ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.03.15 09:03

“Эмээлт” зах дээрх 600 мянган адууны ширийг хог дээр хаяж байснаас Хятад руу экспортолъё

- ЭНЭ АЖИЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРТ УЯГДАЖ БАЙНА -


“Эмээлт” түүхий эдийн захын хашаануудад адууны шир, хонины нэхий овоолоостой байна. 2017 оноос хойш нэг ч адууны шир хилээр гаргаагүй байгаа гэнэ. Үүнээс болж хоёр жил гаруйн хугацаанд ойролцоогоор 600 гаруй мянган шир хуримтлагдсан нь энэ аж. Ченжүүд адууны ширийг 10-15 мянган төгрөгөөр малчдаас худалдаж авсан гэнэ. Хилээр гаргачихвал 30 гаруй мянган төгрөгөөр худалдаж, дундаас нь ашиг хүртэх аж. Гэвч Засгийн газар, ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хилээр арьс, шир гаргахгүй байгаагаас болж,барагцаалбал 14 тэрбум төгрөг салхинд хийсэх дээрээ тулаад байна. Энэ талаар сурвалжлахаар өчигдөр “Эмээлт” түүхий эдийн захыг зорилоо. Тус зах дээр нэхий ширхэг нь 1500, ямааны арьс 25 мянга, үхрийн шир 25 мянган төгрөгийн үнэтэй байсан бол адууны ширийг хэн ч авахгүй байлаа.

Хашаа болгонд адууны шир овоолжээ. Хоёр давхар байшинтай тэнцэх өндөртэйгөөр хэд хэдэн эгнээ болгоод хураажээ. Энэ жил цаг агаар дулаахан, тогтуун байгаагаас болж хураалгаатай хөлдүү шир эхнээсээ наранд уядаж, гэсэж эхэлжээ. Хэрэв энэ янзаараа таван сартай золгочихвол ширнүүд өмхийрч, өт батганадаа баригдаад хэнд ч хэрэггүй хог болохоос гадна байгаль орчинд хор хөнөөлтэй. Хогийн цэг рүү зөөхөөс өөр арга байхгүй болох юм байна. Ченжүүд “Хэнд ч хэрэггүй хог новш болохыг нь мэдсэн бол адууны шир, хонины нэхий дэмий авлаа. Хашаагаар дүүрэн адууны шир, хонины нэхий байна.Одоо хилээр гаргахгүй гэвэл хогийн цэг рүү аваачиж хаядаг юм билүү” гэж аргаа барсан янзтай сууж байв.

Өнгөрсөн өвөл худалдаж авсан тэмээнийхээ ширний үс ноосыг нь хяргаж эхэлжээ. “Эмээлт” захын хашаа болгонд арав гаруй хүн хайч барьчихсан тэмээний ширний үс, ноосыг хяргаж байлаа. Нэг ширийг ноосноос нь салгахад ажлын хөлс таван мянган төгрөг гэнэ. Өнгөрсөн жил 400 гаруй мянган ширхэг адууны ширийг давсалжээ. Давсалсан ширний 50 гаруй мянга нь муудаж хаясан гэнэ. “Эмээлт” захад адууны шир ийнхүү олноороо хураагдах болсон нь малын арьс, ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосонтой холбоотой аж. Засгийн газраас 2013 онд түүхий эд боловсруулах үйлдвэрээ хөл дээр нь босгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах зорилгоор арьс, ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосон тушаал шийдвэр гаргаж байсан. Гэвч дотоодын үйлдвэрүүд малын гаралтай түүхий эдийг хагас ч боловсруулж дийлдэггүй аж. Үүнээс болж жил бүр адууны шир “Эмээлт” захад ийн хуримтлагдах болжээ.


Ш.ЭНХСАЙХАН: ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА

Энэ талаар “Эмээлт” захын ченж Ш.Энхсайхантай уулзаж ярилцлаа.


-600 гаруй мянган адууны шир хураагдчихаад байгаа юм байна. Арьс, ширний үйлдвэрүүдэд боловсруулаад хилээр гаргачихаж болдоггүй юм уу?

-Болдог бол бид адууныхаа ширийг өтөнд идүүлж, муутгахгүйн тулд давслах гээд л үйл тамаа эдэлж суухгүй байсан юм. Засгийн газар үнэхээр судалгаагүй, амьдрал дээр хэрэгжих боломжгүй зүйлийг цаасан дээр буулгачихсан. 330 дугаар тогтоолыг арьс, ширний үйлдвэрүүдийн хүчин чадлыг хэд дахин нэмэгдүүлж, эдийн засгийн цар хүрээг нь тэлж, гадаадын улс орнуудад хагас боловсруулсан арьс, шир, нэхийгээ нийлүүлдэг болчихоод гаргах ёстой байсан юм. Гэтэл юу юунд ч хүрэлгүй арьс, ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосон тушаал, шийдвэр гаргачихсан.Ингээд асуудал үүсээд байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа арьс, шир боловсруулах үйлдвэр сард бүх хүчин чадлаараа ажиллахад таван мянга гаруй шир боловсруулах хүчин чадалтай байна. Жилдээ 50-70 мянган ширхэг арьс, шир боловсруулна гэсэн үг. Тэгсэн жилдээ 240 гаруй ширхэг адууны шир ченжүүдийн гар дээр хураагддаг. Өөрөөр хэлбэл, 200 орчим мянган адууны шир хог дээр хаягдана гэж ойлгож болно. Бид арьс, шир хилээр гаргахгүй болохоор боловсруулах үйлдвэрүүдийг шахдаг.Та нар хүчин чадлаа нэмэгдүүлээд арьс, ширээ хэдэн мянгаар нь боловсруул. Ажлаа хий гэж хэлдэг. Тэд өөдөөс Монголд хэдэн мянгаар нь боловсрууллаа гэхэд худалдан авалт хийх, борлуулах зах зээл алга. Бид та нараас болоод ашиггүй ажиллах болж байна уу. Одоохондоо боловсруулсан арьс, ширээр цүнх, гутал хийж байна шүү дээ гэдэг. Үүнээс гадна нэмүү өртөг шингээх гэж бөөн асуудал байна. Нэг хонины нэхийг 1500 төгрөгөөр худалдаж авч байгаа. Тэгвэл арьс, ширний үйлдвэрт боловсруулах гэхээр баахан химийн бодис орж байна гээд дөрвөн мянган төгрөг болчихдог. Түүнийг нь хилээр гаргаж хятад ченжүүдэд өгөх гэхээр үнэтэй байна гээд авдаггүй. Ингээд л нэхий хог болчихож байна шүү дээ. Адууны ширийг 10-15 мянгаар худалдан авдаг. Тэгвэл үйлдвэрт боловсруулахад 15 мянган төгрөгөөр авсан үнэ дээрээ 20 мянган төгрөг нэмж өгч байж боловсруулах болдог. Тэгэхээр ямар ч ашиггүй болчихоод байна шүү дээ. Өөрсдөө боловсруулах үйлдвэр барих гэхээр зөвшөөрөл, тоног төхөөрөмж, хилээр оруулж ирэх химийн бодис гээд л бөөн асуудал болох юм байна лээ.

-Энэ асуудлаа салбарын яам, Засгийн газарт та бүхэн мэдэгдсэн үү?

-Одоогоос гурван жилийн өмнө 2016 онд адууны шир хэдэн мянгаараа цугларч, бөөн хэл ам дагуулж байсныг санаж байгаа байх. Тэр үед Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 2014, 2015 оноос хойш хураагдсан 500 мянга гаруй адууны ширийг яах вэ гэдэг асуудал гарч, Аж үйлдвэрийн яамнаас санал гаргаснаар хоригийг түр хугацаагаар буюу нэг сарын хугацаанд цуцалж байсан. Бид энэ жил мөн л салбарын яам, Засгийн газарт албан бичиг хүргүүлээд байна. Удахгүй шийдвэр гарах байх гээд л хүлээж сууна даа.

АДУУНЫ ШИРЭЭР БУЙДАН, ПҮҮЗ ХИЙДЭГ

“Эмээлт” түүхий эдийн захын ченжүүд Монголд адууны шир боловсруулаад бүтээгдэхүүн болгочихдог олигтой компани байдаггүй гэдгийг онцлон хэлж байв. Урд хөршийн ченжүүд ирээд “Танайхан өөрсдөө боловсруулж чадахгүй байж мөнгө болгох хэрэгтэй. Монгол адууны шир үйлдвэрүүдэд очоод ихэвчлэн үнэтэй арьсан буйдан болдог. Сүүлийн үед хийгдэж байгаа чанартай пүүзийг дандаа адууны ширээр хийж байна. Хэрэв хилээр гаргахгүй гэж бодож байгаа бол арьсан буйдан, пүүзний үйлдвэр оруулаад ирэх хэрэгтэй” гээд л толгой сэгсрээд байдаг гэнэ. Ченжүүд адууны шир худалдаж авснаас болж мөнгөний эргэлт нь зогсчихжээ. “Ирэх жил адууны шир ёстой авахгүй. Ноолуур авах мөнгөө эргэлтэд оруулж чадахгүй түгжээд баларч байна” гэцгээж байв. Тэд Засгийн газраас нааштай хариу өгөхийг хүлээж ядаж байна лээ. Манай улс жилд арван сая мал нядалгаанд оруулдаг байна. Үүнээс адуу 300 мянга орчим байдаг гэнэ. Манай улсад арьс, шир үйлдвэрлэн борлуулдаг 35 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Жилд бод, бог нийлсэн 10.3 сая ширхэг арьс бэлтгэдэг байна. Үүний 25 хувийг дотооддоо боловсруулдаг аж. Үлдсэн 75 хувьд нь түүхий болон анхан шатны боловсруулалт хийж, өмнөд хөрш рүү гаргадаг юм байна. Монголын үйлдвэрүүд нийт арьс, ширний ердөө 25 хувийг боловсруулах хүчин чадалтай гэнэ.

НООЛУУР КИЛОГРАММ НЬ 115 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

“Эмээлт” түүхий эдийн зах дээр ноолуурын ченжүүд гарчээ. Тэд килограмм ноолуурыг 115 мянган төгрөгөөр худалдан авч байгаа. Одоогоор ноолуур маш бага хэмжээтэй орж ирж байгаа гэдгийг хэлж байлаа. Тэд “Өнөө жил ноолуур 115 мянгаас дээш үнэ нь нэмэгдэхгүй байх. Дөрөвдүгээр сарын 20 гэхэд үнэ нь буурах байх” хэмээн таамаглаж байна лээ. БНХаУ-ын ноолуурын ченжүүд ирцгээчихсэн байгаа гэнэ. Ченжүүдтэй хэдэн килограмм ноолуур авах гэрээ хэлэлцээр хийж, санхүүжилтээ шийдэж өгчээ. Тэгэхээр ноолуурын үнэ буурахгүй байх. Сүүлийн хоёр жил ноолуур килограмм нь 100 мянган төгрөгөөс доош буугаагүй гэнэ. Өнтэй өвөл болсонтой холбоотойгоор ноолуур оройтож гарч байгаа ажээ. Ченжүүд “Малчид үхсэн ямааны тарзаа өдийд самнаад ноолуур зараад эхэлдэг. Өнөө жил Шинэ Жинстийн үүлдэрийн цагаан ямааны ноолуур килограмм нь 140 мянган төгрөгт хүрэхээр байгаа. Мөн Дорнодын цагаан ямааны ноолуур ч үнэтэй байхаар байна” гэж байлаа.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд