ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.10.15 02:10

Ч.Эрдэнэдалай: 9911 дугаарын зах зээлийн үнэлгээ нь хагас тэрбум хүрчихсэн


“Алтан бумба” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэдалайтай ярилцлаа.


-Анх яагаад 9911 дугаараар бизнес эрхэлье гэж шийдсэн бэ?

-Лондонд магистр хамгаалж ирчихээд эхэндээ өөр чиглэлээр ажиллая гэж төсөл бичээд хэд хэдэн банкинд хандсан ч бүтэлгүйтсэн. Санхүүгийн чигийн дажгүй санаа байсан л даа. Банкууд сайн хүлээж авсан ч ажил болж чадаагүй. олон улсын хэмжээнд санхүүгийн үйл ажиллагаа хийх төсөл байсан л даа. Хагас жил хөөцөлдсөний эцэст санаанаасаа буцаж Монголдоо бизнес хийхээр шийдсэн. “начин заан”-ы алтны зээлийг шилжүүлж болох юм байна гэж сэтгээд загвар гаргаж нэг банкинд хандсан ч “Банк ломбард биш” гээд татгалзсан хариу өгсөн. Тэгээд л өөрөө бие дааж бизнес эхлэхээр шулуудсан юм. Анх фэйсбүүк дээр зар тавьж эхлэл хөрөнгөө сарын хоёр хувиар босгосон. “начин заан”-ы зээл тэр үед таван хувь байсан санагдаж байна. Ингээд “Начин заан”-ы зээлийг 3.5 хувиар шилжүүлж эхэллээ. Тухайн үед ломбардтай нэг залуутай хамтарсан л даа. ломбардад нь зээлийг нь шилжүүлсэн алтаа хадгалуулаад. Тэр залуутайгаа одоо ч цугтаа бизнес эрхэлдэг. Бэлэн мөнгөө халааслаад таксинд сууж “начин заан”-ы салбаруудаар явдаг байлаа шүү дээ (инээв). Тэгж яваад 9911-ийн бизнес рүү орсон. Урт цагаанд барьцаат зээлийн компани олон байдгийг та мэдэх байх. Тэнд байдаг “Сайн” ломбард тухайн үед 9911 дугаарыг барьцаалж сарын зургаан хувийн хүүтэй зургаан сая хүртэлх төгрөгийн зээл гаргадаг байсан юм. Миний яриад байгаа үе 2017 оны дөрөвдүгээр сар. Өнөө залуутайгаа ярьж байгаад 9911 дугаар барьцаалсан зээлийг найман саяар гаргах шийдэлд хүрсэн. Бодит ханш нь 12 сая юм чинь болно гээд зүтгэсэн. нуугаад яахав, эхэндээ эргэлзэж байсан шүү.

-9911 дугаар хамгийн дээд талдаа хэр ханштай байгаа бол?

-Алтан дугаар нь 200 сая төгрөгийн ханштай байна.

-Алтан дугаартай 9911-тнүүд дугаараа 200 сая төгрөгөөр барьцаанд тавьж зээл авдаг гэсэн үг үү?

-Тийм.

-Тэгвэл зах зээлийн үнэлгээ нь хэд вэ?

-Зах зээлийн үнэлгээ нь өндөр. Дунджаар 500 сая төгрөг.

-Хагас тэрбум гэж үү?

-Тийм. Энэ үнэлгээнээс ч ахина. Монголд хамгийн түрүүнд тэрбум төгрөгийн үнэлгээнд хүрэх үнэ цэнэтэй зүйл.

-Яг хэзээ тэрбумаар үнэлэгдэнэ гэж...?

-Монголчууд мөнгөтэй болох тусам. 9911 бол мөнгөний илрэл. Өөрөө ч мөнгө. Зах зээлд, нийгэмд байгаа мөнгөний илрэл гэж ойлгож болно.

-Жишээ нь та одоо барьдаг 9911-тэй дугаараа анх хэзээ, хэдээр авч байв, одоо хэчнээн төгрөгийн ханштай байгаа вэ?

-Энэ дугаарыг би ноднин наадмаар 24 саяар авсан. Жил хагасын дараа 50-60 сая төгрөг болж ханш нь өсчихөөд байна.

-Танд барьцаанд авсан болон зарах гэж байгаа 9911-тэй дугаар хэчнээн байна?

-Барьцаанд гэхэд л 100 гаруй дугаар байгаа.

-Дугаар барьцаалсан зээлээ хамгийн дээд тал нь хэдээр гаргаж байв, ер нь доод талдаа хэд орчим төгрөгийн зээл авах боломж 9911 дугаарын эздэд байдаг юм бол?

- Хамгийн өндөр зээл гэвэл 200 саяар гаргаж байсан. Доод тал нь 30 сая.

-Хүү нь?

-Эх үүсвэр ихтэй үед 3.5 хувь.

-9911 дугаараа барьцаалсан хүмүүсээс зээлээ төлөхгүйгээр дугаараа хаях тохиолдол байдаг уу?

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ойролцоогоор 300-400 дугаар барьцаанд ирсэн. Энэ хооронд зээлээ төлөлгүйгээр орхисон дөрвөн дугаар л бий. Дугаараа бариад зээл аваад явдаг болохоор хаях, орхих тохиолдол бараг л байхгүй дээ.

-Банк бус санхүүгийн байгууллага зээл гаргахдаа өчнөөн шалгуур тавьдаг. Танай компанийн хувьд дугаар нь үнэ цэнэ гээд шалгуур багатай байдаг уу?

-Зөвхөн барьцаа үндэслэсэн зээл бол санхүүд хоцрогдсон асуудал. Шийдвэр гаргах дөрвөн хүчин зүйлийн зөвхөн нэг нь. Зөвхөн барьцаанд суурилж бизнес явуулна гэж байхгүй. Онцолж хэлэхэд манай компани шуурхай зээлийн зах зээлд ажилладаг. Бизнес маш хурдан явагддаг. Тэр эрчээс нь хоцрохгүй ажиллах ёстой. Цаг тулгуу мөнгө хэрэг болсон хүмүүс л манайд ханддаг учраас шуурхай үйлчилдэг.

-9911-тэй дугаар барьцаалагчид ихэвчлэн бизнес эрхлэгчид байх уу?

-Тийм. Бизнес эрхлэгчид, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчид түлхүү ханддаг. Сүүлийн үед дунд бизнес эрхлэгчид нэлээд хандаж байна.

-Том бизнесийнхэн хандаж байна уу?

-Хэнд ч мөнгөний хэрэгцээ гарна. Тэр утгаараа хааяа хандана.

-Ер нь 9911-ийн зах зээл хэчнээн тэрбумд эргэлдэж байгаа бол?

-Биднийг бизнесээ эхлэх үед буюу хоёр жилийн өмнө 120 тэрбумын зах зээл байсан. Өнөөдрийн байдлаар хамгийн багадаа 400 тэрбумын зах зээл болчихсон. 9911 дугаар ердөө 10 мянга бий. Манай дээр 100 дугаар бий гээд бодохоор бид энэ зах зээлийн ердөө нэг хувийг эзэлдэг гэсэн үг. Манайхаас гадна өчнөөн банк бус, ломбард ийм үйлчилгээ үзүүлдэг. Энэ зах зээлд манлайлдаг том компаниудын хувьд нэгд нь гэхэд 500-600 дугаар байгаа байх. “Тэди” дээр бидний тооцоолж байгаагаар өдөрт хамгийн багадаа 10 дугаар шилжиж байгаа. Үндсэндээ 400 саяын арилжаа өдөр тутам явагддаг. Нэг бол барьцаалж зээл авна, эсвэл зарна гэх мэтээр. Энэ зах зээл өөрөө л бий болсон.

-Нууц биш бол бизнесээ хэдэн төгрөгөөр эхэлж байв. Одоо хэчнээн төгрөгийн ашиг хийгээд байна вэ?

-Анх 50 саяар эхлүүлсэн. Хоёр жил хагасын хугацаанд цэвэр ашиг гэвэл 800 сая төгрөгт хүрээд байна.

-Нийт эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ гэвэл...?

-Нийт эргэлдэж байгаа зээлийн багц ойролцоогоор долоон тэрбум орчим байна. 80 хувийг нь та бид хоёрын ярьж суугаа дугаарын бизнес эзэлж байна.

-Дугаарын бизнес чинь цаашдаа хэр тэлэх бол. Тэд орчим тэрбумын ашигтай ажиллана гэх мэт зорилго төлөвлөгөө бий байх?

-Мөнгө тоо гэхээс илүү нэг зүйлийг онцолж хэлмээр байна. 9911 дугаарын зах зээлийг харахад дугаар хувьчлагдахад бэлэн болжээ гэсэн дүгнэлт хиймээр санагддаг. Учир нь иргэд дугаарын төлөө мөнгөө төлчихсөн байна шүү дээ. Би гэхэд л 24 сая төгрөгөөр дугаараа худалдаж авсан. Гэтэл “Мобиком” сарын хураамжаа төлөхгүй бол зургаан сарын дараа дугаар хурааж авна гэсэн зарчмаар ажилладаг. Шударга бус хандлага, зарчим гэж харж байна. Бид дугаар хувьчлахыг хүлээхгүйгээр бас нэг ажил эхлэх гэж байгаа. Компанийнхаа нэр дээрх дугааруудыг тусад нь гэрээ байгуулж блокчейний АТМ дээр байршуулж болох юм байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, дахин давтагдашгүй хөрөнгүүдийг дижитал хэлбэрт оруулаад блокчэйн дээр байршуулдаг. Нэг ёсондоо токэн буюу цахим зоос болгочихож байгаа юм. Өнөөдөр ч гэсэн 9911 дугаар цахим зоос хэлбэрээр явж байгаа.

-Гэрээ байгуулж байршуулна гэдгээ арай тодруулж тайлбарлаач?

-Энгийн жишээгээр тайлбарлая. Интернэт орчин дахь хамгийн алдартай ухаалаг гэрээ гээд ярихад cryptokitties байна. Хоёр дахь томоохон интернэт гүйлгээ бол ether-delta буюу цахим зоосон гүйлгээ юм.

-Крипто муурнууд гэхээр...?

-Ethereum блокчейн орчинд тоглогдож байгаа цахим тоглоом юм. Өөрөөр хэлбэл, ямар нэг төвд борлуулагдахгүй, тэр орчин дахь муурнууд хэрэглэгчийн хувийн өмч болно. Неонэт тоглоомын үед бүх зүйл үндсэн мэдээллийн санд хадгалагддаг учраас хариуцсан компани нь татан буугдахад тоглоом дахь бүх амьтан мэдээллийн сантай хамт устан үгүй болно. Харин крипто муурнууд ethereum блокчейн орчинд үүрд байх гэдэг утгаараа үнэ цэнэтэй. Хамгийн сүүлийн үеийн криптовалютын загвар, тун удахгүй технологийн салбарын томоохон шинэчлэл болно гэж байгаа. Ингээд ч зогсохгүй cryptokitties-ийг ethereum-тай нэгдэж галзуу хурдаар үнэлгээ нь өсч яваа анхны программ, биткойны дараах хоёр дахь том валютын үйл ажиллагаа гэцгээж байна. Хүмүүс энэ тоглоомонд маш их хэмжээний мөнгө зарцуулж яваа. Өнгөц харахад бодит бус үнэ цэнэгүй зүйлийг их мөнгө зарж авч байгаа мэт боловч цаашдаа үнэ цэнэ нь улам өсч, хэрэглэж болохуйц хөрөнгө болж хувирна.

-Өнгөц төсөөлөхөд өчнөөн долларын үнэлгээтэй баахан дижитал муурнууд байх нь ээ дээ. Нэг муурны үнэлгээ тэгээд хэд байх вэ?

-Хэдэн сая муур бий. Ийм тийм өнгөтэй, нүд нь цэнхэр, ногоон гээд өөр өөрийн онцлогтой дижитал муурнууд гэж ойлгож болно. Шинж чанарууд нь давхцахгүй, үржүүлж болно. Худалдаж авсан муураа арилжаалж болно. Тусгай ховор муур нь сая долларын үнэтэй. 9911 дугаар яг тэрэнтэй ижил үнэ цэнэтэй. Дугаар бүр давтагдашгүй. Өөрөөр хэлбэл манай компани 9911-ийг хамгийн анх “токин”-жуулах гэж байна. Бүр тодруулж хэлбэл блокчейний АТМ дээр байршиж чөлөөтэй хөрвөж эхэлнэ гэсэн үг. Блокчейн рүү орчихвол ямар дугаарыг хэн эзэмшиж байгаа нь харагдахгүй ч хэчнээн төгрөгийн арилжаа яаж явагдаж буй нь ил болно. Гэхдээ Монголд шинэчлэл хийх амаргүй. Санаж бодсон ажил маань 10 хувьтай л явж байгаа. Харин чат нээх ажил дөхөж байгаа.

-Ямар чат?

-9911-тэй дугаартай 10 мянган хүнд зориулагдсан чат хийнэ. Зөвхөн тэд хоорондоо харилцана гэсэн үг.

-Viber шиг гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно.

-Блокчейн хадгаламж нээнэ гэсэн байсан. Эхлүүлчихсэн үү?

-Туршилтын шатандаа яваа.

-9911 түрээсэлнэ гэсэн зар харагдах юм. Ийм зах зээл хөгжчихсөн үү?

-Дөнгөж хөгжиж байгаа.

-Ямар шалтгаанаар ийм дугаар түрээсэлдэг юм бол?

-Ажил бизнестэй хамаатайгаар түрээсэлдэг гэж анзаарагддаг. Жишээ нь борлуулалтын чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс түрээсэлдэг. Ер нь ямар ч шалтгаан байж болно л доо.

-Түрээсийн сарын төлбөр хэд байх вэ?

-Дунджаар сая орчим төгрөг байх.

-Түрээсийн гэрээ байгуулаад авах уу?

-Түрээсийн гэрээ байгуулаад авна. Энэ төрлийн үйлчилгээг дугаараа хадгалчихсан хэрнээ зарах сонирхолгүй хүмүүс түлхүү сонирхдог. Ийм хүмүүс голчлон дугаараа түрээсэлдэг.

-Танай компани ганцхан 9911 дугаар дээр ажилладаг уу, эсвэл 9909, 9910 гэх мэт дараа төлбөрт дугаарууд руу бас орсон уу?

-Ер нь бол харилцдаг бүх дугаарууд руу орсон.

-Ханшаараа 9911-ийн дараа жагсах дугаар гэвэл ямар дугаарууд байна?

-Эрэмбээр нь жагсаавал 9911-ийн дараа 8811 орно. За тэгээд 9909, 9999 гээд жагсана даа.

-Эрэлт өндөртэй, ханш ихтэй дугаар барихыг сонирхсон хүн байлаа гэхэд хэдэн хувийн урьдчилгаатайгаар худалдаж авах боломжтой вэ?

-Дунджаар 20 хувийн урьдчилгаатайгаар худалдаж авах боломжтой.


Онцлох нийтлэлүүд