ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.05.01 08:05

Шилдэг залуу эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа

Шилдэг залуу эмч нарт жил бүр олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны шагналын эзэд өнөөдөр тодорлоо. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний мэс заслын клиникийн эмч Мэндбаярын Эрдэнэсайхан, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн нэгдсэн тасгийн эмч Дүгэрсүрэнгийн Оюун-Эрдэнэ,Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч, их эмч Хүрэлбаатарын Мөнгөн-Өлзий нар энэ оны шилдгүүд болсон байна. Төрийн тэргүүний нэрэмжит шагналыг тэдэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгөв. 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний мэс заслын клиникийн эмч Мэндбаярын Эрдэнэсайханбөөр шилжүүлэн суулгах болон бөөрний хавдрын мэс заслын арга барилыг чадварлаг эзэмшиж, ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд түргэн шуурхай хүргэн олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулсан бол Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн нэгдсэн тасгийн эмч Дүгэрсүрэнгийн Оюун-Эрдэнэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, чадварлаг үзүүлж, жин багатай, амьсгалын хямралтай нярайд сурфактант эмчилгээ хийх аргыг эмнэл зүйн практикт анхлан нэвтрүүлж эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд өндөр амжилт гаргасан байна. Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч, их эмч Хүрэлбаатарын Мөнгөн-Өлзий зүрхний хэм алдагдлыг бууруулах төхөөрөмжийг өвчтөний биед суулгах, хянах, шинэчлэн програмчлах аргачлалыг нэвтрүүлэх, хөдөө орон нутагт ажиллаж буй эмч нарт алсын зайнаас теле зөвлөгөө өгөх зэрэг эмчилгээ, оношилгооны орчин үеийн арга технологийг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлэн ажиллажээ.

Шилдэг залуу эмч нарт өргөмжлөл, шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тэдэнд хандан товч үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ "Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн гурван залуу эмчид халуун баяр хүргэе. Бөөр, зүрх, хүүхэд зэрэг чухал гурван салбарын эмч шагналын эзэд боллоо.

Монгол Улс өнгөрсөн 20 гаруй жилд олон зүйл дээр амжилт олсон. Түүний нэг нь монгол хүний дундаж наслалт 5-6 жилээр уртассан байна. Энэ амжилтад хүрэхийн тулд Монгол Улсын иргэд эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэж, биеийн тамир спортоор хичээллэдэг болсноос гадна мэдлэг, чадвартай эмч нар олширсонтой холбоотой.

Ерөнхийлөгчийн энэ удаагийн шагналыг гардан авч байгаа гурван залуу эмчдээ баяр хүргэж, та бүхэнтэй хамт ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхан, залуу эмч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Нэрт зохиолч Д.Нацагдоржийн шүлэгт :

"Жаргалан, жаргалан, жаргалан

 Энэ ертөнцийн түмэн жаргалан

 Түүний дотроос чухам жаргалан

 Эрүүл энхийн нэгэн жаргалан" гэсэн байдаг.

Алтан гартай, шилдэг эмч нарын тоо та гурваар нэмэгдэж байгаад баяртай байна. Ажлын амжилт, хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэлээ.

Онцлох нийтлэлүүд