ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.12.20 09:12

“Элит” колони

Г.Бадамдорж: Шар хүний хар түүх ном саяхан бичсэн нь НЭПКО хэвлэлийн газар Хүмүүн хорвоо нийгэмлэгийн хамтран бүтээж буй Түүхэн эрхмүүдийн цадиг(ТЭЦ) цувралын үргэлжлэл юм. Удахгүй хэвлэлтээс гарах уг номын Түүх зохиогдсон түүх бүлгийн Элит колони хэсгээс толилуулж байна.


...1991 оны шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдахаас 300 жилийн өмнө 1691онд Долнуурт монголчуудыг Манжийн Вассал болгох ёслол болжээ. Түүхнээ Долооннуур, Долоннуур, Долнуур хэмээн янз бүрээр бичигддэг энэ хот Юань гүрнийг байгуулагч Хубилай хааны зуны ордон байсан нутгийн хавьд орших бөгөөд буддын шашны урлалын төв болон хөгжиж “Долнуур бурхан” хэмээх брэндийн төв болж явсан бөлгөө.

Харин 1691 онд Долнуурыг чуулганы эхэнд тэр үеийн дорнийн бодлогын өвөрмөц зохиомж шингэсэн протокол ёсоор Халхын удирдагчдаас ял асуух үзүүлбэр эхлээд зохиогдсон байна. Ямар ял гэхлээр, өмнө нь манжуудын байгуулсан Чин улсыг эсэргүүцсэн, гомдоосон, яг нарийндаа хэтэрхий оройтож дагаар орсон асуудал сөхөгдөн буруушаагдсан хэрэг. Мэдээж, Халхууд нь “Ардын элч” киноны арчаагүй ноён шиг “ийм явдал болсон нь харамсалтай. Тайван амгалан байж учрыг магадлах” -ыг гуйсан царай гаргаж таараа.

Энх-Амгалан хаан тэднээс жаахан ял асуух байдал үзүүлээд, өнөөгийн зарим профессорууд оюутныхаа бүтээлийг навс шүүмжилснийхээ дараа байр сууриа гэнэт өөрчилж “энэ бүхнийг эс тооцвол дипломын ажил онцсайн болжээ” гэдэг шиг явдал болж тэднийг өршөөлөө. Өршөөгөөд зогссонгүй үлэмж өгөөмрөөр шагнав. Сурвалжуудад дурдснаар бол Чин ван, бэйл, бэйс, гүн цолыг арав хориор нь олгожээ.

Гадна талаас нь харахад ажлаа олж ядсан улсын бодож олсон “драма” шиг санагдах энэ ёслол цаагуураа маш их учир утгатай зүйл байв. Чин гүрний эсрэг өмнөх тэмцэл, “бие хэл сэтгэл”-ээр үйлдсэн бүхий “нүгэл”-үүдийг өршөөж, ялт хэргүүдийн хөөн хэлцэх хугацааг дуусгаж, өргөн уучлал үзүүлж, ял шийтгэлгүйд тооцсон хэрэг юм.

1919 онд Монголын автономитыг устгах үед ч Монголын удирдагчид ийм болзол тавьж, 1911 оноос хойших Хятадын эсрэг бүхий л үйлдлүүдэд уучлал үзүүлэхийг шаардаж байсан аж. Энэ нь Дотоод Монголоос дүрвэн гарч Хүрээнд ирээд 1911 оны хувьсгалд оролцсон, Богд хааныг хошуу, албатынхаа хамт дагахаа илэрхийлсэн өвөрмонголчуудад онцгой хамааралтай зүйл байв. Дундад иргэн улсын удирдлага ч зөвшөөрөн “тийм явдал огт болоогүй мэт” явахаа гэрээнд тусгасан байдаг.

Хожмын өдрүүдэд олон хүүхэд шавуулсан хятад Будда-г Кансытай албан ёсоор андуурах явдал ингэж эхлэв. Энх-Амгалан хаан, Өндөр гэгээн Занабазар нарын байгуулсан Долоннуурын гэрээгээр бол Халх нь Чин улсын дотоод хэсэг бус харин гадаад харьяат вассал болж “Гадаад Монгол” хэмээн нэрийдэгдэв. Харин Өвөр Монголыг “Дотоод Монгол” хэмээн нэрлэсэн нь Манж улсын дотоод бүрэлдэхүүнд багтдаг монголчууд гэсэн утга заана.

Энэ хэллэг улс төр, түүх, утга зохиолын хэллэг болон монгол хэлнээ шингэлээ. “Гадаад Монголын төрийг засах Явдлын яам” гэвэл Чин династийн төрийн тухай яриа, “Гадаад Монголын төрийн үнэн цагаан боолыг, Ганц биеийн өмч мэт эндүүрэл болгоод...” гэвэл яруу найраг руу орчих жишээний.

Өнөөдөр солбилцуулан хэрэглэх болсон нэршлүүдийн “Гадаад Монгол”, “Дотоод Монгол” гэдэг нь улс төрийн утгатай. Харин “Ар Монгол”, “Өвөр Монгол” гэдэг нь газар зүйн агуулгатай. Дотоод Монголын олон хушууны үр сад “Дотоод Монгол” гэдэг хэллэгийн“Манж-Хятадын дотоодын муж орныг заасан” утгаас зэнзийрхэн, эмзэглэх хандлагатай байсаар ирсэн тул “Ар, Өвөр Монгол” гэсэн хувилбарыг илүү сонгомтгой ажгуу.

Халхууд Чин гүрний тугийн дор машид “Гадаад” байдлаар нэгдээд зогссонгүй Манжийн эзэнт гүрэн доторх (өнөөгийнхөөр бол “ари”) ариун үндэстний тоонд өөрсдийгөө багтаав. Чин гүрний хууль ёсоор эрх баригч манж үндэстэнтэй гэрлэж “цус холилдох эрх” олжээ. Эрх баригч манж үндэстнүүд хоорондоо болон монголчуудтай ураг барилдаж болох ба төрийн өндөр дээд албанд хамтдаа дэвших боломж олно.

Байдлыг жаахан хялбаршуулаад, өнөөгийн улс төрийн зураглалаар харвал: Халхууд нь Ойрад, халхыг нэгтгэсэн Гадаад Монголын төдийгүй, нийт Чин улсын “эрх баригч нам”-ын гишүүд бөгөөд Засгийн газар, яам агентлагийн дарга болох эрхтэй “элит” хэсэг байдлаар төсөөлөгдөнө.

Монголчуудыг үндэстнийх нь хувьд тариачин хятадад уусахаас хамгаалсан заалтуудыг Өндөр Гэгээн Г.Занабазар, Энх-Амгалан хаан Кансы нар тохиролцон хийжээ. Гадаад Монголын нутагт хятад тариачид ийшээ шилжин суурьшихыг хориглосон ба нэг жилийн лиценз бүхий худалдаачид эзгүй нутагт аргагүйдэн айлд хоноглох аваас гэрт нь унтах цаазтай. Хотных нь захад, нохойтой нь ханьсан унтах хуультай. Орон нутгийн захиргаанд нэг ч манж хүн байхгүйгээр зөвхөн монголчууд төрийн албыг явуулна.

Гадаад Монгол нь нэгэнт гадаад вассал тул Чин гүрний дотоод хуулийг шууд хэрэглэхгүй. Нутгийн засаг захиргаа нь Манжаас тогтоосон “Монгол цаазын бичиг”, “Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны хууль зүйлийн бичиг”-ийг гартал Халх журмыг дагаж байж. Харин Шанзав яам нь “Халх журам”-ыг гол болгон баримталсаар үлджээ .

Халхууд Чин гүрний умард хилийн Хаант оростой нийлсэн хэсгийг хамгаалах цэргийн үүрэг хүлээсэн тул хошууд дотроо “сум” хэмээх зохион байгуулалттай болов. Цэргийн насны 150 эрийг нэг сум болгожээ. Сумыг занги захирах ба хөөрхөн эрх мэдэл бүхий этгээд байсан нь “Юмны эзэн сумын занги” хэмээх хэллэгээс харагдана. Сумлах эрийн хэмжээ, тоо хүрэхгүй ардуудыг “Хондого” бүрэн бус сум болгон эмхэлсэн аж. “Хондого ховонд дуртай, хон хэрээ нүдэнд дуртай” хэмээх дайрал үг эндээс гарчээ.

Улиастайн жанжин бол Чин гүрний эзэмшлийн умарт хязгаарын Гадаад Монголд хамаарах хэсгийг хамгаалах цэргийн тойргийн ерөнхий командлагч бөгөөд монголчууд нэг бус томилогдон ажиллаж байв.

Их гүрний төрийн албанд зүтгэхээр Бээжин орж суумал хүн болох нь төрөлхийн нүүдэлчин монголчуудад нэг их хүсмээр зүйл байгаагүй бололтой. Иймээс орон нутагтаа Улиастайн цэргийн тойргийн ерөнхий командлагч болон түүний орлогч, Ховд, хүрээний Амбан сайд, буюу түүний туслах Хэбэй зэргийн тушаалд сүрэг малаа адгуулангаа ажиллах нь ихэвчлэн байжээ.

Тайпингийн бослогыг дарж нэр сүр нь мандсан бөгөөд Хар тамхины дайнд Чингийн цэргийг удирдан байлдсан генерал Сэнгэринчин, Цы Ши хатны алдарт “хуучинсаг” зөвлөх зэрэг олон алдартнууд Өвөр Монголоос нутгийн ойроор нь Бээжинд зүтгэсэн монголчууд бололтой.

Манжийн шинэчлэгч Цы Ши хатны монгол зөвлөх, түүний сэдсэн шинэчлэлийг хамгийн том гацаагчаар алдаршсан ба ялангуяа боловсролын салбарт байгалийн шинжлэх ухаан нэвтрүүлэхийг тууштай эсэргүүцэгч байжээ. Түүний шинжлэх ухааны эсрэг ажиллагаа нь шашин шүтлэг, хэт хуучинсагтай нь холбоотой эсэх нь эргэлзээтэй. Харин Цы Ши хатны санаачлан хэрэгжүүлэхээр зорьсон шинэтгэл нь Чин гүрний хаадтай монголчуудын байгуулсан гэрээ, тэнд тусгагдсан онцгой нөхцөлүүдэд дайсагнаж байгааг төрийн зүтгэлтний хувьд анзаарсантай холбоотой болов уу. Манж Чин гүрний үеийн Гадаад Монголын үндэстний хувьд онцгой байдал, язгууртнуудын эрх ямба, тусгай хангамж нь зөвхөн хэмжээгүй эрхт хаант засаглалын үед, феодалын тогтолцоонд л хэвээр үргэлжлэх боломжтойг тэр мэдэж байсан нь лав.

Эрх баригч хатны төлөвлөсөн шинэчлэлээр бол бүх үндэстэн тэгш эрхтэй болох тул монголчуудын онцгой байдал алдагдана. Түүнийг дагаад муж хязгааруудын онцгой байдал ч алдагдах тул Гадаад Монгол нь Хятадын ерийн нэгэн муж болж хувирна. Ийм шинэчлэл нь Монголын язгууртнуудын хувьд төгсгөл болно гэдгийг анзаарсандаа тэрээр Цы Ши-гийн шинэчлэлийг элдэв шалтгаанаа эсэргүүцэж байсан бололтой.

Үнэхээр ч шинэтгэгч Хатны хийсэн хувьслаар Чин улсын доторх ястан үндэстний эрэмбэ устаж, Хятад Монгол Манж бүгдээр “иргэн” хэмээх нэрийн дор тэгширч, Хятадтай адилхан иргэн болсондоо уурссан өвөр монголчууд түрүүлэн бослого самуун сэдэж эхэлсэн ба түүнийг нь хожмоо “Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний оч” гэх маягаар бичих болсон бөлгөө.

Манжийн хаад өөрсөнтэйгөө адил Чин улсын “цэвэр цус”-ны бүлэгт багтсан монголчуудад “цэвэр үүлдрийн” Айсонгооро овгийн гүнжээ өгч ураг барилдах замаар итгэлцлийг бэхжүүлэх алхам олныг хийжээ. Элит хүргэнд “Эфү” цол олгох ба хүргэн гэсэн утгатай манж үг аж. Хааны их бага хатны алинаас нэгнээс төрсөн болон тэжээсэн охиныг авсан, түүнчлэн айсонгоороо овгийн хэр зиндаатны гүнжтэй сууснаас хамааран хүргэдийг төрийн эфү, хошой гэхчлэнгийн цол шагнал, үлэмж шагнал дагалдана.

Түшээт хан Дондовдорж (1733-1743) нь Чингийн үеийн ууган эфү нарын нэг бөгөөд Түшээт хан болон Сайн ноён ханы 10-аад эфү түүхнээ дурьдагдан үлджээ.(Энд ч ямар хамаа байхав, гэхдээ сонирхуулахад 1980-аад онд БНМАУ-ын удирдах баг болох МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүдийн гуравны нэг орчим нь орос-зөвлөлт эхнэртэй байжээ)

Манжийн хааны гүнж нараас хамгийн алдаршсан нь Энх-Амгалан хааны зургадугаар охин “Хичээнгүй амирлангуй” гүнж ажгуу. Түүний алдаршсан шалтгаан нь их энгийн. Эфү Дондовдорж бээр гүнжийг нас барахад нь өнөөгийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт бунхлан оршуулжээ. Уш бунхан өнөөг хүрсэн нь түүнийг судлах сэдэл өгч, улмаар гүнжид олгосон алтан өргөмжлөл сэлт нь судалгааны эргэлтэд оржээ. Та бүхэн манжууд” монгол ноёдыг бэлгийн амьдралаар дамжуулан тагнах”, Бээжин рүү “хөнжлөөс нь мэдээлэл бичих” зорилготой гүнж-тагнуулууд илгээж байсан тухай болон “Гүнжийн сүмийн гүнж” тэднээсээ арай өөр нэгэн байсан тухай бичлэгтэй зөндөө таарсан байх.

Манжийг үзэн ядсан уур амьсгалтай тогтоцод амьдарч байсан эрдэмтэд өөрийн судалгаагаа үнэ цэнэ оруулах, үгүйдээ л үзэл сурталчдын дайралтаас хамгаалахын тулд “Хичээнгүй амирлангуй гүнж” хэдийгээр дайсны тал боловч бас ч гэж нааштай, манай талындуу этгээд болгож байсан бололтой. Харин Энх-Амгалан хаанаас Галданд бошигтод хүртэл гүнжээ гэргий болгон өгч байсан ба харин Галдан тэрэнтэйгээ хэрхсэн нь энэ номын сэдэв биш болно.

Дайсагнагч хийгээд нөхөрлөгч хаад үр хөвүүдээ солилцон найрамдах, үгүйдээ барьцаа болгон тавих бодлого нэн эртээс эхтэй юм. Тухайн үедээ Чингис хаан ч өөрийн охиноо Уйгарын Идикут Барчукт гүнж болгон өгөх шийдвэр гаргаж байв. Баруун Монгол, халхын хооронд ч сөргөлдөөнөө шийдэхийн тулд хэрэгжүүлж байсан түгээмэл бодлого.

Харин ХХ зууны дундаас л эфү нарыг төрийн хэмжээний дайсан болгон бичиж сурталдаж эхлэв. Монголын язгууртнуудын бэлгийн гүнж авсан биш харин “биеэ үнэлсэн” байдлаар бичигдэх болжээ.

Хувь заяаны тохуугаар ийм үзэл санааг монголчуудад тулгагч нь олон үеийн турш герман цусны хаадтай явсан оросууд болж таарав. Хувь заяаны дамшиглалаар энэ санааг хэрэгжүүлэх үед Монголын төрийг орос эхнэртэй, Зөвлөлтийн “хүргэн” Ю.Цэдэнбал удирдаж таарав.

Манжийн хүргэдийг үзэн ядах синдром нь монголчуудын ч, Ю.Цэдэнбалын ч сонголт байсангүй. Дарга ч өөрөө мангар амьтан биш, “Гадаад авгай муу” гэдэг синдром нэг эргэлтэн дээрээ өөр лүү чиглэж мэднэ гэдгийг гадарлахтайгаа. Харин дээрх хандлага бол “Зөвлөлтийн дагуул БНМАУ-ын түүхэн дэх хамгийн жаргалтай үе нь Зөвлөлтийн дагуул болсон үеэс л эхтэй” болохыг харуулсан үзэл суртлын нэг хэсэг нь юм. Үнэн хэрэгтээ, “эфү” нарыг хараах хөдөлгөөн нь Москвагийн протекрат хэм хэмжээтэй БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөөсийн нэг хэсэг нь байлаа.

Яг үнэндээ өнөөгийн Монгол Улсын умард хилийн үндсийг тогтоосон, орчин үеийн димаркаци болгосон хоёр хүний нэг нь Манжийн хүргэн, нөгөө нь Зөвлөлтийн хүргэн байсан бөлгөө...

Онцлох нийтлэлүүд