ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2017.11.15 02:11

Эдийн засгийн байнгын хороо УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.15) хуралдаан 11 цагт, гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг уг тогтоолд зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулахаар тусгагдсаныг дэмжиж байгаагаа илэрхийлээд, ахмад настны тэтгэвэр, иргэдийн цалингийн зээлийн хүүг бууруулах, зээлийн төрлийг боловсронгуй болгох эсэхийг тодруулав. Мөн ахмад настнуудын өдөр тутмын хэрэглээг хангадаг мөнгөн орлогыг барьцаалж зээл олгох нь зөв алхам үү гэсэн саналыг хэлж байлаа.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан эдгээр асуудлыг хэрэгжүүлэхэд боломж, бололцоо байгаа эсэх талаар Монголбанкаас судалж байгаа хэмээн хариуллаа.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.1-д заасны дагуу Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн тогтоолын төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураав. Тогтоолын төслийн 3 дугаар заалтын 1 дэх дэд заалтыг “1/Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөөг 2018 оны 01 дүгээр сард багтаан баталж хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг олон улсын байгууллагаас тогтоосон стандарт, зөвлөмжтэй 2018 оны 07 дугаар сард багтаан нийцүүлж, хэрэгжилтийг 2018 оны 10 дугаар сараас өмнө хангах” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.0 хувь нь дэмжлээ.

Уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.

Мөн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан ажиллахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Онцлох нийтлэлүүд