ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.06.09 08:06

Ш.Түвдэндоржийг маргааш Байнгын хороогоор хэлэлцэнэ

УИХ-ын Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны маргааш болох хамтарсан хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг томилуулах саналыг хэлэлцэхээр болжээ. Засгийн газрын тэргүүн Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өнгөрсөн баасан гаригт өргөн мэдүүлсэн юм. Харин түүнийг томилох эсэх асуудалд сөрөг хүчин болон “Шударга ёс” бүлгийн гишүүд эсрэг байр суурьтай байгаа юм. Давхар дээлийг тайлуулах хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга давхар дээлээ тайлах үүднээс Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаасаа огцрох хүсэлт гарган суудлаа өгсөн юм. Тиймээс дахин УИХ-ын гишүүнийг сайд болгох нь буруу гэж намын бүлгүүд үзэж буй юм. Гэхдээ Ш.Түвдэндоржийг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар томилуулах санал нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гэхээс илүүтэй МоАХ-ны тэргүүн Х.Баттулгын нөлөөлөл гэдэг нь нэгэнт тодорхой болсон билээ.

Онцлох нийтлэлүүд