ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.10.17 12:10

Эмээгийнхээ хэлж үлдээсэн Их хааны удмын сүлд хийгээд монголчуудын гурав, есийн тоог эрхэмлэх ёсон


Монгол Улс коммунист засаглалаас албан ёсоор татгалзсаны дараа төрийн шинэ сүлдний асуудал ШУА-ийн Ерөнхий ба Сорилын Биологийн хүрээлэнд босч ирэв. Энэ нь шонхорын асуудал байлаа. Тэр үед энэхүү асуудлыг академич А.Болд гуай тэргүүлэн хариуцаж байсан билээ.Академич А.Болд гуай миний дипломын ажлын удирдагч байсан төдийгүй академийн Зүүн богины аманд байдаг зусланд олон жил хамт гарсан хөршүүд байсан учир би бусад судлаачдаасаа арай ойр дотно байдаг байв. Ингээд А.Болд гуайтай ганцаарчлан уулзаж “ Зусланд гардаг байсан манай эмээг та танина. Тэр цэмцгэр эмээ чинь Чингис хааны удам, хошуу ноёны охин.Эмээ маань “Чингис гэдэг чинь орь ганц гэсэн үг. Чингис хаан гэдэг нь Хаадын хаан гэсний илэрхийлэл орь ганц хаан гэсэн үг. Удмынх нь сүлд нь хамгийн том биетэй, хүчирхэг шонхорын дунд өдрийн од шиг ховор төрдөг, цас шиг цагаан шонхор шувуу юм билээ” гэж хэлж байсан. Цагаан зүстэй, хар нүдтэй амьтан чинь эртний мөстлөгөөс үүдэлтэй ген, Менделийн удамшлын хуулиар хаяа гарч ирж байгаа явдал.Би бага байхдаа Бурханбуудай ууланд цав цагаан зүстэй бараан нүдтэй тарвага, чоно, үнэгтэй таарч байсан. Та хүртэл цав цагаан, бараан нүдтэй угалз агнаж авахуулсан өнгөт зураг чинь гэрт чинь өлгөөтэй байгаа шүү дээ.Тэгэхээр Чингис хааны сүлд чинь мөстлөгөөс үүдэлтэй цав цагаан идлэг шонхор болж таараад байна” гэсэн билээ.

Яагаад цав цагаан зүстэй, хар бараан нүдтэй амьтдын тухай яриад байна гэхээр энэ нь альбиносоос ялгаатай, генийн гажиггүй амьтад шүү л гэдгийг тодруулж байгаа хэрэг. Альбинос нь albus-цагаан гэсэнлатин үгнээс гаралтай үг бөгөөд амьтан дээр меланин, ургамал дээр хлорофилл пигментийн дутагдлаас үүдэлтэй удмын өвчин юм. Альбинос амьтдын нүд ихэвчлэн улаан байдаг.

Харин А.Болд гуай идлэг шонхорыг УИХ-ын гишүүдэд танилцуулсан боловч мөстлөгөөс үүдэлтэй цав цагаан шонхорын тухай дуугараагүй юм билээ.Шинэ сүлд батлагдсаны дараа “Та яачих ваа” гэхэд “Байдаг гэдэг нь бодитоор батлагдаж шинжлэх ухаанд бүртгэгдээгүй юмыг УИХ-д танилцуулж болохгүй” гэж хэлсэн юм. Энэ нь шинжлэх ухаанд баримталдаг “Алтан дүрэм” учраас яалтай билээ. Харин хожим Баянхонгор аймгийн Баянлиг суманд идлэг шонхор барьж байсан арабууд цав цагаан зүстэй, бараан нүдтэй идлэг шонхор барьж, эмээгийн маань зөв гэдгийг шинжлэх ухаанд баталсан юм.

Эмээгийн аав хошуу ноён, миний элэнц өвөө цаг хэцүүдээд ирэнгүүт охиноо адуучинтайгаа суулгачихсан юм билээ. Ингээд бид жинхэнэ ард гаралтай болж цөвүүн цагийг ажралгүй туулаад гарсан хэрэг. Өвөө маань эмээгийн өөдөөс үг хэлэх нь байтугай ярилцаад сууж байгааг нь ховор харсан санагддаг. Эмээ маань “Манай удамд хулгана жил их чухал шүү” гэж хэлдэг байсан болохоор хулгана жилтэй надад бусад ач/хүү,охины хүүхэд аль нь ч ач, харин ачийн хүүхдийг зээ гэнэ/ нараасаа илүү сайн байсан билээ.

Тэрээр “Монголчуудын гурвын тоог эрхэмлэх ёсыг тулгын гурван чулуутай холбодог. Үнэн ч биз. Харин монгол хүн өөрт ашигтай эсэх, бусаддаа ашигтай эсэх, байгаль эхэд хор болох эсэх гэсэн гурван бодлын үзүүрийг зангидах ёсыг баримталдаг учир гурвын тоог эрхэмлэдэг. Гурван гурвын есөн бодлыг зангидахад өнгөрснийг тунгааж, одоог харж, ирээдүйг эргэцүүлэн зөв шийдвэр гардаг. Гурваас үүдсэн есөн бодлын үзүүр “За” гэсэн ганц үг болдог учиртай. Монголын “За” хааны зарлиг мэт хэрэгждэг уг учиг нь энэ” гэж хэлж байсан билээ.

Харин нас барахаасаа өмнөхөн намайг хөдөө явах гэж байтал тухайн үеийн хамгийн том мөнгө болох цоо шинэ, бор халзан 100-тын дэвсгэртийг авахгүй гээд байхад хүчээр өгч “Муу юмыг ганц хоёрхон хүн л хийчихдэг. Харин сайн юмыг олон хүн нийлж хийдэг юм шүү. Миний хүү битгий муу хүн болоорой” гэж захисан билээ.

Чингис хааны удмын сүлд болох цав цагаан шонхорыг туйлын цагаан цоохор шонхортой манайхан андуураад байдаг. Бид цагаан гээд нэрлэчихсэн энэ шонхорын шинжлэх ухааны латин нэрийг Falco rusticolus гэнэ. Европчууд оросуудыг дэлхийн хязгаарт амьдардаг бүдүүлэгүүд гэж боддог байснаас энэ зүйл шонхорт Орос нутгийн буюу дэлхийн зах, хязгаар нутгийн шонхор гэж нэр өгсөн нь тэр. Өнөөдөр европчууд Беларусийн ерөнхийлөгч А.Р. Лукашенког “Европын хамгийн сүүлчийн дарангуйлагч” гэж нэрлээд байгаа нь цаагуураа оросуудыг Европ тивд хамаарахгүй шүү л гэж хэлэх гээд байгаа хэрэг. Харин Falco гэдэг нь falx, falcis буюу гар хадуур гэсэн латин үгнээс үүдэлтэй үг билээ. Шонхорын гол зэвсэг болох хумс нь яг л гар хадуур шиг хэлбэртэй байдгаас ингэж нэрлэсэн хэрэг.

Их хааны удмын сүлд болох идлэг шонхорыг Falco cherrugгэнэ. Cherrug нь эм шонхор гэсэн энэтхэг үгнээс үүссэн латин нэр юм. Аль ч зүйлийн эм шонхор эр шонхороос бие том хүчирхэг байдаг учир сурган ан авд хэрэглэдгээс ингэж онцолж нэрлэсэн хэрэг. Харин бид цагаан цоохор шонхорыг цагаан. Латинаар харь, гадаадын, ер бусын гэсэн утгатай нэртэй шонхорыг яг эсрэгээр нь эгэл. Их хааныхаа удмын сүлд болсон шонхорыг бахархалт амьтан болгон албан ёсоор зарласан атал иддэг, уудгаар нь дуудан нэрлээд байгаа нь тун ч зохимжгүй санагддагийг энд бүр онцлон дурдмаар байдаг.Энэ нь монголчууд бид гурав, есийн тоог эрхэмлэж чадахгүй байгаагийн бодит жишээ юм.

Г.АМАРСАНАА

Онцлох нийтлэлүүд