ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2014.05.29 01:05

Эдийн засгийн Өршөөлийн хуулийг ирэх долоо хоногт өргөн барих гэнэ

Эдийн засгийн Өршөөлийн тухай хуулийг ирэх долоо хоногт өргөн барихаар төлөвлөж байгаа юм байна. Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээр ахлуулсан ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаж бэлэн болгосон байна.
Тус хуулийн төслийн гол агуулга нь урьд өмнө нь ил тодоор эргэлтэд орж байгаагүй гадаад болоод дотоодод хадгалагдаж байгаа хөрөнгийг нэг удаа өршөөх аж. Ингэхдээ элдэв татвар, хууль, мэргэжлийн байгууллагын шалгалт, энэ төрлийн дарамтыг огт үзүүлэхгүй байх гэнэ. Тэрчлэн хаанаас, хэзээ, ямар арга замаар олж авсан бэ гэдгийг ч тодруулахгүй юм байна.
Энэ удаа өршөөсөн шиг өршөөх бөгөөд хэрэв хуулийн үргэлжлэх хугацаа дууссан хойно хэн нэгэнд нууц хөрөнгө байсан нь илэрвэл хатуу хариуцлага тооцдог болох зарчмыг гол болгосон байна. Хуулийн үргэлжлэх хугацааг одоогоор зургаан сар байхаар тооцож байгаа ч УИХ-аар хэлэлцэх үед гишүүдийн дийлэнх, олонхи ямар байр суурьтай байна хугацааг түүгээр товлогдох аж.
Тэрчлэн хуулийн үйлчлэлд энэ төрлийн хэргээр шоронд сууж байгаа, урьдчилан саатуулагдаж байгаа иргэд хамрагдах уу гэсэн асуулт урган гарч ирж байна. Энэ асуудлыг нухацтай хэлэлцэх шаардлагатай учраас мөн л УИХ-ын гишүүдийг шийдэг гээд эрхийг нь өгөх бололтой. Төслийг санаачлагч Сангийн сайд Ч.Улаанаас “Эдийн засгийн хэргээр аавын хаалга татсан цагаан захтнууд өршөөгдөх үү” гэж асуухад “Мэдээж өршөөл үзүүлэх учраас хамрагдах боломж байгаа байх. Нарийн нягт асуудлуудыг нь Хууль зүйн яам боловсруулж байгаа. Өршөөгдөнө гээд хэлчихвэл баахан хүлээлт үүсчих гэмтэй. Тэгэхээр үүнтэй холбоотой тайлбарыг Хууль зүйн яамны зүгээс хийх учиртай” гэсэн хариултыг өглөө.

Л.МӨНХ  

Онцлох нийтлэлүүд