ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.10.02 07:10

“Шангрила”-гийн барилга гал унтраах автомат системгүй байжээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас сүүлийн үед гарсан томоохон галын ослын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд энэ сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила” зочид буудлын барилгад гарсан гал түймрийн талаар онцлон ярьсан юм. 

НОБГ-ын гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү хэлэхдээ “Чингэлтэй дүүргийн аврах гал унтраах ангийн хоёр баг 12:49 цагт гарсан түймрийн обьектэд 2.5 км замыг туулж зургаан минутын дотор ирсэн. Анх долоон давхарт гал гарч түймрийн хэт халалтын улмаас цонхны шил хагаран улмаар гадагш нэвтэрч чийгнээс хамгаалах зориулалтаар хийсэн резин шатаж гал дээд давхар руу ассан байсан. Гал асар хурдтай тархаж байсан учраас аврах ангид дахин хүч нэмж гурван ангийн нийт 50 гаруй хүний бүрэлдэхүүн ажилласан. Барилгын эрчим хүч, цахилгааныг тасалсан байсан тул гал унтраах ажиллагаанд хүндрэл учруулж байлаа. Гэсэн ч бид барилга дотор байсан 19 хүнийг аварч гэмтэл бэртэлгүй гаргаж чадсан” гэсэн юм.

Аврагчдыг барилга дотор ороход дээрх 19 хүн галаас зугтан барилгын дээд давхарт гарсан байжээ. Тус барилга нь 24 давхар бөгөөд хуульд заасанчлан есөн давхраас дээш барилгад байх ёстой гал унтраах бүрэн тоноглолт автомат систем байгаагүй гэнэ. Мөн хөөсөнцөр дулаалга, чийгнээс хамгаалах резинэн материал зэрэг нь хурдан шатдаг учраас гал ийнхүү богино хугацаанд газар авчээ. Чухам барилгын хэдэн хувь шатсан эсэх, галын шалтгаан зэрэг одоогоор тогтоогдоогүй бөгөөд Цагдаагийн газрын хэрэг бүртгэх албанд шилжүүлэн шалгаж байгаа аж. 

Манай улсын гал унтраах аврах ангийн тоног төхөөрөмж, техник хангамж хүрэлцэхгүй байна гэдгийг дээрх түймрийн үеэр иргэд ярьж байсан. Энэ талаар НОБГ-ынхны мэдээлж байгаагаар тус албанд 52 метрийн урттай 12 давхарт хүрэх стандарттай шат байдаг байна. Тэд гал гарсан барилгын дотор, гадна талаас усаар шүршин хөргөлт хийж унтрааж чадсан гэдгийг онцолж байсан юм. 

Онцлох нийтлэлүүд