ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.07.13 05:07

“Эгч дүүс хотуудын уран бүтээлчдийн үзэсгэлэн” хоёр дахь удаагаа нээлтээ хийв

2018 оны долоодугаар сарын 12-нд Norpheiарт галерейд “Эгч дүүс хотуудын уран бүтээлчдийн үзэсгэлэн” хоёр дахь удаагаа нээлтээ хийлээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар, БНСУ-ын Пусан хотуудын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж 2016 оны нэгдүгээр сараас Монгол Улсаас Пусан хотод суугаа Консулын газрын үйл ажиллагаа албан ёсоор эхэлжээ. Өнгөрсөн оны зургадугаар сараас ЭйрБусан компани хотуудын хооронд шууд нислэг үйлдэж эхэлсэн нь 2016 оны наймдугаар сарын 3-5-ны өдрүүдэд Пусан хотын дарга Со Бёнсү тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо айлчилж, хотуудын хооронд “Найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх” санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Хамтын ажиллагаа эрчимжсэнээр соёл, боловсрол, эдийн засаг, байгаль орчин зэрэг олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хотуудын цаашдын хөгжил цэцэглэлд үүрэг гүйцэтгэх, иргэд харилцан зорчих, аялал жуулчлалын салбарт эерэг, шинэлэг нөхцөл байдал бий болж эхэлжээ.

2016 онд хамтын хүчээр бий болгосон ололт амжилтыг бататгах, тэмдэглэх, мөн манай улсын соёл урлагийг Пусан хотод сурталчлан таниулах, уран бүтээлчдэд үйл ажиллагаагаа тэлэх, олон улсад танигдах боломжийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа аж. Энэ ажлын хүрээнд Пусан хотод суугаа Консулын газар санаачлан Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэлтэй хамтарч 2016 оны 12 дугаар сарын 12-17-ы өдрүүдэд “ШИНЭ ДАВАЛГАА” монголын залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнг Пусан хотод амжилттай зохион байгуулсан юм.

Пусаны үзэгчдийн талархлыг хүртэн 150 орчим хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цацагдаж үзэсгэлэнгийн туршид 800 гаруй үзэгчид үзэж сонирхон “... үзэхэд маш таатай байсан, Монголтой айлсаж, ойртуулсан үзэсгэлэн боллоо. Баяр хүргэе, амжилт хүсье...” гэсэн сэтгэгдлүүдээ үлдээжээ.

Улмаар 2017 оны 10-р сарын 20-нд “Эгч дүүс хотуудын уран бүтээлчдийн үзэсгэлэн”-г Пусаны Урчуудын холбооны дарга И Сү Ёоны урилгаар Монголын Залуу Уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүлэх гишүүд хамтран амжилттай зохион байгуулсан байна. Энэ үеэр Монгол улсаас Нийслэл, Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир нар айлчилжээ.

Уг үйл ажиллагаанд Пусан хотын Урлагийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ким Донг Сеок, Дэд ерөнхийлөгч Ко Жун Ва, Пусаны Урчуудын Эвлэлийн Хорооны дарга У Сү Ёон, дэд дарга Канг И Сү зэрэг албаны хүмүүс айлчилж байна.

Онцлох нийтлэлүүд