ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.09.13 12:09

Ш.Гунгаадорж: “Чи битгий Их хурлын дарга бол, Ерөнхий сайдаа хийгээд намаа аваад яв” гэж М.Энхболдод хэлсэн боловч сонсоогүй л дээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржтой ярилцлаа.


-Ойрын үед улс төр бужигнаантай байна. Ман дотроосоо засгийн газраа огцруулчихлаа. нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?

-Ер нь бол улс төр бужигнаж л байдаг. Энэ жилийн хувьд улс төрийн үйл явдал арай өөр байна. Нэг үгээр хэлбэл, харамсалтай. Гол нь МАН дотроо нэлээд тэмцэлдээд байгаа нь харамсалтай. Ард түмэн энэ намд итгэл хүлээлгэж, 65 суудал өгчихсөн. Гэтэл энэ итгэлийг хөсөрдүүлэх тал руугаа яваад байна уу даа. Намын бүлэг дотроо үзэл бодлоор, цаашдын арга тактикаар маргалдаж, Засгийн газрыг байлгах, байлгахгүйдээ хүрээд энэ засгийг огцрууллаа. Аль ч улс оронд Засгийн газар нь огцорч л байдаг. Манай орны хувьд улс орны эдийн засгийн ийм хүнд байгаа, цаг минут алдаж болохгүй хариуцлагатай үед эрх баригчид дотроо бужигнаад байх нь таашаах асуудал биш.Яахав янз бүрийн асуудлаар Засаг огцорч байгаа нь ард түмэнд хохиролтой. Уг нь Ж.Эрдэнэбатын засгийн үед эдийн засгийн хямралаас жаахан ч гэсэн гарах гэрэл цухуйсан. Гэтэл энэ гэрлийг хаагаад байна.

-Засгийн газрыг огцруулахгүй байх ямар гарц байсан бэ?

-Зарим сайдад хариуцлага тооцох, тодорхой хугацааны үүрэг даалгавар өгч болох юм байна. Магадгүй зарим сайд үүргээ дутуу гүйцэтгэж байгааг үгүйсгэхгүй. Ерөнхий сайдад багаар бодоход хагас жилийн хугацаа өгч, ийм ажлуудыг хийсэн байх ёстой, ийм асуудлуудыг шийдэж, ийм өөрчлөлт гарсан байх ёстой гэсэн үүрэг даалгавар өгч болно. Хэрэв чадаагүй бол ямар ч асуудалгүй огцруулж болно. Энэ мэтчилэн олон гарцуудыг хайж хэрэгжүүлсэн бол ард түмэндээ хэрэгтэй байсан. Ялангуяа нэг намын улсууд тогоон дотроо асуудлуудаа ярилцаж, олон гарцыг эрэлхийлж болох байсан шүү дээ. Гэтэл сөрөг хүчинтэйгээ нийлээд өөрсдийнхөө байгуулсан засгаа унагачихаж байна. Харин одоо цаг алдаад байна. Дараагийн Засгийн газар гарч ирнэ. МАН Их хурлаараа даргаа сонгоно гээд нэлээд хугацаа өнгөрнө дөө. Энэ хугацаанд үүрэг гүйцэтгэдэг засаг ямар байдаг билээ дээ. Урьд нь бид үүрэг гүйцэтгэгч олон ч засгийг үзсэн шүү дээ. Эргээд муу сайнаар нь харах олон гарцуудыг эргэцүүлж, бодох хэрэгтэй байсан юм. Энэ Засгийн газрыг унагачихаад дараагийнх нь Засгийн газар гарч ирээд гялалзуулна гэж бодохгүй л байна.

-Засгийн газрыг 800 гаруй тэрбумын концессын асуудлаас болж огцруулж байх шиг байна. ерөнхий сайд байсан хүний хувьд та Ж.Эрдэнэбатын удирдсан засгийн газрыг хэр ажилласан гэж бодож байна?

-Засаг огцрох болсон концессоос өөр шалтгааныг олж харахгүй байна. Засгийн газар болон УИХ-ын хүрээнд өөр өөрөөр тайлбарлаж байгаа.

Ер нь бол Засгийн газрыг огцруулж байгаа асуудлууд Их хурлаас өөрөөс нь хамааралтай. 65-ын бүлэг дотроо шийдэж байсан асуудлууд эргээд Засгийн газрын буруу болж байгаа юм шиг харагдаад байна л даа. Бүлгээрээ шийдсэн асуудлыг Засгийн газар дангаараа дураараа шийдсэн юм шиг Их хурал тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Концессын асуудлын нарийн учрыг нь би мэдэхгүй юм. Засгийн газрыг огцруулсан үндэслэл гээд байгаа энэ асуудал шалтгаан байв уу, шалтаг нь уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Юун төлөө олонх байгаа билээ дээ нам дотроо сайн ярилцах ёстой байсан. Энэ нь цаашаа намаа хооронд нь талцуулах, муу үр дагаврыг тарьж байна. Тэрнээс 30 гаруй гишүүн өөрт олгогдсон эрхийнхээ дагуу Засгийг огцруулах асуудал тавьсныг би буруутгаагүй. Ер нь Засгийг унагаснаас цаашид учрах үр дагаврыг нь хэр сайн бодсон юм бэ. Дараа гарч ирэх Засгийн газар хэзээ томилогдож, ард түмэнд амласан амлалтаа биелүүлж чадах юм уу. Ингэж явсаар дөрвөн жилийг ардаа орхиод явах юм биш биз дээ. Хэрэв дөрвөн жилийн дараа улс оронд ямар нэг сайн үр дагавар болоогүй байх юм бол тун хариуцлагагүй асуудал юм.

-Хэрэв Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроогүй бол улс орны дотоод болон гадаад талын нөхцөл байдал цаашид ямар байх байсан бэ?

-Энэ Засгийн газар ОУВС-тай тохиролцож чадсан. Үүнд 4-5 сарын хугацаа зарцуулсан шүү дээ. ОУВС-тай тохиролцсон гэрээний үндсэн дээр нааштай алхмуудыг хийсэн. Эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрлээ. Дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ нэмэгдэж байна. Энэнд бол Засгийн газрын авсан арга хэмжээнүүдийн нөлөө бий. Төсөв тогтворжлоо. Төсвийн сахилга бат журмандаа орж ирлээ. Энэ бол олон зүйлийн эх үүсвэрийг тавьж байгаа. Нэг жилийн хугацаанд бүх юмыг сайжруулаад гялалзуулаад гарч ирэх хугацаа биш. Үндсэндээ энэ хугацааны долоо, найман сард нь ажил явлаа. Тэгэхээр үүн дээр ямар ч гэсэн гэгээ тусах байдал ажиглагдсан. Ард түмэн ч гэсэн үүнийг тийм байдлаар авч үзэж байгаа байх.

-Олон улсын нүүрсний чуулга уулзалт манай улсад болж байхтай зэрэгцээд Засгийн газрыг огцруулчихлаа. Энэ нь гадаад талд, хөрөнгө оруулагчдад манай улсыг муухай харагдуулаад байна л даа. Таны бодлыг сонсвол...

-Ер нь манай улс гадаад талынхаа дэмжлэггүйгээр дотооддоо дангаараа шийдэх нь утгагүй. Энэ бол үл хэрэгжих асуудал. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж байж асуудлыг шийдэх ёстой. Гэтэл сая чуулга уулзалт болж байхад “Та нар чуулж л бай, бид энэ Засгийг чинь аваад хаялаа. Дараа нь юу болох нь уу харъя” гэж байгаа юм шиг зориуд Засгийн газрыг огцруулсан нь бодлогогүй үйлдэл байв. Цаашид гадаад талаа үргээж, эргэлзүүлж байгаа юм. Хөрөнгө оруулагчид чинь дараагийн засаг нь хэрхэн ажиллахыг тодорхой хугацаанд ажиглана. Ингээд л цаг хугацаа, мөнгөө алдаад байгаа юм. Алтан боломжийг алдаад байна.

-Гадаадын томоохон хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газартай нь тохиролцож байснаас Их хуралтай нь ярьчихвал дээр гэж үздэг болчихсон юм биш үү?

-Гадаад, дотоодын хэвлэлүүдээр ийм өнгө аяс цухалзаж байна. Гадныхан “Ер нь энэ Монгол Улсын түрүүчийнх нь ч ялгаагүй, энэ удаагийнх нь ялгаагүй, Их хурал нь асуудлыг шийдээд байдаг юм байна” гэсэн хандлагатай болчихож. Энэ чинь гүйцэтгэх засаглалын үүргийг дор ортол нь гадаад ертөнц үзэж байна гэхээр парламентын үйл ажиллагаатай холбоотой юм. Нам, төр хоёрыг нэг болгочихоод байна. Их хурал бол төрийн эрх барих дээд байгууллага. Бид 1990 онд нам төвтэй төрөөс татгалзаж, төр төвтэй тогтолцоонд шилжсэн. Их хурлын дарга, намын дарга хоёр нэг болчихоор Засгийн газар нь гадааддаа ч тэр, дотооддоо ч тэр тоогдохгүй байгаа юм. Нам байгаа газар бүх юм тэнд төвлөрч байна. Гишүүд ч тэр, ард түмэн ч тийшээ хуйлардаг. Энэ бол зарчим биш, гадаадынхан тэгж ойлгоод байгаа юм. Тэд засагтай нь яриад нэмэргүй, Их хурал нь хүчингүй болгоод хаячихна гэдэг. Тиймээс намын дарга Их хурлын дарга болдгийг би түрүүчийн парламентад ч, энэ парламентын үед ч буруу гэж үзсэн. М.Энхболдыг би УИХ-ын дарга болоход нь “Чи битгий Их хурлын дарга бол. Ерөнхий сайдаа хийгээд намаа аваад яв” гэж захисан боловч сонсоогүй л дээ. Энэ бол эцсийн дүнд бүх юмны шалтаг, шалтгаан болоод байгаа юм. Цаашид ийм байх юм бол Ардын нам ч, Ардчилсан нам ч төр барьсан алинд ч энэ дутагдал хэвээр үргэлжилнэ. Гадаадад Засгийг тоодоггүй. Парламенттай нь ярина гэдэг. Энэ бол буруу. Гүйцэтгэх засаглал нь бүх юмаа гүйцэтгэдэг. Парламент нь удирдаж, чиглүүлж өгч, хяналт тавьдаг хуультай. Гэтэл Үндсэн хуульд заасан Засгийн газар, парламентын эрх үүргийг зөрчөөд байна л даа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг орон даяар хэлэлцүүлж байгаа. Энэ өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж, улс орны бэлгэ тэмдэг байх төдий болгож, Ерөнхий сайдынхыг тэлэх асуудлыг оруулж ирсэн. Та бол шинэ Үндсэн хуулийг баталсан хүн. Тиймээс эцэг хуульд гар хүрч буй засваруудад ямар байр суурьтай байна вэ?

-Анх Үндсэн хуулийг 1992 онд батлахад Ерөнхийлөгчийн тодорхой эрх үүрэг байсан. Монгол төрийн тулгын гурван чулуу болох парламент, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал төрийн үйл ажиллагааг явуулна. Ерөнхийлөгч бол ард түмний бэлгэ тэмдэг байж, гадаадад улс орноо төлөөлнө гэсэн хэдэн үүргийг шинэ Үндсэн хуульд суулгаж өгсөн. Энэ бол чамлахааргүй үүрэг. Ерөнхийлөгчид их эрх өгөөд байхаар парламент, Засгийн газар гурвын хооронд зөрчлүүд бий болж, толхилцол гардаг. Улсын ажлыг явуулахад ч бэрхшээлтэй. Шинэ Үндсэн хуулиар Ерөнхийлөгч парламенттай зөвшилцөөд прокурорыг томилох заалт бий л дээ. Үүнд тодорхой зааг ялгааг нь нарийн болгох хэрэгтэй. Шүүх засаглалыг Төрийн тэргүүн ерөнхийд нь хамаарч болно. Гэхдээ хоорондын уялдааг нь сайн болгож өгөх хэрэгтэй.

-Ингэхэд таныхаар УИХ-ын гишүүн ямар хүн байх ёстой вэ?

-Төр төлөөлөх хүн гэдэг бол амьдрал үзсэн, нухлагдсан, асуудлын наанадах, цаадахыг мэддэг болсон хүн байх ёстой. Аль ч парламентын үед зааг ялгааг тогтоож өгөх ёстой. Төрийн эрх барих дээд байгууллагад хэн хүн орчихоод дуртай юмаа ярьж, дуртай үйлдлээ хийгээд байж болохгүй л дээ. МАН юу юм бэ, би ард түмнээсээ сонгогдсон хүн гэх нь холгүй нөхдүүд УИХ-д сууж байгаа харагддаг.

-МАН-ын шинэчлэлийн асуудлыг анхан шатны үүрүүд, нам доторх хөдөлгөөнүүд ярих боллоо. Ер нь намын дотоод шинэчлэлтэй холбоотой ямар асуудлуудыг шийдэх ёстой вэ?

-Манай намын гишүүд намынхаа даргыг хардаг. Намын дарга асуудлыг хайрцаглаж шийддэг. Ийм муу жишиг тогтчихжээ. Намын Их хурал, Бага хурал болох гэж байна. Үүн дээр намын шинэчлэлтэй холбоотой яригдах асуудалд энэ тухай байх ёстой. Манай нам хэт төвлөрсөн, нэг хүнээс хамаарсан үзэгдэл үүсчихээд байгаа нь залуучуудыг нам шинэчлэх тухай хөдөлгөөн өрнүүлэхэд хүргээд байгаа байх. Гэхдээ зөв хийх хэрэгтэй.

-Сонгуулийн үеэр сөхөгдсөн 60 тэрбумын хэргийг прокурор эвлүүлэг гэж үзээд хаачихлаа. Харин та энэ хэргийн талаар юу хэлэх вэ?

-Үүнийг хууль, шүүхийн байгууллага тогтоох асуудал. Ер нь бол сонгууль болоход манай намуудад санхүү бүрдүүлдэг асуудал янз бүрийн хэлбэрээр байдаг. АН гэхэд хороо, баг, сумдаас мөнгө татаж, тэр нь хаашаа явдаг нь бүү мэд. Ер нь бол сонгуулийн санхүүжилт, намын санхүүжилт ямар байх тухай хатуу зааг тогтоож өгөхгүй бол дур дураараа намын даргын саналаар хандив нэрийн дор мөнгө босгож байна. Үнэхээр 60 тэрбумыг босгосон гэж бодоход энэ нь бусад намуудад ч байгаа л зүйл. Яахав Ц.Сандуй бол хэлчихсэн л дээ. Түүний хэлснээр бодоход 60 тэрбумын тухай ярьж байсан ч юм шиг. Гэхдээ сонгуулийн хандивыг яаж цуглуулах тухай ярихад буруудах нь ч юу байхав. Үнэхээр 60 тэрбум нь байсан уу, 30, 40 тэрбум ч болсныг мэдэхгүй л дээ. Сонгууль болохоор л ийм асуудал гарч ирээд байдаг нь цаанаа нэг зүйлийг хэлээд байгаа юм.

-Шинэ Засгийн газар байгуулагдлаа гэхэд хэр удаан настай байх бол. Ерөнхий сайдад хэд хэдэн хүний нэр яваад байгаа. Харин та Засгийн газрын тэргүүнийг ямар хүн байгаасай гэж бодож байна. Дахиад л дараагийн ээлжийнхэн хоолондоо орох гээд дугаарлаж, засгийг бужигнуулах юм биш биз дээ?

-Тэгэхгүй гэхийн газар байхгүй. Хуучнаасаа жигтэйхэн дээрдэж, гялалзсан Засгийн газар гараад ирнэ гэдэгт би итгэхгүй байна. Энэ хүмүүс одоо жинхэнэ ном журмаар нь явна гээд яриад байгаа л даа. Гэхдээ юу л бол доо. Манай нам анхнаасаа засгаа бүрдүүлэхдээ мэргэжлийн баг бүрдүүлж чадаагүй нь алдаа байсан. Харин одоо шинэ засгаа бүрдүүлэхдээ дан давхар дээлний тухай асуудлыг Их хурал бодох ёстой. Дахиад л энэ дотроосоо сайд гарч ирээд дээрдэхгүй. Шинэ Засгийн газар Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам, Сангийн яам гэсэн үндсэн чиглэлийнхээ гол яамыг УИХ-ын гишүүнээр томилж, бусад салбарын сайд нараа гаднаас томилох хэрэгтэй. Дээрээс нь сайн менежер хүнийг салбарын сайдаар томилох хэрэгтэй. Ингэж байж ард түмний итгэлийг хүлээнэ. Хэрэв өөрсдөө сайд болоод суучих юм бол олны дургүйцлийг хүргэж, намынхаа нэр хүндийг улам унагана. Тэгээд ч урт настай Засгийн газар байж чадахгүй. Дараагийн ээлжийнхэн хоолондоо орох гээд дугаарлана л даа.

-Та дээр МАН-д нэг хүний хараат байдал тогтчихсон гэлээ. Намын даргад ямар хүн тохирох вэ?

-Ер нь бол МАН-ын дарга бол Их хурлын ч биш, Засгийн газрын ч биш тусдаа хүн байх ёстой. Тэр дундаа эмэгтэй намын дарга байвал сайн гэж бодож байна. МАН-д сайн эмэгтэйчүүд зөндөө байна шүү дээ. Ялангуяа 90 жилийн түүхтэй, эв нэгдэлтэй байсан нам маань маргаантай болчихлоо. Үүнийг зохицуулах хүн бол эмэгтэй сайн улстөрчийг гаргаж ирэх ёстой. Манай эмэгтэйчүүдийн түүх уламжлалаа харахад ямар сайн хатдууд байлаа. Тэгэхээр МАН-д хатан ухаан өнөөдөр үгүйлэгдэж байна. Их хурал болон Засгийн газраас тусдаа эмэгтэй намын даргатай болбол энэ намыг эвлүүлж болох болов уу.

-Их хуралд байгаа МАН-ын эмэгтэй гишүүдийг харахад янз бүрийн нэр хоч зүүж байгаа харагдах юм аа. Чуулган дээр согтуурхаж, төрт ёсны наадамд төрийн дуулал эгшиглэж байхад утсаар ярьж байна. Бас болоогүй бохь зажилж, боов идлээ гэхчлэн голдуу эмэгтэй гишүүд л шүүмжлэлд өртдөг. Дээрээс нь Д.Гантулга гишүүн төрийн түшээ хүн байж, хүчингийн хэрэгт нэр холбогдоод байхад нь эмэгтэй гишүүд амаа үдүүлсэн мэт дуугүй байна шүү дээ. Ийм гишүүдтэй МАН дотроос намын даргад тэнцэх хүн олдох юм уу даа?

-Тэд энэ алдаагаа засах л байлгүй дээ, зайлуул. Эмэгтэй хүн Их хуралд орж ирсэн нь сайн хэрэг. Гэхдээ шаардлагаа бүрэн хангаж чадаж байна уу гэдгээ бодох хэрэгтэй. Ер нь манай намд сайн хүн олон байгаа. Тэрнээс амбиц хөөсөн, Их хурлын гишүүд биш юм аа. Ардын нам бол муугаар яривал задрах гээд, сайнаар яривал ардчилал явагдаад байгаа юм уу даа. МАН сайн ч муу ч энэ улс орныг 70 жил удирдаж байсан. Харин одоо хуучин боловсон хүчний бодлого манай намд үгүйлэгдээд байна. Би гэхэд аж ахуйн, эвлэлийн ажил хийж байлаа. Чадвал чад, чадахгүй бол боль гэсэн зарчим бидэнд үйлчилдэг байлаа. Харин одоо цүнх бариад дарга дагаж явсан нөхдүүд албан тушаалд горилдог болчихож.

-Ойрын хоёр, гурван жилд бондын өр нэхэгдэж, хүнд байдалд орно гэж эдийн засагчид ярьж байна. Дээрээс нь бид арчаагүй байдлаасаа болж төмөр замаа барьж чадахгүй явсаар олон жил боллоо. Хоёрхон жилийн дотор нефтийн үйлдвэр барих боломжтойг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай ярилцлагадаа дурдаж байсан...

-Би энэ асуудалд санал нэг байна. ж.Эрдэнэбатын Засгийн газар гарч ирэнгүүтээ нефтийн үйлдвэрийг Энэтхэгээс авч буй нэг тэрбум ам.долларын зээлээр Сайншандад барина гээд байхгүй. Бас Тавантолгойн төслийг эхлүүлээгүй зэрэг дутагдал байна. Обьектив, субьектив шалтгаанууд бий байх. Гэхдээ нөгөө 65-ын бүлэг янз бүрийн шалтгаанаар нөлөөлж байсныг үгүйсгэх аргагүй. Өнөөдөр ядахдаа нефтийнхээ үйлдвэрийг байгуулах ажлаа явуулчихсан бол урдаа барих юмтай байх байлаа. Мал эрүүлжүүлэх ажлаа жил ярилаа. Харин сая Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн мал эмнэлгийн техникийн шинэчлэл хийх асуудлаар ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайдтай том тохиролцоог хийж, ажлаа эхлүүлэхээр болдгийн даваан дээр засаг солигдлоо. Энэ мэтээс гай нь гарч байна. Манайх шиг байгалийн баялагтай оронд дотоод нөөц бололцоо бий.

-Бид өнөөдөр нүүрсээ гаргах ганцхан сувагтай байгаа. Хятадын хэлсэн үнээр тэдэнд өгдөг. Харин сая Ерөнхийлөгч ОХУ-д айлчлахдаа Владивостокийн Восточный боомтоор нүүрсээ гаргах тохиролцоонд хүрлээ. Дэлхийн зах зээлийн үнээр нүүрсээ гаргах нэг суваг нээгдэж байна. Эндээс та ямар ирээдүйг харж байна вэ?

-Ерөнхийлөгч Х.Баттулгын В.Путинтай уулзахдаа ярьж тохирсон алхмуудыг дэмжиж байгаа. Манайх ганц гарцтай байх нь хэцүү. Нэг айлын хэлснээр, нэг айлын хараанд байгаагаас ялгаагүй. “Танай нүүрсийг 70 ам.доллараар авна. Илүү үнээр авахгүй” гэхээр өгөхөөс өөр аргагүй. Тэгэхээр хойд хөрш рүү нүүрсээ гаргах бас нэгэн гарцыг нээснээр нүүрсээ Европ руу гаргаж, дэлхийн зах зээлийн ханшаар өгөх боломжтой. Энэ ажил 2008 оноос эхэлж ярьсаар ирсэн. Манайх нүүрсээ ингэж гаргаж байж, өрсөлдөх чадвар бий болж, үнэд хүргэж чадна. Эдийн засгийн болоод аж ахуйн, улс орны хөгжлийн утгаараа ч хоёр болон түүнээс дээш гарцтай байх хэрэгтэй.


Онцлох нийтлэлүүд