ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2015.05.24 05:05

Шоронгийн буурин дээр цэцэгс алаглах цаг айсуй

Зайсангийн дамжин, хүүхдийн хорих ангиудын газрыг үл хөдлөх хөрөнгөтэй нь дуудлагаар худалдахаар болсон билээ. Тодруулбал, Засгийн газрын 2014 оны 188 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2015 оны 108 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хорих 401, 411 дүгээр ангийн үл хөдлөх хөрөнгийг хамгийн өндөр үнэ санал болгосон хуулийн этгээд, хувь хүнд үе шаттай хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн. Уг хорих ангиуд нь Улаанбаатар хотын зүрхэнд буюу Зайсангийн байгалийн сайхан бүрдсэн бүсэд, тансаг хороолол дунд байдаг. Нийт 5.3 га газар, 29 үл хөдлөх хөрөнгөтэй. Тоочвол, дамжин өнгөрөх хорих ангийн спорт заал, эмнэлгийн хоёр давхар барилга, сургуулийн зориулалттай байшин, тэдгээрийг дагалдсан барилга байгууламжууд тэнд бий. 1958 онд ашиглалтад орсон уг барилга, байгууламжуудыг 5.3 га газартай нь хамт худалдах доод үнэ нь 9.75 тэрбум төгрөг. Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ нь 1.95 тэрбум төгрөг байх шийдвэр гарсан байдаг. Энэ сарын 20-ны өдөр болсон дуудлага худалдаанд оролцогч ирээгүй аж. Тиймээс ТӨХ дахин хуралдаж, дуудлага худалдааны тов зарлахаар болжээ.

Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дахь МУИС-ийн урд талд байдаг Үндэсний төв архивын барилгын дуудлага худалдаа өчигдөр болсон ч мөн л оролцогч ирсэнгүй. Архивын ерөнхий газрын контор (Үндэсний төв архив) 1960 онд ашиглалтад орж байсан бөгөөд гурван давхар, 3528 метр.кв талбайтай. Төв инженерийн шугамд холбогдсон, 2711 метр.кв газрын эзэмших гэрчилгээтэй. Төрийн өмчийн хороо уг барилгын доод үнийг 6.3 тэрбум төгрөг байхаар тогтсон бөгөөд дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээг 1.2 тэрбум төгрөг гэж зарласан билээ. Үндэсний архивын газрын шинэ цогцолбор ашиглалтад ороход хуучин барилгыг нь ялагчид хүлээлгэн өгөх нөхцөлтэй дуудлага худалдаа зарласан.

Улаанбаатар хотын А зэрэглэл, хамгийн ашигтай бүсэд байрлалтай дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг худалдах нь улсад мөнгө олох том боломж. Үүнээс илүүтэй хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа навтгар, гоо зүйгүй барилгуудын оронд том бүтээн байгуулалт өрнүүлэх боломж бүрдэж байгаагаараа ашигтай. Худалдаж авсан иргэн, компани нь нийслэлийнхээ өнгө үзэмжийг дээш татахуйцбасхүү ихээхэн ашигтай бүтээн байгуулалт хийх боломж байна.

Зайсанд байдаг хоёр шоронгоор жишээ авъя. Хотынхоо хамгийн сайхан бүсэд шорон байлгана гэдэг манайхны иргэншээгүйг харуулж байгаа юм. Шорон байсан газрыг худалдаж аваад диваажин байгуулах хэрэгтэй. Диваажин гэхийн учир нь Зайсан орчим өөрөө байгалийн төгс бүтээл. Хотын төвтэй хамгийн ойр, байгалийн үзэсгэлэн бүрдсэн Зайсангийн ам монгол туургатангуудын нэр хүндийн илэрхийлэл. Дархан цаазат Богдхан уулын хормойд Зайсан гол хоржигнон урсч буй. Уул ус, ургамал модтой ойр, чийглэг зөөлөн уур амьсгалтай тав тух бүрдсэн хэсэгхэн газар хэн бүхний харааг булааж байдаг билээ. Ийм орчинд 5.3 га газар гэдэг бол диваажин байгуулж болохуйц боломж. Монголын “Ганнам стайль”-ийг тэнд бүрдүүлэх хэрэгтэй. Сөүлийн Ганнам дүүрэг ердөө 39.5 км.кв газар нутагтай. 600 шахам мянган хүн амтай эл бичил дүүрэг цэвэр цэмцгэр, баячуудын хороолол гэдгээрээ ялгардаг. Тэндэхийн байрны нэг метр.кв нь 6-10 мянган ам.долларын үнэтэй. Солонгосын том компаниудаас “Хьюндай”, “Ханкүүк”, “Кепко”, “GS” группийн төв оффис байдгаас гадна “IBM”, “Тоёота”, “Google” зэрэг дэлхийн нэртэй компаниуд ч Ганнам дүүрэгт салбараа нээсэн.“Inquirer” сэтгүүлд бичсэнээр эл дүүрэгт амьдардаг хүмүүсийн нийт хөрөнгө Өмнөд Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцдэг гэнэ лээ. Тус дүүрэг нь 30 гаруй жилийн өмнө хөглөрсөн их хогтой, арван давхраас илүү барилгагүй,хүмүүс нь хашаандаа төмс, ногоогоо тарьдаг. Мал аж ахуй, загас агнуур л хөгжсөн газар байж. 1980-аад оны сүүлчээр Сөүлд том үйлдвэр, худалдааны төвүүд олноороо нээгдэж Ганнам дүүрэг хамгийн утаа багатай хэсэгт тооцогдох болж. Баячууд үйлдвэрийн утаанаас зугтаж, Ганнам дүүрэг рүү нүүж, тэнд тансаг хаус нүд хужирлах болжээ. Баячуудыг дагаж тансаг хэрэглээ ч тэнд бий болж. Сөүлийн хамгийн тансаг ресторан, худалдааны төв, амралтын төвүүд тэнд байгуулагдсан түүхтэй. Өдгөө Ганнам Беверлие Хиллс болон Калифорниан нэгэн адил баян чинээлэг амьдрал, тансаг зэрэглэлийн дүүрэг болж чадсан. Тэнд амьдарч, ажиллах нь нэр хүндийн илэрхийлэл болсон билээ. Тэндэхийн цэвэр агаар, цэмцгэр байдал, тохижилт гайхамшигтай гэж жуулчид үнэлдэг. Ганнам дүүргийг Зайсантай харьцуулах олон зүйл бий. Зайсан Улаанбаатарын хамгийн цэвэр агаартай бүс гэдгээрээ хамгийн түрүүнд Ганнамтай төстэй. Ганнамын зүүн талаар Хан мөрөн урсдаг бол Зайсангийн хойд талд Туул гол, дундуур нь Зайсан горхи урсаж байгаа. Баруун талдаа Зайсан толгой, Зүүн талд Их тэнгэрийн амтай. Тэндэхийн орон сууц, хауснууд Монголд хамгийн үнэтэй. Тэр хэрээр баячууд төвлөрч Ганнамтай төстэй болж байгаа. Мөн томоохон үйлчилгээний цогцолбор, худалдааны төвүүд Зайсанд төвлөрч буй. Ийм бүсэд том хэмжээний газар авна гэдэг ашигтайгаас гадна, ирээдүйтэй наймаа. Одоо Зайсанд дунд сургууль, цэцэрлэгт хүрээлэн дутагдаж байгаа. Шоронгийн буйран дээр цэцэгс алаглуулж, хажууханд нь сургууль байгуулж, тансаг зэрэглэлийн хороолол барьчихвал аяндаа хараа булаана. Хүүхдүүд нь гэрийнхээ хажуудах сургууль сурч, аюулгүй орчинд цэцэгс алагласан цэцэрлэгт хүрээлэнд тоглох боломжийг бүрдүүлээд өгчихвөл Монголын мөнгөтэй, чинээлэг бүхэн тийшээ зүтгэх нь гарцаагүй. Хийж бүтээсэн, мөнгөтэй чинээлэг хүмүүс амьдарч байгаа орчноо өөд нь татаж, улам бүр тансаг болгодог нь Ганнам, Беверлие Хиллсийн жишээнээс харагддаг. Зайсан ч тэднээс дутахааргүй цэвэрхэн, тансаг бүс болно. Одоогийн Зайсан дээр нь, шорон байгаа том газрыг диваажин шиг тохижуулчихвал нийслэлчүүд төдийгүй монгол туургатны бахархал болно. Бүгд Зайсан руугаа шуурдаг болно. Ийм том боломжийг ТӨХ-ноос зарласан дуудлага худалдаа олгож байна. Ирээдүйгээ томоор хардаг бизнес эрхлэгчдэд энэ дуудлага худалдаа асар их өгөөжтэй. Барилгын компаниуд, бизнес эрхлэгчид нийлээд авахад ч үнэ цэнээ алдахгүй. Баячуудын амьдардаг, тансаг хорооллыг тэнд бий болгосноор бизнес эрхлэгчдэд төдийгүй Монголын эдийн засагт өгөөжөө өгөх юм. Үүний нөгөө талд төр ашигтай байрлалтай газар, үл хөдлөх хөрөнгөө зарж үнэд хүргэж мөнгө олж байгаа нь сайн талтай. Өмнө нь Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байрыг ТӨХ-ны дуудлага худалдаагаар зарсан. Яам нь татан буугдсаны дараа байрыг нь хүүхдийн эмнэлэг болгохоор судалж боломжгүйг мэдсэний дараа дуудлагаар худалдахаар болсон. Таван тэрбум төгрөгөөс эхэлж дуудсан дээрх хөрөнгийг ХААН банк 6.7 тэрбум төгрөгөөр авсан билээ. Худалдаж авсан тал тэндээ том бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж буй. Энэ жишгээр Зайсан дахь хоёр шорон, Үндэсний төв архивын барилгуудыг газартай нь зарж, том бүтээн байгуулалтыг эхлүүлэх цаг иржээ. Шоронгийн буйран дээр цэцэгс алаглах цаг айсуйг дамжин өнгөрөх, хүүхдийн хорих ангиудын дуудлага худалдаа харуулж байна.

Б.Цэцэгдэлгэр

Онцлох нийтлэлүүд