ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.06.15 11:06

Ш.Ариунжаргал: Тулай өвчинд рашаан, шавар болон дулаан эмчилгээ таардаггүй


Уламжлалт анагаах ухааны их эмч Ш.Ариунжаргалтай ярилцлаа. Тэрээр Герман улсад туршлага судлаад иржээ.


-Таныг Герман улсад туршлага судлаад ирсэн гэж дууллаа?

-Сүүлийн дөрвөн жил үе мөчний өвчтэй хүмүүст эмчилгээ хийгээд үр дүн сайтай байгаа болохоор энэ өвчнийг Германд яаж оношилж, эмчилдгийг мэдэх зорилгоор тус улсын “St Elisa­beth- hospital Meerbusch lank rheinisches rheuma zentrum” төвд дөрвөн долоо хоног туршлага судлаад ирсэн. Энэ төв нь ревматологийн чиглэлээр оношлогоо эмчилгээ, хагалгаа, хиймэл эрхтэн хийж бүх төрлийн үйлчилгээг цогцоор нь шийддэг. Герман төдийгүй дэлхийн олон орноос хүмүүс ирж үйлчлүүлдэг юм билээ. Германд туршлага судлах боломж олгосон, байнга туслаж зөвлөж байдаг анагаах ухааны доктор Н.Нямсүрэндээ танай сониноор дамжуулж талархсанаа илэрхийлж байна.

-Хэрх, тулай өвчний үед голчлон ямар эмчилгээ санал болгодог юм байна?

-Эхний ээлжинд эм, хөдөлгөөн, хоолны дэглэм барихыг зөвлөдөг. Эм таарвал насан туршдаа эмээ ууж эмчийн хяналтад байна. Дараагийн шатанд хагалгаа хийх болон шаардлагатай үед хиймэл эрхтэн, үе суулгана.

-Зарим хүмүүс хэрх, тулай өвчнийг эдгэдэггүй гэж ойлгоод байдаг?

-Хавдар, системийн өвчин эдгэдэггүй гэсэн буруу ойлголт хүмүүсийн дунд байдаг. Эхний үе шатанд эмчилж эдгээж болдог. Тэр тусмаа эмчилгээгүй гэгддэг ревматойд артрит тогтолцооны улаан яршил, хатуурал, нурууны өвчнүүд, сахар, тулай, даралт ихсэх гэх мэт өвчнүүд эхэлж байгаа үедээ маш сайн эмчлэгддэг. Хүндэрсэн гурав, дөрөвдүгээр үедээ орсон тохиолдолд зовиур багасгах, амьдралын чанар сайжруулах, амь нас аврах зорилгоор уламжлалт болон европ эмчилгээ хавсран хийхэд үр дүнтэй нь ажиглагдсан.

-Барууны орнуудад Европ эмчилгээг Азийн уламжлал эмчилгээтэй хослуулах нь хэр их байна. Тэнд Монголын уламжлалт эмчилгээг ихэд сонирхдог гэсэн?

-Хүмүүс мэдээлэл сайтай. Эмчийн зааврыг ягштал биелүүлдэг. Ер нь эм тарианаас илүү ургамал, жимс, ногоонд илүү дуртай. Спортоор их хичээллэж, эрүүл мэнддээ анхаарал сайн тавьдаг. Даатгалын систем боловсронгуй, өндөр татвар төлдөг учир өвчтэй хүн болон өндөр настнууд нь харьцангуй хангамж сайтай нь анзаарагдсан. Жилд нэг өвчтөн биологийн эм тариа хэрэглэвэл 20-30000 евро болно. Хөнгөлөлтөөр эмээ аваад ууна. Эрүүл агаар, эрүүл хоолтой, мэдлэг сайтай, эмээ эмчийн заавраар уудаг болохоор хүндрэл харьцангуй бага юм билээ.

Сүүлийн үед эм тариа сайжирсан учраас хүндрэл бага гардаг болсон. Манай эмнэлгийн үйлчилгээ Германыг бодвол хурдан, хүлээлт багатай юм уу гэж бодсон. Цүнх дүүрэн мөнгө тэврээд ирсэн ч доод тал нь дөрвөн сар хүлээлгэж дарааллаар нь үзнэ. Харин хүндэрсэн үед авах арга хэмжээ бол гайхалтай сайхан нь харагдсан.

-Амьдралын хэв маягаас хэрх, тулай өвчнүүд ихээхэн хамаардаг байх гэж сонссон?

-Системийн өвчин эдгэдэггүй, насан туршдаа эм уух ёстой гэдэг асуудалтай санал нийлдэггүй. Өвчний эхэн үед нь уламжлалт болон өрнийн эмчилгээтэй хавсран эмчилж болдог. 2015 онд эмчилгээгүй гэгдэж байсан хүн одоо ч өвдөөгүй, гам дэглэмээ сахиад явж байна. Эмчилгээгүй, эм таарахаа больсон гэсэн хүмүүс тангаа уугаад хааяа эмчилгээ хийлгээд ажил хөдөлмөрөө хэвийн хийгээд явж байгаа жишээ олон байна.

Тулай нь зөвхөн үе мөчний өвчин биш ээ. Бодисын солилцоонд өөрчлөлт орсноос цусан дахь шээсний хүчил ихсэж, үе мөч үрэвсэх, хавдах шинжээр илэрч байгаа өвчин. Энэ өвчинд рашаан шавар болон дулаан эмчилгээ таардаггүй. Шинжилгээнүүдээ өгч байгаад тохирох эм витамин, тан хэрэглэдэг. Зүү, хануур, бумба сайн таардаг. Ихэвчлэн системийн өвчний хүндрэл хэлбэрээр илэрдэг тул сайн оношлуулж хамтад нь эмчлэх хэрэгтэй.

-Тулай өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Ямар ч үе мөчний үрэвсэл тулай шиг хүчтэй өвддөггүй. 50 хувь нь хөлийн эрхий хуруу улайж хавдаж өвддөг учир подагра гэж нэрлэсэн. 80 хувь нь дахиж өвддөг. Дараа нь шагай, өвдөг, мөр, тохой, бугуй, гарын үе өвддөг. Хурц тулай заримдаа халуурдаг. Булчин өвддөг. Үргэлжлэх хугацаа нь үрэвсэл бага үед хэдэн цагаас хоёр өдөр. Хүнд бол 14 хоног. Архаг тофустай үед хэдэн долоо хоног үргэлжилнэ. Эхний шатанд юу ч үлдэхгүй эдгэнэ. Заримдаа давсны кристалл үендээ үлдээд бага зэрэг үрэвсэл өгөөд байдаг талтай. Дэглэмээс шалтгаалаад ойр ойр өвдөх юм уу эсвэл өвдөхгүй ч байж болно. 90 хувь нь нэг үе өвдөж эхэлдэг. Дэглэм сахихгүй бол дахин сэдэрч архаг тулай үүснэ. Хурц тулайг эмчлээгүй эсвэл дэглэм сахиагүй тохиолдолд эхний жилд 62 хувь, хоёр дахь жилд 78 хувь сэдэрч дайрлага олон болох тусам шинэ үе гэмтэж хэрх шинжтэй болж бусад өвчнөөс ялгахад бэрх болдог. Тулай сэдрээгүй болон шинж тэмдэг илрэхгүй болохоор хүмүүс дэглэм алддаг.

-Тэгвэл эмчилгээний үед ямар дэглэм барих ёстой вэ?

-Мах, архи, айраг, пиво, фруктоз агуулсан жүүс, гэдэс, студень, хиам, хорхог, боодог зэрэг пурины агууламж өндөр хүнсийг хорино. Тослог багатай сүү, интоор, чонын элэг жимс, чонон хармаг, үхрийн нүд, тошлог гэх мэт витамин С, А, Е, эрдэс аминдэмтэй жимс ногоо хэрэглэх. Өөх тос багатай борц, тахианы цээж мах идэж болно. Харин үрэвсэл намдсан үед чанасан үхрийн хар махаар шөлгүй жигнэж болгосон хоол идэж болдог. Хурц үрэвсэлтэй үед хөдөлгөөн хорьж хэвтрийн дэглэм сахина. Хавдсан үен дээр хүйтэн жин тавина.

Фэйсбүүкт “Хэрх Тулайн Эмчилгээ” гэсэн хуудас бий. Хэрх, тулай өвчний үед гарах шинж тэмдэг, хэрхэн эмчилдэг талаар бүхий л мэдээлэл уг хуудаст бий.

Д.САРУУЛ

Онцлох нийтлэлүүд