ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.01.13 12:01

Эбола вирусын халдварын үед бэлэн байхаар ХӨСҮТ-т 50 ортой тусгаарлах эмнэлгийг тохижуулжээ

Баруун Африкийн улс орнуудад Эбола вируст халдвар 2014 оны гуравдугаар сараас бүртгэгдэж, улмаар дэлхий нийтийн "Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал" болохыг ДЭМБ-аас өнгөрсөн наймдугаар сард мэдэгдсэн. Улс орнууд энэхүү халдварт өвчнөөс хүн ардаа хамгаалах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг зөвлөсний дагуу манай улс ч өнгөрсөн наймдугаар сараас эхлэн тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байгаа юм.

Эбола вирусын халдварын үед бэлэн байдлыг хангах чиглэлд Засгийн газрын нөөц сангаас 477 сая төгрөгийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу ХӨСҮТ-ийн 50 ортой тусгаарлах эмнэлгийн засвар, хийн шугамын системийг шинэчлэх ажлыг 67.4 сая төгрөгөөр хийсэн байна. Тус барилгын дотор талын автомат шилэн хаалга, вакум цонх, төмөр хаалга, монитор зэрэг 60 гаруй ажлыг хийж, тоног төхөөрөмжийг суурилуулан, боксжсон өрөөнүүдийг тохижуулжээ. Мөн тус тасгийн хүчилтөрөгчийн хийн хангамжийн системийг шинэчлэн, хийн шугамын засварыг хийж гүйцэтгэсэн байна. Халдварт өвчний асуудал хариуцсан улсын лавлагаа төвийн хувьд энэ засвар үйлчилгээ маш чухал ажил болж байгааг албаныхан онцоллоо.

Мөн улсын хэмжээнд тараагдах Эбола вируст халдварын үед хэрэглэх хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, халдваргүйжүүлэх бодисыг 409 сая төгрөгөөр худалдан авч, холбогдох байгууллагууддаа хүлээлгэн өгсөн байна. Үүнд, нийт 39 нэр төрлийн багаж, хэрэглэл авсан. Тодруулбал, шүүлтүүртэй амны хаалт, нүдний шил, нүүрний халхавч, мэс заслын маск, комбинзон, халад, хлор агуулсан бодис, монитор, соруулгын аппарат, дуслын шахуурга, яаралтай тусламжийн иж бүрдэл гэх зэрэг тус халдварын дэгдэлтийн үед хэрэглэгдэх багаж, хэрэглэлийг авчээ. Түүнчлэн ХӨСҮТ-ийн тусгаарлах тасагт 7 төрлийн 15 ширхэг тоног төхөөрөмжийг ч нийлүүлсэн байна.

Эбола вируст халдварын үед хэрэглэх дээрхи хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, халдваргүйжүүлэх бодисыг улсын хэмжээнд тарааж байгаа аж. Эдгээрийг ХӨСҮТ, МХЕГ, НЭМГ, 21 аймгийн Эрүүл мэндийн газар болон Халдварт өвчний дэгдэлтийн бэлэн байдлын нөөцөд тус тус хүргүүлэх юм байна.

ХӨСҮТ-өөс сургалт, дадлагын чиглэлээр тус бүр 16 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн 4 баг бэлтгэсэн. Баг бүрт халдвар судлагч эмч, клиникийн эмч, лабораторийн эмч, ариутгагч зэрэг мэргэжлийн хүмүүсийг оруулсан байгаа. Тэд ДЭМБ-аас Эболагийн талаар өгч байгаа түр журмуудыг судалж, "Эрт илрүүлж, хариу арга хэмжээ авах систем"-ээс олон улсын мэдээллүүдээ авч ашиглаж байгаа гэнэ. Дээрхи журам заавруудын дагуу улсын хэмжээнд эрүүл мэндийн нийт байгууллагуудад, түүнчлэн ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууддаа хичээл зааж, үзүүлэх сургалтуудыг зохион байгуулжээ.

Онцлох нийтлэлүүд