Нийгэм
2021.02.24 03:02

ШУА-ний гишүүн сонгох сонгуульд 12 эрдэмтэн бүтээлээ танилцуулж байна

ШУА-ийн ээлжит Их чуулган маргааш болно. Тус хурлаар ШУА-ийн 2020 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, мөн ШУА-ийн шинэ гишүүдийг сонгох юм.

ШУА-ийн гишүүн сонгох сонгууль 2 жилд нэг удаа явагддаг бөгөөд энэ жил дараах 12 эрдэмтэн нэр дэвшлээ. Эдгээр эрдэмтэд өнөөдөр бүтээлийнхээ танилцуулгыг хийж байна.

Монголд төдийгүй дэлхийд данстай эдгээр эрдэмтдийн шинжлэх ухаанд оруулсан бодит үр дүн, эрдэм шинжилгээний бүтээлээс товчлон танилцуулж байна.

ЦЭНДИЙН БААТАР /Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор/

Тэрээр 1993 онд “Хятадын шинэчлэлийн бодлого: Өвөр Монголын нийгэм-эдийн засгийн хөгжлийн зарим асуудал” сэдвээр түүхийн ухаанаар боловсролын доктор, 2007 онд “Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааг төлөвшүүлэх арга зам” сэдвээр эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

ЦЭДЭНДАМБЫН БАТБАЯР /Түүхийн шинжлэх ухааны доктор/

Ц.Батбаяр нь ХХ зууны Монголын түүх, ялангуяа гадаад харилцаа, геополитикийн судалгааг чанарын шинэ шатанд гаргах, бүс нутаг болон олон улсын түвшинд хүргэх зорилгоор монгол, орос, англи, хятад, япон зэрэг олон хэлээрх дэлхийн олон оронд хадгалагдаж буй Архивын анхдагч эх сурвалжийг түүх, геополитикийн үүднээс судалж, онол арга зүйн шинэ шийдэл, хандлагыг бий болгож, томоохон суурь бүтээлүүд туурвиснаар өөрийн гэсэн дэг сургууль бий болгох ажлын суурийг тавьсан.

ЗАЯАТЫН БАТСҮХ /Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор (ScD), профессор/

Тэрээр 1997 онд “Адууны ходоод гууртах өвчний үе дэх эзэн шимэгчийн хоорондох харьцааны онцлогийг судалж, тэмцэх арга хэмжээ боловсруулсан нь“ сэдвээр биологийн ухааны доктор (PhD)-ын зэрэг, 2010 онд “Адууны ходоод гууртах өвчний үе дэх дархлааны онцлогийг судалсан дүн” сэдвээр Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор (ScD)-ын зэрэг хамгаалсан. 2007 онд ХААИС-ийн дэд профессор, 2014 онд профессор цол хүртжээ.

ГОМБОДОРЖИЙН БАТХҮРЭЛ /Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор/

Тэрээр 1997 онд доктор (Ph.D) зэрэг, 2011 онд эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалжээ. Г.Батхүрэл нь эрдэм шинжилгээний бүтээл нийт 169, бичсэн ном сурах бичиг 29, редакторласан ном, бүтээл 21, монографи 21, нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл 92 үүнээс гадаадад 21, эрдэм шинжилгээний илтгэл нийт 56 үүнээс гадаадад 8 бүтээлийг бичиж хэвлүүлсэн, зохиогчийн эрхийн гэрчилгээ 10, удирдаж хамгаалуулсан доктор 16, зөвлөхөөр нь ажиллан докторын зэрэг хамгаалуулсан 19, нийт 35 эрдэмтэн төрүүлсний зэрэгцээ, олон улсын 3, гадаадын их сургуулийн хамтарсан 4, нийт 7 төслийн удирдагч, багийн гишүүнээр ажилласан.

ЖАВЫН ДАВААСАМБУУ /Физик-математикийн шинжлэх ухааны доктор/

Тэрээр 2003 онд ХБНГУ-ын Потсдамын Их Сургуулийн Физикийн Институтэд гадны цахилгаан орны нөлөөгөөр пьезоэлектрик кристаллд явагдах бүтцийн өөрчлөлтийн механизмыг судалж докторын (Dr.rer.nat) зэрэг хамгаалсан. 2020 онд физик-математикийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэргийг “Кристалл дахь фазын шилжилтийн синхротрон цацрагийн болон нейтроны сарнилын судалгаа” сэдвээр диссертац бичиж хамгаалжээ.

БЭГЗСҮРЭНГИЙН ДАГВАЦЭРЭН /Анагаахын шинжлэх ухааны доктор (ScD), профессор/

Б.Дагвацэрэн нь 1983-1985 онд ОХУ-д “Дөрөвт исэлдсэн паримаданы зарим шинэ уламжлалын психофармакологийн судалгаа” сэдвээр анагаах ухааны дэд доктор, 1995 онд “Монгол-Төвдийн уламжлалт анагаах ухааны онол арга зүйн үндсэн зүй тогтол” сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

ЦЭВЭЭНИЙ НАНЗАД / Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор/

Ц.Нанзадын нийт бүтээлийн тоо илтгэлүүдийг нэмж тооцвол 463 бөгөөд эрдэм шинжилгээний өгүүлэл 184 үүнээс гадаадад 46, дотоодод 138 хэвлүүлсэн, илтгэл 101 үүнээс гадаадад 22, дотоодод 79-ыг хэлэлцүүлсэн, нэг сэдэвт бүтээл 15, сурах бичиг 13, гарын авлага товхимол 26, эмхэтгэж редакторласан бүтээл 49, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэм шинжилгээний тайлан 41-ийг туурвисан, оновчтой санал, ашигтай загвар, зохиогчийн эрх 34, гадаадын шинжлэх ухааны хоёр академийн гишүүнчлэлтэй эрдэмтэн юм

САМДАНГИЙН НАРАНТУЯА /Химийн шинжлэх ухааны доктор, профессор/

С.Нарантуяа нь судалгаа шинжилгээний ажил хийж эхлэхээсээ урт хугацааны зорилтоо - Ургамлын бодисын химийн судалгаа болон бодлогын судалгааг олон улсын түвшинд хийж Монгол улсын нэрийг олон улсад гаргах гэж тодорхойлон дараах үр дүнд хүрчээ

ЖАДАМБААГИЙН НОРОВСҮРЭН /Биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D)/

Ж.Норовсүрэн нь 2001 онд ” Почвенные актиномицеты редких родов в основных экосистемах Монголии”” сэдвээр микробиологийн чиглэлээр (03.00.07) биологийн ухааны дэд эрдэмтний (Ph.D) зэрэг, 2007 онд “Экология редких родов актиномицетов в почвах Монголии и их роль в почвообразовании” сэдвээр хөрс судлал, микробиологийн чиглэлээр (03.00.27 ба 03.00.07) биологийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг тус тус хамгаалжээ.

НОРОВСАМБУУГИЙН ТОГТОХБАЯР /Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор/

Н.Тогтохбаяр нь “Ойт хээр, хээрийн бүсийн алаг өвс-үетэнт бэлчээрийн ургамлын тэжээллэг чанар” сэдвээр 1995 онд доктор (Ph.D)-ын, “Монгол орны нөхцөлд тэжээлийн шимт чанарыг солилцлын энергиэр үнэлэх нь” сэдвээр 2005 онд доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалжээ.

НАНЖИЙН ЭНХБОЛД /Биологийн шинжлэх ухааны доктор (ScD), профессор/

Тэрээр газар тариалан, ургамал хамгаалал, бэлчээрийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр 32 жилийн турш судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэж, 300 гаруй бүтээл туурвижээ. Доктор (Ph.D) 4, магистрийн 6 ажлыг удирдаж, 3 шүүмж бичиж, нэгэн сэдэвт бүтээл, ном, сурах бичиг 19-туурвиж, 5 ном хянан тохиолдуулж, эрдэм шинжилгээний илтгэл 37, эрдэм шинжилгээний өгүүлэл 100, үүнээс импакт фактортай сэтгүүлд 5- өгүүлэл хэвлэн нийтэлжээ. Шинэ бүтээл, ашигтай загвар 16, стандарт технологи 13-ыг батлуулж, бодлогын баримт бичиг 3, заавар, зөвлөмж 21-ийг боловсруулж, судалгааны төсөл, шинжлэх ухаан, технологийн төсөл 21-ийг хэрэгжүүлсэн байна.

БАЛГАНЫ ЭРДЭНЭБАТ /Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор/

Б.Эрдэнэбат нь 1981 онд “Техникийн ухааны дэд эрдэмтний”, 1994 онд “Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын” зэрэг тус тус хамгаалсан.

Онцлох нийтлэлүүд