ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.09.10 09:09

Шог зураач Цэвэгийн Байдыгийнх

Ц.Байды зураачийн өрөөний ханаар битүү уран зураг өлгөөтэй байх ажээ. Сүрлэг өндөр цаст уул, цэлмэг хөх тэнгэр, бүдүүн нарс модод, голын эрэг дээрх намар цаг гээд л өнгө будаг нь хосолсон тансагхан зургууд дүүрэн. Зураач маань өөр сүрлэг уулс зураад тун завгүй сууж байв. Ажиглан харахад Алтайн өвөр говийн хотгор хэсэгт орших Ээж хайрхан уулыг зурайтал зурчихсан байх юм. Бага зэрэг улаан шаргал зэс өнгө уусгажээ. Хайрхан уулын наахна талд хэдэн тоорой мод “ургаж” байна. Моддын наахна хот айл нэмээд зурчихвал энэ бүтээл нэгмөсөн гараас нь гарч, эзэнд нь хүлээлгэн өгөх гэнэ. Урт модон ширээн дээр цаас дэлгээд, хажууд нь усан будаг, бийрээ зэхээд орхижээ.

Хана түшүүлээд баахан зураг эгнүүлж, мөн шинэхэн нарсны үнэр ханхийх модон жааз энд тэндгүй харагдах юм. Өглөө Тасганы овоо руу алхаж ирчихээд хоёр ч шог зурагны санаагаа цаасан дээр буулгажээ.

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Урчуудын эвлэлийн шагналт зураач Ц.Байды гуайн гэрт өнжихөөр очсон минь энэ. Гэрийн эзэн “За, та хэд манай гэрийг ганцхан асуугаад олоод ирэх юм аа. Ах нь яахав болсон болоогүй зураад л сууж байна. Өнөөдөр ёстой л зураад баймаар сайхан өдөр байна. Энэ жил ч бороо ихтэй, цэцэг навч алаглан ургасан тун чиг сайхан зун боллоо. Одоо бороо намжаад нар шараад өгөх хэрэгтэй юмсан” гэсээр угтав. Гэрийн эзнээс “За Байды ах, бид хоёр өдөржин танайд байна шүү дээ. Та зураг зурах гээд байхад гээд түвэгшээхгүй юм байгаа биз дээ” гээд асуучихлаа. Тэгсэн өөдөөс хараад инээснээ “Би говийн хүн. Манай говийнхон зочломтгой, бас уур уцааргүй тэнүүн сэтгэлтэй хүмүүс байдаг юм. Та хоёр хоноод явсан ч болно. Яахав өдөржин, шөнөжин хууч хөөрөөд л хоноё” гэх. Ц.Байды зураач энэ жил Хэнтий аймгийн нутгийг хөндлөн гулд туулаад иржээ. Биндэр, Дадал, Батширээт, Цэнхэрмандал, Алтайн цаад говь, Дорнын их тал, Өмнөговь аймгийн Их говийн дархан цаазат нутаг Хэрмэн цав орчихоод ирсэн байна. Хөдөөгүүр зунжин “тэнэсэн” өвгөн зураач уран бүтээлийн өндөр их олз омогтой ирсэн гэнэ. Одоо судалбар зургаа томруулаад зурчихвал уран бүтээлийн цогц үзэсгэлэн гаргах хэмжээний “богц” бий аж. Энэ сардаа багтаад дөрвөн зураачийн Хэнтий аймгийн уул ус, ургамал, хүн, амьтны аж байдлыг дэлгэсэн үзэсгэлэн гарах гэнэ.

ДУНДГОВИЙН НОМОН БАЯНЫ ҮР УДАМ Ц.БАЙДЫ

Ц.Байды зураач Дундговь аймгийн Хулд суманд төрсөн гэнэ. Өөрийнхөө төрсөн он, сар, өдрийг мэдэхгүй гэдгээ хэлж байна лээ. “Манайхан хэнэггүй улсууд байсан юм билээ. Тэгээд намайг хэдэн оны, хэдэн сард төрсөн бэ гэдгийг хэлж өгөөгүй юм” гэв. Тэрбээр “Миний аавын өвөг эцэг Номон гэж их малтай баян хүн байсан юм гэнэ лээ. Тэр л хүний үр удам юм. Номон гэдэг хүний мал, хөрөнгийг төр засаг гурван удаа хурааж авсан. Их заргач, өөрийн гэсэн ламтай, ойр хавийн хийдүүдээс лам залж авчирдаг. Лам нар хэдэн өдөр ном хурж байгаад явдаг байсан гэж манай нутгийнхан ярьдаг байсан. Номон гэх хүн нэг ч хүү байхгүй дандаа охинтой байсан. Ингээд өөрийн багш Равжир гавьжаас энэ их эд хөрөнгийг өвлүүлж үлдээх хүү алга байна. Эд хөрөнгөө охиддоо өгөлтэй нь биш гэж асуусан байгаа юм. Харин нутаг хошуундаа гайхагдсан эрдэм чадалтай Равжир гавьж миний өндөр өвөг Номонд 60 настайдаа танайх хүүтэй болно гэж хэлсэн байдаг. Равжир гавьжийн хэлсэн ёсоор болж, нэг охиноос нь 60 насны босгон дээр хүү төрсөн юм билээ. Лувсандорж гэх хүн гэнэ. Нутаг орондоо бурхан мэт шүтэгдэж явсан миний өвгөн ах Лувсандорж Төвдөд долоон жил бурхан номын мөр хөөж, эх орондоо ирсэн гэдэг. Түүний дараа Номон баяны нэг охиноос хүү мэндэлсэн нь миний аав Цэвэг” хэмээн удам судраа танилцууллаа. Аав Цэвэг нь 30 гаруй жил төрд зүтгэсэн бөгөөд Тээхийн хоршооны дарга, шүүхийн даргаар хүртэл ажиллаж байжээ.

ТҮҮНИЙ АНХНЫ БҮТЭЭЛ НЬ ЭНГЭРТЭЭ ТОМ БӨӨС ЗҮҮСЭН ХҮҮ БАЙЖЭЭ

Ц.Байды гуай Хулд сумын бага сургуульд элсэн суралцсан байна. Хүүхэд байхаасаа л үлгэр, шүлэг, найраглалыг түвэггүй цээжилчихдэг байсан гэнэ. Түүний бага нас Дэлгэрхангай суманд өнгөрчээ. Мөн шог зураач болох эхлэл ч тэнд тавигдсан түүхтэй ажээ. Бага сургуулийн сурагч байхдаа Ц.Байды сурлага сайтай хүүхэд байсан гэнэ. Сургуулийнхаа багш нартай нийлж ханын сонин хийдэг байж. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхгүй, сонин хэвлэл суманд цөөхөн ирдэг байсан учир Ц.Байдыгийн санаачилж хийсэн ханын сониныг багш, сурагчид төдийгүй эцэг, эхчүүд ч ихэд сонирхох болжээ. Тэрбээр хоёр дахь ханын сонин дээрээ сургуулийнхаа гурван сурагчийг “матарлаж” зурсан гэнэ.

Ариун цэврийн үзлэгээр бөөс, хуурстаа баригдсан, сургуулийн дотуур байрны гал тогооны гэрээс боорцог хулгайлсан гурван хүүхдийг зурах үүргийг сургуулийн багш таахай Дашзэвэг гэх багш нь үүрэгджээ. Ц.Байды ханын сонины цаасан дээр нөгөө гурван хүүг шоглоод зурчихсан байна. Боорцог хулгайлсан хүүхдийн хүзүүнд нь боорцог зүүгээд, бөөстэй хүүхдийн энгэрт том бөөс явж байгаагаар зурчихжээ. Ханын самбар дээр тэр шог зураг гарснаас хойш сургууль, сум даяар нэг шуугиан болж. Одоогоор бол жаахан хүү сумандаа сенсааци тарьсан хэрэг. Тэгсэн зургийн эзэн гурван хүү Ц.Байдыг гэртээ харихаар явж байхад нь амдаж байгаад салам зодсон гэнэ. Тэр анхны шог зургийнхаа “шагнал”-ыг зодуулж авч байснаа дурсан ихэд бахдангуй инээж суусан юм. Гэсэн ч жаахан Байды зодууллаа гээд шантарсангүй, харин ч бусдыг шоглох, “матарлаж” зурах хүсэл тэмүүлэл нь улам хатгах болсон гэнэ.

Түүний ах Увс аймагт трактор комбайны курс байгуулагдахад жолооч, орчуулагчаар очиж ажилласан гэнэ. Улмаар ахыгаа дагаж, Увс аймгийн Баруунтуруун суманд очиж, тэнд дунд сургуулиа төгсчээ. Баруунтуруун суманд байхдаа шүлэг, яруу найраг оролдож, бас хошин шогийн зургаа ч зурсаар байжээ. Тэр цаасны булан л олдвол өөрийнхөө санаанд буусан болгоныг зурдаг, түүнийгээ ангийнхан, сургуулийнхаа багш нарт үзүүлж, магтуулдаг байсан гэнэ. Ц.Байды Увс аймгаас цэргийн албанд мордож, их бууны тусгай дивизионы цэргийн клубийн зураач болсон байна. Мөн дивизионыхоо ХЗЭ-ийн Үүрийн дарга гэж байгаа. Цэрэгт байхдаа зохиолч болохоор эргэлт буцалтгүй шийдэж, янз бүрийн шүлэг, найраглал бичих болсон байна. Зураач маань “Хуурддаг, барилддаг хоёр” гэж найраглал бичиж, түүнийгээ “Улаан од” сонинд нийтлүүлж явсан “зохиолч” аж. Хүссэн бүхний шүлэг, найргийг хэвлээд байдаггүй тус сонинд бүтээл нь нийтлэгдсэнд урамшаад шог зургуудаасаа явуулжээ. Гэтэл “Улаан од” сониныхон түүний шог зургуудыг ч нийтлээд эхэлж. Цэргүүдийн идэж байгаа талхаараа шидэлцэж тоглож байгаагаас эхлээд дарга нарынхаа талаар ч шог зураг зурсан байна. Эндээс эхлэн Ц.Байдыгийн нүдэнд янз бүрийн байдлаар өртөж, шог зурагт нь орохгүй гэж цэргийн ангийнхан нь “зугтаах” болжээ. Цэргийн албанаас халагдсан жилээ ОХУ руу Зургийн сургуульд явах өргөдлөө өгсөн байна. Гэвч зургийн чиглэлээр дунд сургуульд сураагүй гээд хасчихсан гэнэ. Улмаар Дундговь аймгийнхаа урчуудын салбарт гурван жил ажиллаж, Урчуудын эвлэлийн хоёр том үзэсгэлэнд оролцож, нас биед хүрсэн зураачидтай өрсөлдөн шагнал авсны хүчинд ардын зураач Н.Цүлтэм Москва хотын Строгоновын нэрэмжит уран сайхны академид түүнийг явуулсан байна.

Ц.Байдыгийн гэр бүл

ХУРАНДААГИЙН ОХИНТОЙ АЙЛ ГЭР БОЛСОН НЬ

Ц.Байды гуайн бага хүү Б.Одонзай их үдийн алдад хүрч ирэв. Тэрбээр аавтайгаа хамт амьдардаг гэнэ. Амралтын өдрүүдэд энэ айл амь орох шиг болж, ач, зээ нар нь цуглараад гурван өрөө байрыг нь буулгачих шахдаг гэнэ. Бусад үед бага хүү Б.Одонзай, Ц.Байды хоёр нам гүмхэн аж төрдөг гэх. Түүнээс эхнэртэйгээ хэрхэн танилцаж байсан тухай нь асуулаа. Тэрбээр “Би их сайхан ханьтай учирсан азтай хүн шүү. Надад дөрвөн сайхан хүүхэд төрүүлж өгсөн хүн. Аймгийнхаа Урчуудын эвлэлд ажиллаж байхад Төв аймгийн Мөнгөнморьт сумаас Гомбожав гэх дэд хурандаа автын байцаагчаар томилогдон ирсэн. Хурандаагийн охин Г.Наранцэцэгт татагдаж хайр сэтгэлээр жигүүрлэн ганц олдох амьдралын түшиг тулгуураа болгосон доо” хэмээн ярив. Түүний гэргий Г.Наранцэцэг нь Дорноговь аймгийн Анагаахын дунд сургууль төгссөн, эх барих бага эмч мэргэжилтэй нэгэн гэнэ.

Мэргэжлээрээ ажиллаж байгаад Монгол кино үйлдвэрт баримтат кинонд багагүй хугацаанд ажилласан аж. Тэрбээр олон зуун баримтат кино бүтээхэд гар бие оролцож байсан нэгэн ажээ. Ц.Байды гуайн том хүүхдийг Б.Одмандал гэдэг. Харин хоёр дахь хүүхэд нь өнөө цагийн уран зураачдын өнгө төрхийг тодорхойлж яваа Б.Одмэргэн билээ. Хүү Б.Одмэргэн нь саяхан уран бүтээлийн томоохон үзэсгэлэнгээ гаргасан. Харин гурав дахь хүүхдийг нь Б.Одцолмон, бага нь Б.Одонзай юм. Ууган хүүхдэдээ Б.Одмандал гэж нэр өгснөөс үүдэн бүх хүүхдэдээ “Од” гэх үгээр эхэлсэн нэр өгсөн хэмээн Байды гуай хуучлав.

Ю.ЦЭДЭНБАЛЫГ “ДОРОМЖИЛСОН” ХЭРЭГ ТУНАЖ, ШОРОНДОРОХ ДӨХСӨН НЬ

Зураач Ц.Байды “Тоншуул” сэтгүүлд ажиллаж эхэлснээсээ хойш дуулиан шуугиан тарьдаг болсон байна. Түүний шог зураг муухан нийтлэлээс илүү хүмүүст хүрдэг тухай уншигчид андахгүй мэднэ. Тэр хошин шогийн мэдрэмж, авьяасаасаа болж эсэргүү хэрэгт шалгагдаж явсан түүхтэй. Бүр улс төрийн хэрэгтэн болж, шоронд орох дээрээ тулж байсан хүнд цаг үе түүнд бий. Ц.Байды Ю.Цэдэнбал даргыг шоглож зурсан хэргээр олон ч удаа НАХЯ-нд байцаагдаж, улс төрийн товчооныхон түүний зурсан зурагтай нь холбоотойгоор хуралддаг байсан гэдэг. “Тоншуул” сэтгүүл дээр гарахаасаа дарга нар үнхэлцэгээ хагартал айж, сандардаг. “Тоншуул” сэтгүүлийнхэн ирлээ” гэхэд хөдөө орон нутгийн ямар ч том дарга хөл алдан гүйдэг байсан түүхтэй” хэмээн ярив. Тэр нэгэн удаа нүдний шил зүүсэн хав нохойг орос эмэгтэй хөтлөөд явж байгаа шог зураг зурсан гэнэ. Мэдээж уран бүтээлч хав нохой хөтөлж яваа орос авгайг хамраа зангидсан их зантай хүнээр дүрслээд зурчихсан байна. Удалгүй түүнийг “Ю. Цэдэнбал даргыг эхнэртээ хөтлүүлж яваагаар шоглож зурсан байна” гэх хэрэг мандаж бөөн асуудал үүсчээ. Ц.Байдыг НАХЯ-ныхан барьж, байцаасан байна. Улс төрийн хэрэгт орж, шоронд орох дээрээ тулсан үедээ тэрбээр “Энэ зураг уран бүтээл. Ямар хүн энэ нохойг Ю.Цэдэнбал даргатай адилхан гэж хэлээд байгаа юм бэ. Тэр хүнээ хэлчих. Тэгж яриад байгаа хүнээ шалга” гээд л дайрчихсан гэнэ. Ингэж нэг өөрийгөө арайхийн хилс хэргээс аварч үлдсэн гэдэг. Ингээд зогсоогүй Увс аймгийнхны талаар, Хөвсгөл аймгийн цаатнуудын талаар зурсан шог зурагнаасаа болж цалингийн хувиар торгуулж, ажлаас халагдах дээрээ тулж байсан үе түүнд бий. Монгол Улсынхаа нэр хүндийг олон улсад гаргаж, шог зургийн уралдаанд түрүүлээд ирснийх нь төлөө түүнийг “Бүтэн сар ажлаа хийлгүй алга болсон” хэмээн шийтгэл амсуулж байсан гэдэг. Мөн цагаан хоолны өдөрт зориулж зурсан шог зурагнаасаа болоод мөн л Ю.Цэдэнбалыг шоглосон хэрэгт дахин унаж, байцаагдаж явснаа дурссан юм. Тэрбээр “Нийгэм өөрчлөгдөөгүй байсан бол би шоронд орох байсан. Гэхдээ “Тоншуул” сэтгүүлд ажиллаж байснаараа бахархаж, сайн сайхнаар боддог. Монголын алдар цуутай зураачид, зохиолчидтой ойр ажиллаж, маш дотно танилцсан. Ц.Дамдинсүэн, Б.Ринчен гуайтай долоо хоног бүр уулзаж, үг яриаг нь сонсоход ямар ч академид сурснаас илүү байсан. Б.Явуухулан, Ц.Гайтав, Ч.Чимид, Х.Пэрлээ, Ц.Доржготов, Ж.Шагдар, Ж.Барамсай, А.Гүрсэд нарын мундаг хүмүүстэй ойр байсан нь их аз завшаан шүү. Манай сэтгүүлийн Н.Иштавхай, Ж.Барамсай, Ц.Доржготов нараас дарга нар их айдаг байсан даа” хэмээн ярив.

Ц.Байды гуай оюун санаанд нь ургасан бүтээлээсээ болж сав л хийвэл ажлаасаа халагдчих гээд байдаг хүнд хэцүү цаг үеийг туулж явснаа учирлав. Ганцхан жишээ хэлье гэснээ “Хойно хамт сурч байсан орос найзыгаа нисэх онгоцны буудал дээр үдэж байтал өнөөх маань цүнхнээсээ архи гаргаж ирээд “Сайхан нөхөрлөлийнхөө төлөө” гээд задалдаг юм байна. Түүнээс нь хүртчихээд, найзыгаа үдчихээд ажлаасаа хоёр цаг гаруй хоцроод очлоо. Гэтэл ажлаас халах дээрээ тулж, хуралдлаа. Яг хурлын үеэр Ц.Намсрай эрхлэгч ирж учир байдлыг асуугаад “Та нар битгий ингэж сүржигнэж бай. Та нарт ЗХУ-д найзтай хүн байна уу. Энэ хүн найзыгаа л гаргаж өгчихөөд ирсэн байна. Энэ буруу зүйл биш” гээд авч үлдэж байсан даа” хэмээн дурсав.

ДЭЛХИЙД ШОГ ЗУРГААРАА АЛДАРТАЙ Ц.БАЙДЫ

Шог зургийн эх мастер Ц.Байды Монголдоо төдийгүй дэлхийд нэр алдар нь түгсэн шилдэг уран бүтээлч. Дэлхийн олон орны зураач “Монголын Ц.Байды шог зургийн мастер” хэмээн үнэлсэн байдаг. Тэрбээр “Ардын засгийн төлөөлөгч”, Хаалга шинэтгэсний баяр зэрэг бүтээлүүдээрээ 1981 онд Москва хотод болсон олон улсын үзэсгэлэнгээс хүрэл медаль, 1985 оны “Хүн байгаль” олон улсын уралдааны тэргүүн байр гээд олон улсад болж буй уралдаанаас шагнал бүрийг “түүчихсэн” байдаг. БНХАУ, Япон, Солонгос, АНУ, Итали, Франц, Англи гээд олон оронд үзэсгэлэнд оролцсон нь түүний хувьд хоббигоороо тив дамнан аялж буй нэгэн бахархал нь.

МУГЗ цол хүртэж байгаа нь. 2005 он

Түүнийг 2005 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнасан билээ. Ц.Байды гуай өдгөө 80 нас руу дөхөж явна. Нас бол тоо гэдгийг тэрбээр тод томруунаар харуулж байгаа нэгэн. Тэрбээр 03:00 цагт босч, өдөр дунд хүртэл зурдаг байна. Гэрийнхээ энэ өрөөнд уран бүтээлийн авьяас билгийн сор болсон бүтээлүүдээ бүтээсээр сууна. Ц.Байды гуай “Муу зураач олон зурагтай байдаг юм гэсэн. Ах нь уран зураг олныг зурж байгаа. Тэгэхээр би муу зураач гэсэн үг. Сүүлийн үед залуу зураач нар сайхан зурж байна. Гэхдээ яг л нэг өнгө гаргаад зураг зураад байх юм. Бүх зурагны тэнгэрийн өнгө нь яг адилхан байдаг болчихсон байна. Ижил юм олшрох ч тухайн хийгээд ирээдүй цагтаа ихээхэн хор хөнөөлтэй байж мэдэх юм шүү” хэмээсээр биднийг үдэн гаргалаа.

Намрын зөөлөн бороо шивэрсэн энэ өдрүүдэд Ц.Байды гуай өнгө будгийн төдийгүй оюун сэтгэхүйн их гайхамшгийг мэдрүүлсэн олон зураг бүтээх биз ээ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд