ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2019.01.11 04:01

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл эрдэмтдийг хүлээн авч уулзлаа


Шинжлэх ухааны салбараас гадаадын улс орнууд төдийгүй дотоодынхоо томоохон шагнал хүртсэн эрдэмтдийг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Өнгөрсөн онд академич Р.Барсболд “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть цувралыг бүтээсэн эрдэмтдийн хамт Төрийн шагнал, академич Д.Төмөртогоо Япон Улсын Засгийн газрын “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон, академич Д.Доржготов Монгол Улсаас анх удаа ОХУ-ын газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медаль, академич Л.Болд Туркийн Шинжлэх ухааны академийн 2018 оны шагнал, доктор О.Самбуудорж Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол тус тус хүртсэн юм.

Уулзалтын үеэр эрдэмтдийг "ШУА-ийн "Бидний бахархал" өргөмжлөлөөр өргөмжилсөн бөгөөд тэдний сэтгэгдлийг хүргэж байна.

Академич Р.Барсболд: Манай улсын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг уул уурхайд геологи хамгаас чухал. Дэлхий дээр ус, хайрга хоёрыг хамгийн ихээр хэрэглэж байна. Байгалийн нөөц, баялгийг зөвөөр ашиглахад геологийн шинжлэх ухаан хэрэгтэй. Бидний судалгаа нь эртний, өнөөгийн судалгааг нэг дор болгосон тул энэ салбарт ажилладаг, мэргэжлийн хүмүүст маш дөхөм болно.

Академич Д.Доржготов: Монгол Улсын үндэсний атлас 1990, 2008 онд хэвлэгдсэн. Үүнийг шинэчлэн англи болон монгол хэлээр хэвлэхээр ажиллаж байна. Үндэсний атлас нь өнөөгийн Монгол Улсын нийгэм эдийн засаг, соёл, археологи, түүх зэргийг харуулна. Хоёрт, Монгол Улсын хөрсний судалгааны талаар уулархаг нутгийн хөрс, тал хээрийн хөрс, говь нутгийн хөрс гэсэн гурван боть ном бичнэ.

Академич Л.Болд: Би монгол нутагт байгаа турк үндэстний хэл, аялгууг хэл шинжлэлийн үүднээс судалсан. Энэ онд эртний Турк бичгийн талаар хоёр ном гаргахаар ажиллаж байна. Үүний нэг нь эртний Турк хааны хөшөөний бичгийг орчуулах, хоёрт, Монгол нутагт байгаа турк бичээсийг бүртгэх юм.

Онцлох нийтлэлүүд