ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2014.05.18 01:05

Шинэ жин, дүрмийн өөрчлөлтийн талаар зөвлөмж гаргажээ

Аравдугаар сарын 29-ны өдөр Швейцар улс дахь Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гийн төв байранд тус холбооны Техникийн комиссийн хуралдаан болж бөхийн шинэ жингүүд, бөхийн тэмцээний дүрэмд хийх өөрчлөлтийн талаар тус холбооны Товчооны хуралд өргөн барих зөвлөмжийг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Техникийн комиссийн хурлаар энэ есдүгээр сард Унгар улсын нийслэл Будапешт хотод болсон ДАШТ-ний үеэр авсан болон дараа нь үндэсний холбоодоос ирүүлсэн санал, тэрчлэн сонгомол барилдаан болон эрэгтэй чөлөөт бөхийн жингүүдийг ялгаатай байлгах нь зүйтэй тухай ОУОХ-ны зөвлөмжийг иш үндэс болгон бөхийн жингүүдийг шинэчлэн өөрчлөх асуудлыг хэлэлцжээ. Хурлаар хамгийн түрүүнд хамгийн хөнгөн, хамгийн хүнд жингийн асуудлыг хэлэлцэж эрэгтэй чөлөөт бөхийн хувьд 57 кг-аас 125 кг, сонгомол барилдааны хувьд 60 кг-аас 130 кг, эмэгтэй чөлөөт бөхийн хувьд 48 кг-аас 75 кг байх нь зохимжтой гэж үзжээ. Тэгээд олимпийн жингүүдийн өөрчлөлтийн талаар дараахь зөвлөмжийг гаргажээ. Үүнд

Эрэгтэй чөлөөт бөх 

57, 65, 75, 86, 97, 125 кг

Сонгомол барилдаан

60, 68, 77, 88, 100, 130 кг 

Эмэгтэй чөлөөт бөх 

48, 53, 58, 63, 69 и 75 кг

Техникийн комиссиос ДАШТ-ний хувьд жингүүдийн хоёр хувилбар боловсруулжээ. Нэг дэх хувилбараар төрөл бүрт 8 жин байхаар тухайлбал эрэгтэй чөлөөт бөх 57, 61, 65, 70, 75, 86, 97, 125 кг, сонгомол барилдаан, 60, 68,72, 77, 82, 88, 100,  130 кг, эмэгтэй чөлөөт бөх 48, 53, 55, 58, 60, 63, 69, 75 кг, хоёр дахь хувилбараар төрөл бүрт 9 жин байхаар тухайлбал эрэгтэй чөлөөт бөх 57, 61, 65, 70, 75, 80, 86, 97, 125 кг, сонгомол барилдаан 60, 64, 68, 72, 77, 82, 88, 100, 130 кг, эмэгтэй чөлөөт бөх 48, 53, 55, 58, 60, 63, 66, 69, 75 кг байх зөвлөмж гаргажээ. 

Техникийн комиссиос хурлаас залуучуудын тэмцээний хувьд жингүүдийг төрөл бүрт 10 байхаар үүнд эрэгтэй чөлөөт бөх 50, 57, 61, 65, 70, 75, 80, 86, 97, 125 кг, сонгомол барилдаан 52, 60, 64, 68, 72, 77, 82, 88, 100, 130 кг, эмэгтэй чөлөөт бөх 44, 48, 53, 55, 58, 63, 66, 69, 72, 75 кг байх нь боломжтой гэж үзжээ.

Тус хурлаас шинэ жингүүдийн асуудлыг аль болох түргэн шийдвэрлэх нь шаардлагатай гэж үзжээ. 2015 онд АНУ-ын Лас-Вегас хотод болох ДАШТ-нийг шинэ жингээр явуулахаар төлөвлөж байсан ч бөхчүүдийг шинэ жингүүдэд хурдан дасгах, дасгалжуулагчдын бэлтгэл сургуулилт хийлгэх арга зүйг түргэн өөрчлөхийн тулд ирэх онд Узбек улсын нийслэл Ташкент болох ДАШТ-нийг шинэ жингээр зохиох нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өргөн дэвжүүлжээ.

Техникийн комиссийн хурлаар техникийн үнэлгээг хэрхэн өгөх асуудлыг мөн хэлэлцжээ. Үүнд дэвжээнд шахаж эргүүлэх мэхийг хоёр удаа хийхэд олгох оноо шидэх мэх хийхэд өгөх онооноос илүү байж болохгүй гэж үзэж дэвжээнд шахаж эргүүлэх мэх хийхэд хоёр оноо өгдөгийг хэвээр үлдээж гэхдээ чөлөөт бөхийн төрөлд бүх төрлийн шидэлтэнд олгох оноог 4 хүртэл нэмэгдүүлэх санал гаргажээ. Чөлөөт бөхийн төрөлд 5 хүртэлх оноо авах шидэлт ойрын үед маш цөөхөн гарч байгаа учир түүнийг больж чөлөөт бөхийн төрөлд шидэлтэнд 1, 2, 4 гэсэн оноо олгож байх нь зүйтэй, харин сонгомол барилдаанд шидэлтэнд 5 хүртэлх оноо өгдөгийг хэвээр үлдээх, бусад үнэлгээ нь чөлөөт бөхийнтэй адилхан байх зөвлөмж гаргажээ.  Тэрчлэн оноогоор илт давуу ялалт олгох заалтанд өөрчлөлт оруулж урьд нь өрсөлдөгчөөсөө 7 онооны илүү авсан тохиолдолд барилдааныг зогсоож ялагчийг тодруулдаг байсныг өөрчилж өрсөлдөгчөөсөө чөлөөт бөхийн төрөлд 10 оноо, сонгомол барилдаанд 8 оноо илүү авсан тохиолдолд ялагчийг тодруулдаг байх нь тохиромжтой гэж үзжээ. 

Техникийн комиссийн хурлаас тэмцээний хуваарьт зарчмын өөрчлөлт оруулж тэмцээнийг хоёр өдөрт багтаан явуулж байх, үүнд эхний өдөр хагас шигшээ барилдааныг оруулаад тойргийн болон дагах барилдааныг явуулж хоёр дахь өдөр шувтаргын болон хүрэл медалийн төлөө барилдааныг явуулж байх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргажээ. Тэмцээнийг үдээс өмнө 11.00 цагаас эхлүүлж байх, бөхчүүдийн хоёр барилдааны хооронд дэвжээнд гарах хугацаа 15 минут байсныг 30 минут болгон сунгах болжээ. 

Жин үзэлтийг урьдын адил яг тэмцээн эхлэхийн явуулж сугалааг компьютерийн программ ашиглахгүй, гараар гүйцэтгэдэг байх нь зохимжтой гэж үзсэн байна. Тэмцээний шинэ дүрэм, шинэ жингүүдийг нэвтрүүлсний дараа ДАШТ-ний шувтаргын барилдаанд шалгаран барилдсан хоёр бөхийг дараагийн ДАШТ болон Зуны олимпийн наадамд тухайн ДАШТ, Зуны олимпийн наадамд тухайн улсаас өөр бөх барилдах болсон ч хоёр өөр хэсэгт оруулж байх шаардлагатай гэжээ. 

Тэмцээний үед гарсан эсэргүүцлийг хэлэлцэх журмыг өөрчилж тухайн барилдаанд үйлчилсэн шүүгчдийг тухайн эсэргүүцлийг хэлэлцэн шийдвэрлэхэд оролцуулахгүй, харин тусгай бие даасан комисс байгуулж барилдааны бичлэгийг үзүүлж эцсийн шийдвэрийг гаргуулна гэжээ. 

Онцлох нийтлэлүүд