ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.09.21 12:09

ШХАБ-ын онцолж очсон Тажик

Саяхан Тажикистаны нийслэл Душанбед Монгол, Орос, Хятадын Ерөнхийлөгч уулзсан нь түүхэнд анх удаа гэж тэмдэглэгдэж буй. Энд ШХАБ-ын орнуудын төрийн тэргүүний 14 дэх удаагийн уулзалт мөн болсон. Тиймд Монгол Улстай холбоотой түүхийн гэрч болохын зэрэгцээ ШХАБ-ын онцолж очсон Тажикистан улс, Душанбе хотыг энэ удаа танилцуулъя. 

Тус орны тухай товч өгүүлэхэд одоогоос 23 жилийн тэртээ ЗХУ задрахад Бүгд Найрамдах Тажикистан улс болон тусгаар тогтносон. МЭӨ онуудад Согд, 1000-аад онд Саман гээд перс хэлтнүүд дундад Азийн энэ бүсэд оршин тогтносоор иржээ. Киргиз, Узбек, Афган, Хятад улсаар хүрээлүүлэн буй тажикууд бараг найман саяулаа. Ерөнхийдөө өндөр уулын орон гээд хэлчихэд хол зөрөхгүй. Нийт нутгийн 90 хувь нь уул, нуруудаас тогтсон байх агаад бараг тэн хагас нь далайн түвшнээс дээш 3000 метр өндөрт өргөгдсөн байдаг ажээ. Монголчуудын хувьд тажикууд нь Чантуу угсаатан бөгөөд Тэнгэр уулын муж, Памирын нуруу эх захгүй үргэлжилж Амударья гол ч харьяалагдана. Энд Түргийн хэлхээ холбоотнууд буюу Монгол цусны Узбек үндэстэн ч тодорхой тоогоор аж төрдөг ажээ.

Улсын 60-аас илүү хувь нь ядуугаас доогуур орлоготой гэсэн мэдээлэл дэлхийд цацагдсан байдаг. Гэтэл мал аж ахуй, жимс, жимсгэнийн тариалалт өндөр хөгжиж ан амьтан, ой мод, зарим эрдэс баялгийн нөөц ихтэй. Ялангуяа үнэт чулуу, ашигт малтмал, эрдсийн олон том ордтойн дээр дэлхийд үнэлэгдсэн олон арван очир алмааз энэ л бүсээс олдож байсан удаатай аж. Тийм атал хөгжлөөрөө Монголоос даруй 15-20 жилийн ард явна уу гэлтэй. Гадаад өрийн бодлого алдагдсанаас нутаг орныхоо 45 хувийг Хятадад өгөх шийдвэрийг Душанбе хот тун саяхан гаргаж байсан нь одоо ч дэлхий нийтийн анхаарлын төвд орж ядуу, арчаагүйгээрээ дуудуулж эхэлсэн. Горно Бадахшаны өөртөө засах бүс буюу Иран зүгийн тажикууд оршин суудаг 1500 гаруй км газар нутгийг Хятадын талд шилжүүлэх шийдвэр гаргасан нь гадаад өрөө тэглэх бас хилээ хянах чадвараа алдсантай холбоотой гэж үздэг ажээ. Угийн энэ нутгийн оршин суугчид салан тусгаарлахаар цаг ямагт санагалзаж байнга цуст мөргөлдөөн эхлүүлдэг ажээ.

 

ИХЭНХ ОРНЫ ИРГЭД ХЯТАДУУДАД ТААТАЙ ХАНДДАГГҮЙ БОЛ ТАЖИКУУД ХАМГИЙН ИХЭЭР ХҮНДЭЛДЭГ

Нэн ядуу, хөгжил буурай гэж тодотгогдоод буй Тажикистан Улсын нийслэл Душанбе хотод хоёр долоо хоногийн өмнө температурын заалт 25 хэмийг заах ч бүгчим халуун ноёлж Монголын долдугаар сарыг санагдуулам байлаа. Хотын захын хэсэг эл хуль, шороо хөдөлгөх нохой ч үгүй байхад төвийн гудамж дүүрэн хүн хөлхөнө. Ялангуяа зээл, худалдааны гудамжинд тэргэнцэр дүүрэн жимс ёстой л ёоз ёозоороо өрөгдсөн харагдах. Худалдаачид нь урдуураа өнгөрөх хүн бүрийг царайчлангуй харж, шавдуулан гуйх ч авах хүн тун ховор. Нэг ам.доллар таван сомони (улсын мөнгөн тэмдэгт)-тэй дүйж, нэг килограмм мах таван ам.долларын ханштай бол нэг хүнд ногдох ДНБ мянга гаруйхан ам.доллартай тэнцдэг гэж байгаа. Тарьж ургуулсан банана, усан үзэм, хулуу, тарвас гээд бүхнийг бараг л худалдан авагчийн хүссэн үнэд өгнө. Хүссэн үнээ­рээ авч буй иргэн ч нэг, хоёр ширхэгээс илүүг жинлүүлэхгүй. Энэ мэтээр тажикууд бор хоногоо тэвдүүхэн өнгөрүүлж буй нь илт.

Хар захад иран зүгийн хивс, нэхмэл эдлэл худалдаалдаг Армен гэх залуу ихээхэн сонин зүйлийг хуучиллаа. Тэрээр Монголд 1981 оны орчимд ирж байсан бөгөөд хамгийн сайхан орон гэнэ. Тэрээр туршлага судлах шугамаар ирж байснаа өгүүлээд ард түмний аж амьдрал тогтвортой, өлсч цангаж гачигдах зүйлгүй аж төрдгийг шагшиж байлаа. Өөрийнхөө улсын тухай ярихдаа бидний адилаар төрийн бодлого муугийнх, улстөрчид авлигад идэгдсэнийх хэмээнэ. Өөрийн орны иргэд нь толгойгоо даахаа больтлоо өлсгөлөнд нэрвэгдэж турж эцсэн зүйлгүй ч энэ байдлаараа удвал жимс ургуулах бутгүй, тариа тарих газаргүй болох вий гэж байв. Тэрчлэн “Манай ард түмэн хэдэн зууны өмнөх шигээ байгаа. Душанбе хотод л Оросын эрлийз, юм үзсэн хүмүүс байгаа тулдаа ийм өнгөтэй, өөдтэй байна. Харин хөдөө тосгон руу зүглэбэл хэдэн ямаа, жимсний бут, тариан талбайгаас өөрийг харахгүй. Тэнд барааг бараагаар сольж хэрэгцээгээ хангадаг байдал байж л байна” хэмээн манай орны нэг зууны өмнө халсан нийгэм байгааг өгүүлж байсан.  Харин шилэн дэлгүүр, супер маркетуудыг нь ихэвчлэн оросууд эзэлсэн бөгөөд тэдний худалдаалж буй бараа хэдэн зуу, хэдэн мянган ам.долларын ханштай. Энэтхэг торго, дубайн алчуур, орос чихрийг бараг үндэсний мөнгөн тэмдэгтээр бус ам.доллараар дээд зэрэглэлийн дэлгүүрээс авна.

Иргэн Армены өнгөтэй өөдтэй хэмээн тодотгоод буй Душанбе хотын хөгжлийн тухайд арваас дээш давхартай барилга бараг үгүй юм. Хар зах нь Нарантуултай, Хотын төв нь Бага тойрогтой нэлээд төстэй. МУИС, Урлан бүтээх төв шиг ёотон цагаан барилгууд эгнэж замын хажуугаар хэдэн улиас гацуур, хар мод сэрийжээ. Авахаас зам нь тав, арван эгнээ, энхэл донхол гэж үгүй. Зам дээгүүр нь ихэвчлэн волга, УАЗ 24 гэх мэтчилэн Улаанбаатарыг нэгэн цагт бүрхээд одоо бараа сураггүй болсон машинууд хөлхөнө. 90 кузовтой марк II, соната I, II гээд мөн л арав гаруй жилийн өмнө манай оронд өнгө нэмсэн авто машинууд өнөөдөр тус орон руу нийлүүлэгдээд эхэлж. Үүний зэрэгцээ спорт болгож дэглэсэн lexus 570, гялгар бүрээсийг нь хуулаагүй шахам ланд 200 тансаг зэрэглэлийн машинуудыг бага балчир хөвгүүд унан хотын гудмаар тэнхээ мэдэн давхина. Бас хотын төв талбай цэцэрлэгт хүрээлэнд хөшөө дурсгалын зүйл, хэн нэгнийг хүндэтгэн босгосон цамхаг бараг үгүй.    

Тажикистаныг зорьж очих жуулчдын урсгал тун цөөн гэнэ. Энэ нь хар тамхи, мансууруулах өвс, нутгийн ардын амьдрал байдлаас улбаатай гэсэн сураг чих дэлсэж байв. Нутгийн олон ч жуулчдад таатай ханддаггүй бололтой. Хил, гаалиар нэвтрэхэд дээрэмчид, хулгайчдаас сэрэмжтэй байхыг сайтар сануулна. Гэхдээ Ази царайтай хүнийг харуутаа бүгд “Ни хао” хэмээн бөхөлзөн өөдөөс гар барихаар тэмүүлнэ. Бодвол хятад хүн гэж санан баярлаж, талархаж явдгаа илэрхийлэхээр тэмүүлж буй нь энэ бололтой. Тэд үнэхээр “Би та нарт, Хятад оронд хайртай. Гүнээ талархаж явдаг шүү. Ахан дүүс минь” хэмээн Орос хэлээр дуржигнуулах нь гайхаш төрүүлэх. “Та нар Хятадын юунд нь хайртай гэж” хэмээн асуухад “Та нар бидний хувьд эрхэм” гэхээс өөрийг өгүүлэхгүй. Ийн үнэхээр хүндлээд байгаа юм уу эсвэл тал засч цаасан малгай өмсгөж байгаагийн алин болох нь үл мэдэгдэнэ.

ШХАБ-ын орнуудын өнөө жил онцолсон Тажикистан улсад нэг өдөр саатахад ийм яриа өрнөж, дүр зураг харагдаж байлаа.   

Л.МӨНХТӨР

Онцлох нийтлэлүүд