Булангууд
2020.11.13 01:11

Шинжлэх ухаан хэрэглээнд зориулагдсан гэдгийг манай эрдэмтэд мэддэг үү?


Дэлхийд шинжлэх ухааны хөгжил пуужин шиг маш хүчтэй, хурдацтай хөгжиж байна. Өнөөдрийн нээлт маргааш нь шахуу хөрсөн дээр бууж, шинэ шинэ технологиуд ар араасаа цуварч, хүмүүс бид энэ их хурдыг өөрсдөө ч гүйцэхээ больж байх шиг. ямартаа ч , амьдрахад тун амар хялбар болж байна. Энэ бол зохион бүтээгч эрдэмтдийн гавьяа, шинжлэх ухааны хөгжлийн үр дүн юм.

Монгол Улс ч гэсэн шинжлэх ухааныг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзээд тусдаа академи байгуулсан нь өдгөө 100 жилийнхээ ойтой золгож байна. 1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулагдсан нь өдгөөгийн Шинжлэх ухааны үндэс суурь нь болжээ. Тусгай байр савтай, төрөлжсөн хүрээлэнгүүдтэй, төрөөс төсөв мөнгөтэй том газар. Хэдхэн хоногийн өмнө Шинжлэх ухааны академийн их чуулган болж, ерөнхийлөгчөө улираан сонголоо. Шинэ том байрандаа ч нүүж оржээ. Харин тэр зүгээс чихэнд чимэгтэй шинэ мэдээ ойрд сонсогдсонгүй. Шинэ мэдээ гэдэгт манай эрдэмтдийн хийсэн шинэ бүтээлүүд амьдралд хэрэгжиж, Монгол Улсынхаа хөгжилд дусал ч атугай хувь нэмэр оруулж буй мэдээллийг хэлээд байгаа хэрэг. Дан ганц шинжлэх ухааны академи гэлтгүй Шинжлэх ухаан технологийн сан гээд бас нэг том газар бий. Жил бүр шинжлэх ухааны шилдгүүдээ шалгаруулж, чамгүй өндөр шагнал өгдөг ч тэдний дундаас гялалзаж гялтгасан, бидний өдөр тутмын амьдралд нэвтэрсэн шинэ бүтээл байна уу. Гурван жилийн өмнө шинжлэх ухааны шилдэг бүтээлээр шалгарсан “Монгол орны эмийн ургамлаас хорт хавдрыг эмчлэх шинэ арга” одоо ямархуу түвшинд туршилт судалгаа хийгдэж байдаг юм бол. Чимээ байхгүйг бодоход шагналаа аваад зогссон юм болов уу. “Монгол эрдэмтэд хуруу зай үйлдвэрлэлээ” гээд хэсэг шуугьсан. Сайн мэдээ. “Энэ төрлийн хуруу зайнаас 2-3 дахин илүү чанартай” гэж бүтээлээ ярих эрдэмтнээс манай сурвалжлагч “Та нар үүнийгээ хөгжүүлээд приус машины батерей хийх боломжтой юу” гэж асуугаад ам руугаа алгадуулсан. Цөмийн физик, цөмийн энергийн талаар манайхан хавьгүй сайн мэдлэг мэдээлэлтэй. Оросын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн инситутад монгол эрдэмтэд байнга л ажиллаж ирсэн. Гэтэл манайд энэ салбар огт хөгжөөгүй.

Монголын эрдэмтэд онолын шинжлэх ухаанаа илүүд үздэг гэдэг. Дэлхийд алдартай аль нэг сэтгүүлд судалгааны бүтээлээ нийтлүүлэхийг илүүд үзэж, тэр чиглэлд анхаардаг. Том зорилго нь тэр бөгөөд их сургууль, хүрээлэнгийн удирдлагууд ч энэ ажлыг нь илүүтэй дэмждэг байна. Энэ бол онолын шинжлэх ухааны байгууллагын гол ажил нь, эрдэмтний хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх гарц нь мөн. Гэхдээ орчин үед онолынхоос илүү хэрэглээний шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж, улс орнууд түүний ачаар л өндөр хөгжилд хүрч байна. Онолоо ч хөгжүүл, хэрэглээний шинжлэх ухаанаа ч зэрэгцүүлж өндөрт гаргах хэрэгтэй гэдгийг 100 жилийн түүхтэй байгууллага, түүнийг удирдаж байгаа хүмүүс анзаарч бодлогодоо тусгаасай. яг үнэндээ санхүүжүүлье гэхээр олигтой бүтээл манайханд байдаггүй гэж бизнесмэнүүд та нарыг голж байна. Тэгэхээр мөнгө төгрөггүй гэж элдэв зовлон тоочихоо бас больчих хэрэгтэй. Саяхан Хөдөлмөрийн баатар болсон “Монос”-ын Л.Хүрэлбаатар гуай номондоо яг ийм санааг хөндсөн байна лээ. Тухайлбал, “Нэг ургамлыг судлаад шинэ бодис нээлээ, эмчилгээний ийм үйлдэлтэй гэж зарлаад алдаршдаг. Шинжлэх ухааны хувьд яах аргагүй амжилт, шинэлэг зүйл л дээ. Гэтэл нөгөө бодис агуулдаг ургамал нь маш ховор, үйлдвэрлэлийн нөөц бараг байхгүй, тарималжуулах боломж тааруу байдаг. Бас өвчнийг анагаах чадвар нь одоо байгаа эмнүүдээс сул болохоор эм хийх шаардлагагүй тохиолдол ч бий. Нөгөө талаар нээсэн шинэ бодис нь тухайн ургамалдаа маш өчүүхэн хэмжээтэй агуулагддаг болохоор эм хийх талаар бодохын ч хэрэггүй байх талтай. Эм зүй, эм судлалын салбарт ажилладгийн хувьд ийм тохиолдолтой маш их таарч байлаа” гэж бичсэн байна лээ. Байгаа байдлыг нь үнэнээр нь хэлж байгаа нь энэ. Манайхан голдуу ийм л судалгааны ажилд цаг зав, мөнгө төгрөгөө зарцуулж байна.

Ард түмэн юу хүсч байна, Монгол Улсад ямар бүтээл хамгийн хэрэгтэй байна вэ гэдгийг судалж, хэрэглээ тал руугаа хэлбийхгүй бол 100 жил онол яриад бид хөгжсөнгүй. “Манай эрдэмтэд коронавирусийн эсрэг вакцин хийж байгаа болов уу” гэж уншигчид биднээс асуудаг. Асуух ёстой асуулт. Шинжлэх ухааны академи харин энэ асуултад юу гэж хариулах бол.

Арваад жилийн өмнө дэлхийн улсуудын шинжлэх ухааны байгууллагад ажиллаж байгаа залуу эрдэмтэн судлаачдаа Монгол Улс урьсан билээ. Бүр Засгийн газрын хэмжээд аян өрнүүлж, миний мэдэхээр арав гаруй шилдэг залуу эрдэмтэд эх орондоо ажиллахаар ирснийг санаж байна. Өндөр цалин хангамжтай ажлаасаа гарч тэд эх орондоо ирцгээсэн. Харамсалтай нь, тэдний ихэнх нь нэг хоёр жил ажиллаад буцсан. Юм хийх гэхээр өмнүүр нь ороод тэглээд хэвтчихдэг хачин хандлага тэднийг үргээчихсэн гэдэг. Шуудхан хэлэхэд ажиллах боломж олгоогүй юм, тэдэнд.

Хандлагаа өөрчлөх цаг болсон байна, эрдэмтэд минь. Амьдралд буусан, бидэнд хэрэгтэй зүйл хийгээч. Монгол хүний чадвар чансааг харуулсан тийм шилдэг бүтээлүүдээр биднийг гайхашируулаач.

Онцлох нийтлэлүүд