ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2017.06.26 11:06

Элон Маскийн цахилгаан машинууд дэлхийн бизнесийг өөрчилж байна

Түрүү жилийн өдийд “Тесла моторс” компани автомашины салбарт хувьсал хийх цоо шинэ загварын машинаа танилцуулж байв. “Тесла моторс” компанийн гүйцэтгэх захирал Элон Маск дундаж орлоготнуудад зориулсан “MODEL-3” загварын цахилгаан машинаа танилцуулсан юм. “Тесла”-гийн цахилгаан машинууд хэрэглээнд ороод эхэлсэн тухай мэдээллүүд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хөвөрч буй энэ үед Фэйсбүүкийн нэгэн постыг онцолъё.

Монголын геологи, уул уурхайн мэргэшсэн институцийн ерөнхийлөгч М.Дагва нүүр хуудсандаа “Гурав байна уу дөрвөн жилийн өмнө Бээжинд нэг хуралд оролцох үеэр “Тесла” компанийн захирлын илтгэлийг сонсож, үзэсгэлэнгийн танхимд тавьсан Тесла машинд сууж үзэн, энэ компанийг биширч байж билээ. Цахилгаан машины батарей солих хугацааг ердийн машины банк дүүргэх хугацаанаас богино байлгахын тулд 3D програм ашиглан дизайныг нь гаргасан тухай, Невадагийн цөлд байгуулсан нарны станцад түшиглэн хойд америкийг хэрсэн цэнэглэх станцууд байгуулж, цахилгаан машин авсан хүмүүс уг станцуудаас машинаа үнэгүй цэнэглэх боломж олгож байгаа тухай мэдээллүүд тухайн үед тархинд их л цочир сонин бууж байсан. Саяхан Шанхайд буусан буудлын гадна Теслагийн сүперчарж станцуудад машинууд залгаатай байгааг, Тесла аль хэдийн урд хөршид ороод ирсэн байгааг нүдээр харлаа.Ашлее Вэнс гэгч хүний бичсэн Элон Маскийн тухай бэстсэллэр номыг ойрд ажлын заваар барьж тавих байдлаар уншаад байгаа юм. Бизнес уруу орсоноос хойш асуудлыг бизнес модель талаас нь харахыг оролддог болж. 90-ээд оны дот.ком-ын халуурлын үеэр энэ чиглэлийн хоёр ч бизнесийг бий болгон амжилттай зарж хөрөнгөжсөн залуу SpaceX, Tesla, Solar City гэсэн төслүүд уруу өөрийн мөнгийг оруулж, тухайн салбар бүрт уламжлалт бизнесийн схем, тогтолцоог эвдэж. SpaceX-ийн хувьд Америкийн батлан хамгаалах – аж үйлдвэрийн мангасууд болох Локхийд Мартин, Бойнг зэрэг аваргуудтай тулахын зэрэгцээ Орос, Хятад улсуудын эрх ашигтай ч харгалдаж. Сансарын бизнес маш их улс төржсөн, зах зээлийн хамгаалалттай, капиталист нийгэмд ийм салбар байдаг гэдэгт итгэмгүй бизнес бөгөөд энэ тал дээр Элон Маскийн туулж буй сорилтын дэргэд iPod, iTunes-ээ зах зээлд гаргах үедээ дуу бичлэгийн салбартай Стийв Жобсын хийсэн тулаан бол хүүхдийн тоглоом гээд хэлчихэд буруудахгүй юм гэнэ. “Гэр бүлийнхэнд минь намайг оросуудад нухуулчих вий гэх айдас байдаг” гэж Маск өөрөө хэлж. Тесла Моторс компани бол бүр машин үйлдвэрлэх, зарах тогтолцоог тэр чигээр нь өөрчилсөн, машинаа “бензин колонк”-той нь хамтаар нь зарж байгаа бизнес модель юм байна. Машинаа вэб хуудсаараа дамжуулаад зарчих тул бүхэл бүтэн машины дилерүүдийн тогтолцоог үгүйсгэж байгаа, цахилгаан машинд тос солих шаардлага байхгүй тул сервис үйлчилгээ хийдэг бизнесийг ч мөн үгүй хийж байгаа юм байна” хэмээн онцолжээ.

Тесла компани шинэ загварын MODEL-3 цахилгаан машинаа танилцуулах үеэрээ мастер төлөвлөгөөнийхөө талаар сонирхуулж байсан юм. “Тесла”-гийн мастер төлөвлөгөө дөрвөн үе шатнаас бүрдэж буй. Эхний буюу хөгжүүлэлтийн үедээ маш өндөр үнэтэй цөөн тооны машин үйлдвэрлэх бол хоёр дахь үедээ MODEL S ба седан загварын өндөр үнэтэй машиныг дундаж хэмжээгээр үйлдвэрлэхээр төлөвлөж байжээ. Харин гурав дахь үедээ SUV төрлийн MODEL –X загварыг үйлдвэрлэх зураг гаргаад ажилласан байна. “Тесла”-гийн төлөвлөгөөний дөрөв дэх шат нь өнгөрсөн жил танилцуулсан MODEL-3 цахилгаан машин юм.

"Тесла" компани БНХАУ-д автомашины үйлдвэрлэлээ эхлүүлэхээр Шанхай хоттой хамтран ажиллаж байгаагаа баталгаажуулаад удаагүй байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Элон Маск энэ оны эцэс гэхэд үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө илүү тодорхой боловсруулна хэмээн онцолжээ. БНХАУ-д үйлдвэрлэлээ эхлүүлэх хэлэлцээрт хүрснээр "Тесла" орон нутгийн бусад автомашин үйлдвэрлэгчидтэй илүү хүчтэй өрсөлдөөн үзүүлэх аж. Энэ хамтын ажиллагаа эхэлбэл автомашины импортын тариф нь 25 хувиар буурч, “Model S” седан болон “Model X” спорт загварын автомашины үнэ АНУ-ынхаас хямд байж, илүү өндөр ашиг олох боломжтой юм байна. "Тесла ийнхүү бусад улсад үйлдвэрлэлээ эхлүүлэх нь дэлхийн хамгийн том цахилгаан автомашины зах зээлд байр сууриа нэмэгдүүлэхэд шаардлагатай алхам" гэж "Fiat Chrysler"-ийн БНХАУ дахь салбар нэгжийн захирал асан Билл Руссо мэдэгджээ.


Ц.СҮРЭН

Онцлох нийтлэлүүд