ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.05.19 04:05

Швейцарийн Хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд захирлыг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей  Швейцарийн Хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын  дэд захирал Дийпак Элмерийг өнөөдөр /2014.05.19/  хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Дийпак Элмер Байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд,  хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой  тохиож буй энэ үед  Хөгжлийн хамтын ажиллагаа эхлүүлсний 10 жилийн ой энэ долоо хоногт  давхцаж буйг дуулгасан юм. Мөн тэрээр, Швейцарийн Хөгжлийн агентлаг болон НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар  тодруулж, санал солилцлоо.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, “Нутгийн удирдах байгууллагын чадавхийг хөгжүүлэх”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” зэрэг төслүүд  амжилттай хэрэгжиж буйг онцолсон.  Тэрээр,  төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд олон талт арга хэмжээ зохион явуулж байгааг дуулгаад, тухайлбал, Улсын Их Хурлын хаврын чуулганы завсарлагаанаар Орхон аймагт Хангайн бүсийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, төлөөлөгчдийг  оролцуулсан эрдэм шинжилгээний бага хурал, мөн Төв аймгийн Зуун мод суманд “Хяналтын тухай” хуулийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан гэлээ.


Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хяналтын тухай” хуулийн төслийг төсөл санаачлагчид нь  буцаасан ч дахин өргөн баригдана гэдгийг  УИХ-ын гишүүн А.Бакей онцлон тэмдэглэж,  энэ хуулийн төслөөс гадна “Төрийн албаны тухай” хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгараад байгааг хэлсэн юм.
Ноён Дийпак Элмер Баян-өлгий аймагт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал бодлоо хуваалцаж,  Швейцарийн Хөгжлийн агентлагийн Зүүн Ази хариуцсан газрын дарга ноён Денис Лүтитэй хийх уулзалтын үеэр тус аймагт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд түлхүү анхаарал хандуулахыг   Байнгын хорооны даргаас хүсэв.

Онцлох нийтлэлүүд