Нийгэм
2014.05.09 08:05

Энхийг сахиулагчдад ялалтын баярын мэнд хүргэлээ

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд Ялалтын баярыг тохиолдуулан Монголын цэнхэр дуулгатнууддаа баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр мэндчилгээндээ “Дэлхийн II дайнд Зөвлөлтийн ард түмэн ялалт байгуулж фашизмыг бут цохисон түүхэн үйл явдлын яруу алдарт 69 жилийн  ойг тохиолдуулан  манай гаригийн халуун цэгүүдэд энхийг сахиулах ажиллагаануудад эх орон ард түмнийхээ итгэл найдварыг өндөрт өргөн оролцож яваа  Монголын Зэвсэгт хүчний эрэлхэг дайчид Та бүхэндээ чин сэтгэлийн баяр хүргэн мэндчилье.
1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дайн эхлэхэд Монгол Улсын төр, засгийн газар мэдэгдэл гаргаж ЗХУ-тай байгуулсан гэрээндээ тууштай үнэнч байхыг нотолж дайныг ялалтаар дуусгахад бүх талаар тусалж дэмжихээ илэрхийлсэн. Хөдөлмөрч ард түмнийхээ халуун сэтгэлийн хандиваар бэлгийн цуваануудыг бүрдүүлэн, шилдэг сайн агт морьдоо өгч, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол Ард” нисэх онгоцны эскадрилийг байгуулан  Улаан армид бэлэглэсэн нь Берлинийг хүртэл тулалдаж ялалт байгуулахад бодит үүрэг гүйцэтгэснийг эргэн дурсахад бахдалтай байна.
Энэхүү дайн тулалдаанд манай улсын 300 гаруй иргэн сайн дурын үндсэн дээр оролцож, тэнд суралцаж байсан оюутан залуус маань ард талд тодорхой үүрэг гүйцэтгэж, нийт ард түмэн маань “Бүхнийг фронтод” гэдэг уриан дор шаргуу  хөдөлмөрлөж байсныг ахмад үеийнхэн маань дурсан ярьдаг билээ.
Олон сая хүний халуун амь бүлээн цусаар олдсон энэхүү их ялалтын өдөр  Монгол Улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө Монгол цэргийн бахархам түүхийг залгамжлан үргэлжлүүлж  яваа цэнхэр дуулгатан Та бүхэндээ  цог хиймор, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

Онцлох нийтлэлүүд