ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2018.02.15 11:02

ШУУД LIVE: Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна

НЭМЭЛТ: Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа өндөрлөж, долоогийн даваа эхэллээ. Их шөвөгт улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгаран үлдэв.

Зургаагийн даваанд улсын аварга Ч.Санжаадамба улсын заан Б.Батмөнхийг давж, улсын арслан П.Бүрэнтөгс улсын харцага Цацабширийг орхиж, улсын арслан Ц.Содномдорж улсын заан Н.Түвшинбаярыг, улсын харцага Б.Бат-Өлзий Т.Баасанхүү харцагыг тус тус өвдөг шороодуулан их шөвөгт шалгарч үлдлээ.

НЭМЭЛТ: Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ. Энэхүү даваанд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, улсын заан Б.Батмөнх, Н.Түвшинбаяр, улсын харцага Цацабшир, Б.Бат-Өлзий, Т.Баасанхүү нар шалгарч үлдээд байна. Үүнээс улсын харцага Б.Бат-Өлзий, Т.Баасанхүү нар тунан үлдэж, хүч үзэж байна.

17 жарны "тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан эхэллээ. Уг барилдаанд улс аймгийн алдар цолтой аварга арслан гарьд заанууд бүгд барилдахаар Монгол бөхийн өргөөнд иржээ. Улсын аваргуудыг магнайлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр, арслангуудыг магнайлж, Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс, гарьдуудыг магнайлж, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, заануудыг магнайлж, Увс аймгийн Тэс сумын харьяат улсын заан Д.Бумбаяр, харцагуудыг магнайлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ш.Уламбаяр, начингуудыг магнайлж, Булган аймгийн Могод сумын харьяат улсын өсөх идэр, өргөн дэлгэрэх начин Э.Энхбат нарын хүчит 256 бөх зодоглож байна.


Наадмаас хойш заалны нэг ч барилдаанд ороогүй Ц.Содномдорж арслан хүртэл уран мэхийг уралдуулан хийхээр ирсэн харагдав. Түүнээс гадна яг одоо идэвхтэй барилдаж байгаа бүх аварга, арслан, гарьд, заан цолтонгууд нээлтэнд жагсаж, гандан тэгчилэн хийдийн лам нар 4 уулаа аргадаж ном уншсанаар өнөөдрийн барилдаан ийнхүү эхэлж байна.


Хүчит 256 бөх зодоглож, наадмаас дутахгүй чансаа өндөртэй болдог уг барилдаан 1963 оноос тасралтгүй зохиогдож байгааа бөгөөд анх 64 бөх барилддаг байсан бол 1971 оноос 128 бөх 1991 оноос 256 бөх барилддаг уламжлал тогтоод байна.

Өнгөрсөн жил болсон уг барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, тухайн үед аймгийн арслан байсан одоогийн улсын харцага байсан О. Хангай үзүүрлэж байсан. Түүний хувьд улсын цолгүй байхдаа түрүүлсэн анхны бөх юм. Цэргийн хурц арслан цолтой байхдаа тэрбээр түрүүлснээс хойш 3 удаа түрүүлээд байгаа юм.

Тэгвэл бүх цаг үеийн түүхэнд дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1988-2002 оны хооронд 15 жил дарааллан шөвгөрч дээд амжилт тогтоосон байдаг байна. Харин Х.Баянмөнх аварга 18 удаа шөвгөрч байсан нь хамгийн олон удаа шөвгөрсөн тохиолдол юм.

Одоогийн байдлаар Хэнтий 13 түрүү, Төв 12 түрүү, Увс 11 түрүү, Өвөрхангай Архангай аймгууд тус тус 5 түрүү аваад байна.

Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тухайн жилдээ баяр наадамд түрүүлсэн тохиолдол 22 удаа давтагдаж байсан бөгөөд хамгийн сүүлийн жишээ нь аварга Г.Эрхэмбаяр билээ.


Онцлох нийтлэлүүд