Онцлох нийтлэл
2020.05.26 10:05

Ш.Батсамбуу: Бидний хамгийн том зорилго 30 жил төрд бугшсан МАНАН-гийн хулгайчдаас салах


“ШИНЭ” намын дэд дарга Ш.Батсамбуутай ярилцлаа.


-Таныг хүмүүс УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн дүү гэдгээр мэддэг. Улс төрд хэзээнээс хөл тавьсан талаар ярилцлагаа эхэлье?

-Миний хувьд энэ удаа анх улс төрд хөл тавьж байгаа зүйл биш л дээ. Улс төрийн гараа гэвэл 1999 онд Л.Лантуу даргын хүү Л.Дамдинсүрэн, УИХ-ын гишүүн асан Т.Гандигийн нөхөр Я.Нямжаргалтай хамтарч Шинэ социал демократ намыг байгуулж байлаа. Тухайн үед МАХН-ын дарга Н.Энхбаярыг дэмжиж сонгуульд оролцоход Шинэ социал демократ намаас Төрийн соёрхолт, зохиолч Зундуйн Дорж гуай, Л.Дамдинсүрэн, Я.Нямжаргал нар нэр дэвшсэн. Харин би 2000 оноос бизнесээ хөөсөн.

Магадгүй тухайн үед МАХН-д элсэж улс төрд зүтгэсэн бол өдийд улс төрийн тогоонд олон жил чанагдсан нэгэн байх байсан болов уу.

-Та тэр бүр хэвлэлд дуугараад байдаггүй. Ямар мэргэжилтэй вэ. Хаана, хаана боловсрол эзэмшиж байв?

-Зах зээлд шилжсэнээс хойш манайд үйлдвэрүүд хаагдаж эдийн засаг зогсох зах зээлийн эдийн засаг гэх ойлголт бараг байхгүй болж байсан. Ингээд би ганзагын наймаанд явахын зэрэгцээ МУИС-ийг нягтлан, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Мөн ШУТИС-ийн геологийн ангийг дүүргэсэн. Магистр зэрэгтэй. 2000 оны дундуур ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор, профессор П.Хосбаяр гэдэг хүнтэй танилцсан юм. Энэ хүн бол миний төслийн шинжлэх ухааны анхны багш.

Газрын тосны ордууд болох хамгийн ойрхон шатах ашигт малтмал занар гэдэг ойлголтыг надад зааж сургасан. Монгол Улс занарын асар их нөөцтэй. Тиймээс үүнийг судалж, бизнесийн нэг гол зарчим болгох хэрэгтэй гэж тухайн үед хэлж байлаа. Ингээд занарын судалгааны ажлыг 2000 оны аравдугаар сараас ажлын баг байгуулж, өөрөө санхүүжүүлж ажиллаж байлаа.

-Тэгэхээр таны бизнес уул уурхайтай холбогдоод явчихсан юм байна. Тийм үү?

-Уул уурхайн компани дотроо олон янз. Миний үүсгэн байгуулсан компаниуд дандаа геологийн судалгаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоо бол надад энэ чиглэлийн компани байхгүй. Монгол Улсад эрдэс баялгийг олж илрүүлэхээс гадна эрдэс баялгийн санг өсгөх зорилготой судалгааны компаниуд гэсэн үг. Би нэг ч ашиглалт явуулж байгаагүй. Тандалт судалгаа, нөөц илрүүлэх зорилготой л ажилладаг байсан.

-Тухайлбал ямар тандалт судалгаа явуулж байв. Геологи хайгуул чиглэлээр түлхүү ажиллаж дээ...

-Тийм. 2000 оноос дэлхий дахинд занар, нүүрсний гүн боловсруулалтын судалгааны ажлуудыг дэс дараатай судалж, гадны хэд хэдэн улстай холбоо тогтоож ажиллаж эхэлж байлаа. 2000 он МАХН сонгуульд ялж Н.Энхбаяр Ерөнхий сайд болж байсан үе. Ингээд 2001 онд Японд айлчлах үеэр түүнийг дагалдан явж Токиогийн занар нүүрсний судалгааны багтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж байсан. 1998 онд Монгол Улсад мөрдөгдөж байсан Ашигт малтмалын хуулийн дагуу Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт орших Бөөрөлжүүтэд геологийн эрэлийн судалгаагаар тогтоогдсон талбайд хайгуул хийж Монгол Улсын эрдэс баялгийн санд Австралийн Жорк стандартаар 6.5 тэрбум нөөцтэй хүрэн нүүрсний ордыг тогтоосон зэргийг дурдаж болно.

-Та 2016 оны сонгуульд ахтайгаа нэг тойрогт өрсөлдсөн байх аа. Энэ тухай дэлгэрүүлж ярихгүй юу?

-2014 онд би нам бус байсан. Завхан аймгийн Морин уяачдын холбооны тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байсан. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Мөнхбат хоёр надтай уулзсан юм. Танай ах Ш.Сайхансамбуу МАН-аас нэр дэвшихгүй. Тэгэхээр чи нэр дэвшээч гэх санал тавьсан. Ингээд 2015 оны зургадугаар сард УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас МАН-ын үнэмлэхээ гардаж, сонгуульд бэлдсэн. Тухайн үед ах маань улс төрөөс ангид болчихсон, нэр дэвшихгүй гэж байсан үе. Гэтэл 2016 оны тавдугаар сард нэр дэвшигч тодорхой болох үед ах нэр дэвшихээр болсон. Яагаад нэг тойрогт таарсан гэхээр тухайн үед одоогийн УИХ-ын гишүүн М.Энхболдоос намайг аль тойрогт явах гэж байгаа талаар ах асуусан юм билээ. Тэгээд намайг Завханд 17 тойрогт явна гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгэхээр нь ах 18 дугаарт тойрогт Г.Уянгын Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намаас дэвшсэн. Угтаа ах надаас тойргоо зөрүүлсэн гэж ойлгоод ирсэн юм билээ. Сонгууль эхлэх үед би ахтайгаа ярьсан л даа. Би нэрээ татах уу, та нэрээ татах уу гэж. Гэтэл ах нэгэнт ингээд таарчихсан юм чинь нэрээ татсан ч, татаагүй ч хүмүүс янз бүрээр дүгнэнэ. Тиймээс чи ахтайгаа өрсөлд. Чи намайг ялаад гараад ирвэл сайн улстөрч болно гэсэн нь намайг ирлэж өгсөн. Ингээд сонгууль болсон доо. 2016 оны сонгуульд би хол тасархай ялалт байгуулсан байсан.

-Тэгээд юу болсон юм. Та хол тасархай ялалт байгуулсан гэлээ. Гэтэл гишүүн болсонгүй...

-Тэр үед УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн нөхөр Сонгуулийн төв хорооны ажлын албаны даргаар ажиллаж байсан. Эхнэр нь УИХ-д нэр дэвших нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үздэг юм билээ. Үүнийг тухайн үед манай хуульчид бичгээр явуулж байсан боловч авч хэлэлцээгүй. Сонгуулийн санал хураалтыг тоолох үед 502 ширхэг тамгагүй хуудас гарч ирсэн байгаа юм. Манай сонгуулийн ажиглагч үүнийг хэлэхэд өглөө 8 цагт тоолъё гээд хаалгаа түгжээд явчихсан. Гэтэл өглөө 8 цагт нь ирэхэд нь аль хэдийнэ тоолчихсон байсан гэсэн. Нийт 2500 хуудас тамгагүй гарсан байдаг. Энэ зүйлийг манай хуульчид шүүх, цагдаад үнэнээр шийдүүлэх гэж гомдол гаргаж байсан.

-Та хоёрын саналын зөрүү хэр байсан юм бэ. Та хэдэн хүний санал авсан байсан юм?

-З.Нарантуяа гишүүн 300 гаруй саналаар илүү байсан. Гэхдээ 2500 гаруй тамгагүй З.Нарантуяа гэх нэрийг дугуйлсан саналын хуудас гарч ирсэн. Би саналын тоогоор нэгт явж байгаад гүйцээд ороод ирсэн. Энэ бүхэн цэвэр сонгуулийн луйвар. Энэ бүхний ард УИХ-ын гишүүн М.Энхболд гардаж оролцсон байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд хэрэглэх хар хайрцагны тохиргоогоо Их хурлын сонгуульд хэрэгжүүлсэн. Тэр тусмаа ах дүү хоёрыг нэг тойрогт тааруулж, хар хайрцагны тохиргоогоо бид хоёр дээр хэрэгжүүлсэн гэж үздэг.

-Энэ тухай намынхан чинь мэдэж байсан уу. Ингээд намаасаа гарсан юм уу?

-Би сонгуулийн дараа сонгуулийн луйврын талаар УИХ-ын гишүүн М.Энхболдтой уулзсан юм. Гэтэл урдаас “Энэ зүйлийг хүлээн зөвшөөрсөн мөртлөө манайх хэт олонх болчихсон. Нэг эмэгтэй хүнтэй заргалдаад хэрэггүй” гэх хариулт өгсөн. Би МАН-аас гараад жил гаруй болж байна. Харин У.Хүрэлсүх даргын хувьд бид хоёр харилцаа сайтай. Ерөнхий сайдын хэрэгжүүлж байгаа арга хэмжээг ч би дэмждэг. Би У.Хүрэлсүхэд хэлэлгүй намаасаа гарсан. МАН-д байсан бол Завханд нэр дэвших эрх өгөх л байсан байх.

-Одоо та Шинэ намын дэд даргаар ажиллаж байгаа. Яагаад Шинэ намыг сонгох болов?

-Эргээд харахад МАН-д бүтэхгүй хүмүүс их байдаг юм байна. 30 жил энэ төрд бугшсан хулгайчдаас салахын тулд Шинэ нам үүсгэн байгуулагдаж байгааг сонсоод УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болдтой уулзсан. МАНАН-гийн эсрэг шударга таван гишүүн жагсаал цуглаан зохион байгуулсан даа. Шударга таван гишүүн нам харгалзахгүй тэмцэж болдгийг Монголын ард түмэн харсан. Тэрхүү жагсаал цуглаанд би санал нэгдэж оролцсон юм. Ингээд Шинэ намыг үүсгэн байгуулалцаж, бодлогын түвшинд дэд даргаар нь ажиллаж байна.

-Шинэ эвслээс таны ах Завханд, та Баянзүрхэд нэр дэвшиж байна. Та яагаад Завхандаа нэр дэвшсэнгүй вэ?

-Завханы хөгжлийг би нэг л зүйлээр хардаг. Завхан аймаг баруун таван аймгийн төв нь байсан. Одоо хөгжлөөрөө таван аймгаасаа хоцорчихлоо. 2016 онд би Завхан аймгийг дулааны цахилгаан станцтай болох нь зүйтэй гэж үзэн намын мөрийн хөтөлбөрт тусгуулсан. Энэ дулааны цахилгаан станцыг би өөрийн гадаад дахь бизнесийн түншүүдтэйгээ хамтран хөрөнгө, технологийг нь шийдчихсэн байсан. Хоёр жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байлаа. Авто зам тэртэй тэргүй улсын төсөвт суучихаар ороод ирнэ. Хамгийн гол нь дулааны цахилгаан станц барьж барилгажилт, орон сууц, сургууль, цэцэрлэг барих эх үүсвэртэй болно биз дээ. Үүнийг дагалдаад барилгын материалын үйлдвэрлэл хөгжинө. Түүнчлэн дулаанаа түшиглэн малын түүхий эд боловсруулах бололцоо ч бүрдэх байсан юм. Мөн нүүрсний уурхайтай болох ёстой гэж үзэн өөрийн зардлаар Завханд гурван жил тандалт судалгаа хийж нүүрсний таван илэрц олсон. Учир нь манай аймаг Хөвсгөлөөс нүүрс худалдаж авдаг нь төсвийн ихэнх хөрөнгийг тийш нь урсгаж, алдагдал хүлээдэг юм. Энэ бүхнийг шийдэхгүйгээр Завхан аймаг хөгжихгүй ээ. Нүүрсний үүсвэр болоод дулааны цахилгаан станцтай болчихвол хөгжлийн гарц нээгдэнэ. Тэрнээс нэг гишүүн гараад сургууль, цэцэрлэг барихын тулд уурын зуух барих болдог. Уурын зуухнаас шалтгаалж аймаг маань утаатай болж байгаад харамсдаг. 2020 оны сонгуульд Завханд миний ах нэр дэвшинэ. Ах маань миний энэ хүсэл эрмэлзлийг дэмждэг. Тиймээс би Баянзүрх дүүргийн 23 тойргоос нэр дэвшихээр болсон.

-2016 онд та мэдээж Завханы тойргоо нэлээд усалсан байх. Та БЗД-т хэр танил юм бэ?

-Би БЗД-т амьдардаг. БЗД-ийн 23 дугаар тойрогт ихэнх нь гэр хороолол байдаг. Миний хувьд тойргийнхоо тулгамдсан асуудлыг мэддэг учраас БЗД-т нэр дэвшиж байгаа. Гэр хорооллыг орон сууцжуулах бодлого манай Шинэ эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Шинэ эвслийн хувьд баялгийн санг хөгжүүлэх, баялагтай эзэн монгол гэсэн том хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорино. Хамгийн том зорилго бол 30 жил төрд бугшсан МАНАН-гийн хулгайчдаас салах юм. Сонгуулийн хувьсгал хийж байж МАНАН дэглэмээс сална. Энэ хоёр нам дахиад гарвал томоохон өөрчлөлт хийж чадахгүй.

-Сүүлийн жилүүдэд ах дүү, ураг төрлийн хүмүүс улс төрд орох нь түлхүү анзаарагдах боллоо. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Улс төрийн хувьд ах бид хоёр нэг л зорилготой. Улс орны хөгжил дэвшилд томоохон бодлогыг хэрэгжүүлэх юм. Ах маань 2008 онд Их хурлын гишүүнээр ажиллаж байхдаа Оюу толгойн гэрээнд шүүмжлэлтэй хандаж байсан хүний нэг гэдгийг мэдэх байх. Тухайн үеийн МАН-ын дарга Сү.Батболд 2012 онд миний ахыг нэр дэвших эрхийг нь хасч, сонгуульд оролцуулаагүй. Харин энэ удаагийн сонгуульд Шинэ эвслээс нэр дэвшиж байгаад миний хувьд дэмжиж байгаа.

-Дэлхий дахинд үүсээд байгаа цар тахлаас шалтгаалж сонгуулиар иргэд сонгогчидтойгоо уулзах кампанит ажил явуулах боломж хумигдах байх. Нөгөө талаас мажоритар тогтолцоо шинэ нам, шинэ хүн гарч ирэх боломж тун хомс. Учир нь сонгогчид танил хүнээ дугуйлаад байдаг тал бий...

-Харин тийм. Өнгөрсөн долоон удаагийн сонгуульд МАН, АН ээлжилж төр барьсны үр дүнд Монголын ард түмний баялаг 30 гэр бүлийн гарт орсон байна. Монгол Улсыг 32 тэрбум ам.долларын өрөнд оруулж, иргэдийг ядуу амьдруулж байна. Сонгогчид танил хүнээ дугуйлдаг жишиг байсан. Гэхдээ энэ удаагийн сонгуульд сонгогчид зөв сонголт хийх байх. Сонгуулийн хувьсгал хийж иргэн бүр идэвхтэй оролцож, энэ хоёр намд дүн тавина гэдэгт итгэл төгс байна.

-Тантай уулзсаных бүр дээр үеийн зүйл асууя. Нарантуул захын хувьцаанаас шалтгаалсан ах дүү хоёрын маргаан нэг хэсэг шуугьсан. Энэ юу болсон юм. Та үүнд нэг тодорхой хариулт өгөөч...

-Нарантуул зах 1995 онд хувьчлагдсан. Би тухайн үед гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан юм. Ах бид хоёрын хувьд өмч булаацалдаж, түнжин хагарсан зүйл байхгүй. Миний талын гуравдагч хүн гомдол мэдүүлж, шүүхэд хандсан тохиолдол бий.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Онцлох нийтлэлүүд