиллаж байхдаа үзэж байсан уу?

-Маш олон зүйлээс шалтгаалсан байх л даа. Яахав, энэ олон жилийн хугацаанд олон л жижиг сажиг осол гэмтэл гарч байсан. Хамгийн хүнд осол гэвэл шугам хоолой хуучраад уурын шугам хагарч сайхан залуу маань түлэгдэж амь насаа алдсан явдал. Энэ яалт ч үгүй осол байсан л даа. 140 даралттай, 550 градусын уураар үлээчихээр ямар ч амьтан амьд гарах боломжгүй. Тэрнээс зугтах арга байхгүй. Ямар нэгэн дуу чимээ гарахад л бид тэр дор нь очиж үзээд устгадаг зарчимтай. Тэр журмаараа яг ойртох үед нь цаанаас хүчтэй уур дахиад үлээчихсэн юм билээ.

-Мэргэжлийн тань сайхан нь юу вэ?

-Инженерийн хөдөлмөр бол эрэгтэй л хүний мэргэжил шүү дээ. Одоо үед охид голдуу энэ мэргэжлээр суралцан ажиллаж байна. Би гайхаад байдаг юм. Уул нь эрчим хүч эрэгтэй хүнийг илүү үнэлдэг байхгүй юу. Энэ мэргэжлээрээ насаараа ажиллалаа. Хамт олон хамгаас чухал санагддаг. Ямар нэгэн ажлыг хийж байхад хамт олон сайхан байхаар өөрийн эрхгүй урам зоригтой ажиллана шүү дээ. Хамт олон гэдэг хүнийг нэг талаараа авч явдаг гэж боддог. Бидний ажил маш их тэвчээр шаарддаг. Байнгын сонор сэрэмжтэй ажиллах ёстой. Харин нэгэнтээ хожигдсон бол буцаана гэсэн ойлголт байхгүй. Осол гарчихсан л бол буцаах зүйл огт байдаггүй. Цаг, минут тутам л нүд цавчихгүй ажиллана шүү дээ. Мэргэжлээрээ ажиллаж цалин урамшуулал авч явсан ч улс орныхоо хөгжил цэцэглэлтэд бага ч болов хувь нэмэр оруулаад явж байжээ гэж боддог. Бидний ажил хүний амьдралыг л дагаж байгаа юм л даа. Өглөө хүмүүс босохоос эхлээд л цахилгааны хэрэглээ ихэсдэг. Үдшийн арван цаг хүртэл үргэлжилнэ. Өдөртөө маш бага хэмжээгээр буурч эхэлдэг. Цахилгаан хэрэглээний хамгийн бага цаг нь шөнийн нэг цагаас үүрийн дөрвөн цаг хүртэл байдаг.

-Та аль нутгийн хүн бэ?

-Би Улаанбаатарынх. Аав маань Өвөрхангайн Баян-Өндөрийнх. Ээж мааньТөв аймгийн Баян-Өнжүүлийн хүн л дээ. Би Гандангийн дэнжид төрсөн. 1968 онд манайх гэр бүлээрээ Дархан нүүсэн юм. Аав маань Дарханы Политехникумын коллежэд деканаар ажиллаж байсан юм.

-Таны гэр бүлийн хүний аав Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Найдан агсан юм билээ?

-Манай гэр бүлийн хүн бид хоёр адилхан мэргэжилтэй л дээ. Нөхрийн тал наймуулаа. Манай гэр бүлийн хүнийг төрөхөөс өмнө аав нь гавьяат цол авсан гэдэг. Би чинь хадмуудтайгаа гурван жил хамт амьдарч байлаа. Манай хадмууд хоёр биенээ танихгүй байхдаа гэрлэсэн гэдэг. Ивээл жилтэй гээд авга, нагацууд нь хоорондоо яриад эхнэрийг нь богтлоод аваад ирсэн гэж хуучилдаг байсан. Тэр үед хуримаа хийгээд гурав хоног найрладаг байж л дээ. Хадам ээж гурав хоног толгойныхоо бүтээлгийг авалгүй суухад аав хүмүүсийн нүд хариулж байгаад харж байсан гэдэг. Тэд маань 50 гаруй жил хамт амьдарсан. 2017 онд Драмын театр аавын маань 100 жилийн ойг тэмдэглэсэн. Манай хадам аав "Хүргэн хүү" киноны Жамц баяны дүрийг бүтээсэн хүн шүү дээ.

-Дэлхий нийтээр цаг агаарын дулаарал гэж яриад хэдэн жил болж байна. “Цахилгааны хэрэглээгээ багасгая” гэж уриалсаар байгаа. Цахилгааны хэрэглээгээ хумих боломж бидэнд бий юу?

-Хумих боломж бий. Бага хэрэглэх тусмаа бага нүүрc түлж, ус бага зарцуулна. Энэ хоёр маань багасна гэсэн үг. Манайх 50 герцийн давтамжаа барьж чаддаггүй. Яг үүнийгээ барьж ажиллах гэж хичээдэг. Манай станц Буриадын Галуут нууртай холбоотой ажилладаг. Нийслэл цахилгааны ачааллаа дийлэхгүй байлаа гэхэд Оросоос авчихдаг. Оросууд ч бас манайхаас авах үе бий шүү дээ. Харин манайхаас худалдаж авдаг үгүйг нь сайн мэдэхгүй байна. Цахилгаан бол нүүрс, ус хоёрын бүтээгдэхүүн. Эх орны хишиг гээд тараадаг үед гайхдаг байлаа. Нүүрс ч, ус ч гэсэн эх орны хишиг биз дээ. Сүүлийн үед манайх тултал ачаалладаг болсон. Хуучин зургаан машин ажиллаж байхад нэгийг нь бэлтгэл маягаар бэлэн байдалд хадгалдаг байсан бол сүүлийн жилүүдэд манай цехийн эргэдэг бүхий л техникүүд ажиллаж байна. Ганц станц гэхгүйгээр нар, салхины эрчим хүчийг ашиглах нөөцийг хармаар санагддаг юм.


Онцлох нийтлэлүүд