ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.04.29 09:04

Элчин сайд Майкл Клечески: Америк, Монгол хоёр орны эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ

АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Майкл Клеческитэй ярилцлаа. Тэрбээр Элчин сайдаар томилогдож ирээд хоёр сар гаруй болж байгаа бөгөөд Монголын хэвлэлд өгч байгаа анхны ярилцлага нь энэ юм.


-Та Монгол Улсад Элчин сайдаар томилогдож ирээд удаагүй байна. Монголд ирээд хамгийн анх төрсөн сэтгэгдэл юу вэ. Ер нь Монгол Улсын талаарх таны төсөөлөл бодит байдал дээр хэр өөр байна вэ ?

-Миний эхнэр Элойса бид хоёр Монголд ирсэндээ маш баяртай байна. Ер нь бид аливаа улс оронд очихоосоо өмнө тэр улсынхаа тухай маш их уншиж, видео бичлэг үзэж, хүмүүстэй ярилцдаг.Монголын тухай ч мөн уншиж, бичлэг үзэж судалсан. Аль ч улсад очиход хамгийн анхны сэтгэгдэл их хүчтэй, бодитой байдаг. Монголыг анх онгоцны цонхоор харахад,хэдийгээр өвс ногоо, цэцэг навч ургаагүй байсан ч маш өргөн уудам тал нутаг, үнэхээр том, үнэхээр гайхалтай харагдаж байсан. Малаа хариулаад явж байгаа хүмүүс тод харагдаж байв. Бид энэ нутаг, энэ ард түмний зан заншил нүүдлийн мал аж ахуй, нүүдэлчин ахуй соёлыг хамгийн түрүүнд олж харсан. Монголд ирээд хоёр сар шахам болжээ. Энэ хугацаа надад “анхны сэтгэгдэл”-үүдээр дүүрэн байлаа, үзэж харсан зарим зүйлээ бичиж тэмдэглэсэн. Та сонсохыг хүсч байвал би үргэлжлүүлье?

-Тэгэлгүй яахав.

-Миний фэйсбүүк, твиттер хуудсыг дагадаг хүмүүс энэ бүхнийг харсан байх. Бид музей үзэх их дуртай. Монголын хэд хэдэн томоохон музейг үзлээ. Хамгийн анх Үндэсний түүхийн музейг үзсэн. Монголчуудын түүхийн талаар маш тод томруун, цогц байдлаар харуулсан байсан. Занабазарын музейд Монгол орны түүхийг, тэр дундаа урлаг соёлын, шашны түүхийг шингээсэн сайхан бүтээлүүдтэй танилцсан. Орчин үеийн уран зургийн галерейд зочилж, энэ бүс нутгийн хувьд сонирхолтой цаг үе болох XX зууны дунд үеэс эхлээд одоог хүртэлх түүхийг дүрслэн харуулсан уран бүтээлүүдийг үзсэн.

Мөн нүүдэлчин амьдралын хэв маягаас үүсч хөгжсөн энэ гайхалтай хотын талаар олон зүйлийг Улаанбаатар хотын музейгээс олж мэдсэн. Олон улсын яруу найргийн өдрөөр Монголын нэрт яруу найрагч Д.Урианхай, Г.Мэнд-Ооёо нартай танилцсан минь надад тохиосон том аз завшаан байлаа. Яруу найраг бол миний ихэд таашаан сонирхдог зүйлүүдийн маань нэг юм.Бид Үндэсний урлагийн их театрт очиж Монгол үндэсний бүжгийн эцэг гэгддэг Ц.Сэвжидийн уран бүтээлтэй танилцсан. Мөн Монголын төдийгүй дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийг үзэхээр Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт бид очих дуртай болоод байгаа. Энэ бүгд миний хувьд уламжлалт болон орчин үеийн аль аль хэв шинжээр үнэхээр баялаг соёлын “анхны сэтгэгдэл”-үүд болж үлджээ.

-Хөдөө явж үзсэн үү?

-Хотоос гадагшаа явсан. Хустай, Тэрэлж, “XIII зуун” цогцолбор, бүр Ховд аймагт очсон шүү. Ховд аймаг бол олон үндэстэн, ястны өлгий нутаг гэдгээрээ алдартай юм билээ. Тэд бүгд өөр өөрсдийнхөө соёл, зан заншил, шашин шүтлэгийг өвлөн хадгалж байгаа нь гайхалтай санагдсан. Энэ нь АНУ-тай адил төстэй юм. Албаны хүмүүс, олон нийт, хүн ард нь биднийг маш халуун дотноор хүлээн авсанд талархаад баршгүй. Америк-Монголын хамтын ажиллагаа тэнд бодитойгоор оршин байгааг харахад бахархалтай байлаа. Жишээ нь, Америкийн соёл, мэдээллийн төв Ховдод байдаг. Америкийн тухай мэдээллийг түгээдэг энэ төв орон нутгийн хүмүүс олноороо ирдэг газар болжээ. Тэнд ажилладаг Энхтайвны корпусын сайн дурын мэргэжилтнүүд, англи хэлний заах арга зүйч америк багш нартай уулзсан. Маш азтай нэгэн тохиолдол болсон нь юу гэвэл, биднийг тэнд байхад Ховд аймгийн Хөгжимт жүжгийн театр “Жангар” туулиас сэдэвлэсэн хөгжимт жүжгийг тайзан дээр тавьж, нээлтийн тоглолтыг нь үзэх хувь бидэнд тохиосонд баяртай байна.

АНУ-д Монгол Улсыг бат бэх, цэцэглэн хөгжиж байгаа ардчилсан улс гэдгээр нь сайн мэднэ. Намайг ирснээс хойш хоёр ч удаа жагсаал, цуглаан болж байхтай таарлаа. Тайван, эмх замбараатай, гэхдээ асуудлуудыг бодитой дэвшүүлж тавьж байгаа харагдсан. АНУ-д ч гэсэн янз бүрийн засаг захиргааны үед зөндөө л олон ийм жагсаал болж байдаг. Энэ бол ардчиллын нэг илэрхийлэл юм. Бас АНУ-тай төстэй нэг зүйл гэвэл, уулзсан албаны хүмүүс, улстөрчид сошиал сүлжээний талаар ярьж байсан. Тэнд хүмүүс санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, түүнийг нь зөвхөн сонгуулийн үеэр биш, жирийн үед ч харж анзаарч, хариу өгч байх ёстой гэсэн нь бас сонирхолтой санагдаж байв.

Монгол хүмүүсийн нөхөрсөг, найрсаг зан чанар, АНУ-Монголын харилцааг өндрөөр үнэлж, их ач холбогдол өгч байдаг нь миний хувьд мөн онцгой санагдлаа. Олон албаны уулзалт хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон нэлээд олон сайд, парламентын гишүүд, иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзсан. Эдгээр уулзалтын уур амьсгал маш эерэг, халуун дулаан байв. Энэ бүх зүйлийг эргээд харахад анх бодож байснаас хавьгүй илүү, хүлээлтээс давсан найрсаг, дулаан сэтгэгдэл надад үлджээ.

-Хоёр сарын хугацаанд чамгүй олон газраар явжээ...

-Ядрах болоогүй байгаа шүү. (инээв)

-Албаны хүмүүстэй уулзсан тухайгаа ярилаа. Та УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзахдаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын хууль, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан тухай асууж лавлаж байсан. Та тодорхой мэдээлэл авч чадсан уу, ямархуу үнэлэлт дүгнэлттэй болсон бэ?

-Шүүх эрх мэдлийн систем хараат бус байх нь ардчиллын хамгийн гол амин чухал зарчим. Мэдээж, чөлөөт хэвлэлээс эхлээд ардчиллын маш олон бүрэлдэхүүн хэсэг бий л дээ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай би УИХ-ын даргаас асуусан. АНУ-д ч энэ талаар нэлээд сонирхож байгаа. Надад тодорхой тайлбарлаж өгсөн. Шинэ нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн Цэцээр авч хэлэлцэх юм байна гэсэн ойлголттой байгаа. Бидний зүгээс хамгийн гол нь юуг тэмдэглэж байна вэ гэхээр, шүүх засаглал, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдал маш их ач холбогдолтой, суурь хүчин зүйл юм гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Элчин сайдаар ажиллах хугацаандаа ямар асуудал дээр түлхүү анхаарах ёстой гэж төлөвлөж байна вэ?

-Би Монгол Улсад Элчин сайдаар томилогдож ирснээ маш аз завшаантай хэрэг гэж боддог. Олон шалтгаан байна. Юуны өмнө, АНУ Монгол Улсыг маш чухал түнш, анд нөхрөө гэж боддог. Хамгийн гол нь Монгол бол ардчилсан улс бөгөөд ардчиллын институциуд бие даасан байх ёстой гэсэн хамтын үнэт зүйл, зарчим бидэнд бий. Мөн Монгол Улс олон улсын энхийг дэмжих ажиллагаанд хүчин чармайлт гарган хувь нэмрээ оруулж байгаа. Өөр бусад шалтгаанууд ч бий. Энэ бүхэн 30 гаруй жил бидний харилцааг тодорхойлсоор ирсэн. Бидний нэгэнт тогтсон энэ сайхан харилцааг улам сайжруулах, бэхжүүлэх хүсэл эрмэлзэл Вашингтонд ч дүүрэн байна. Үүний нэг илэрхийлэл бол өнгөрсөн жил танай Ерөнхий сайд АНУ-д айлчлал хийсэн. Тэр үеэр бид хоёр талын харилцаагаа “Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаа” гэж шинээр тодорхойлсон. Энэ нь хоёр орны харилцаа шинэ шатанд гарсны илэрхийлэл юм. Миний нэн тэргүүнд тавих зорилт бол нэгэнт тогтсон бат бэх, сайн харилцаагаа цааш нь яаж улам өргөжүүлэх, бэхжүүлэх талаар арга замуудыг эрэлхийлж, олох явдал юм.

Бидний харилцааны үндэс суурь бол хамтын үнэт зүйлс юм. Ардчилал, чөлөөт хэвлэл, бие даасан, хараат бус шүүх эрх мэдэл, ардчиллыг бүрдүүлдэг бусад олон зүйл байна. Эдгээр үнэт зүйлс, чанаруудыг улам бэхжүүлэн бататгах үйлсэд АНУ Монгол Улсыг тууштай дэмжиж байгааг нотлох нь миний зүгээс тэргүүн зэрэгт тавих зорилт юм. Энэ бол бүхэлд нь томоор тодорхойлсон зорилт юм шүү. Үүнийг бүрдүүлж буй олон зорилгууд байгааг би тус тусад нь ярья.

Элчин сайдын томилгоог Сенатаар хэлэлцэх сонсголын үеэр би элчин сайдын хувиар нэн тэргүүнд хоёр орны эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэсэн зорилго тавьж байгаагаа хэлсэн. Энд би хоёр зүйлийг хэлмээр байна. Манай ЭСЯ-ны, өргөн утгаараа АНУ-ын Засгийн газрын үүрэг бол Монгол Улсад бизнесийн ямар боломжууд байгааг Америкийн бизнес эрхлэгчдэд танилцуулах, мэдээлэл хүргэх, шаардлагатай үед туслалцаа үзүүлэхэд оршдог. Бусад бизнес эрхлэгчдийн адилаар Америкийн бизнесүүд ч Монголд хөрөнгө оруулалт хийх эсэхээ шийдэхдээ хөрөнгө оруулалтын орчныг юун түрүүнд харна. Ил тод байдал, хууль дээдлэх зарчим хэр байна, эдийн засгийг төрөлжүүлэх ямар боломж байна гэдгийг судална. Энэ бүх салбаруудад харин бид туршлага хуваалцан, эдгээр зорилтуудыг ханган биелүүлэхэд нь Монгол Улсад туслалцаа үзүүлсээр ирлээ.

Хоёр дахь зорилгыг улс төрийн гэж томьёолж болно. Тухайлбал, олон улсын хэмжээнд бидэнтэй тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд хамтран оролцох явдал юм. Жишээ нь, Хойд Солонгосын талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоол, шийдвэрийг биелүүлэх, хэрэгжилтийг нь хангахад хамтран ажиллаж байгаад бид Монгол Улсад талархалтай байна. Мөн Батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагааг энд бас хамааруулж болно. Энэ харилцаа маш бат бэх бөгөөд бид улам бэхжүүлэх хүсэлтэй байна. Монгол Улсын олон улсад энхийг сахиулах чиглэлээр гаргаж байгаа хүчин чармайлтыг бид дэмжихдээ үргэлж таатай байна. Энэ бол монголчуудын хувьд бахархах нэг зүйл гэдгийг бид мэднэ, энэ чиглэлээр дэмжин ажиллахдаа ч бахархалтай байдаг. Дашрамд хэлэхэд, өнгөрсөн долоо хоногт шөнө дөлөөр би “Чингис хаан”олон улсын нисэх буудал дээр очиж, Афганистан дахь “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд оролцохоор Америкийн онгоцоор ниссэн монгол цэргүүдийг үдэн гаргах ёслолд оролцлоо.

Гурав дахь бүлэг зорилго бол иргэд хоорондын харилцааны асуудал байдаг. Иргэд хоорондын харилцаа гэхээр байнга яригддаг, улиг болсон үгс сонсогдож магадгүй. Өнгөрсөн онд танай Ерөнхий сайд АНУ-д айлчилж, манай Төрийн нарийн бичгийн даргатай уулзахдаа 2019 оныг Америк-Монголын залуучуудын жил болгохоор ярилцаж, санал нэгдсэн. Тэгэхээр энэ чиглэлээр бидний түншлэлийн хүрээнд хамтран хийж байгаа хөтөлбөрүүд олон байгаа. Бид энэ жил Америкийн хип-хоп хамтлаг авчирна, залуу интерпренерүүдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд нэрлэвэл их олон зүйл бий.

-Ямар хамтлаг ирэх бол...

-Next Level гээд Төрийн департаментын хип хоп санаачилга л даа, хамтлагийн нэр удахгүй тодорхой болох юм. Мөн миний хувь хүний зүгээс нэлээд анхаарал хандуулж байгаа зүйл бол Монголд англи хэлний сургалт, заах арга зүйг сайжруулах. Англи хэлний түвшин жилээс жилд чанаржиж байгаа ч сайжруулах боломж үргэлж нээлттэй байдаг. Энх тайвны корпусын сайн дурын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар, өөр олон арга замаар арга зүйг сайжруулж болно. Мөн солилцооны болон тэтгэлэгт хөтөлбөрүүд, богино хугацаагаар АНУ-д зочилж, мэргэжлийн чиглэлээр туршлага судлах “зочин” хөтөлбөрүүд ч байдаг. АНУ бүх асуудлыг шийдэж, бүх асуултад хариулж чадна гэж хэлэхгүй ч бид эдгээр хөтөлбөрүүдээр тухайн асуудлыг яаж шийдэж байгаа өөрсдийн туршлагаа хуваалцаж, монголчуудаас ч их зүйл суралцаж байдаг. Ингээд, бидний өмнө энэ мэтчилэн томоохон зорилтууд байна, хийж хэрэгжүүлэх ч бүрэн бололцоотой гэж үзэж байна. Яагаад гэхээр манай ЭСЯ-нд маш туршлагатай, хариуцлагатай, чадварлаг хамт олон ажилладаг, тэднийхээ хүчээр эдгээрийг хийж хэрэгжүүлэх боломжтой.

-Олон сайхан хөтөлбөр хэрэгжиж, хоёр орны хамтын ажиллагаа улам хөгжинө гэдэг таатай сонсогдож байна. Та түрүүнд хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг өргөжүүлнэ гэлээ. Ер нь америк компаниуд Монголд хөрөнгө оруулах сонирхол хэр байдаг юм бол?

-Мэдээж, сонирхол байгаа. Юуны өмнө хөрөнгө оруулалтын орчин их чухал байдаг. Монгол Улс геостратегийн болон стратегийн маш чухал байрлалтай болохоор хөрөнгө оруулалтын орчныг нь сонирхох нь гарцаагүй. Бидний хийх ажил бол тэр сонирхлыг нь өдөөх, зөв мэдээллийг хүргэх явдал юм. АНУ-д байгаа Монгол Улсын ЭСЯ ч гэсэн ийм зорилт дэвшүүлж, адилхан үүрэг хүлээдэг бөгөөд хоёр орны бизнесүүдийг холбох, хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх талаар тэд ч гэсэн хичээнгүйлэн ажиллаж байгаа, үүнд нь талархал илэрхийлье. Ер нь олон улсын зүгээс хөрөнгө оруулалт, бизнес хийх сонирлыг татах хамгийн гол хүчин зүйл бол хөрөнгө оруулалтын орчин, нөхцөл байдаг. Энд ямар сорилт бэрхшээл байна, яаж сайжруулах вэ гэдэг талаар дүн шинжилгээ, зөвлөмжийг багтаасан ”Хөрөнгө оруулалтын орчны тайлан”-г бид жил бүр улс тус бүрээр гаргаж, нийтэд ил тод тавьдаг. Энэ чиглэлээр хийсэн бидний хамтын нэг алхам бол дөрвөн жилийн өмнө гарын үсэг зурсан Худалдаа, хөрөнгө оруулалтын талаар Ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр юм. Үүний зорилго нь олон улсын хөрөнгө оруулагчдад Монгол Улсад байгаа боломжуудыг, мөн эрх зүйн орчныг ил тод байлгахад чиглэгдсэн. Тухайлбал, хөрөнгө оруулагчийн, бизнесийн эрх ашгийг хөндсөн алив хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, эсвэл шинэ хууль батлахын өмнө олон нийтийг санал өгөх боломжоор заавал хангах талаар тохиролцсон байдаг.Ил тод байдлын хэлэлцээрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх талаар манай ЭСЯ танай Засгийн газартай хамтран ажиллах болно. Энэ хэлэлцээр маань бүрэн хэрэгжсэнээр бизнесийн орчинд дорвитой үр дүнг авч ирнэ гэж найдаж байна.

Бидний харилцааны 30 гаруй жилийн хугацаанд нийт нэг тэрбум орчим ам.долларын төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн байна. Энд бизнесийн орчныг сайжруулах, шүүх эрх мэдлийг бэхжүүлэх, эдийн засгийн эрх зүйн чиглэлээр туршлагаасаа хуваалцсан гэх мэт. Санаанд орж байгаа нэг зүйлийг дурьдахад, Монголд ирээд удаагүй байхдаа би шүүгч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд зориулсан хөтөлбөрийн арга хэмжээнд оролцсон юм байна.

Өөр нэг жишээ бол АмЧам буюу америкийн худалдааны танхим Америкийн бизнес эрхлэгчдийг дэмжих, нэгтгэх, тэдэнд тулгарч байгаа нийтлэг бэрхшээл, сорилтууд, үзэл бодлыг сонсох, ярилцах, уламжлах зэргээр ажилладаг. Энэ байгууллагын тавьсан саналыг Монгол Улсын Засгийн газар нааштай хүлээн авдаг, бид ч АмЧамыг дэмжин ажилладаг.

-Монголын ноолууран, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй гаргах тухай хуулийн төсөл Сенатад ороход бэлэн гэсэн мэдээлэл байсан. Ойрын үед шийдэгдэх болов уу?

-Өнгөрсөн долоо хоногт энэ хуулийн төслийг Конгресс дахь Төлөөлөгчийн танхим болон Сенатын аль алинд нь дахин өргөн барьсан байгаа. Америкт ч бай, Монголд ч бай, аль ч орны хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа нэлээн нарийн түвэгтэй, олон шат дамжлагатай байдаг. Яг одоогийн байдлаар хэзээ, яаж шийдэгдэхийг би урьдчилан таамаглах, тодорхой хэлэх боломжгүй байна. Ямартаа ч энэ хуулийн төслийг манай хууль тогтоох байгууллагын зарим гишүүд өргөн барьсан нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, солонгоруулах, энэ чиглэлээр туслах хүсэл сонирхол АНУ-д байна гэдгийг харуулж байна. Энэ талаар Монгол Улсын Засгийн газар ч бидэнд байнга санал тавьж байдаг, бид ч сайн гуравдагч хөршийн хувиар та бүхнийг сонсож, эдийн засгийг төрөлжүүлэхэд бололцоотой бүхий л туслалцааг үзүүлэхийг эрмэлзэж байдаг.

Мөн АНУ-ын Конгрессоор саяхан батлагдсан “BUILD Act” буюу хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг үр дүнтэй зарцуулах талаар шинэ гарсан хууль бий. Тэр талаар бас тайлбарлаж өгье.

-Ямар учиртай хууль вэ?

-Энэ оноос хэрэгжиж эхлэх хууль. Хууль хэрэгжсэнээр 60 тэрбум ам.долларыг Энэтхэг, Номхон далайн бүс нутагт хэрэгжих дэд бүтэц гэх мэт төсөлд хөрөнгө оруулах америк компаниудад дэмжлэг үзүүлэхэд зарцуулах юм. Энэ бүс нутагт Монгол Улс ч багтаж байгаа болохоор үр шимийг нь хүртэх боломжтой. 60 тэрбум долларыг нэг улсад тэр чигээр нь хөрөнгө оруулна гэж ойлгож болохгүй.

-Монгол Ардчилсан улс гэдгээрээ бахархдаг. Манайх хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай. Мөн гурав дахь хөршийн бодит дэмжлэг маш чухал байдаг. Жишээ нь, Оюу толгойн бүтээн байгуулалт шиг АНУ-ын эрх ашиг шууд туссан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх боломж байдаг уу?

-Монгол бол том, жижиг, ямар ч боломжоор дүүрэн улс. Яг одоохондоо “Оюу толгой”-гоос өөр ийм том, стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг зааж хэлэхэд хэцүү юм. Энд дурдахад, “Оюу толгой” төсөл дээр АНУ хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг. Мөн John Deere, General Electric болон манай бусад компаниудын тоног төхөөрөмж, машин механизмыг бүтээн байгуулалтад ашиглаж, тэд ч найдвартай чанараа харуулж, төслийн амжилтад тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж байгаа байх аа. “Оюу толгой” төсөл олж байгаа ашиг орлого, бий болгосон ажлын байр зэргээрээ Монгол Улсын хувьд чухал том төсөл. Нөгөө талаар олон улсын хөрөнгө оруулагчид монголчуудыг “Оюу толгой” шиг ийм том төслийг амжилттай хэрэгжүүлж чадах нь уу, үгүй юу гэдгийг анхааралтай ажиглан харж байна. Маш том хөрөнгө оруулалтын төсөл болохоор ярвигтай байгаа нь ойлгомжтой ч тогтвортой хэрэгжиж чадах нь уу гэдгийг харж байгаа. Монгол Улсын хувьд урт хугацааны томхон хөрөнгө оруулалт хийхэд найдвартай байж чадах эсэх нь энэ төслийн үр дүнгээр харагдана.

Хөрөнгө оруулалтын хувьд нэмж хэлэхэд, Монгол Улс Мянганы Сорилтын Сантай хоёр дахь компакт гэрээгээ байгуулсан. Улс орон бүр хоёр дахь гэрээг байгуулж чаддаггүй нь эхний компакт гэрээ маш амжилттай болсон гэдгийг харуулж байна. Энэ бүхэн бол бидний бодитойгоор бахархах ёстой зүйл. Энэ санхүүжилт бол өрийн дарамтад оруулах зээл биш, буцалтгүй тусламж. Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр тодорхой, бодит, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зорилготой олгож байгаа буцалтгүй тусламж юм. Хоёр дахь компакт гэрээг байгуулсан нь АНУ Монгол Улстай хамгийн нягт, ойр түншлэлийн харилцаандаа тууштай хандсан хэвээрээ байгаагийн тод жишээ юм.

-Элчин сайд ирэх бүрт асуудаг нэг асуултаа одоо тавья. Монголчууд АНУ-д визгүй зорчих боломж бий юу. 2000 онд Америкийн Элчин сайд Жон Дингер манай сонины редакц дээр ирэхэд туршлагатай сэтгүүлч Д.Ханддолгор яг ингэж асууж байсныг дөнгөж шинэ сэтгүүлч болоод байсан миний бие анх удаа маш сонирхон сонсож байсан юм. Түүнээс хойш энэ асуултыг олон удаа тавьсан байдаг юм?

-Бусад улсад визгүй зорчих асуудлыг Монгол Улсын Засгийн газар, ГХЯ дэмждэг гэдгийг би мэднэ. Монгол Улсын иргэд АНУ-д визгүй зорчих асуудал ойрын ирээдүйд ч юм уу, төдийд өдийд шийдэгдэнэ гэж миний хувьд урьдчилан хэлэх, таамаглах боломжгүй байна.

Бидний зүгээс иргэдийг хариуцлагатай аялахыг уриалдаг бөгөөд бид БНСУ-ын ЭСЯ, танай Гадаад харилцааны яамтай хамтран “Хариуцлагатай аялцгаая” аяныг зохион байгуулж байгаа. H2 ангиллын ч бай, өөр ямар нэг ангиллын визээр Америкт зорчиж байгаа бол бид дэмжиж, баяртай байдаг. Харин тэд визнийхээ нөхцөлийг баримталж, манай улсын хууль тогтоомжийг хүндэлж зорчих нь маш чухал юм. Та бүхэн ч гэсэн гадаадын иргэдийг Монголд аялахдаа визний нөхцөлөө зөрчихгүй, хууль тогтоомжоо биелүүлж явахыг шаарддаг шиг. Энэ бол ямар ч улс орны хувьд хүсдэг зүйл байх.

-Монголчууд Америкийн Н2 буюу “түр хугацаагаар ажиллах виз” авах боломж нээгдээд жил гаруй болж байна. Энэ бол монголчуудад олгосон нэг таатай боломж, дэмжлэг гэж харж байгаа...

-H2 визний хувьд танай уншигчдад болон монгол-чуудад хэлэх зүйл байна. Америкийн Элчин сайдын яамыг төлөөлж байгаа мэтээр, H2 визний агент, төлөөлөгчийн газар хэмээн хуурамч нэр хаяг зүүсэн зарим компаниуд дуулдаж байгаа нь санаа зовоосон асуудал болж байна. Яг энэ H2 визний асуудлаар тодорхой томилогдсон компани, төлөөлөгчийн газар, агент гэж байхгүй. Бид H2 визний талаарх мэдээллийг аль болох олон хүнд хүргэхийг хичээж, зөв мэдээллийг хүмүүс зохистойгоор хэрэглэн Америкт хууль ёсоор хөдөлмөр эрхлэх боломжтой байгаасай гэж хүсч байна. Манай ЭСЯ болон АНУ-ын Төрийн департамент, эсвэл Монголын Гадаад харилцааны яамны вэб сайтаас хамгийн бодит үнэн зөв мэдээллийг авах боломжтой. Түүнээс биш янз бүрийн компани, хувь хүмүүст итгэж буруу мэдээлэл авч хохирох вий гэж бид болгоомжилж байна.

-Таны намтрыг уншиж байхад гадаадын олон олонд ажилласан баялаг түүхтэй юм. Монгол Улсыг та бусдаас юугаараа онцлог, давуу талтай гэж харж байна вэ?

-Өмнө байсан улс орон бүртээ би тун сэтгэл хангалуун байдаг. Дипломатчийн ажил бол үнэхээр сайхан ажил. Энэ ажил, мэргэжилдээ би маш дуртай. Улс орон бүр өөрийн гэсэн онцлог чанаруудтай байдаг. Ярилцлагын эхэнд Монгол орны давуу талыг тодорхойлж хэлсэн гэж би бодож байна. Тухайлбал, хүн ардынх нь найрсаг, нөхөрсөг зан чанар байна. Үүнийг бид хэзээ ч дутуу үнэлэх ёсгүй, энэ бол онцгой давуу тал. Хоёрт, маш баялаг соёл, түүх, уламжлалтай улс юм. АНУ-д Монголын түүхийн талаар илүү олон ном гардаг болсон. Бүгдийг нь олж уншихыг хичээж байгаа. Мэдээж, өвөрмөц байгалийн гоо үзэсгэлэнгээрээ Монгол Улс их алдартай. Соёлын хувьд, тухайлбал хөгжмийн салбарт монголчууд олон улсад илүү танигдаж байна. Жишээ нь, “The Hu” гэдэг монгол хамтлаг дэлхий даяар нэрд гарч, АНУ-ын хөгжмийн iTunes жагсаалтын рок ангилал дотроо эхний байрыг эзэлсэн нь маш их шуугиан тарьж байна. Миний хүү “The Hu” хамтлагийг сонсох дуртай. Бас саяхан “Magnolian”, “The Colors”, “The Lemons” гээд Монголын хөгжмийн гурван хамтлаг Америкийн алдартай South by SouthWest хөгжмийн фестивальд маш амжилттай оролцоод ирсэн тухай мэдээллийг сонссон. Энэ мэт дэлхий даяараа Монголын тухай өргөн хүрээнд сонирхох зүйл их болж байна.

-Ярилцлагын эхэнд та Элойса бид Монголд ирсэндээ маш их баяртай байна гэж хэлсэн. Та гэр бүлээ танилцуулаач?

-Эхнэр Элойса маань Монголд ирсэндээ маш их баяртай байгаа. Цаг хугацааг сайхан өнгөрөөж байгаа. Хамтдаа бид их олон зүйлийг мэдэж, нээж, сурч байна. Бид гурван хүүхэдтэй. Монголын “The Hu” хамтлагт дуртай хүү маань хамгийн бага нь. Филиппинд амьдардаг, бизнес хийдэг залуу бий. Нэг нь Нью-Йоркт архитекторч, нөгөө хүү маань Сан-Францискод багшилдаг. Гурван хүүхэд маань том болж, өөр өөрийн амьдралтай болсон учраас энд бид хоёртой хамт ирээгүй. Мэдээж, энд зочилж ирнэ. Бид хоёрыг хаана ч ажиллаж, амьдарч байсан хүүхдүүд маань зочилж ирдэг. Мөн бид хоёр дээр ирэх гэсэн найз нөхдийн маань нэрсийн маш урт жагсаалт үүссэн. Их олон хүн Монголд ирэх сонирхолтой байгаа.

Бидний энд хийж байгаа зүйлсийг Фэйсбүүкээс харж байгаа болохоор ирж үзэх сонирхол олон хүнд, найзуудад маань төрсөн гэсэн. Тэднийг ирэхээр Монголын гайхамшигт сайхан байгалийг үзүүлнэ. Монгол найз нөхдөө танилцуулна. Найз нөхдөө хүлээж авахдаа баяртай байгаа. Энд ирээд хийж үзэх хөгжилтэй, сонирхолтой зүйл олон бий. Ер нь Монгол бол маш Cool улс шүү. Дахин хэлэхэд, нэгэнт тогтсон бат бэх харилцаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байгаа ийм cool улс оронд Элчин сайдаар томилогдож ирсэн минь маш аз завшаантай хэрэг гэж боддог.

Онцлох нийтлэлүүд