ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.09.21 12:09

Шнобелийн эздийг тодруулжээ

Шнобелийн эздийг  тодруулах ёслолын ажиллагаа АНУ-ын Харвардын их сургуульд  пүрэв гаригт болсон байна.  Шнобель (Ig Nobel Prize) нь Нобелийн эсрэг  шагнал аж. Шнобелийг хүн төрөлхтөнд ямар ч хэрэгцээгүй, шинжлэх ухааны инээдтэй болоод хошин нээлт хийсэн судлаачид олгодог байна. Уг шагналыг үүсгэн байгуулагч М.Абрхамс “The Annals of Improbable Research” буюу орчуулбал “Ер бусын судалгааны он дарааллын бичиг” хэмээх шинжлэх ухааны шог сэтгүүлийг анх 1991 онд гаргаж байжээ. Жинхэнэ Нобелиос ялгаатай нь 10 төрөлд олгодог байна. Тухайлбал, физик, хими, анагаах ухаан, уран зохиол, энхтайван, эдийн засаг  зэрэг зургаан  төрөл нь Нобелийнхтой адил бол үлдсэн дөрөв нь жил бүр өөрчлөгддөг уламжлалтай. Тухайбал, математик, биологи, инженерийн ажил болон  менежментийн ухааны чиглэлээр шнобельтнуудыг тодруулж байсан байна. Шнобелийг тодруулах ёслолын ажиллагааг 24 дэх жилдээ зохион байгуулсан нь энэ аж. Эрүүл мэндийн салбарт Чех, Япон, АНУ, Энэтхэг зэрэг орны эрдэмтдийн баг хүртжээ. Тэд тэжээвэр муур эзнийхээ сэтгэц болон оюун ухаанд нь  хэр нөлөөлдөг болохыг судалсан аж. Тодруулбал, токсоплазмоз хэмээх амьтнаас хүнд халдварладаг (тэр дундаа муурнаас халддаг байна) шимэгч хорхойн халдвар бүхий өвчнөөр өвчилсөн нэгэн залуу эмэгтэйд туршилт хийжээ. Энэхүү өвчин нь өвчтөний сэтгэцэд хэр нөлөөлж байгааг ажигласан байна. Биологийн салбарын шнобельтноор Чех, Герман, Замбийн судлаачид хүртсэн байна. Нохой хүндрэх газраа сонгохдоо дэлхийн соронзон уртрагийн дагуух орон зайг сонгодог гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. 

Физикийн салбарт Японы эрдэмтдийн баг Шнобелийн эзэд болжээ. Тэд хүний гутлын ул болон гадил жимсний хоорондох хамаарлыг судалж үрэлтийн зэргийг тогтоожээ. Анагаахын салбарт Энэтхэг, АНУ-ын эрдэмтэд дээрх шагналыг хүртсэн байна. Хамраас цус алдах үед ашиглах эмчилгээний аргыг боловсруулсан аж. Тэд утсан гахайн маханд шингээсэн чихээс бүхий тампоныг эмчилгээнд ашиглах аргыг боловсруулсан аж. 

Туйл судлаачид энэ удаад гадуур үлдсэнгүй. Герман, Норвегийн эрдэмтэд цагаан баавгайн арьсаар хийсэн хувцастай хүнийг харсан хойд туйлын буганууд түүнд хэрхэн хандахыг судалжээ. 

Эдийн засгийн салбарт Италийн Улсын Үндэсний статистикийн хүрээлэн гэх байгууллага хүртжээ. Тус байгууллага Европын орнуудын эдийн засгийн талаарх дүгнэлт гаргахдаа биеэ үнэлэгчид, хар тамхи зэрэг хууль бус наймаанаас олсон орлогыг хамруулах нь зүйтэй гэж уриалж байсан юм. Ийнхүү Шнобелийн эздийн туурвисан бүтээлүүд нь нэг талаас инээдэмтэй харагдавч нөгөө талаас нэгийг бодогдуулсан санаа агуулдгаараа онцлог гэнэ. 

Дашрамд дурдахад, өнгөрсөн онд Шнобелийн энх тайвны шагналыг Белоруссийн удирдагч А.Лукашенко олон нийтийг алга ташихыг хориглосон тухай хууль гаргасан. Мөн тус улсын цагдаа нар ганц гартай хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг алга ташсан хэмээн баривчилсан зэрэг нь анхаарал татаж байсан билээ. 

Онцлох нийтлэлүүд