ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2017.09.16 02:09

Шинээр сонгогдсон Буриадын төрийн тэргүүн Алексей Цыденов үнэмлэхээ гардан авчээ

ЗурагБуриадын шинээр сонгогдсон төрийн тэргүүн Алексей Цыденов сонгуульд ялсан болохыг нотлох үнэмлэхээ гардан авчээ. Уг баримт бичгийг гардуулах ёслол баасан гарагт тус бүгд найрамдах улсын сонгуулийн комиссийн байранд болсон байна.

“Сонгуулийн кампанит ажлын төгсгөл процедур бол Буриадын төрийн тэргүүний албан тушаалд нэр дэвшигч, тус улсын сонгогчдын шинээр сонгосон Цыденов Алексей Самбуевич-д сонгуульд ялалт байгуулсан тухай зохих үнэмлэхийг гардуулах явдал юм” хэмээн бүс нутгийн сонгуулийн хорооны дарга Дмитрий Ивайловский уг баримт бичгийг гардуулах үеэрээ хэлжээ.

Мөн тэрбээр, “Буриадын төрийн тэргүүний сонгууль амжилттай болж, үр дүн нь хүчинтэй болсныг хүлээн зөвшөөрсөн” гэдгийг онцлон дурджээ.

А.Цыденов өөрийг нь дэмжин сонгосон сонгогч олондоо талархаж байгаагаа илэрхийлж, сонгуулийн хорооны ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. “Иргэд намайг тодорхой үр дүн гаргана гэж итгэж найдан сонгосон гэж би ойлгож байна. Өндөр итгэл үзүүлж байгаа нь надад маш их хариуцлагыг оногдуулж байна. Одоо хурдтай ажиллах хэрэгтэй байна, иймд бид засагтайгаа гар нийлэн ажиллана гэж бодож байна” гэж А.Цыденов хэлжээ.

Буриадын төрийн тэргүүний шууд сонгууль 15 жил завсарласны эцэст энэ оны 9 дүгээр сарын 10-нд явагдсан юм. Төрийн өндөр албан тушаалд “Оросын коммунист нам”-аас Батодалай Багдаев, Оросын либерал ардчилсан намын Буриадын бүс нутгийн салбарын зохицуулагч Сергей Дорош мөн Буриад улсбн төрийн тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч Алексей Цыденов нар нэр дэвшин өрсөлджээ.

А.Цыденовын төлөө 260 028 сонгогч буюу нийт сонгогчдын 87,43 хувь нь саналаа өгчээ. Буриадын төрийн тэргүүний сонгуулийн ирц 41,6 хувьтай байсан байна. Тус улсын шинээр сонгогдсон төрийн тэргүүний тангараг өргөх ёслол 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаан Үүд хотод болох юм.

Онцлох нийтлэлүүд