ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.04.26 08:04

Элбэгээ “зус” л буруутай

-ФЕЛЬЕТОН-


Буруу юмнаас битгий ай. Бас буруу юм хийхээс ч битгий ай. Бас буруугаа засах гэж битгий зовж бай. Түүний оронд буруутныг л олчихож бай.

Буруу юм хийсэн хүн буруутдаггүй, харин буруутныг олоогүй учраас буруугаа өөрөө үүрсэн түүх бол байна аа. Тийм учраас буруутан гэж байдаггүй, зүгээр л буруутныг олоогүй хүн гэж байдаг юм.

Чухамдаа бол, буруутныг олж чаддаг нийгэм л жаргалтай байдаг юм. Монголчууд социализмд маш жаргалтай байсан гэдэг нь үнэн шүү. Учир нь суурь машин эвдэрвэл хорлон сүйтгэгчдийн буруугаас, ноосны төлөвлөгөө дутвал Маоизмын жанжлах үзлээс, бараа бүтээгдэхүүний хомсдол Америкийн империалистуудын явуулгаас болдог байв.

Гэтэл энэхүү өөрсдөө буруутдаггүй жаргалант нийгмийг маань Элбэгдорж тэргүүтэй ардчилагчид нураасан даа. Ингээд бид буруутангүй нийгэмд унасан юм. Хэрвээ бид жаргаагүй бол Элбэгээ “зус” л буруутай.

Бид буруутныг олж чадахгүй олон жил өөрснийгээ зовоолоо. Ноднин өдийд бид чинь хямралын бурууг эдийн засгаасаа, машины түгжрээг замаасаа, нурсан бизнесийнхээ бурууг мөнгөний хүрэлцээгүйгээс, бүтэлгүй дурлалын бурууг өөрийхнээ царайнаас хайдаг байлаа. Бараг л бурууг өөрсдөөсөө хайх шахаж байсныг бодоход үнэхээр хүнд үеийг туулжээ.

Харин энэ жил бид энэ бүхний буруутанг олж магнай тэнийж эхлээд байна. Явж явж муу Элбэгдорж “зус” өөрөө энэ бүхний буруутан байсан байна. Энэ жил бид бүгдээрээ буруутнаа олсон учраас хийсэн буруу юмнаасаа ч айхгүй, хийх буруу юмандаа санаа зовохгүй, сайхан байна аа сайхан байна.

Бүтэлгүй залуусын золгүй дурлалын буруутан нь Элбэгээ “зус” байсан байгаа юм даа. Бүтэлгүй яваагийнхаа буруутанг олоогүй залуус чинь дэмий гутарсандаа царай алдаад, тэгээд дурлал нь бүтэхгүй байсан юм байна. Одоо Элбэгээ “зус”-ыг буруутай гэдгийг мэдснээсээ хойш өнгө ороод хайр дурлалууд жигтэйхэн бүтэлтэй байх болсон юм байхаа.

Одоо энэ бөглөрөл, түгжээ их байгаагийн буруутан бол бид ч биш, зам биш харин Элбэгээ “зус” мөнөөсөө мөн. Машин нь биднийх гэж үү? Хэрвээ Элбэгээ “зус” л хүмүүс хувьдаа машин авах боломжийг нээгээгүй бол юу гэж бид хувьдаа машин авах юм бэ? Тэрнээс л болж байгаа юм.

Манай монголчууд гадаад гэмт хэрэг хийж байна. Гадаадын хүний юмыг хулгай хийж байна, гадаад хүнийг зодож алж байна. Бас л үүнд Элбэгээ “зус” буруутай шдээ. Энэ Элбэгээ, Үүл хоёр л “монгол хүнд гадаад паспорт олго” гэж ирээд л яалаа. Гэтэл одоо байж байгаа царайг нь хар. Хэрвээ гадаад паспорт олгоогүй бол тэр хүмүүс чинь эх орондоо биднийгээ зодоод л, маниусыгаа дээрэмдээд л, тэр бүгдэд нь Элбэгээ “зус”-ыгаа буруутгаад л жаргаж байхгүй юү?

Хүчингийн хэрэг их гараад байгаагийн цаад буруутан нь Элбэгээ “зус” шүү дээ. Цаадах чинь Ерөнхийлөгч байхдаа шинэ жилээр архитай хундага өргөхийн оронд сүүтэй стакан өргөөд, хүмүүс сүүнд дурлаад...Хамгийн гол нь эрчүүд сүүнд орчихоороо амархан донтдог гэнэ. Тэгээд эмэгтэй хүн харангуутаа сүү бодогдоод шууд л мээмийг хөхмөөр болдог байна. Тэгээд хүмүүжилгүй шиг зарим нь “нэгэнтээ мээмийг нь хөхчихсөн юм чинь...” гээд, тийм хэрэг гараад байгаа юм гэнэ. Ингээд л Элбэгээ “зус”-аас болж байгаа юм.

Сая л гэхэд миний компьютерт вирус орчлоо. Манай Гаамп хэлж байна “хужаа нар монголыг мөхөөх гээд зохиосон вирус. Уг вирус орсныхоо дараа таны кейбоорд ямар ч юм бичсэн ханзаар галиглаад унадаг. Тэгээд өөрийнхээ бичснийг ойлгохын тулд ханз сураад, нэг мэдэхэд хятадаар ярьдаг ” гэнэ. Хятадаар ярьдаг хүн чинь тэгээл хятад л болно биз ээ.

Мэдээж энэ бүхэнд Элбэгээ “зус” л буруутай. 1988 онд Зөвлөлтийн цэрэг монголоос гараагүй юү. Тэгээд монгол хятадын харилцаа сайжирсан ш дээ. Тэр үед “Ардчилсан холбоо” энэ тэр байгаагүй нь ямар хамаатай юм бэ? Элбэгээ тэгэхэд армийн “Улаан од” сонинд байсан даа. Мань хүн тэгээд сурвалжлага хийнэ гэж гараад хэдэн цэрэг дагуулж очоод оросын цэргийг хөөчихгүй юү? Нөгөө цэргүүдээ “Ах нь сонин дээр зурагтай нь гаргаж өгнө” энэ тэр гэж панаалдснаас зайлахгүй.

Эдийн засгийг чинь Элбэгээ хямруулаад байгаа юм билээ. Яаж гэж үү, тэр нь чамд ямар хамаатай юм бэ? Буруутныг нь олоод өгч байхад юу гэнэв? Чи л буруугүй байхад хаваасаг ш дээ. Хамтдаа буруудахгүй гээгүй юм бол...

Ямар нэгэн юм чинь бүтэхгүй байна уу. Та битгий санаа зов. Элбэгээ л буруутай болохыг бид нотлоод өгнө, за?

Буруутныг олсон ард түмэн Элбэгээг буруутгаж, түүнийг “цаазлах”-ыг шаардаж байгааг бүрэн дэмжинэ.

Ер цаазалчих хэрэгтэй гэснээс бодоод байхнээ цаазалчихаар чинь үхчих юм байна, цаадах чинь. Тэгэхээр албан ёсны буруутан үхчихвэл бид нэг хэсэгтээ хэцүүднэ. Хэн нэгнийгээ түүний оронд буруутгах хэрэг гарна. Тэр нь хэн маань ч болчих юм билээ.

Аягүйтвэл буруутан олж чадахаа болиод хамаг бурууг өөрсдөөсөө эрэхэд хүрвэл яана. Үнэхээр ч тэр буруутан нь бид өөрснөө байвал хаашаа харж үхнээ, айн?...

Онцлох нийтлэлүүд