ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.07.10 01:07

Шөнийн Улаанбаатарын эхлэл болсон зөвшөөрөл

Согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд үүрийн дөрвөн цаг хүртэл ажиллах эрхтэй болсоныг нийслэлээс саяхан мэдээлсэн. Ганц согтууруулах ундаандаа биш л дээ, нийслэлчүүдийн амарч, тухлах, яриа хөөрөө дэлгэх орчныг бүрдүүлж байгаа гэдэг утгаараа цагаа олсон шийдвэр болж чадсаныг онцолъё. Хаа газрын нийслэлд шөнө амьдрал буцалж байдаг. Дэлгүүр, зах, үйлчилгээний төвүүдээр шөнийн цагаар үйлчлүүлэх боломж тэнд нээлттэй. Иргэд нь ч зав зайгүй ажлын өдрийнхөө дараа дэлгүүр хэсэж шоппинг хийхээс эхлээд амжуулах ажил олонтой учраас өдрөөс ялгаагүй бужигнасан хэмнэлийг Токио, Сөүлийн гудамжнаас харж болно. Гэтэл манайд эсрэгээрээ. Шөнө шүд өвдөөд гарахад л нээлттэй эмийн сан олохгүй. Ганц нэг эмнэлгийг эс тооцвол шөнөөр ажилладаг шүдний эмнэлэг ч үгүй нийслэл. Хүнсний дэлгүүр бол бүр байхгүй. Бүгд л цаад зах нь 22 цагтай уралдан хаалгаа барьдаг. Хоолны газар бол харин ганц, хоёр харагддаг. Гэхдээ дажгүй амттай хоолоор аятайхан үйлчилдэг ресторанууд шөнийн цагаар ажилладаггүй.

Сая гаруй хүн амтай, хүн амынх нь бараг тал хувь нь амьдардаг Улаанбаатар яах аргагүй метрополитан хот. Их хотын стандарт гэж бичигдээгүй дүрэм, хууль бий. Метрополитан хотуудад наад зах нь л шөнийн амьдрал буцалдаг. Шөнө хүнд хэрэгцээтэй бүх л үйлчилгээ бэлэн байж байдаг. Нэгэнт хэрэглээ нь байгаа учраас иргэдээ хүндэтгэсэн бодлогыг нийслэлээс нь явуулсан хэрэг л дээ. Хэрэглээ гэснээс Европын аль нэг хотод очиход үүрээр талхны дэлгүүрийн үүдэнд дугаарлан зогсоо эрхмүүдийг харах бололцоотой. Өглөөний шинэхэн талхандаа дугаарлаж байгаа нь тэр. Зарим нь өчнббн хэдэн км газраас дугуйгаар салхи татуулан ирж өглөөний шинэхэн талхаа аваад буцдаг гэсэн яриа хөөрөө зөндөө л дуулддаг. Манай нарийн боовны газрууд ч гэсэн ийм үйлчилгээ нэвтрүүлвэл үүрээр босоод шинэхэн талх аваад идэх сонирхолтой хүмүүс өчнөөнөөрөө бий. Монголчууд нэг үеэ бодвол гадаад ертөнцөөр аялж, галуу шувууны мах идээд, амтыг нь мэдэрчихсэн, эрүүл зөв хоол гэж юу болохыг ойлгож, зөв хоолыг дадал болгож буй ард түмэн. Өглөөний шинэхэн талхаа манайхаас аваарай гэж хэсэг хугацаанд сурталчилгаа цацахад л талх, нарийн боовны газрын бизнес цэцэглээд ирнэ. Ингээд бодохоор хаа хаанаа хэрэгтэй л шийдэл.

Хотын удирдлагууд энэ зүг рүү анхаарлаа хандуулах цаг болсон. Энэ хэмнэлийг мэдэрч, эхнээсээ шийдвэр гаргаад эхэлснийг ресторан пабуудад үүрийн дөрвөн цаг хүртэл ажиллах зөвшөөрөл өгснөөс нь харж болохоор байна. Ид халуун үргэлжилсэн энэ өдрүүдэд гэхэд л Улаанбаатарчууд шөнийн 23.00 цагаас хойш л гэрээсээ гарч, ажлаа амжуулах боломжтой болж байна. Одоо паб ресторанаас гадна дэлгүүр, бусад үйлчилгээний газрууддаа ч ийм боломж олгомоор байна. Томоохон худалдааны төвүүдийг хараад байхад 22.00 цаг болов уу , үгүй юу лангуу түрээслэгчдээ хөөгөөд унадаг юм билээ. Цаанаас нь, шийдвэр гаргагчдын зүгээс “Та нар ажиллах цагаа уртасгаж болно” гэчихвэл хэн ч ашгаа бодоод ингэж хөөж туухгүй л дээ. Лангуу түрээслэгчдийн хувьд ч гэсэн уртасгасан цагаар ажиллавал орлого нь тэр хэрээр нэмэгдээд илүү таатай орчин хаана хаанаа бүрдэж таарна. Завгүй нийслэлчүүд шөнөөр ажлаа амжуулж, үйлчилгээнийхэн нь ч орлогоо өсгөөд яах аргагүй л хэрэгтэй байна даа, шөнийн Улаанбаатарын буцалсан амьдрал.


Онцлох нийтлэлүүд