ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ

Түрүүч нь № 262(6363) дугаарm


ХОЁР. ТАРААГЧ ТӨР

Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Тэрээр “Соёлын довтолгоон: Хоньчноос барилгачин”, “Монголын соёлын альманах: Иргэншлийн замд” зэрэг бүтээл гаргасан туршлагаа баяжуулж, монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан өгүүлжээ.

...Эндээс монголчууд угаасаа хурааж хуримтлуулах заяагүй, үрж л байж санаа нь амардаг гуйлгачин заяатай улс юм уу гэсэн асуулт ургаж байна. Хариулт нь: Тал нутаг бидэнд ийм тулгалт хийсэн юм.

Тал нутгийн нүүдэлчдэд үйлдвэрлэгч байх боломж байсангүй. Учир нь цаг уурын нөхцөл нь бэлчээрийн малд л тохирно. Бэлчээр бол нүүдэл. Малчин нь хонио хариулаад явж байгаа мэт харагдавч мал гэдэг эзнээ дагуулаад бэлчдэг юм, үнэндээ бол. Нүүдэлчдийн үйлдвэрлэл нэхий элдэх, сур элдэнгшүүлэх гэсгээд л болно. Мөн хувийн хэрэгцээнээсээ илүү гарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй. Тэр ч байтугай олон ээлжийн хувцас ч хэрэггүй. Ачиж нүүх гэж түвэг биз дээ.

Бас тал нутаг нь арилжаа наймаа хийх боломж өгөхгүй. Худалдан авагч хаана яваа нь тодорхойгүй, бас түүний эрэлт хэрэгцээ ойлгомжгүй. Ингээд зогсохгүй нөөц бараагаа байнга ачиж нүүх хэрэг гарна. Гэнэт зуд болоод эсвэл хажуу хавиргын өөр нүүдэлчин довтлоод ундуй сундуй нүүх болоход хамаг бараагаа хаяад нүүнэ шүү дээ. Энэ байдал нь монголчуудыг аливаа орлого, олзыг газар дээр нь хувааж, түгээн дуусгахаас өөр гарцгүй болгосон ажгуу.

Нүүдэлчдийн дунд “түгээгч”-ийн үүрэг роль их чухал. Хүчирхэг дайчин удирдагч гэдэг бол дайн тулаанаар их олз олдог хүн гэсэн үг. Их олз олно гэдэг нь илүү их бэлэг түгээхийн нэр. Нүүдэлчид хүчирхэг нэгнээ тойрон хүрээлдэг нь томоохон олз хуваарилдаг эзнийг дагадаг л гэсэн санаа.

“Монголын нууц товчоо”-нд Есүхэй баатар нас барсны дараа овог аймгийнхныг нь Таргудай Хирилтуг ирээд дагуулан явснаар гардаг. Үнэн хэрэгтээ, тэжээгчээ буюу орлого хуваарилагчаа алдсан нүүдэлчид Таргудайг дагаж, түүний олох олз омогт шүтсэн болов уу? Харин Тэмүүжин ялж, Чингис хаан болсны дараа түүний алдар суугийн нөмөрт зохиогдсон “Монголын нууц товчоо” хэрэг явдлыг арай өөр өнцгөөр бичсэн байх талтай юм.

Чингис хааны аян дайны менежмэнт ч энэ онцлогтой холбогдоно. Цэрэг эрс унаа морьд, зэр зэвсгээ агсан, аян замын хүнс борцоо нөөцлөн гарснаараа Чингис хааны дайны бизнесийн хувь оруулагч болно. Түүнд байнгын тогтмол цалин байхгүй. Дайны олзноос хангалттай хүртэнэ. Дайнгүй, дээрэм тонуулгүй өдөр бол цэрэг эрийн хувьд “сул зогсолт” ажээ. Иймээс байлдан тулалдан бөөн сонирхол. Байнгын армийн хөлсний цэргүүд, амьд үлдэж цалинжихыг хүсдэг бол Чингисийн дайчин болгон ялалт байгуулж, олз омог олохыг эрмэлзэнэ. Ийм учраас ялалт нь цэрэг нэг бүрийн сонирхол нэгдсэн монголчуудын талд байх нь үлэмж.

Чухам энэ үеэс л аян дайнаас, эсвэл ан гөрөөнөөс эргэж ирээд олзоо хувааж байгаа баатар эрийн иймэж тал нутагт бүрдсэн бололтой. Хүүхдүүд багадаа “Би том болоод танд ийм юм авч өгнө”, “Ах нь том болоод дүүдээ тийм юм бэлэглэнэ” гэж тоглох нь олонтаа. Тэд “аугаа том хуваагч”, бусдаасаа илүү “Түгээгч” байхыг мөрөөдөн өсцгөөх нь элбэг.

Ийм мөрөөдөл үнэт зүйлийг мөн л тал нутаг нь бүтээж өгсөн билээ. Нүүдэлчдийн мөнхийн эрмэлзэл нь ачаа хөнгөн байх, тэр хэрээрээ маневрлах чадамж сайтай байх эрмэлзэл хэвээрээ. Энэ эрмэлзэл дээр олзыг түргэн зуур багасгах, найрлаад дуусгах хэрэгцээ гардаг. Юмыг муутгаж хаяснаас, ачаандаа багтаалгүй буурин дээрээ үлдээснээс нийтээрээ хэрэглээд үрэн таран хийгээд дуусгасан нь сэтгэлд өег билээ.

Ер нь зунаар төхөөрсөн хонины гэдсийг аль болох олон айлтай хуваадаг ёс нь монгол хүний өгөөмөр зан, харамгүй сэтгэлийн илэрхийлэл мөн боловч халууны улиралд муудахаас нь өмнө амжиж амархан муудах хүнсээ дуусгах хэрэгцээний нэг хэсэг бас мөн.

Энэ байдал 2010-аад онд Монголын эдийн засаг нүүрсний үнийн өсөлт ба гадаадын хөрөнгө оруулалтын эхний давлагаанаар цэцэглэсний үр хуримтлалыг хүүхдийн мөнгө, иргэний хувь хишиг, хуримласны шан зэргээр хуваан найрлаж дууссаны жишээ харуулна.

Хамгийн сүүлд 2019 оны сүүлчийн шөнө “Тэтгэврийн зээл аваад төлж чадаагүй болон төлж дуусаагүй байгаа иргэдийн өрийг татвар төлөгчдийн хөрөнгөөр барагдуулах” шийдвэр гарлаа. Үүнийгээ төрийн гурван өндөрлөг ахмадуудаа хайрлаж байгаагийн том илэрхийлэл хэмээн хундага өргөв. Энэ хайр энэрэлд зээл авахгүй чардайж байгаа ахмадууд багтахгүй. Зээлийн үүргээ ухамсарлан төлж дуусгаж хөнгөдсөн өтгөс хамаарахгүй аж.

Ерөнхий зарчим нь зөв эсэх хамаагүй, шударга ба шударга бус нь ч чухал биш. Хамгийн гол нь хуваасан бас тараасан факт байх учиртай аж.

Социализмын үед хөдөөгийн нэгдэлд “гар өргүүлэх хурал” гэж нэг иймэрхүү юм бас байлаа. Төрөлхийн анхиагүй, залхуу зарим айл нэгдлийн малыг үхүүлээд дуусгах нь бишгүй. Тэдний төлбөрийн чадвар нойль. Хулгай хийгээд байна уу гэхээр үгүй. Шорон оронд явуулчих гэхээр ардын дайсан илрүүлж дарсны дайтай таашаал өгөхөөргүй дорой хөгийн амьтас байх.

Нөгөө талаасаа социализм нь өө сэвгүй төгс нийгэм бөгөөд өнгөрсөн үеийн уламжлагдсан ганц нэг алдааг л засч явааг эс тооцвол. Тэнд муу байгаад засагдаж сайжирч буй хүмүүс л байхаас биш муу төрсөн, эсвэл муугаараа үлдсэн хүн байж таарахгүй номтой. Энэ утгаараа, мөнөөх малаа байнга үхүүлдэг этгээдийг сайн болгосон байх үүргийг дарга удирдагч нар нь үүрдэг гэсэн үг.

Дээр өгүүлсэн “гар өргүүлэх хурал” бол мөнөөх малаа үхүүлсэн этгээдийг нэгдлийн гишүүдийн саналаар уучлах ёслол юм. Уучлал гэхэд ч бас биш, сайн хүн болох үүрэг өгөх хурал гэмээр юм уу. Эндээс, үхүүлсэн малыг нь хүчингүй болгоод шинээр мал хариуцуулж, түүнээ өсгөн сайн хүн болох үүрэг авахуулна. Хожим нь мөнөөх этгээд хэд дэх удаагаа ч юм бэ, сайн хүн болох гээд хуралдуулж суух нь энүүхэнд.

Гэтэл сайн малчин, төлбөрийн чадвартай айл, гэмт хэрэгт холбогдоход хохироод явчихаар этгээд нэгдлийн мал сүрэг үхүүлж, алдаж үрэгдүүлбэл төлбөр, ялбараас мултрахгүй. Сүүлдээ, социалист өмчийг сүйтгэж, үрэгдүүлбэл гурав нугалан төлүүлдэг журам хүртэл гарсан гэж байгаа. Юу яасны чинь Манжийн хааны төмөр сүрэг вэ? Хааны 100 хонь бол 100 хэвээрээ л байх ёстой бөгөөд “нэг нь нэгтэй тэнцүү” үнэлэгдэнэ. Харин БНМАУ-ын социалист өмч бол гэдэг гурав нугарч үнэлэгдэж, нэг хонины цаана хоёр “хий хонь”-ний өртөг байна гэсэн үг. За энэ ч яахав.

Гол нь Монголын засаглал нүүдэлчний төрийн дайны олз хуваадаг уламжлал хэвээрээ байна. Чингисийн үеэс илүү тод харагдах болсон түүхэн баримтуудаар бол нүүдэлчдийн төр нь нийгмийг баялаг бүтээх боломжоор ханган жолоодох боломжгүй учраас дайнаар бизнес хийж, түүнийхээ олзоор нийгмээ тэтгэж байжээ.

Нууц товчоонд өгүүлснээр, Чингис хаан ширээнд суусныхаа дараахан, орчин цагийн ойлголтоор бол “хувьцааны ногдол ашиг хуваарилах” томоохон арга хэмжээ зохион байгуулж, олон хүлэг баатрыг эрх мэдэл, хэргэм цолоос гадна “Есөн удаа гэмт хэрэг хийх эрх”-ээр урамшуулж байгаа тухай.

Энэ уламжлал нь “нийгмийн халамжийн бодлого” гэдэг зүйлийг хүн төрөлхтөнд бэлэглэжээ. Улмаар Манжийн вассаль болон Зөвлөлтийн дагуул улс байх үед ч энэ байдал улс төр, эдийн засгийн утгаар үргэлжилж “Хааны хишиг, пүнлүү”, “Зөвлөлтийн зээл тусламж” нэрээр үргэлжилж ирсэн нь Монголын нийгмийг төрийн хишиг халамжид улам дасгасан байна.

Яг энэ уламжлал одоо ч хэвээрээ ба намууд сонгуулийн хөтөлбөртөө “Иргэн бүрт сая төгрөг”ийг дайны олз маягаар хуваарилна хэмээн тусгадаг явдал үүнийг гэрчилнэ. 2013 онд дэлхийн банкнаас гаргасан тайланд Монгол Улс ДНБ-нийхээ 2,78 хувийг нийгмийн халамж болгон бэлэн мөнгөөр тараасан тухай дурдсан аж. Энэ нь ихэнх хөгжиж буй болон хөгжингүй орнуудын дунджаас хоёр дахин их байгаа тухай олон улсын шинжээч Жастин Дүүдигийн анализэд дурдсан байна.

ХХ зууны төгсгөлд хүн төрөлхтний хөгжлийн жам ёсны нийтлэг замд орсон монголчууд “гуравдагч хөрш” хэмээх гадаад бодлого тунхагласан нь чухамдаа Манж, Зөвлөлтийн орлогчийг далайн цаанаас (ирээд нутаглачихгүй холоос ивээх) хайж эхэлсэн хэрэг байлаа.

Гэвч Манжийн хааны хишиг, Зөвлөлтийн зээл тусламж тараах нэгэнт түүх болсон тул олсон баялгаа хувааж эхэлсэн юм. Олсноо хуваагаад дуусахын цагт олж магадгүй мөнгөө хувааж эхэлсэн нь энэ буюу. Учир нь тэтгэврийн зээлээ төлөөгүй байгаа ахмадуудын өрийг тэглэх мөнгийг Салхитын мөнгөний орд гэдгээс олж мэдэшгүй орлогоос гаргах юм байна. Уг нь орд газрынхаа нэрийг “Салхитын долларын орд” гэсэн бол хүмүүс бүр л итгэнэ дээ.

Гэхдээ л хүмүүс төр мөнгө өгнө ч, бид авна ч гэж итгэж байна аа. Бид ирээдүйдээ ийм их итгэлтэй ард түмэн юм уу? Эсвэл, нэг их итгээд байх ирээдүй байхгүй болоод зөвхөн өнөөдрөөрөө амьдардагч юм бил үү...